Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2226

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т- нь 2002 онд Монгол Улсын Их сургуулийг биологич /биотехнологич/ мэргэжлээр төгсөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан. Ингээд Тайландын Вант улсын Азийн технологийн институтэд суралцаж, 2005 онд орчны хор судлал, менежментийн чиглэлээр шинжлэх ухааны мастерын зэрэг, 2015 онд БНСУ-ын Корей их сургуулийн Анагаахын сургуульд молекул эсийн биологийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Докторын зэргээ хамгаалсны дараа Монгол Улсад буцан ирж өмнө ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байсан. Гэтэл “М” ХХК нь чанарын менежерээр ажиллах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч, тус компанийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/2019-11 дүгээр тушаалаар чанарын менежерээр томилогдсон ба мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ээжийгээ харж асрах шаардлагатай болсон тул 2020 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа авсан, гэтэл тус компанийн захирал 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б/21 дүгээр тушаал гарган, мөн өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан. Г.Т-ын ажиллаж байсан “М” ХХК-ийн Евростандарт лабораторийн чанарын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад тус компани хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Г.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал 1 жил гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэсэн боловч Г.Т- 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж, улмаар ээлжийн амралтаа 2020 оны 6 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдсан гэж бодож ажил үүргээ гүйцэтгэж байтал гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ээлжийн амралттай байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ба ээлжийн амралтын хугацаа 2020 оны 7 дугаар сарын 09-нд дуусахаар байхад ажил олгогч 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд Г.Т-ыг “М” ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /үндсэн ба нэмэгдэл хөлс/ хөдөлмөрийн гэрээнд зааснаар тооцож, ажлаас халагдахаас өмнөх 3 сарын дундаж буюу сарын 1 695 704 төгрөгөөр тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т- нь Нийгмийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад сургалтын чөлөө авсан, Нийгмийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгомооргүй байна, энэ ажлын байраа алдмааргүй байна, тиймээс чөлөөтэй байх хугацаандаа л манай компанид ажиллах хүсэлтээ илэрхийлсэн учир компанийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/2019-11 дугаартай тушаалаар түүнийг “М” ХХК-д чанарын менежерээр ажиллуулахаар томилж, түүнтэй харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тиймээс Г.Т-тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.2.2 дахь хэсэгт заасан. Манай компани Г.Т-д 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүний имэйлээр явуулж мэдэгдэхэд Г.Т- компанийн имэйлээр болон манай нягтлан А.Наранчимэгийн утас руу захиа бичиж амралтын мөнгөө авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд тэрээр 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгье гэснээр түүний ажлыг энэ өдрөөр хүлээлцэж, энэ өдрөөс хойш Г.Т- нь манай компанид ажиллаагүй. Компани түүний 6 дугаар  сард ажилласан хоногийн болон амралтын мөнгийг нь 6 дугаар сарын сүүлийн цалин дээр нь бодож өгнө гэдгээ хариу мэдэгдсэн, түүнээс биш тэрээр ээлжийн амралттай байгаагүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч зүйл, заалтыг зөрчөөгүй. Тиймээс Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Т-ын хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 562 035,65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Т-ын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагын үлдэх хэсэг буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 9 дүгээр сарын 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 142 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсап хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж, ...6 дугаар сарьш 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн,...ажлаа хүлээлгэн өгөхөд ажил олгогчийн зүй бус шаардлага, шахалт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ний өдөр Б/21 дүгээр тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.3 дахь хэсэгт тус тус зохицуулсан. Хуулийн дээрх заалтаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр дууссан, ажил олгогч гэрээг дуусгавар болгоогүй, ажилтан 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажлаа гүйцэтгэж, ажил олгогч энэ хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу олгож байсан ба энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсан тооцохоор хуулиар зохицуулсан байхад шүүх “...6 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажлаа гүйцэтгэсэн...” гэж үзсэн атлаа “...6 сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж...” үзсэн нь хоорондоо логик холбоогүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэв ажил олгогч хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж байсан бол 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр гэрээг дуусгавар болгох байсан ба цалин хөлс олгохгүй байх ёстойг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох ажил олгогч, гэрээг цааш сунгахгүй гэж шийдвэрлэсэн бол энэ тухайгаа гэрээний хугацаа дуусах үед ажилтанд мэдэгдсэн байх ёстой бөгөөд хариуцагч энэ тухай мэдэгдээгүй, ийм баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссан, ажил олгогч гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй, ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан энэ тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үздэг. Нэгэнт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, тийм шийдвэр гараагүй тохиолдолд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх эрхтэй, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2020 оны 6 дугаар 04-ний өдрөөс ээлжийн амралт олгосон байдаг. Нэхэмжлэгч ээлжийн амралтаа авсан тул өөрийн эзэмшилд байсан компьютерийн хардыг хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Ажил хүлээлцсэн гэх баримтад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар огт дурдаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох талуудын хүсэл зорилго тусгагдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр ийм дүгнэлт хийснээ шийдвэртээ тодорхой заагаагүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Г.Т-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа  дуусгавар болгосон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчөөгүй гэж маргажээ. 

 

Хариуцагч компани нь захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/2019-11 дугаартай тушаалаар Г.Т-ыг чанарын менежерийн албан тушаалд томилж, мөн өдөр 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Улмаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар  2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг уг албан тушаалаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 4-8, 9/

 

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч “М” ХХК нь Г.Т-тай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны  өдөр хүртэл байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлаа гүйцэтгэж байсан байх тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд заасан дээрх үндэслэлээр сунгагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө гэрээг дуусгавар болгох талаар ажил олгогчийн зүгээс санал тавиагүй бөгөөд нэхэмжлэгчид 5 дугаар сард 1 797 682 төгрөгийн, 6 дугаар сард 1 789 432 төгрөгийн цалин олгосон байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар гэрээ дуусгавар болох үед мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний огноотой баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байна. Иймд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. /хх-ийн 10, 48, 78, 80 /

 

Иймд талуудын хоорондын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар анх заасан хугацаагаар буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй болно.

                                                           

Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн байгаа боловч нь энэ нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш үйлдэгдсэн байна. Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх мөн үндэслэлгүй байх бөгөөд “...6 сард ээжийгээ асрана, 7 сард тушаал гаргаж болно...” гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн  2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргасан гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотолж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ба нэхэмжлэлд байхгүй асуудлыг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 782 816 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, зохих дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс нь түүний сүүлийн 3 сарын дундаж /1 500 000 +1 797 682 + 1 789 432 =/ 1 695 704 төгрөг болох ба 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 4 сарын хугацаанд нийт 6 782 816 төгрөгийн олговор төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Т-ыг “М” ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 782 816 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                 Н.БАТЗОРИГ