Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1970 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээтээр хөдөө гарч тасралтгүй 32 жил мал маллаж байна.

Би 1988 оноос 1990 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өдөр хүртэл мал маллаж байсан мал тооллогын мэдээлэл гаргаагүй тул 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаа, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/111 дүгээр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/65 дугаар албан бичгүүд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй хэргийн материал, гэрч *******ын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Г.*******ын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч Г.******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь хүсэлт гаргагч Г.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлд 1990-2000 онуудыг нөхөн тооцуулсан, Тус сумын Ямаат 2 дугаар багийн малчин Г.******* нь 1991 оноос одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа нь үнэн гэх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/111 дүгээр албан бичиг, Г.******* нь 1995, 1996, 1997 онуудад мал маллаж байсан бөгөөд одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа нь үнэн гэх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар албан бичиг, Тус сумын Ямаат 2 дугаар багийн иргэн Г.******* нь 1995, 1996, 1997 онуудад малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/65 дугаар албан бичиг, 1996-2000 онуудад Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан гэрч*******ын Г.******* нь 1992 оноос өдийг хүртэл Эрдэнэцогт сумын 2 дугаар багт мал маллаж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаанд хүсэлт гаргагч Г.*******ын 1995-1997 онуудад баримттай боловч гараагүй, архивын баримтгүй, 2-3 дугаар багийн баримтгүй, нөхөх боломжгүй гэсэн нь хүсэлт гаргагч Г.*******ыг тухайн жилүүдэд малчин байсныг үгүйсгэх нотлох баримт биш бөгөөд тухайн онуудад мал тоолуулснаар малчин байсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч Г.*******ыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА