| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00001/И |
| Дугаар | 137/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалан, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, ......... ажилтай, Г.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ оршин суух, ............ ажилтай, Б.У-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг болон дугуйлангийн төлбөр гаргуулах, дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Г.Ц миний бие Б.У-тай 2013 онд хамтын амьдралаа холбож, 2 хүүхдийн эцэг, эх болсон. 2013 оноос л гар хүрч зодсон, анх суусан цагаасаа гар хүрч зоддог байсан ч тэр бүрд нь өнгөрөөж, тэссэн боловч өдийг хүртэл зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Иймд Ц миний бие охин М, хүү М-ийн хамт амьдарч байна. Мөн Б.У нь .........-ний шөнө гэрт ирж, хүүхдүүдийн дэргэд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн .........-ны өдөр У ахынхаа эхнэртэй явалдсан ба ах нь тэднийг барьсан. Ингээд бидний дунд хэрүүл маргаан болж, би зодуулсан юм. Гуравдагч этгээдэд мөн хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Тэр гуравдагч этгээд миний хүүхдүүдийг У-ын хүүхэд биш гэж хэлснээр миний болон хүүхдүүдийн минь нэр төрд халдаж байна. Иймд хүүхдүүдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, мөн 2 хүүхдийн дугуйлангийн төлбөр, эд хөрөнгийн маргаанаа хуваарилуулахаар өргөдөл гаргасан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У-тай дундын эд хөрөнгийн асуудлаа хоорондоо ярилцаж тохиролцсон. У-т үхэрнээс бусад малаа, вагончиг, чиргүүл, хөдөө байгаа өвөлжөө, хаваржааны зорзиулалттай саравчтай хашаа, хөөрөг, 4 ханатай жижиг гэрийг бүрэн тавилгатай нь өгнө. Би аймаг дээр байгаа хашаа, газар, 5 ханатай гэрээ иж бүрэн тавилгатай нь, цагаан амбаар, ...... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 2 тугал, 2 үнээ зэргийг би авахаар У-тай тохиролцсон. Мөн шүүхэд 2 хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоно гэв.
Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.У миний бие Г.Ц-тэй 2013 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд ......-нд том хүү У.М, ........-нд бага охин У.М нар төрж эцэг, эх болсон. Бид ........-нд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Энэ үедээ бид эд хөрөнгө, хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн. Г.Ц нь одоо эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 2 хүүхдийн дугуйлангийн төлбөр, 2 тугалтай, 2 үхрээ авъя гэж шаардлага гаргасан. Миний бие 2 хүүхдийнхээ эцэг мөн учир хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхдүүдийн дугуйлангийн төлбөр нь заавал сурах хэрэгцээ шаардлага байхгүй учир миний бие тухай бүр нь Г.Ц-тэй ярилцаад төлбөрийн 50 хувийг төлөх боломжтой. Мөн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг дугуйлангийн төлбөрт зарцуулагдах боломжтой гэж үзэж байна. Эд хөрөнгө хуваахдаа 2 тугалтай 2 үхрээ авъя гэж санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. 2 тугалтай 2 үхрийг өгнө гэжээ.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц-тэй дундын эд хөрөнгөө хувааж авахаар тохирсон. Бидний тохирсон ёсоор шүүх шийдэж өгнө үү. 2 хүүхдийн тэтгэлгийг улирлаар төлөх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч талаас:
70,200 төгрөг тэмдэгтийн хураамжид төлсөн баримт /хх-ийн 3/
С сумын 8-р багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 4/
С сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт /хх-ийн 5/
С сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт /хх-ийн 6/
М өрхийн эмнэлгийн эмчийн хүүхдүүд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон 2024 оны 11 сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 7/
Нэхэмжлэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 8/
Хүүхдүүдийн төрсний ....... дугаартай гэрчилгээ /хх-ийн 9-10/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас:
ДАЗ сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн .......... дугаартай шийдвэрийг гаргаж өгсөн болно.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Б.У-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон дамжааны төлбөрийг гаргуулах, дундын эд хөрөнгийг хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид 2013 онд танилцаж, 2016 оны 06 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний хамтын амьдралын хугацаанд 2016 оны 10 сарын 13-ны өдөр хүү У.М, 2019 оны 07 сарын 24-ний өдөр охин У.М нар төрсөн. Зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 09 сарын 04-ний өдрийн ...... дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, тус шүүхийн ......... дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
2016 оны 10 сарын 13-нд төрсөн У.М, 2019 оны 07 сарын 24-нд төрсөн У.М нарын төрсөн эцэг нь хариуцагч Б.У мөн болохоо хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Түүнчлэн төрсний ......... дугаартай гэрчилгээ /хх-ийн 9-10/-ээр хүүхдүүдийн эцгээр Б.У болохыг тогтоож, хүүхдийг У овоглож төрсний гэрчилгээг 2019 оны 08 сард, 2016 оны 11 сард олгосон байгаагаас үзэхэд хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ эцэг тогтоосон үйл баримт дээр талуудаас маргаан гаргаагүй тул шүүхийн журмаар дахин эцэг тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн 2 хүүхдийн дугуйлангийн төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэх боловч хүүхдүүд ямар дугуйланд ямар хугацаа, төлбөртэйгөөр хамрагдаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд дээр дугуйлантай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуцлуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно. Хуульд заасан үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүх энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.У нь 2 хүүхдэд хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө дээр нэхэмжлэгчтэй тохирсон хэмжээгээр хуваан авахаар харилцан тохиролцсон болно.
Нэхэмжлэгч Г.Ц нь ........ тоотод байрлах хашаа, газар, 5 ханатай гэр, гэр доторх иж бүрэн тавилга, цагаан амбаар, ........ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 2 тугал, 2 үхэр зэргийг авах, хариуцагч Б.У-т 2024 оны А дансанд бичигдсэн адуу 4, хонь 36, ямаа 19 нийт 59 тооны мал, .......... гэх газарт байрлах саравчтай малын хашаа, хаваржааны газар, амбаар, 4 ханатай монгол гэр, хөөрөг, вагончигны суурь, чиргүүл зэргийг үлдээж зохигчид хоорондоо тохиролцон дундын эд хөрөнгөө хувааж эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тэтгэлгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амьжиргааны доод түвшин буюу 2024 оны 03 сарын 01-ний өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/29 дугаартай тушаалд Дорноговь аймагт амьжиргааны доод түвшний хэмжээг 446,700 төгрөгөөр тогтоосон. /446,700/2х2х12 сар/, 2 хүүхдийн 1 жилд авах тэтгэврийн хэмжээ 5,360,400 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 100,716.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Учир нь У.М, У.М нар нь ....... амьдарч, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хүмүүждэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ........ сумын 8-р багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 4/, .......... Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн ...... дугаартай тодорхойлолт /хх-ийн 5/, ...... сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн ..... дугаартай тодорхойлолт /хх-ийн 6/, М өрхийн эмнэлгийн эмчийн хүүхдүүд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон 2024 оны 11 сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 7/ зэргээр тогтоогдож байна.
Дундын эд хөрөнгийн хувьд талууд харилцан тохиролцож хуваарилсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох, 2 хүүхдийн дугуйлангийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ..... төрсөн У.М, ...... төрсөн У.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Б.У-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Ц-т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-т зааснаар эцэг, эх хүүхдийн хүмүүжилд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч Б.У нарт мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц-т ...... тоотод байрлах хашаа, газар, 5 хантай гэр, гэр доторх иж бүрэн тавилга, цагаан амбаар, .......... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 2 тугал, 2 үхэр, хариуцагч Б.У-т 2024 оны А дансанд бичигдсэн адуу 4, хонь 36, ямаа 19 нийт 59 тооны мал, .......... гэх газарт байрлах саравчтай малын хашаа, хаваржааны газар, амбаар, 4 ханатай монгол гэр, хөөрөг, вагончигны суурь, чиргүүл зэргийг зохигчид хоорондоо тохиролцон хувааж эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 100,716.4 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б