Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******ын *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох болсон гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6905 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 573 дугаар албан бичиг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэнний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 810 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний 910 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08, 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай тогтоолууд, түүний хавсралтууд, Баянхонгор аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэнний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэртэй хэргийн материал, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******гийн 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд томилсон тушаал болон 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсийг тус тус бичиж тэмдэглэн нэгдлийн тамгыг, олгов гэх тэмдгийг тус тус дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч *******гийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа нь нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, хүйс, боловсрол зэргээр нь *******гийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

5. Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 573 дугаар албан бичгээр хүсэлт гаргагч *******гийн 1982-1983 онуудад ажилласан байдлыг талаарх нотлох баримт гараагүй нь түүнийг Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад ажиллалаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хүсэлт гаргагч нь бусад баримтаар ажилласан байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлсэн байна.

6. Иймд хүсэлт гаргагч *******гийн 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА