| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0083/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Л.Мажигсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
шүүгдэгч А.Б,
хохирогч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Лакс” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн багш нарын байрны 06 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамж 7-ын 12 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Их-Орших овогт А.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709018270006 дугаартай 185/2018/0083/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 02-03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэхээр тус бааранд орох гэсэн иргэн Г.Тулгатай маргалдан, хавсран унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бийн: Манай байгууллагаар үйлчлүүлэхээр орж ирэхэд нь Тулгад согтолттой байгаа тул оруулахгүй гэсэн шаардлага тавьж маргалдсан юм. Тулга орно гэж дайраад таксыг нь төлөе гэхэд нь манайх таксгүй гэж хэлсэн. Тэгтэл өөр нэг залуу ирээд 250.000 төгрөг өгөе гээд салаавч гаргасан. Бас найзууд нь ирээд ноцолдоод дайраад байж байхад манай өөр нэг хамгаалагч ирж салгасан. Миний хувцас өмд урагдсан байсан ба халаасанд байсан эд зүйлс газар унасан байсан тул аваад машиндаа тавиад байж байтал араас цохихоор нь эргэж хараад хавираад унагасан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гантулгын: Одоо миний эрүүл мэндийн байдал маш сайн байгаа. Тухайн өдөр хөдөө ажиллаж байгаад Модны 2-т байрлах газарт найзуудтайгаа долуулаа сууж байгаад тэндээсээ гараад дөрвүүлээ 03 цагийн орчим Сүхбаатарын талбайн урд байрлах Лакс бааранд орохоор явсан. Тэнд очоод орох гэтэл хамгаалагч Бадамсэрээжид нь ямар нэгэн шалтгаангүйгээр оруулахгүй байсан. Тэгэхээр би хэрвээ такстай юм бол таксыг нь төлөөд орчихоё гэтэл та нарыг оруулахгүй гээд түлхээд шахуу гарсан. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хамгаалагчтай нь хэл амаа ололцохгүй зууралдаад авцгаасан. Манай нэг найзыг хоёр хамгаалагч нь доош нь унагаад дарчихсан байсан. Энэ үйл явдал баарны үүдэнд хориод минут үргэлжилсэн байх. Нэг мэдсэн би газраас босч ирсэн. Тэр үед би ухаан алдаад уначихсан байсан юм билээ, хамгаалагч чамайг хавираад унагачихсан 5 минут орчим ухаангүй байсан гэж хэлсэн. Тэр үед эргүүлийн цагдаа ирчихсэн миний утасны дугаар, регистрийн дугаар бүртгээд, намайг гэмтлийн эмнэлэгт биеэ үзүүл, хэрвээ ямар нэгэн асуудал байвал өргөдөл өгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулаарай гэж хэлсэн. Баримтандаа тулгуурлаад 600.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг
хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтад гэрч Т.Гэсэрийн: ...2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 02 цаг 25 минутаас 02 цаг 30 минутын орчим ...би түрүүлж ороод бие засах газар руу орчихоод гараад иртэл манай найз Тулгаа газар унасан хөдлөхгүй хэвтэж байсан. ...бид шууд гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд эмчид үзүүлсэн чинь эгэмний яс хугарсан байдалтай байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ундрахын: ... 2017 оны 10 дугаар сарын 01-ны оройхон Тулга найз нартайгаа уулзлаа гээд гараад явсан. Тэгээд буцаад хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй байна. Шөнө дунд ирсэн байх. Би ажилдаа явах гээд босоход зүүн гараа уяагаар сойчихсон байж байсан. ...Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ахаа та цагдаа руу очоод мэдүүлэг өгөх хэрэгтэй байна. Намайг хүн хавсарч унагаагаад эгэм хугалчихсан юмаа гэж хэлээд би мэдсэн. Тулга нь даруухан хүүхэд байгаа юм. Ихэвчлэн инээгээд хөгжилдөөд л явж байдаг, наргианч хүн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12551 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-21/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, хохирлын баримтууд /хх-32-34/, Натур эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-35/, Люкс Центр төвийн рентген зургийн баримт /хх-36/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-37-38/, Лакс баарны захиргаанд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалгаан нөхцлийн арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-39/
Шүүгдэгч А.Бийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Г.Тулгын бие махбодид эгэм ясны дунд хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч Г.Тулга шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 600.000 төгрөг нэхэмжилж буйг шүүгдэгч А.Бээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Бийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.