| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 121/2024/0027/З |
| Дугаар | 121/ШШ2024/0026 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 121/ШШ2024/0026
2024 оны 09 сарын 19 Дугаар 121/ШШ2024/0026 Өвөрхангай аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *****сумын **** намын хороо
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороо нарын хоорондын сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны дарга ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны дарга ****, гэрч ****, ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 121/ШЗ2024/0079 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
1.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” гэж өөрчилсөн.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Өвөрхангай аймгийн *****сумын ***** намаас нэр дэвшигчдийн нэрсийг холбогдох материалын хамт 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлжээ.
2.2. Харин Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооноос дээрх материалыг хүлээн аваад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасныг үндэслэн хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэн ***** намын 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.
2.3. Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны дээрх тогтоолыг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. “... Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарын дахин бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн.
3.2. Өвөрхангай аймгийн *****сумын ***** нам нь 2024 оны 08 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд тэргүүлэгчдийн хуралдаанаа хийсэн. Үүний дагуу 2024 оны 08 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд хурлын тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тогтоол гарсан. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Сонгуулийн хороонд нэр дэвшүүлэхээр холбогдох материалаа хүргүүлэх гэтэл 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тогтоол нь 1 хувь үйлдэгдсэн байсан учраас намын дэд дарга дур мэдэн шинээр 1 хувь хэвлэн гаргасан бөгөөд тухайн шинээр гаргасан тогтоол дээр огноог бичихдээ Сонгуулийн хороонд нэр дэвшүүлэхээр холбогдох материалаа хүргүүлсэн өдрийн огноо буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж ташаа бичиж, өөрийн гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулж түүнийгээ сонгуулийн хороонд хүргүүлжээ. Дахиж 1 хувь тогтоол гаргасан гэдгээ надад хэлээгүй болно. Үүнийг сумын сонгуулийн хорооноос нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй байна гэж үзэж татгалзсан шийдвэр гаргасан.
3.3. Сонгуулийн хорооны тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар зөрчлөө арилган дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлж болохыг заагаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хэнд хэрхэн гомдол гаргах эрхтэйг заагаагүй бүрэн бус, удирдлага болгосон заалт нь дутуу зэрэг алдаатай байна.
3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлж болно.” гэж заасан.
3.5. Үүний дагуу 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хурал хуралдсан болох нь тухайн өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолоор нотлогдож байгаа тул уг зөрчлийг арилган дахин бүртгүүлэх тухай бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлтээ гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тогтоол гаргаж өгөөгүй.
3.6. Тус намын хороо нь хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулсан болох нь Өвөрхангай аймгийн *****сумын ***** Намын хорооны тэргүүлэгчдийн 2024 оны 08 дугаар сарын 28, 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд болон тогтоол, тогтоолын хавсралт, *****сумын ***** Намын “****” нэртэй фэйсбүүк групп чатны гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байгаа.
3.7. Иймд Өвөрхангай аймгийн *****сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарын дахин бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Учир нь тухайн сумын намын хороо нь 8 дугаар сарын 28,31-ний өдөр хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулсан байдаг. Энэ юугаар тогтоогдож байна гэхээр тухайн 2 удаагийн хурлын тэмдэглэл, намын фейсбүүк групп чатад 28-ны өдөр хуралтай гэдэг байдлаар, 28-ны өдрийн тэмдэглэл дээр 31-ний өдөр үлдсэн асуудлаа хэлэлцэнэ гэдэг асуудал яригдаж, тухайн өдөр тогтоол гараад **** тухайн 2 хурлыг даргалсан болох нь тэмдэглэлээр тогтоогдож байгаа.
4.2. Мөн сонгуулийн хороонд өгсөн тогтоолын хавсралт дээр **** дарга гэдгээр нэр дэвшигч нарын нэрсийг баталж гарын үсэг зурсан. Тухайн өдрийн хурлыг **** даргалсан, гаргасан шийдвэр дээр **** гэдэг хүний гарын үсэг, тамга, тэмдэг дарагдах ёстой байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Нотлох баримтын хувьд 1 хувь тогтоол гаргадаг. **** 9 дүгээр сарын 05-ны өдөр материал нь бүрэн болчихвол надад хэлээрэй гэж хэлээд эзгүй байсан. Материал бэлэн болчихлоо гэдэг.
4.3. Намын дэд дарга нь тогтоол нь нэг хувь байна. Манайх архивтай нэг хувь үлдэх юм байна гэдэг талаар улс төрийн ажилтантайгаа ярилцаж байгаад ****ыг эзгүй байсан учраас дур мэдэж тогтоолыг үйлдсэн. Дээрээс нь тэр тогтоолын огноог хурал болсон өдрөөр гэж ойлгохгүйгээр сонгуулийн хороонд хүргүүлэх өдрөө тавина гэж ойлгож техникийн шинжтэй алдаануудыг гаргаж тогтоолыг гаргасан. Тогтоолыг Сонгуулийн ерөнхий хорооноос авч үзээд хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй байна гэдгээр татгалзсан. Татгалзаж байгаа үндэслэлийг буруутгах аргагүй. Тогтоол он, сар, өдөр хэтэрсэн байсан.
4.4. Үндэслэл нь зөв ч тогтоолыг яагаад зөвшөөрөхгүй байгаа хэдэн шалтгаан байгаа. Үүнд сонгуулийн хороо тогтоол буюу тодорхой баримт бичгүүдийн бүрдлийг шалгаад дутууг нөхөж ирүүлэх боломжоор хангана гэж Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр заасан. Гэтэл тэр ажиллагаа хийгдээгүй. Мөн тухайн сонгуулийн хорооноос гаргаж байгаа татгалзсан тогтоолыг захиргааны акт гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна гэж үзэж байгаа. Тус хуулийн 40.2.5-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах байхад тухайн тогтоолд заагаагүй. Тус хуулийн 40.3-т заасан Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг заагаагүй. Ямар хуулийн заалтаар ямар хуулийн үндэслэлээр энэ шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй вэ гэдгийг бичилгүйгээр ганц нэр дэвшүүлэхийг татгалзсан гэдэг 32.1.1-т заасан заалтаа бичээд татгалзсугай гэсэн байсан.
4.5. Ийм учраас дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа. Үүний дагуу Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно гэсэн заалт байгаа.
4.6. Ингээд хуульд заасан хугацаанд санал авах өдрөөс 25 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлөө арилгаад өмнөх эх хувь буюу 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан нэг хувиа нотариатаар батлуулж сонгуулийн хороонд хүргүүлсэн. Мөн хурлын тэмдэглэл давхар нотлогдоно гэж үзээд хүргүүлсэн. Тухайн хурал болно гэдэг товоо гаргасан групп чатаа хавсаргаад 32.2.2-т заасан эрхээ эдэлж намын хорооноос сонгуулийн хороонд материалаа хүргүүлсэн. Материалаа хүргүүлээд хэд хоногийн дараа сонгуулийн хорооноос албан бичиг ирсэн. Албан бичигт бүрдэх боломжгүй байна гэдэг хариу хавсралтаар гэдэг хариу мэдэгдэх хуудас ирсэн. Албан ёсоор тухайн асуудлыг хэлэлцсэн тогтоол шийдвэр гаргаж ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргаагүй байна гэсэн үг.
4.7. Тийм учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зөрчлөө гаргачхаад хуульд заасан эрхээ эдлээд өмнө гаргасан алдаатай зөрчлөө арилгаад сонгуулийн хороонд хүргүүлээд байхад тухай асуудлыг хурлаар шийдвэрлэж тэр хүмүүсийн материалыг хянаж тогтоол гаргахгүй албан бичгээр хариу өгчхөөд байгаа үйлдэл нь хууль бус байна гэдгийг шүүхээр тогтоолгож тухайн ***** намын нэр дэвшигч нарыг тухайн шатны сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг дахин хэлэлцэж шийдвэр гаргаж өгөхийг сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн *****сумын сонгуулийн хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. “...Сумын сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтын дагуу ***** Намын хорооноос ирүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авсан. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сумын Сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ баримт бичгүүдийг хянан шалгаж үзэхэд сумын ***** Намын хорооны Тэргүүлэгчдийн хурлын “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, дугаар 07 гэсэн тогтоол байсан. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын дагуу хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэн сумын ***** Намын 21 нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолыг сумын сонгуулийн хорооны гишүүдийн 100%-ийн саналаар батлан гаргасан.
5.2. Сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болсон сургалт дээр нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2 дахь заалтын талаар сургалтад оролцогчдоос асуусан асуултад Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Г хариулахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана гэж заасан нь намын байгууллагатай холбоотой учир хуулийн хугацаанд нэр дэвшүүлээгүй бол засагдах боломжгүй, харин хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт нь тухайн нэр дэвшигчтэй холбоотой гарсан засагдаж болох зөрчлийг арилгаж дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлэх заалт гэж тайлбарлаж байсан.
5.3. Манай сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын дагуу гаргасан хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна
5.4. Дараагийн процесс нь ***** намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 11-нд хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг ирсэн. Энэ албан бичигт сая нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа нэг хувиа хэвлэчхээд яарч сандарч байсан нөгөө хувиа гаргаад огноог бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ алдаагаа засаад хавсаргасан баримт бичгээ ирүүлсэн. Энэ хавсаргасан баримт бичгийг бид нар ямар нэгэн субъект хүсэлт гаргаж байгаа учраас сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Түүн дээр нэг хувь гэж ирсэн тогтоолын баталгаажуулалт зөрөөд байсан. Өмнөх огноо андуурсан тогтоолын баталгаажуулалт дээр **** гэж ирсэн. Дараагийн огноогоо засаж ирсэн тогтоол нь дарга **** гэж ирсэн байсан. Бид нар 32.1.1-т заасны дагуу энэ асуудлыг дахин тогтоол гаргах үндэслэл байхгүй гэдэг үндсэн дээрээ сонгуулийн хорооны хурлаараа хэлэлцээд албан бичгээр хариу хүргүүлсэн.
5.5. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг ирсэн. Энэ албан бичиг дээрээ тийм тийм гэж бичсэн байсан. Мөн нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 15-нд явууллаа гээд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарсан байсан. Нөхөн нэр дэвшүүлж байна гэж үзэхэд 21 нэр дэвшигчээс нэр бүртгэхээс татгалзсан 19 нэр дэвшигчээ аваад ирсэн байсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд 33 дугаар зүйлийн 33.1.1-т нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд гэж байгаа. 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан учраас дахин 21 нэр дэвшигч өөрчлөөд орж ирж байгаа юм байх гэсэн өмнө татгалзсан 19 хүн орж ирсэн.
5.6. Шинээр Б, П нарын материал нь бүрдээд намын хурлын шийдвэр дээрээ бичиг баримт нь бүрэн ирсэн учир нөхөн нэр дэвшүүлэх хуулийн заалттай нийцэж байгаа учраас сумын сонгуулийн хуралдаанаар хэлэлцээд энэ 2 хүнийг нөхөн нэр дэвшүүлж тогтоол гаргасан байгаа. Сумын сонгуулийн хорооны хувьд сонгуулийн хуулийн дагуу бүх үйл ажиллагаа шийдвэрийг гаргаж байгаа гэж үзэж байгаа.
5.7. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн тухай ярьж байна. Захиргааны акт гарахад сонсох үйл ажиллагаа явуулна гэж хууль дээрээ заасан байдаг. Бид бүгдийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиа баримталж байгаа. Сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулах үндсэн хууль байгаа. Захиргааны актыг гарахад сонсох үйл ажиллагаа явуулах талаар Сонгуулийн хуульд тодорхой заасан зүйл байхгүй. Цаг хугацааны хуваарийн дагуу шахуу ажилтай нэр дэвшигчдээ бүртгэх татгалзах зэрэг шийдвэрүүдийг хурдан гаргах учраас захиргааны актад байх сонсох үйл ажиллагааг явуулах боломж байгаагүй. Сонгуулийн хуулиа баримталж энэ шийдвэрээ гаргасан гэж үзэж байна” гэв.
6. Гэрч **** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Манайх 8 дугаар сарын 28-нд эхэлж тэргүүлэгчдийн хурал зарласан. Тэр хуралдаанаар намын дарга гишүүд, дэмжигчид, хүмүүстэй уулзаж байгаад тухайн хурал 18 цаг гэж товлосон байсан. Тэгээд 18 цаг өнгөрөөгөөд хурал болсон. Намын дарга 21 нэр дэвшигчийн нэрийг танилцуулсан. Тэр хурал дээр нэмж нэр дэвшүүлэх санал гараагүй. Тэр хурал дээр нэг нэр дэвшигч маань энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй, эрүүл мэндийн шалтгаан байна гээд өөрөө хэлсэн. Тухайн хурал дээр бусад тэргүүлэгчдээс асуулт гарсан. Хаяг өөрчлөлттэй, нэр дэвших шаардлага хангахгүй хүн байх вий. Эргэж тодруулбал яасан юм бэ гэсэн яриа гарсан. Тэгээд энэ хурлаар шийдэж болохгүй юм байна. Анх оруулсан хүний 1 нь татгалзаж байна. Дахин хуралдъя гэсэн санал гарсан. Өөр ямар байдлаар ямар хүн орж ирэх вэ гэх талаар ярилцаад 8 дугаар сарын 31-ний өдөр зайлшгүй хуралдах шаардлагатай болсон. Аймгийн намын хорооноос цаг хуваарьтай ажлуудыг даалгаж, чиглэл өгдөг. Хамгийн гол нь манай нэг тэргүүлэгч эхний хуралдаанаар эзгүй байж байгаад тухайн хуралдаанд оролцох боломжтой гэсэн байсан. Мөн манай суманд малын өвчин гарсан, өглөө эрт явна гээд зайлшгүй 31-ний хурал болоод тэр хурлаар эцэслэн шийдсэн. 8 дугаар сарын 31-ний хурлаараа шийдвэр гараад нэр дэвшигч нараа тодруулаад маргааш нь 9 дүгээр сарын 01-нд үдээс хойш би өөрөө нэр дэвшигч байсан тул бичиг баримтаа авч ирэхдээ хурлын тогтоолоо бичсэн үү гээд бичиг хэргийн ажилтнаасаа асуусан. Яагаад хурлын тогтоолд санаа зовсон гэхээр сумын ***** намын хорооны дэд дарга. 10 гаруй жилийн өмнө дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед улс төрийн ажилтан гэж байгаагүй. Тэр тогтоолын төсөл бэлтгэх, бичиг цаасны ажлыг би өөрөө хариуцаж ажилдаг байсан. Тэр утгаараа өөрийнхөө хэмжээнд зааж зааварлах сэтгэл байсан. Тэгээд бичиг хэргийн ажилтан маань сонгуулийн ажилтай холбоотой орсон хүн байсан учраас алдаа гарах вий гэж болгоомжилж байсан. Тэр тогтоолын шийдвэрийг үзсэн. Тэгсэн намын дарга ****д даалгасугай, намын дарга **** гэж тогтоолоо бичсэн байсан. Хавсралтыг нь харсан чинь дээд талд нь *****сумын намын хорооны хэдэн сарын хэдний өдрийн тогтоол гэсэн сонгуулийн хорооны загварыг нь баталсан юмыг бичсэн байхаар тэр үедээ бичиг хэргийн ажилтандаа хэлж байсан. Энэ чинь манайхаас гарч байгаа тогтоолын хавсралт юм чинь 8 дугаар сарын 31-ний тэд дугаартай тогтоол гэж бичих ёстой. Өмнөх тогтоолууд тэрэнд даалгаад тэр гэдэг байсан. Уг нь намын дэд дарга ****д даалгаад **** дарга гарын үсэг зурхаар байвал зүгээр байж. Арын хавсралт дээр доор нь юу байх уу гэхээр **** даргын гарын үсэг, тамгаа даралгүйгээр тогтоолын хавсралт гэсэн дээр намын тамга нь дарагддаг байсан гэсэн чинь цаанаасаа ийм загвар ирсэн. Тэгээд энэ дээр сумын намын хорооны даргад даалгасугай, дарга гэсэн юм байсан. Тэгэхээр тогтоолоо бичсэн гэж хэлсэн гээд өнгөрсөн. 9 дүгээр сарын 05-ны өдөр бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргэх гээд байх тэр үед би эмийн сандаа ажиллаж байхад 20 цагийн үед бичиг хэргийн ажилтан залгаад та гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь та нар бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргүүлсэн үү гэхэд хүргүүлээгүй байна гэсэн. Тэгээд 8 цаг өнгөрөөд ирэхэд та энэ тогтоол дээр гарын үсэг зур гэхээр харсан чинь **** гэсэн байсан. Тэгэхээр би өмнө нь хэлж байсан болохоор намаас чиглэл өгсөн юм байхдаа, намын дэд дарга нь зурж болно гэсэн юм байхдаа гэж бодоод, тэр үед аймгийн намын хорооноос шахаад танайх өгөөгүй байна гээд байсан. Дарга эзгүй байсан. Тэгээд би гарын үсэг зураад тогтоолынхоо хавсралтыг гэхэд манай бичиг хэргийн ажилтан өгсөн. Зассан юм уу гэхэд зассан гэхээр харахад 07 гэсэн тоо байсан. Манай тогтоол 8 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоол гэдгийг мэдэж байсан. Тэгээд би гарын үсэг зураад даргын тамгыг яарч бачимдан дараад, он, сараа тухайн өдрөөрөө би өөрөө ч мэдэхгүй 9 дүгээр сарын 05-ны өдөр гээд бичсэн. Дарга орж ирээд бид яараад хавтастай юм аа бариад бичиг баримт бүрэн үү, дутуу орхисон зүйл байхгүй биз дээ гэхээр бүрэн би тогтоолоо хийсэн гэсэн зүйл хэлсэн. Ийм процесс болсон гэв.
7. Гэрч **** шүүх хуралдаан гаргасан мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болсон намын хуралд би оролцсон. Уг хурлаар орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Өвөрхангай аймгийн *****сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” гэж эцсийн байдлаар өөрчлөн тодорхойлсон.
2. Хариуцагч Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны дарга нь нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагатай танилцаж, тус шаардлагатай холбогдуулан өмнө нь бичгээр гаргасан тайлбараа дэмжиж буйгаа илэрхийлж, шүүх хуралдааны шатанд өөрчлөгдсөн шаардлагатай холбоотой тайлбараа хэлэх боломжтой гэсэн тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. “Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ: “Татгалзаж байгаа үндэслэлийг буруутгах аргагүй. Тогтоол он сар хэтэрсэн байсан. Үндэслэл нь зөв ч тогтоолыг яагаад зөвшөөрөхгүй байгаа хэдэн шалтгаан байгаа. Үүнд сонгуулийн хороо тогтоол буюу тодорхой баримт бичгүүдийн бүрдлийг шалгаад дутууг нөхөж ирүүлэх боломжоор хангана Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр заасан. Тэр ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байгаа. Мөн тухайн сонгуулийн хорооноос гаргаж байгаа татгалзсан тогтоолыг захиргааны акт гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна гэж үзэж байгаа. Тус хуулийн 40.2.5-т заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах байхад тухайн тогтоолд заагаагүй. Тус хуулийн 40.3-т заасан Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг заагаагүй. Ямар хуулийн заалтаар ямар хуулийн үндэслэлээр энэ шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй вэ гэдгийг бичилгүйгээр ганц нэр дэвшүүлэхийг татгалзсан гэдэг 32.1.1-т заасан заалтаа бичээд татгалзсугай гэсэн байсан. Ийм учраас дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа” гэж.
4.2. Хариуцагчаас “Энэ нь хуульд нийцсэн шийдвэр гэж манай сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцээд хуралдааны тэмдэглэл дээрээ тодорхой бичиж баримтад хавсаргаж өгсөн байгаа. Бид дээд шатны байгууллагаас арга зүйн хуулийн зөвлөгөө авч үйл ажиллагаагаа явуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сурвалж судалгааны дарга Буянбаатар бүх сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг байлгаад сургалт хийхэд энэ процессын ажиллагааны талаар асуухад 32.1.1 бол намын байгууллагатай холбоотой зөрчил. 28.1-т заасан байгаа. Тухайн нам эвсэл 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны хооронд нэр дэвших үйл ажиллагааг явуулна гээд тодорхой заасан байгаа. Намын байгууллагын үйл ажиллагаа. 32.1.1 бол тухайн намын шийдвэр тогтоол байна. Тухайн тогтоол хугацаандаа ирээгүй байвал яах вэ гэхэд Буянбаатар дарга тухайн намын байгууллагын зөрчил. Бүхэлд нь татгалзах шийдвэрийн үндэслэл болно. Цаашид бичиг баримтыг нэг бүрчлэн шалгах шаардлагагүй. Анхны шийдвэр хүчингүй болж байгаа учраас ингэх нь зүйтэй гэж тайлбарлаж байсан” гэж тус тус маргажээ.
4.3. Маргаан бүхий акт буюу Өвөрхангай аймгийн *****сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасныг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр ***** намаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгахад хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэн ***** намын 21 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.
4.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэж хуульчилсан.
4.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь баталсан хүснэгтийн 17 дугаарт “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж долоо хоногийн дотор буюу 2024 оны 09 сарын 02-ны өдөр дуусгахаар”, мөн хүснэгтийн 18 дугаарт “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэр дэвшигчдийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр тус тус заажээ.
4.6. Сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай асуудлыг хэлэлцээд Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос ирүүлсэн материалыг шалгах явцад тус намын хорооны нэр дэвшүүлэх тухай тогтоолын огноо нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж бичигдсэн байгаа нь хуульд заасан нэр дэвшүүлэх хугацааг хэтрүүлсэн байна гэдгийг тогтоож, сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуралдааны 03 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
4.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн материалд Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны тэргүүлэгчдийн 07 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын огноог 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж бичсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хуульд заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн байх тул хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж дүгнэн нэр дэвшигчдийг бүртгэхийг татгалзсан шийдвэр гаргасан Өвөрхангай аймгийн *****сумын сонгуулийн хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
4.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт Сумын Сонгуулийн хорооны тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй. Мөн хуулийн 40.3-т заасан Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг заагаагүй. Ямар хуулийн заалтаар, ямар хуулийн үндэслэлээр энэ шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй вэ гэдгийг бичилгүйгээр ганц нэр дэвшүүлэхийг татгалзсан гэдэг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасныг бичээд татгалзсугай гэсэн байсан. Ийм учраас дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж байна гэж маргажээ.
4.9. Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолыг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэх хуулийн шаардлагуудыг тусгаагүй нь бичгээр гарсан захиргааны актын шаардлагыг бүрэн хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх тохиолдол тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4.10. Иймд “Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлагын тухайд
5.1. Нэхэмжлэгчээс “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно гэсэн заалт байгаа. Үүний дагуу хууль заасан хугацаанд санал авах өдрөөс 25 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлөө арилгаад өмнөх эх хувь буюу 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан нэг хувиа нотариатаар батлуулж сонгуулийн хороонд хүргүүлсэн. Мөн хурлын тэмдэглэл давхар нотлогдоно гэж үзээд хүргүүлсэн. Тухайн хурал болно гэдэг товоо гаргасан групп чатаа хавсаргаад 32.2.2-т заасан эрхээ эдэлж намын хорооноос сонгуулийн хороонд материалаа хүргүүлсэн. Материалаа хүргүүлээд хэд хоногийн дараа сонгуулийн хорооноос албан бичиг ирсэн. Албан бичигт бүрдэх боломжгүй байна гэдэг хариу хавсралтаар гэдэг хариу мэдэгдэх хуудас ирсэн. Албан ёсоор тухай асуудлыг хэлэлцсэн тогтоол шийдвэр гаргаж ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргаагүй байна гэсэн үг. Тийм учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зөрчлөө гаргачхаад хуульд заасан эрхээ эдлээд өмнө гаргасан алдаатай зөрчлөө арилгаад сонгуулийн хороонд хүргүүлээд байхад тухай асуудлыг хурлаар шийдвэрлэж тэр хүмүүсийн материалыг хянаж тогтоол гаргахгүй балбан бичгээр хариу өгчихөөд байгаа үйлдэл нь хууль бус байна гэдгийг шүүхээр тогтоолгож тухайн ***** намын нэр дэвшигч нарыг тухайн шатны сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг дахин хэлэлцэж шийдвэр гаргаж өгөхийг Сонгуулийн хороонд даалгах шаардлага гаргасан” гэж,
5.2. Хариуцагчаас: “***** намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг ирсэн. Энэ албан бичигт сая нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа нэг хувиа хэвлэчхээд яарч сандарч байсан нөгөө хувиа гаргаад огноог бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ алдаагаа засаад хавсаргасан баримт бичгээ ирүүлсэн. Энэ хавсаргасан баримт бичгийг бид нар ямар нэгэн субъект хүсэлт гаргаж байгаа учраас сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Түүн дээр нэг хувь гэж ирсэн тогтоолын баталгаажуулалт зөрөөд байсан. Өмнөх огноо андуурсан тогтоолын баталгаажуулалт дээр **** гэсэн нэр, гарын үсэгтэй ирсэн. Дараагийн огноогоо засаж ирсэн тогтоол нь дарга **** гэж ирсэн байсан. Бид нар 32.1.1-т заасны дагуу энэ асуудлыг дахин тогтоол гаргах үндэслэл байхгүй гэдэг үндсэн дээрээ сонгуулийн хорооны хурлаараа хэлэлцээд албан бичгээр хариу хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.
5.3. Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/08 дугаартай албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно.” гэж заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг холбогдох материалын хамт дахин хүргүүлжээ.
5.4. Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороо дээрх материалыг хүлээж аваад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай албан бичгийн хавсралтаар хариуг хүргүүлсэн байх бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоол нь дарга **** гэж баталгаажуулсан байна. Огноог засварлаж ирүүлсэн тогтоолын баталгаажуулалт нь өмнөх тогтоолын 1 хувиас өөр байгаа төдийгүй, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.
5.5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “*****сумын ***** намын хорооны дэд дарга ****д итгэл үзүүлэх тухай” 01 дугаар тогтоолын 1 дэх заалтаар *****сумын ***** намын дэд дарга **** хүндэтгэн үзэх шалтгааны улмаас намын даргын үүрэгт ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тул намын хорооны нэгдүгээр хурлыг зохион байгуулж дэд дарга ****ыг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар итгэл үзүүлсэн тул дэд дарга ****ыг сумын намын хорооны даргаар ажиллуулсугай, 2 дахь заалтаар *****сумын ***** намын хорооны удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг намын үндсэн дүрмийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг ***** намын хорооны дарга /****/-д үүрэг болгосугай гэжээ.
5.6. Мөн Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийн ШИЙДВЭРЛЭСЭН нь хэсгийн 3-т Дараагийн хурлаар нэр дэвшүүлэх ажиллагааг дахин хэлэлцэхээр шийдвэрлэж, мөн намын хорооны 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийн ШИЙДВЭРЛЭСЭН нь хэсгийн 2-т *****сумын 2024 оны ИТХ-ын ээлжит сонгуульд ***** намаас нэр дэвшигчдийг хуралд оролцогсод 100 хувийн саналаар дэмжин, нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлж, сумын сонгуулийн хороонд хүргүүлэхийг сумын ***** намын хорооны дарга ****д даалгаж шийдвэрлэжээ.
5.7. Мөн Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны тэргүүлэгчдийн хурлын 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай “нэр дэвшүүлэх тухай” тогтоол хэрэгт эх хувиар авагдсан байна.
5.8. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны тэргүүлэгч ****гээс хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ “..... гэж мэдүүлжээ.
5.9. Дээрх Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тус намын хорооноос Өвөрхангай аймгийн *****сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх тухай тогтоолоо 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэж дүгнэж байна.
5.10. Тодруулбал Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны даргаар ****ыг томилсон 01 дугаартай тогтоолоор намын тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг баталгаажуулан гарын үсэг зурах эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдож байна. Мөн намын хорооноос орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлэх тэргүүлэгчдийн хуралдаанаа хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хийж нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлж, сумын сонгуулийн хороонд хүргүүлэхийг сумын ***** намын хорооны дарга ****д даалгасан хуралдааны тэмдэглэлээс харахад тус намын хороо нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Өвөрхангай аймгийн *****сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ 100 хувийн саналаар баталж, тогтоолоо гаргасан болох нь тогтоогдож байна.
5.11. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль сануулан гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Дуламжаргалын “...Тогтоол гарсан байна гээд 9 дүгээр сарын 05-ны өдөр бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргэх гээд байна гээд бичиг хэргийн ажилтан залгаад та гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь та нар бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргүүлсэн үү гэхэд хүргүүлээгүй байна гэсэн. Тэгээд 8 цаг өнгөрөөд ирэхэд та энэ тогтоол дээр гарын үсэг зур гэхээр харсан чинь **** гэсэн байсан. Тэгэхээр нь би өмнө нь хэлж байсан болохоор намаас чиглэл өгсөн юм байхдаа, намын дэд дарга нь зурж болно гэсэн юм байхдаа гэж бодоод, тэр үед аймгийн намын хорооноос шахаад танайх материалаа өгөөгүй байна гээд байсан. Дарга эзгүй байсан болохоор би гарын үсэг зураад тогтоолынхоо хавсралтыг гэхэд манай бичиг хэргийн ажилтан өгсөн. Зассан юм уу гэхэд зассан гэхээр харахад 07 гэсэн тоо байсан. Манай тогтоол 8 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоол гэдгийг мэдэж байсан. Тэгээд би гарын үсэг зураад даргын тамгыг яарч бачимдан зураад, он сараа тухайн өдрөөрөө би өөрөө ч мэдэхгүй 9 дүгээр сарын 05-ны өдөр гээд бичсэн. Дарга орж ирээд бид яараад хавтастай юм аа бариад бичиг баримт бүрэн үү. Дутуу орхисон зүйл байхгүй биз дээ гэхээр бүрэн би тогтоолоо хийсэн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
5.12. Өвөрхангай аймгийн *****сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх тухай тогтоолоо 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу дээрх зөрчлөө арилгаж, нэр дэвшүүлэх тухай хүсэлт, холбогдох материалаа сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд намын хорооны ажилтны тогтоолын огноог андууран буруу бичиж хүргүүлснээс үүдэн Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “сонгогдох” эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
5.13. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 17.3.2-т “сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооноос дээрх хуулийн шаардлагыг зөрчиж хуралдаанаараа хэлэлцүүлж тогтоол гаргах үүрэгтэй байхад албан бичгээр хариу өгсөн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.
5.14. Гэвч шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулсан болохыг тогтоосон боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-32.1.9 дэх заалтуудад заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуулийн заалтуудыг шалгаж тогтоох боломжгүй төдийгүй, тус үүргийг сонгуулийн хороонд олгосон байх тул Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.15. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны зөрчлөө арилгаж дахин хүргүүлсэн хүсэлт, шаардагдах баримт бичгийг Өвөрхангай аймгийн *****Сонгуулийн хорооноос хүлээн авч хуралдаанаараа хэлэлцэхгүйгээр албан бичгээр хариу өгсөн үйлдэл нь хууль зөрчиж байх тул зөрчлөө арилган дахин хүргүүлсэн материалыг хүлээн авч дахин хуралдаанаараа хэлэлцүүлж Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай асуудлыг шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын хорооны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай асуудлыг хуралдаанаараа дахин хэлэлцэж шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хороонд даалгаж, Өвөрхангай аймгийн *****сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *****сумын ***** намын нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ