Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/407

 

А.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох 2203 00616 0590 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн А-ийн Б, 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “....” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл ганцаараа, .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЗК00292519/;

А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 39 минутын үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагаан Хуаран 90А байрны 1 дүгээр орцны зүүн замд Э.Цогтнарангийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 38-11 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 19.1 дэх заалтад “...Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих...” гэснийг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч 6 настай, эрэгтэй Д.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн А-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт А.Б 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэгээн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...А.Б нь тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхтэй, хороолол дотор зорчих хөдөлгөөн хийсэн, 6 настай хохирогч Билгүүнтамир асран хамгаалагчийн ямар нэгэн хараа хяналтгүй явсан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тухайн цагт аюулыг зайлуулахаар өөрийн унаж явсан автомашинаар хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн зэрэг хөнгөрүүлж болох бүхий л үйлдлийг хийсэн, ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байхгүй байхад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялыг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Иймд дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг өөрчилж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргаагүй. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас үзэхэд нэмэгдэл ял оногдуулахгүй байх боломжтой байсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч А.Бын хувьд бусдад төлөх төлбөр байхгүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ 2 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй, прокурорын шатанд буюу хэрэгт холбогдоод ирэхдээ 500.000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэсэн байдаг. Шүүгдэгч А.Бын ар гэрийнхнээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн байдаг. Гэтэл хохирогчийн зүгээс би 1.000.000 төгрөг авахгүй, 2.000.000 төгрөг авна гэхэд нь гаргаж өгсөн баримтаар нь төлье гэж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн. Миний бие 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүгдэгч А.Б хууль зүйн мэдлэггүйгээсээ болж Эрүүл мэндийн даатгалын сангийн 302.000 төгрөгийг төлөөгүй байсан. Үүнийг 2 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулсан. Ингэснээр шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй болсон. А.Б гэмт хэрэг гарсан даруй аюулыг зайлуулахаар өөрийнхөө тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа харагддаг. Өөрөөр хэлбэл, 6 настай хүүхдийг 7 настай эгчийнх нь хамт дэлгүүр оруулах гэж явуулсан байсан. Хүүхэд гэнэт машины урдуур гүйж ирээд мөргүүлж, хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийг хэрэглэж, жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн А.Бын хувьд эмийн байгууллагад түгээлтийн жолоочоор ажилладаг, өөрийнхөө аж амьдралыг залгуулж яваа юм. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү.” гэв.

            Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Бд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан байдаг. Үүнд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулсан. Хяналтын прокурор Н.Уранбайгалын хувьд анхан шатны шүүх хуралдаанд А.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруудаа маргадаггүй гэх нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх саналыг гаргасан байдаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялын саналыг гаргасан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэмж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 39 минутын үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагаан Хуаран 90А байрны 1 дүгээр орцны зүүн замд Э.Цогтнарангийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 38-11 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 19.1 дэх заалтад “...Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих...” гэснийг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч 6 настай, эрэгтэй Д.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэгээний “...14 цаг 10 минутын үед манай бага хүү Д.Б гэрээсээ эгч Д.Цэгц-Үжингийн хамт байрны доод талын дэлгүүр орох гээд гарсан. Удаагүй охин Д.Цэгц-Үжин гаднаас гэртээ орж ирээд “ээжээ дүү машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь би шууд гараад очсон чинь 90А байрны дэлгүүрийн хажуугийн замаар уруудаж явсан машин мөргөсөн байсан. Хүүг дэлгүүрийн гадна суулгасан байсан. Хажууд нь мөргөсөн жолооч нь хамт байсан. Тэгээд мөргөсөн жолоочийн хамт түүний автомашинтай хүүгээ аваад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд баруун шилбэ нь хугарсан байсан. ...” /1хх 16-17/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13729 дугаартай “...Д.Бын биед баруун шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 43-44/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 1299 дугаартай мөрдөгчийн “...“Тоёота Приус 30” маркийн 38-11 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” /1хх 61/ гэх магадлагаа болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-9, 11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 19.1 дэх заалтад “...Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих...” гэснийг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч 6 настай, эрэгтэй Д.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Бын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жилийн хугацаа болгон хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ...” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ