Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Номин,

Улсын яллагч: С.Баттамир,

            Шүүгдэгч С.Ш,

            Хохирогч Л.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Санжаажавын С.Шд холбогдох эрүүгийн 1709022190432 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 34-23 тоотод оршин суух , урьд ял шийтгэгдэж байгаагүй

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баянцогт” хүнсний дэлгүүрийн орчимд Л.Чулуунбаатартай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...нэг хүн замын голд

 

зогсоод утсаа оролдоод байхаар нь та ингэж болохгүй гэж хэлтэл хөл дайрчихлаа гээд орилоод байсан, тэгэхээр нь буугаад очтол намайг яг цохих гэж байна гэж бодоод би нэг цохисон юм.  Хохирогчид 888.300 төгрөг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Л.Чулуунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед цагдаа дээр очих боломж гараагүй, хөндлөнгийн хүмүүсийн хийсэн бичлэг байгаа, урсгал сөрж орж ирээд хөл дээр зогссон тэгтэл шүүгдэгч шууд гарч ирээд намайг цохисон, энэ хүний ярьсантай нийцэхгүй байна хагалгааны төлбөрөө гаргуулмаар байна гэв.

Хохирогч Л.Чулуунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ“...жолооч нь гарч ирээд шууд энгэрээс татаад миний нүүр лүү цохиод авсан тэгээд манараад эргээд хартал жолоочийн хажуугаас гарч ирсэн нэг залуу бас нэг удаа нүүр лүү цохиход би газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Гэрч Ё.Золзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай найз Шатархүү машинаас буугаад тэр хүн дээр очиж та яагаад байгаа юм хүний машиныг цохиж болохгүй шүү гэсэн чинь Шатархүүг багалзуурдаж түлхсэн чинь Шатархүү тэр ахын нүүр хэсэгт нь цохисон болохоор би шууд салгасан....би тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Манай найз Шатархүү зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Би Шатархүү хохирогч гэх Л.Чулуунбаатар хоёрыг салгах үед Л.Чулуунбаагар нь нүдээ гараараа дараад унасан бөгөөд унасан хойно нь цохисон асуудал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч О.Амгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…би 2017 оны 11 дүгээр сарын 18-ний орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн зуун айл дээр явж байхад туслах замаас нэг машин орж ирсэн бөгөөд Золзаяа тэр машиныг машинаараа тойроод гарах үед урд нэг хүн зогсож байсан бөгөөд тэр хүн хөл дайрч лаа гээд машины урд хамар, хаалга цохисон бөгөөд Шатархүү буугаад тэр хүнтэй маргалдсан ба Золзаяа буугаад салгаж авсан...түүнээс Золзаяа, Шатархүү хоёр тэр хүнийг цуг зодсон асуудал болоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас,

Гэрч Г.Амгаланбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Шатархүү машинаас буугаад тэр залуутай маргалдсан. Би машинаас буугаад харсан чинь тэр залуугийн нүднээс цус гоожиж байсан. Би тэр залууг хэн нь цохисон талаар хараагүй бөгөөд Шатархүүг цохичихлоо гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн №14424 дугаартай дүгнэлтээр: “Л.Чулуунбаатарын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүд, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Шгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-33, 34/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч С.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баянцогт” хүнсний дэлгүүрийн орчимд Л.Чулуунбаатартай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч С.Шгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар С.Шд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Л.Чулуунбаатар нь өөрийн эрүүл мэнддээ учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Санжаажавын С.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Шд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ш нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ш нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Чулуунбаатар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР