Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/406

 

М.Б, Э.У нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

шүүгдэгч М.Б, Э.У, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 1909 04366 1029 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн М-ны Б, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, .... дүүргийн ... дугаар хороо, ....ын .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

2. Х овгийн Э-ын У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, ...., бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д харуул ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1233 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар 4 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

М.Б, Э.У нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-43 тоотод үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн Лиү Ван Дуан, Дао Ван Тин нарын бэлэн 500.000 төгрөг, куртик зэрэг эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, айлган сүрдүүлэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Б, Э.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн М-ны Б, Х овгийн Э-ын У нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар М.Б, Э.У нарт тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У нарт тус бүрт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.У-ийн цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 127 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лантуу, хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Э.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гаргасан үйлдлийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Би тухайн өдөр архийг хэтрүүлэн хэрэглэн өөрийн үйлдлийн зөв бурууг ухамсарлах чадваргүй болсон байсан. Хэдий согтуу байсан ч тус газрын эзэнтэй тохиролцсоны дагуу галчийн ажлаа хийж байсан. Хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Харин хохирогчийн үүдэнд өлгөөтэй байсан куртикийг өмсөж гарсан нь үнэн. Түүнээс биш зэвсэг хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдээгүй. Хохирогч нарт хүч хэрэглэж болон заналхийлсэн үйлдэл гаргаагүй бөгөөд довтолсон зүйл байхгүй болох нь камерын бичлэгээс харагдана. Хохирогч куртикэнд 500.000 төгрөг, орлогоос 500.000 төгрөг авч өгөөд зугтсан зэргээр өөр өөрөөр мэдүүлдэг. Энэ нь тодорхой эргэлзээг бий болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу мэдүүлэг гаргагч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй бол энэ нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байна. Гэтэл хохирогчийн дан ганц мэдүүлэг, камерын бичлэгийг үндэслэн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу тухайн үйлдэл, хор уршиг, бодит байдал, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал зэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Бодит байдал миний бие нүүрс хагалсан У нүүрсний шуудайны амыг задлахаар хайч барьж явсныг бусдыг дээрэмдэхээр зэвсэг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ханьтай болсон. Миний хань 9 сартай хүүхдийг минь тээж байгаа. Миний бие 45 настай аав болох гэж байна. Анхныхаа хүүхдийг төрөхөд нь хамт байх хэрэгтэй байна. Намайг өршөөж, надад оногдуулсан ял шийтгэлээс багасгаж өгнө үү гэж гуйж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би М.Бын ажил дээр нь архи авч очиж, архи уулгасандаа  их гэмшиж байна. Надад ямар нэгэн сэдэл, санаа зорилго байгаагүй. Би өөрөө ажилтай. Цалингаа аваад явж байсан. Тухайн үед архи уусан нь миний буруу. Шуудайны ам хайчлах гэж байгаад юу болсныг мэдэхгүй М.Быг дагаж нэг өрөө рүү орсон. Камерын бичлэгт хайч бариад явж байсныг үндэслэж надад ял шийтгэл оногдууллаа. Надад үнэхээр харамсалтай байна. Албан газар очиж, бусдыг архи уулгасан, өөрөө ч албан газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлээс бага ч болтугай хөнгөлж өгнө үү. Өмнө нь би олон жил хорих байгууллагад хоригдож байгаад гарч ирсэн. Хүн шиг амьдрах гэж ажил хийж явж байна. Нэг удаа архи уусан алдаанаас болж өнөөдөр шүүгдээд сууж байна. Надад боломж олгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б, Э.У нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчдийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.Бын хувьд тухайн өдөр архидан согтуурсан байснаас өөрийгөө хянах чадваргүй үйлдэл гаргасан байна. Камерын бичлэгт үнэхээр дээрэмдэж, довтолсон үйлдэл байхгүй. Хохирогч нарын өгсөн мэдүүлэг зөрүүтэй. 500.000 төгрөг бэлнээр өгсөн үү, эсхүл куртикний карманд мөнгө нь байгаад алдсан юм уу гэх зэрэг зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хүндрүүлж байгаа нь эргэлзээтэй байна. Гэхдээ гэм буруугүй гэж үзэж байгаа биш, гэмтэй үйлдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Шүүгдэгч Э.У-ийн хувьд ялгаагүй, тухайн үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадвар муу, үйл явдлаа сайн санахгүй нөхцөл байдал байсан. Хэргийн материалтай танилцахдаа камерын бичлэгийг үзсэн. Камерын бичлэгт довтолж, хүч хэрэглэж, халдсан үйлдэл харагдахгүй байгаа учраас эргэлзээтэй нөхцөл байдал байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Огт буруугүй гэж хэлэхгүй. Тухайн архи уусан нөхцөл байдлаа зөвтгөхгүй ч согтолт нь оюун ухаанд нөлөөлсөн, өөрийгөө удирдах чадварын хувьд хүнд нөхцөл байдалтай байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн тухайд гэмт хэргийг хүндрүүлж байгаа нөхцөл байдал, камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад эргэлзээтэй нөхцөл байдал байна. Хохирогч нар 500.000 төгрөгөө куртикний кармаандаа хийж байгаад алдсан уу, эсхүл дээрэмдүүлсэн үү гэх асуудлын хувьд эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч М.Б ...цалин, хөлсөө нэхэх гээд тийшээ орсон... гэдэг. Тэгэхээр цалин хөлсний авлагатай байсан. Хохирогч нарын хувьд М.Быг тухайн байгууллагад ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Цалин хөлсийг өгөөгүй нөхцөл байдал байсан уу гэдгийг тухайн нөхцөлд нотлох асуудал байсан гэж үзэж байна. Хэрэв цалин хөлсний асуудал байсныг нотолсон бол М.Бын субъектив зорилгыг тодорхойлох боломж байсан. Иймд эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Лиү Ван Дуан, Дао Ван Тин нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь тухайн өдөр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, элдэн хөөж, эд хөрөнгийг заналхийлж авсан талаар мэдүүлдэг. Энэ талаар тухайн өдрийн хяналтын камерын бичлэгт тусгагдсан байдаг. Шүүгдэгч М.Б тухайн өдөр ажил, үүргээ гүйцэтгэж байхад Э.У архи, согтууруулах ундааны зүйл уулгасан гэдгээ өөрөө мэдүүлж байна. Үүнийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн барилгын захирлаас М.Б цалин авдаг байсан. Уг барилгын захирлаас асуухад ...М.Б хэдхэн өдөр ажилласан. Архи уугаад  ирэхгүй болохоор нь тухайн өдрийнх нь цалинг өгөөд явуулсан. Тухайн өдөр М.Б ажил, үүрэг гүйцэтгэж байгаагүй. гэдэг. Шүүгдэгч М.Б ...хохирогч нараас цалин хөлсөө авахаар орсон. гэж байна. Харин хохирогч нараас ...Вьетнам засварчид М.Быг цалинжуулдаггүй, тухайн барилгын эзэн цалинжуулдаг. Бид нарын хувьд ямар нэгэн өр, авлага байхгүй. гэж мэдүүлдэг. Хяналтын камерын бичлэгээр М.Б, Э.У нар нь гартаа хайч, алх зэргийг барьж, Вьетнам улсын ажилчдын хойноос хөөж байгаа үйлдэл авагдсан байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд довтолгоо эхэлснээр төгсдөг, заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй. Гэрч, хохирогч нарын хэд хэдэн удаагийн мэдүүлгээр М.Б, Э.У нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар дээрэмдэх гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс үнэлж, шүүгдэгч тус бүрт шүүхийн эрх хэмжээний хүрээнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувьд өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Иймд шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

М.Б, Э.У нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-43 тоотод үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн Лиү Ван Дуан, Дао Ван Тин нарын бэлэн 500.000 төгрөг, куртик зэрэг эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, айлган сүрдүүлэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Дао Ван Тин /Dao Van Thin/-ны “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 02-04 цагийн үед ганцаарааа ажлаа хийгээд байж байтал грашны гал түлдэг хаалганы цонхоор үл таних залуугийн хамт орж ирээд галч залуу гартаа галын өрөөнд байсан алхыг барьж над руу ирэхээр нь би айгаад Дуны амарч байсан өрөө рүү гүйгээд орсон. Би Монгол хэл огт мэдэхгүй болохоор Дун дээр очиж хэлэх гээд ороход нөгөө хоёр хүн ардаас ороод ирэхээр нь хаалгаа хаатал хаалганы цонхыг галч залуу барьж явсан алхаараа цонхыг хагалж орж ирээд айлгаад “мөнгө нэхэж байна” гэж Дун надад хэлээд орлогоны мөнгөнөөс 500.000 төгрөг аваад өгсөн. Мөнгөө өгсний дараа тэр хоёрын хажуугаар гүйж гарч зугтаад манайхаас 1 км орчим зайтай байдаг найзынхаа Вьетнам засвар дээр тусламж дуудах гээд очоод, 15-20 орчим минутын дараа очиход тэр хоёр Дуны куртикийг аваад яваад өгсөн байсан. ...” /1хх 60-65, 74-75/,

хохирогч Лиү Ван Дуан /Luu Van Toan/-ны “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-43 тоотод байрлах Вьетнам засварын газар ажиллаж амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагт өрөөндөө амарч байтал засварын газрын заалнаас манай Вьетнам ажилтан Тин Вьетнам хэлээр “галч ирчихлээ” гэж орилсон. Би өрөөнөөсөө гараад заал руу хартал манай засварын газар хуучин ажиллаж байсан зүс таних 40 орчим насны Монгол залуу гартаа алх барьчихсан мөн бас 40 орчим насны эрэгтэй хүн гартаа хайч барьчихсан манай ажилтан Тинийг хөөж байсан. Тин тэр хоёроос зугтаад шууд над руу гүйгээд ирэхээр нь би өрөөнийхөө хаалгыг дотроос нь хаагаад зогстол хаалганы шилэн цонхыг барьж явсан алхаараа цохиж хагалахаар нь бид хоёр айгаад хаалгаа нээгээд зогссон. Тэгтэл манайд галчаар ажиллаж байсан залуу надаас мөнгө нэхэхийг нь би ойлгоод орлогын 500.000 төгрөг гаргаж өгснийг аваад өөр юм онгичоод байхаар нь хажуугаар нь бид хоёр гүйж гараад Хай гэдэг найз дээрээ очоод буцаад иртэл куртик аваад яваад өгсөн байсан. ...” /1хх 52-53, 70-71/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...гаднаас орж ирсэн 2 хүн шууд хохирогчийн ардаас нь хөөж байгааг харуулав. ...хохирогч Вьетнам улсын иргэн Тин нь гаднаас орж ирсэн үл таних хүмүүсээс зугтан заалнаас гарч байгааг харуулав. ...хаалгаар сүүлд нь орж ирсэн хүн баруун гартаа ямар нэг хурц үзүүртэй зүйл барьсан байхыг харуулав. ...шар саарал өнгийн хүрэмтэй хүн гартаа төмөр мэт хэлбэртэй зүйл гартаа барьсаныг харуулав. ...” /1хх 87-90/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.Б, Э.У нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б, Э.У нарын бүлэглэн Вьетнам улсын иргэн Лиү Ван Дуан, Дао Ван Тин нарын бэлэн 500.000 төгрөг, куртик зэрэг эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, айлган сүрдүүлэн дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар М.Б, Э.У нарт тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч М.Б, Э.У нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч М.Б, Э.У нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөр байхгүй хэдий ч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, мөн хэсгийн 3.1 дэх заалтад “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл;” гэж тус тус заажээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М.Б, Э.У нарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 722 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Э.У-ийн биеийн байцаалт хэсэгт “...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар 4 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан” хэсгийг орхигдуулсан /2хх 75-78/ ноцтой алдаа гаргажээ.

Мөн түүнчлэн прокурор анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож ялын санал, дүгнэлтээ гаргахдаа энэ талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.” гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У-ийн тэнсэн харгалзах ялын хугацаанд /2хх 17-18/ дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн атал энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч Э.Уд ял завших боломжийг бүрдүүлжээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;” гэж тус тус заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх боловч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй болсон.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг зааж өгсөн хэдий боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэсэгт давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болж дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч М.Б, Э.У нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдрийг хүртэл тус бүр 111 /нэг зуун арван нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хайнга хариуцлагагүй алдааг цаашид гаргахгүй байх талаар хатуу анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 /нэг зуун арван нэг/ хоногийг тус бүр ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ