Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 04

 

“ЭЭЖЮ” ХХК болон Р.Э,

Э.Б нарын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                   Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ж.Түвшинжаргалыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ү-2203031181 дугаарт бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон 000411950 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0303 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, гуравдагч этгээд Ж.Түвшинжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Долгормаа нар,

Нэхэмжлэгч Э.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК болон нэхэмжлэгч Э.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Түвшинжаргалыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ү-2203031181 дугаарт бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон 000411950 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0303 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭЭЖЮ” ХХК болон иргэн Э.Б нарын гаргасан Ж.Түвшинжаргалыг өмчлөгчөөр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031481 дугаарт бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн 000411950 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Эгийн гаргасан дээрх бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Ж.Түвшинжаргал, өмгөөлөгч Д.Долгормаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх болсон үйл баримтыг “цаг хугацааны хувьд” үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй.

4. Би “ЭЭЖЮ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Энэ гэрээ одоо ч хүчин төгөлдөр бөгөөд энэхүү гэрээтэй иргэн Ж.Түвшинжаргал, мөн улсын бүртгэлийн байгууллага зэрэг ямар ч этгээд маргаагүй юм. Гэрээний дагуу төлбөрийг банкаар болон зарим хэсгийг бэлнээр санхүүд нь хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Энэ үүднээсээ бол миний эрх түрүүлж үүссэн юм.

5. Анхан шатны шүүх “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-ыг удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэн нь зөв байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх бүтэн 1 жилийн дараа миний мөнгөөр барьсан барилгын тухай өөр 2 этгээдийн хийсэн хэлцэл гэдэг зүйлийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний хөрөнгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар, бүтэн жилийн дараа байгуулсан гэрээний заалтаар намайг хохироосон шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6. Шүүх ижил нөхцөлд ялгамжтай шийдвэр гаргаж болохгүй гэх үндсэн зарчмаасаа хазайсан гэж үзэж байна. Энэ тохиолдол Мфикс капитал, Голден вилл-Ханна банк, иргэн Дариймаагийн нэхэмжлэлтэй зэрэг хэрэгтэй яг адил юм. Би үл хөдлөх хөрөнгө захиалаад 2014 онд 100 хувь мөнгөө өгчихсөн. Гэтэл миний хөрөнгөөр барьсан барилгыг гүйцэтгэгч компани жилийн дараа өөр этгээдэд барьцаалчихсан байна. “Түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим” энэ тохиолдолд хэрэгжих ёстой. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдал, хууль ёсны ашиг сонирхлын талаар зөв дүгнэлт хийж чадсангүй.

7. Улсын бүртгэл түүнд үндэслэн Ж.Түвшинжаргалд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь 1-рт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, барьцаалж байгаа агуулга нь ЭЭЖЮ” ХХК болон Ж.Түвшинжаргал нарын хэлцэлд байсаар байхад өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авсан.

8. Мөн хуулийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол ...мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” гэж заасныг зөрчсөн. Хэрвээ Ж.Түвшинжаргал ямар нэгэн аргаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэж байгаа бол хэзээ өмчлөгч болсон гэдэг талаар нь огт дүгнэлт хийгээгүй. Хуулийн шаардлага бол эхлээд өмчлөх эрхээ олж аваад улсын бүртгэлд бүртгүүлснээр “өмчлөх эрх баталгаажна” гэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн аргаар улсын бүртгэл бүртгүүлчих л юм бол “өмчлөгч” болж байгаа хэрэг биш юм. Тиймээс Ж.Түвшинжаргалд өмчлөх эрх үүсээгүй гэж үзэхээр байна.

9. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ж.Түвшинжаргалыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгож байхад эд хөрөнгийн тухайд Ж.Түвшинжаргалд өмчлөх эрх байгаагүй юм. Улсын бүртгэлийн байгууллага байхгүй эрхийг Ж.Түвшинжаргалд үүсгэсэн төдийгүй миний хөрөнгийг оролцуулан өгсөн.

10. “ЭЭЖЮ” ХХК давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй. Энэ нь тухайн компанийн тухайд хэрэг яаж шийдэгдэх нь төдийлөн их ач холбогдолтой биш болохыг харуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх бүтэн жилийн өмнө үүссэн миний эрхийн талаар огт дүгнэхгүй “миний хөрөнгийн талаар өөр 2 этгээдийн хийсэн хэлцэл” гэх зүйлийг үндэслэн хэргийг шийдсэн.

11. Гэтэл тэр хэлцэл гэдэг зүйлийн оролцогч нь би биш, надад ямар ч хамаагүй, би ямар ч үүрэг хүлээгээгүй. Бүтэн жилийн дараа миний хөрөнгийн тухайд хаа хамаагүй /эрхгүй/ 2 этгээдийн хийсэн хэлцэл гэдэг зүйлийг буцааж хэрэглээд, намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна.

12. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1218 дугаар шийдвэрээр иргэн Э.Б намайг өөрийн хөрөнгө оруулсан 430 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж тогтоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1505 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл дээрх баримтыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн боловч тоож үзээгүй. Тиймээс энэ талаар хяналтын шатны шүүхээс анхаарч үзнэ үү.

13. Иргэн Ж.Түвшинжаргал өмнө нь “ЭЭЖЮ” ХХК-иас 550 сая төгрөг, мөн 2 өрөө байр 2 ширхгийг авсан гэсэн. Үлдэгдэл 600 сая төгрөгийг нь 900 сая болгож төлье гээд тохирч, 900 сая төгрөгийн оронд 12 ширхэг 1-3 өрөө байр өгье гэхэд авахгүй гэсэн юм билээ. Тийм бол иргэн Ж.Түвшинжаргал одоо 900 сая төгрөгөө авахад л болно. Нийтдээ 1,450,000,000 /нэг тэрбум дөрвөн зуун тавин сая/ төгрөг авахаас өөр илүү яах юм бэ. Яагаад миний 430 м.кв хөрөнгө рүү шунаад байгааг ойлгохгүй байна. Эсвэл өөрт нь ногдох 430 м.кв талбайгаа авна биз. Тэр талбай нь гэхэд л 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ.

14. Мөн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр Ж.Түвшинжаргалыг бүртгэж байхад барилга баригдсан байсан уу эсвэл огт байхгүй барилга дээр өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн үү гэдэг талаар ямар ч баримт цуглуулаагүй байна.

15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 303 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 166 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Бгийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

17. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК болон иргэн Р.Э нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан иргэн Ж.Түвшинжаргалыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 байр, 1 дүгээр давхрын хэсэгт байршилтай, 871 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон 000411950 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт мөн адил нэхэмжлэлийн шаардлага бүхий Э.Б-гийн нэхэмжлэлтэй дээрх хариуцагчид холбогдох хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн, эсхүл нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

18. Маргааны үйл баримтуудаас үзвэл “ЭЭЖЮ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг, иргэн Ж.Түвшинжаргал нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-гээр Ж.Түвшинжаргал нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Сүрэнцэцэгийн нэр дээр шилжүүлж өгөх, Ч.Сүрэнцэцэг нь газар худалдан авсны үлдэгдэл төлбөрийг Ж.Түвшинжаргалд хэсэгчлэн төлөх, энэ үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 850 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Ж.Түвшинжаргалын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгүүлж өгөх үүрэг хүлээх”-ээр тус тус тохиролцсоныг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

19. Эдгээр баримтууд болон Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Ж.Түвшинжаргалын мэдүүлэг, “ЭЭЖЮ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн хүсэлт зэргийг үндэслэн иргэн Ж.Түвшинжаргалыг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 000411950 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн шийдвэр нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасныг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шаардлагад нийцсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм. 

20. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Э.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх тул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан “...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй...” гэх түүний гомдол үндэслэлгүй. 

21. Мөн захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх, өөрөөр тайлбарлах боломжгүй. Тодруулбал, маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон “Эвлэрлийн гэрээ”-нд “...Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй,..гарын үсгийнх нь дардсыг ашигласан, ...энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэх үндэслэлээр тухайн “Эвлэрлийн гэрээ”-г “хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “ЭЭЖЮ” ХХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг ”... эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид ...гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, уг захирамж шүүхийн шийдвэрийн нэг адил хүчинтэй...” гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/хт2017/00665 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

22. Гэтэл анхан шатны шүүх “...Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй нь тогтоогдсон..., ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй хэн ч маргаагүй..., ...Ж.Түвшинжаргал ч энэ асуудлаар маргаагүй...” гэх зэргээр дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж, захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус, энэ маргаанд хамааралгүй асуудлуудыг дүгнэж, “...бүртгэл хийгдэхээс өмнө Э.Б нь “ЭЭЖЮ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгтэй гэрээ байгуулсан байсан, ...түрүүлж үүссэн эрхийг хамгаалах...” гэх зэргээр дүгнэлт хийж, Э.Б болон “ЭЭЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан нь буруу, харин давж заалдах шүүх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар баталсан “Эвлэрлийн гэрээ”-ний 4.3-т заасныг үндэслэн “...Э.Б-гийн ...хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулсан гэх нөхцөл байдал нь түүний нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй, ...хөрөнгө оруулалтын гэрээний талаарх маргааны үр дагаврыг “ЭЭЖЮ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг хариуцахаар байна” гэж дүгнэж, “ЭЭЖЮ” ХХК, Э.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул “...түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой...” гэх Э.Б-гийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

23. Үүнээс гадна нэхэмжлэгч Э.Б нь гомдолдоо “...430 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шүүх харгалзаж үзээгүй буруу...” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, маргаж буй бүртгэл хийгдэх гол үндэслэл болсон дээр дурдагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталсан 2015 оны шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул үүнээс хойш гарсан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр, магадлал нь тухайн үед хийгдсэн бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.     

24. Түүнчлэн нэхэмжлэгч нарын түүний дотор Э.Бгийн нэхэмжлэлд тодорхойлсноор анхан шатны шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.Өлзийбаяр оролцсон, хариуцагчийг солих хуульд заасан үндэслэл бий болоогүй байна. Иймд, шүүх хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэхээргүй тул “...дүүргийн бүртгэлийн газрыг хариуцагчаар оролцуулаагүй буруу...” гэх Э.Б-гийн гомдол үндэслэлгүй, хяналтын шатны шүүхэд хэргийн бусад оролцогчид гомдол гаргаагүйг тэмдэглэвэл зохино.

25. Дээр дурдсаныг дүгнэвэл, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтуудыг зөв дүгнэсэн, маргаанд хамаарах Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0303 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Б-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ