Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/427

 

И.С, Б.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

шүүгдэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлоор И.С, Б.Э нарт холбогдох 2206 02642 2156 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн И-ийн С, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., -ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

2. Б овгийн Б-ийн Э, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дархан-Уул аймгийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 146 дугаар зүйлийн 146.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

            И.С нь ганцаараа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Б куйэн” нэртэй гоо сайхны газрын текен дээрээс иргэн О.Мөнгөнсанаагийн эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Мөнгөнсанаад 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шангрилла Молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Задиг Волтайре” дэлгүүрээс иргэн Ч.Оюунболдын эзэмшлийн “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Оюунболдод 3.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Писи молл” худалдааны төвөөс “Аппле” брендийн “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Лхагватамжидэд 8.999.900 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Этой бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 32 ширхэг “Мерси” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхчулуунд 491.200 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Э нь ганцаараа 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “М март”-ын автомашины зогсоол дээр байрлуулсан 08-26 УАК улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгсэл дотроос иргэн Х.Анударийн эзэмшлийн “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.Анударьд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн И.Стай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 32 ширхэг “Мерси” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхчулуунд 491.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.С, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овгийн И-ийн С-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Б-ийн Э-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулж,

шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч И.Саас 13.399.900 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Мөнгөнсанаад 1.075.000 төгрөгийг, хохирогч Ч.Оюунболдод 3.325.000 төгрөгийг, хохирогч Г.Лхагватамжидад 8.999.900 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Мөнхчулуун, Х.Анударь нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Сад авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.Сад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргасан. И.С нь өөрийн гэм буруутай үйлдлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Тэрээр эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх болон хорих ял эдлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ба энэ талаарх эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээний баримт бичгүүд хавтаст хэрэгт удаа дараа авагдсан байдаг. И.С нь эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалд байгаа боловч өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо аль болох богино хугацаанд бүрэн нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байсан. Иймд давж заалдах шатны шүүх И.Сын эрүүл мэндийн болон эрх зүйн байдлыг анхааран үзэж, дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан И.Сад оногдуулсан хорих ялын төрлийг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч И.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогийн байдлаар миний нуруунд 3 бэхэлгээ төмөр, 6 хадаас байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш бүрэн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай гэсэн бичиг баримтыг гаргаж өгч байсан. Мөн эмнэлэгт хэвтээд хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байсан. Нуруунаас идээ бээр маш ихээр гарч байгаа. Хэрвээ цусанд бохирдол ороод, дээрээс нь нуруу хүний тулгуур эрхтэн учраас суумгай болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт мэргэжлийн эмч байхгүй. 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүх хуралдаан болсноос хойш 2 дугаар сарын 7-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гарснаас хойш нэг өдөр өнжөөд боолт хийлгэдэг. Хохирлыг ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад нэг удаа боломж олгоод зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж гуйж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сүхбаатар дүүрэг, Хангай зочид буудлын өргөтгөлд хоолны газар ажилладаг. Тэгсэн 5 дугаар сарын 1-ний өдрөөс хоолны газрыг хураана гэсэн. Тэгэхээр ажиллах боломжгүй болно. Би хөдөлмөр зуучлалын газраар цагийн ажил хийхээр хаашаа ч хамаагүй ажилд гардаг учраас Сүхбаатар дүүрэгт тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалт учраас заавал хэрэглэх заалт биш юм. Шүүгдэгч И.Сыг 2022 оны 5 дугаар сараас эхэлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар татахад шүүгдэгч нь оргон зайлж дахин 3 удаагийн гэмт хэрэг үйлдсэн. 2022 оны 11 дүгээр сард баригдаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч И.С нь урьд 5 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Энэ хугацаанд хохирлоо нөхөн төлөх талаар ямар нэгэн идэвхи санаачлага гаргаагүй. Эрүүл мэндийн шалтгаантай гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх хүнд өвчний жагсаалтад дурдсан өвчнөөр өвчилсөн эсэх нь шүүгдэгч И.Сын хувьд тодорхойгүй байгаа. Нөгөөтэйгүүр ялыг ямар хэмжээтэй оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. Иймд шүүгдэгч И.С, Б.Э нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

И.С нь ганцаараа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “М куйн” нэртэй гоо сайхны газрын текен дээрээс иргэн О.Мөнгөнсаагийн эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Мөнгөнсаад 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шангрилла Молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Задиг Волтайре” дэлгүүрээс иргэн Ч.Оюунболорын эзэмшлийн “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Оюунболорд 3.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Писи молл” худалдааны төвөөс “Аппле” брендийн “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Лхагватамжидэд 8.999.900 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Этой бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 32 ширхэг “Мерси” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхчулуунд 491.200 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Э нь ганцаараа 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “М март”-ын автомашины зогсоол дээр байрлуулсан 08-26 УАК улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгсэл дотроос иргэн Х.Анударийн эзэмшлийн “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.Анударьд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн И.Стай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 32 ширхэг “Мерси” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхчулуунд 491.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.Мөнгөнсаагийн “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Куйн" гэсэн нэртэй гоо сайхны дэлгүүрийн текен дээр байсан “Ай фоне 11” загварын гар утас хулгайд алдсан. Тухайн өдөр би ажил дээрээ байж байсан чинь гаднаас үл таних хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хоёр манай гоо сайхны дэлгүүрээс 6000 төгрөгөөр хоёр наадаг шивээс авчхаад гарахдаа текен дээр байсан миний утсыг аваад гарчихсан байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзсэн чинь манай дэлгүүрээр үйлчлүүлсэн эрэгтэй хүн 16 цаг 23 минутад миний гар утсыг аваад гарч явсан байсан. ...” /1хх 180/,

хохирогч Ч.Оюунболорын “...Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Задиг Волтайре” дэлгүүрт ажил дээрээ байж байх үед гар утсаа алдсан. “Шангрилла молл” худалдааны төвийн камерын бичлэгийг үзэхэд нэг өөр хүн манай хойд талын хаалганы завсраар шар өмдтэй, хар цамцтай, хар малгайтай эрэгтэй хүн ороод аваад гарсан байсан. ...” /2хх 100/,

хохирогч Г.Лхагватамжидын “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Писс молл” худалдааны төвийн 2 давхарт ажилладаг. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 20 минутын үед манай дэлгүүрт зарагдаж байсан үзүүлэнгийн “Аппле” брендийн “Мак н” компьютер хулгайлаад явсан байсан. Тухайн хүмүүс орж ирээд гараад явсны дараа буюу 2 минутын дараа мэдээд хяналтын камераас аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. ...” /2хх 134-135/,

хохирогч Б.Мөнхчулууны “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин хайпермаркет дэлгүүрт 20 гаран настай, нөгөөдөх нь 50 гаран насны хоёр эрэгтэй орж ирээд шоколад наборны тасгаар явсан. Тэгээд Мерси шоколаднаас 32 ширхэгийг үүрч явсан цүнхэндээ хийгээд тооцоог нь хийлгүй хулгайлан авч гарсан байсан. Манай дэлгүүр хяналтын камертай бөгөөд уг хоёр этгээдийн авч байгаа болон гарж байгаа бичлэг байгаа. Уг этгээдүүд нь манай дэлгүүрт нийт 539.168 төгрөгийн хохирол учруулсан байна. Шар өнгийн саравчтай малгай, цэнхэр жинсэн цамц, бор өнгийн өмд, хар өнгийн гуталтай цагаан өнгийн масктай 20 гаран насны эрэгтэй байсан. Нөгөөдөх нь цэнхэр өнгийн малгай, хар өнгийн хавар намрын нимгэн куртик, хар өнгийн цамцтай, хар өмдтэй, хар гуталтай 50 гаран насны эрэгтэй байсан. Нэг талдаа үүрдэг хар өнгийн цүнх үүрсэн байсан бөгөөд цүнхэндээ хийгээд гараад явсан. ...” /1хх 25-26/,

хохирогч Х.Анударийн “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “М март” дэлгүүр дээрээс замын хүнс авахаар 05 цаг 55 минутанд хүнсээ авч байхад 07 цагийн үед машин дотроос халаасанд миний эзэмшлийн “Ай фоне Икс эс” маркийн эмэгтэй хүний зурагтай касе бүхий хар өнгийн гар утас хулгайд алдагдсан. “М март”-ын камерыг шүүж үзэхэд ногоон хантааз, цагаан футволк, цэнхэр саравчтай малгайтай эрэгтэй хүн миний машиныг онгойлгоод жолооч талын хаалганаас миний гар утсыг аваад халаасандаа хийгээд 64-58 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн машинд сууж явсан. ...” /1хх 221-222/,

гэрч Д.Алтанхүүгийн “...Намайг хойшоо ухарч байгаач гэж хэлээд түр буугаад намайг ухарч зогсоход нөгөө залуу хажуу зогсоол дээр байсан “Тоёота приус 41” маркийн автомашины хаалганы бариуланд байсан гар утсыг аваад халаас руугаа хийж байгаа харагдсан. Тэгээд би цагдаа дээр очоод нөгөө залууг хүний гар утас хулгайлсан талаар хэлээд хүлээлгэж өгсөн. ...” /1хх 232-233/ гэсэн мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-21, 171-176, 2хх 95-96, 128-129/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 230/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч И.С, Б.Э нарыг дангаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч И.Сын ганцаараа иргэн О.Мөнгөнсаагийн эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Мөнгөнсаад 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн Ч.Оюунболорын эзэмшлийн “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Оюунболорд 3.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

            “Писи молл” худалдааны төвөөс “Аппле” брендийн “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Лхагватамжидэд 8.999.900 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Эийн ганцаараа автомашины зогсоол дээр байрлуулсан 08-26 УАК улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгсэл дотроос иргэн Х.Анударийн эзэмшлийн “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.Анударьд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч И.С, Б.Э нарын бүлэглэн “Номин” худалдааны төвөөс 32 ширхэг “Мерси” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхчулуунд 491.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч И.Сад хорих ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджав “...эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалд байгаа боловч өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо аль болох богино хугацаанд бүрэн нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байсан. Иймд И.Сын эрүүл мэндийн болон эрх зүйн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан оногдуулсан хорих ялын төрлийг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч И.С нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлөөгүй зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч И.Сын эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Эод оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэж найруулгын хувьд алдаатай бичсэнийг “...Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас хохирогч О.Мөнгөнсанаа, Ч.Оюунболд нарт хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Гэтэл мөрдөгчөөс хохирогч О.Мөнгөнсаа /1хх 177-180/, хохирогч Ч.Оюунболор /2хх 98-100/ нарыг хохирогчоор тогтоож, тайлбар мэдүүлэг авчээ.

Хавтаст хэрэгт тухайн хохирогч нарын иргэний үнэмлэх /хуулбар/, түүнтэй адилтгах иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдаагүй, О.Мөнгөнсанааг О.Мөнгөнсаа мөн эсэх, Ч.Оюунболдыг Ч.Оюунболор мөн эсэх талаар шууд нотолсон баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс хохирогч нарын нэрсийг шууд засах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирол төлбөр гаргуулахтай холбогдуулан гүйцэтгэх хуудас бичихдээ дээрх хоёр хохирогчийн нэрсийг зөв эсэхэд анхаарвал зохино.

Шүүгдэгч И.С нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 19-ний энэ өдрийг хүртэл 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

4 дэх заалтын “...шүүгдэгч Б.Эод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэснийг “...шүүгдэгч Б.Эод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Сын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сын 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ