Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/428

 

Х.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Г.Энхболд,

хохирогч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Мд холбогдох 2210 00000 0352 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

            Х.М нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 86 дугаар байрны 204 тоот, хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Эт худалдахаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тохирч, урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөг шилжүүлэн авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр уг орон сууцыг дахин Ж.Доржсүрэнд 110.000.000 төгрөгт тооцон худалдан шилжүүлж, Б.Эт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Х-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Х-ийн М-ыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Мын эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Маас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Мыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 86 дугаар байрны 204 тоот байрны зарын дагуу холбогдсон Б.Эт түрээслэхээр болж улмаар Б.Эын өөрийнх нь гуйснаар би тухайн үед байрны үнэ ханшийг судлалгүйгээр маш хямдаар 2 жилийн хугацаатай хувь лизингийн нөхцлөөр уг байраа Б.Эт зарахаар баримт үйлдсэн миний буруу үйлдэл нь Б.Эыг хохироосондоо туйлын их харамсаж байна.

2021 оны 10 дугаар сард “надад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хэрэгтэй болоод байна” гээд Б.Эт би “байраа зарахаа болилоо, эсвэл үлдэгдэл 72.000.000 төгрөгөө өгөөд байраа ав” гэхэд “би мөнгө өгч чадахгүй” гэхээр нь барьцаанд тавих санал хэлэхэд Б.Э өөрөө зөвшөөрсөн. Мөн Банк бус санхүүгийн байгууллагаас зээл судлах гэж ирэхэд Б.Э өөрөө байрыг үзүүлсэн. Ингээд би иргэн Ж.Доржсүрэнгээс 63.500.000 төгрөгийг зээлхэд байрьцаа хөрөнгө шаардлагатай гэсэн. Энэ талаар Б.Эт хэлээд “байрны үлдэгдэл 72.000.000 төгрөгөө авъя” гэж хэлэхэд Б.Э “манай хүүхдийн аав мөнгө өгнө гэсэн, одоо гадаад явсан байгаа, ирэхээр нь мөнгийг чинь өгнө” гээд 2 сар орчим болоход мөнгө нь орж ирээгүй. Ингээд Доржсүрэн мөнгөний барьцаанд байрыг барьцаална гэхээр нь Худалдаа хөгжлийн банканд ипотекийн зээлэнд 46.500.000 төгрөг дутуу барьцаанд байгааг хэлэхэд Доржсүрэн төлбөрийг нь төлөөд байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Доржсүрэн нийт 110.000.000 төгрөг надад өгсөн.

2022 оны 2 дугаар сард Доржсүрэн мөнгөө авъя эсвэл энэ байрыг 110.000.000 төгрөг авна, энэ байгаа айлаа гарга, би байраа түрээслэнэ гээд байхаар нь би Энхбаярт мөнгө нь бэлэн болсон эсэхийг асуухад мөнгө байхгүй гэхдээ би 2 жилдээ төлөөд энэ байрыг авна, гарахгүй гэснээр бидний дунд маргаан үүссэн. Би Энхбаярыг хохироохгүйн тулд арга ядаад Доржсүрэнд 2 сард 2, 3, 4 дүгээр сарын түрээсийн 2.000.000 төгрөгөөр тохирч Доржсүрэнгийн тоот данс руу шилжүүлсэн. Мөн үлдэгдэл төлбөрт тус байранд байгаа гал тогооны тавилга, том шкаф, хөшиг, абжур зэрэг тавилгуудыг 10.000.000 төгрөгт бодож өгсөн. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Б.Э ямар нэгэн түрээсийн төлбөр гэхгүйгээр энэ байранд амьдарсаар байгаа.

Миний ажил байдлын хувьд манай компани 2008 оноос эхлэн Герман, Франц, Итали улсаас хурдан морины нэмэлт тэжээл, витамин, тоног хэрэгсэл, хүүхдийн хамгаалалтын хувцас зэрэг бүтээгдэхүүнийг импортолж тухайн бизнесийг 15 жил эрхэлж байна. 2020 оноос эхлэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан морины хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр маань татан буугдаж бизнес маань муудаж эхэлсэн. Иймээс монголдоо хийх боломжтой морины хэмжээт ногт, цээживч, уул уурхайн ажлын хувцас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч 7 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа эхэлсэн боловч ковидын нөхцөл байдал улам хүндэрч бизнес бүрэн зогсож, 2 жил гаруй хугацаанд ажилчдын цалин хөлс, ажлын байрны түрээс, банкны зээл, татвар, тайлан зэрэг өрийн дарамтанд орсон. 2022 оноос ковидын нөхцөл байдал сайжирч оёдолын үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд хуримтлагдсан өр төлбөрөө эхнээс нь төлж барагдуулж, бизнес хэвийн үргэлжлэх боломж бүрдээд байна. Иймд миний бие Б.Эын хохирлыг бүрэн барагдуулж цаашид дахин алдаа дутагдал гаргахгүйгээр үнэнч шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байна.

Миний өөрийн буруутай үйлдлээс болж эдэлж байгаа ялыг хорих байгууллагад эдэлснээр ажил амьдрал, бизнес, өр төлбөр маш хүнд байдалд орж байгаад би маш их гэмшиж харамсаж байна. Бага насны /4 настай/ хүүхдийн минь сэтгэл зүй, эрүүл мэндийн байдал, миний нөхөр Б.Бумхорол нь Австрали улсад ажиллах виз авсан тул ойрын хугацаанд явах болсон, миний ард ажиллаж байгаа 7 өрхийн 50 гаруй ам бүл, гэрээгээр гүйцэтгэж байгаа хугацаатай ажлын хувцас, морины хэрэгсэл, ажлын байрны түрээсийн төлбөр, банкны зээлийн графикт төлөлт зэрэг хүндэрч байгаа нөхцөл шалтгаануудыг минь харгалзан үзнэ үү. Би өөрийн алдаагаа ухамсарлах чадвартай, дахин ийм алдаа хийх хүн биш гэдгээ эрхэлж байсан ажил, төгссөн сургууль зэргээр ойлгуулах гэсэн юм. Цаашид гэрээгээр гүйцэтгэх ажлууд олон байгаа учраас торгуулийн ялыг төлөх боломжтой. Намайг ял эдлээд явбал цаана нь олон айлын амьдрал байгаа тул ажлаа үргэлжлүүлээд хийх боломжоор хангаж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгч Х.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар хорих 461 дүгээр ангид 75 хоног хоригдох хугацаандаа өөрийнхөө үйлдлийг ухамсарлан, гэмшиж байгаа талаараа гомдолдоо дурдсан. Шүүгдэгч Х.М бага насны буюу 4 настай нэг хүүхэдтэй, 2 сар гаруй хугацаанд эх нь хамт байгаагүй, эхийгээ маш их санаж байгаа. Энэ хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн байдал хэд хэдэн удаа муудсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс өмнө нь тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэдэг саналыг илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулгаар торгуулийн ялыг төлөх боломжтой гэдгийг харуулсан. Мөн Х.М нь тус байрыг сарын 1.200.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Хохирогч нийтдээ 20 сар тус байранд байгаа. Түрээсийн мөнгийг энэ саруудад тооцохоор 24.000.000 төгрөг болсон. Энэ мөнгийг хохирогчоос авахгүй гэж байгаа. Харин хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Анх шүүгдэгч хүүнд нь байрандаа хүн суулгахаар зар тавьсан. Гэтэл ирсэн хүн нь байраа  худалдах уу гэдэг саналыг тавихаар нь хэлэлцлийг зөвшөөрсөн. Анх залилах санаа зорилго байгаагүй. Сүүлд байраа зарсан атлаа бусдад шилжүүлсэн нь миний гэм буруутай үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Х.М бизнес эрхэлдэг, морины нэмнээ гэсэн төлбөрүүд байнга ордог нь дансны хуулгаар харагддаг, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн торгуулийн ял оногдуулж өгнө үү.гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Х.Мын хорих ялыг өөрчлөн, хөнгөрүүлж өгнө үү гэж гомдлоо гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 30.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Х.М анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, ойлгож байгаа талаараа мэдүүлдэг. Х.М нь бага насны буюу 4 настай хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд савны хавдар авхуулах мэс засалд 2022 оны 7 дугаар сард орсон, хавдрын эмчийн хяналтад байдаг, зүрхний хэм алдалттай, одоо ч цагдан хорих байрны эмчийн хяналтад тогтмол эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. Мөн “Молор шанд” ХХК 2008 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Х.Мын нөхөр Б.Бумхоролын нотлох баримтаар өгсөн дансанд морины нэмнээний төлбөрөөс гадна түрээсийн төлбөрүүд орсон байдаг. Х.М тодорхой эд хөрөнгүүдийг хэлэлцлийн үндсэн дээр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс шүүхээс торгуулийн ял оногдуулбал төлөх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгчид хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргээс болж маш их хохирч байгаа. Би 48 настай, 7 настай хүүхэдтэй, ганц бие өрх толгойлсон эх. Х.Маас болоод гудамжинд гарчихаад байгаа. Одоо охиныхоо сургуулийн ойролцоо байр түрээсэлж байгаа. Байрыг өөрийнхөө байр гэж бодоод 3.800.000 төгрөгийн засвар хийсэн. Мөн анхдагч гэдэг утгаараа 1.200.000 төгрөгөөр өмгөөлөгч авч иргэний шүүхэд хандсан боловч нөгөө талд шийдвэр нь гарсан. Иймд 5.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд 1.500.000 төгрөгийн асуудал яригддаг боловч хэрэгт баримт нь нотлох баримтаар авагдаагүй. Тухайн үед бараа материалыг захаас худалдаж авсан, засвар хийсэн гэдгээ дурдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.М нь 30.000.000 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй гэсэн шийтгэх тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар шийтгэх тогтоолд заасан төлбөр төлөгдсөн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь маш их хохирсон талаар тайлбарладаг. Хэдийгээр хохирол бүрэн төлөгдсөн ч хохирогч 2, 3 жилийн хугацаанд хохирсон байдалд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээд шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Х.М нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 86 дугаар байрны 204 тоот, хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Эт худалдахаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тохирч, урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөг шилжүүлэн авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр уг орон сууцыг дахин Ж.Доржсүрэнд 110.000.000 төгрөгт тооцон худалдан шилжүүлж, Б.Эт 40.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...Би 2021 оны 8 дугаар сард олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкээр байр үзээд байж байхад М гэдэг хүн “байр зарах буюу хүүнд нь хүн суулгана” гэсэн зар байсан. Би Мын 91913667 дугаар луу залгаад “байрыг чинь сонирхож байна, үзэж болох уу” гэж асуусан чинь “болно” гээд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 204 тоот байранд очиход хүн амьдарч байсан. Би байрыг нь үзээд “та байраа зарж болох уу” гэж асуухад “болно” гэж хэлсэн. Би “энэ байрыг 2 жилийн дотор төлж дуусгаж болох уу, би танд урьдчилгаанд 30.000.000 төгрөг өгөөд сар бүр 2.000.000 төгрөг болон заримдаа дээш төлөөд 2 жилийн дотор дуусгаад, энэ байрыг авъя” гэж тохирсон. Тухайн байрыг нийт 103.700.000 төгрөг болно гэж хэлээд бид тохиролцоод ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр гараараа бичиж, баримт авч үлдсэн. Тэр үед яагаад гэрээ хийгээгүй вэ гэхээр тухайн байр нь 8 хувийн лизингтэй, 48.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас байрны гэрчилгээ банкинд байгаа гэж хэлээд гараараа бичиж бид 2 тохиролцсон байдаг. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр тухайн байрандаа засвар үйлчилгээ хийгээд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, урьдчилгаанд өгсөн 30.000.000 төгрөгтэй нийлээд 40.000.000 төгрөг өгсөн. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр шүүхийн шийдвэрээс дуудах хуудас ирсэн. Би М руу залгаад асуухад “би чамд байраа зарахаа болилоо” гээд уурласан. “Би чамд амьдарч байсан хугацааны мөнгө болон урьдчилгаа мөнгө гэж өгсөн биз дээ, би байрны гэрчилгээ авмаар байна” гэж хэлэхэд уурлаад “чадахгүй, чамд байраа зарахаа болилоо” гэхээр нь “би чамтай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсээр байгаад уулзахад “би байраа зарахаа болилоо, миний хүү Герман улсаас ирсэн, намайг байраа зарлаа гээд уурлаад байна, би чамд мөнгийг чинь өгнө, чи хүлээж байгаарай” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “байрны гэрчилгээ гарсан, гэрчилгээ нь миний нэр дээр байгаа, та нар өөрсдөө Мтайгаа учраа ол” гэж хэлэхээр нь М руу залгаад “энэ байрыг чи хүнд зарсан байна” гэж хэлэхэд “би наад хүмүүстэй чинь утсаар ярина, чамд удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлэхээр нь “чи яагаад надад зарсан байраа давхар өөр хүнд зарсан юм бэ” гэж хэлсэн чинь “мөнгийг чинь өгнө, чи хүлээж бай” гэж хэлээд одоо болтол утсаа авахгүй байгаа учраас би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байгаа юм. ...Би Мын Хаан банкны 5034087250 тоот данс руу би өөрийн Хаан банкны 5077072458 тоот данснаас нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гараараа орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн утгатай зүйл бичсэн байгаа. Утга нь гэвэл эргэлт буцалтгүйгээр байрыг худалдсан болно гэж бичсэн байгаа. ...” /хх 18/,

гэрч Ж.Доржсүрэнгийн “...2021 оны 9 дүгээр сараас эхэлж М надаас хэд хэдэн удаа мөнгө зээлсээр байгаад нийт 63.500.000 төгрөг зээлж аваад хугацаандаа өгөхгүй байхаар нь би Маас “мөнгөө авъя” гэж хэлэхээр “манай байрыг авах уу, би одоо мөнгөгүй байна, манай байрыг ирээд үз” гэж хэлсэн. Би Маас “зарах гэж байгаа байрыг чинь очиж үзье” гэж хэлэхэд “одоо хүнтэй байгаа мөнгийг нь аваад хүнд түрээсэлсэн байгаа, би энэ хүнээс 20.000.000 төгрөг аваад мөнгөнийх нь оронд хүн амьдруулж байгаа” гэж надад хэлсэн. Би Маас “хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм” гээд асуусан чинь “120.000.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би хямдруулаад 110.000.000 төгрөгөөр авахаар болоод Мд 9 дүгээр сараас эхэлж зээлүүлсэн 63.500.000 төгрөг дээр нэмж 46.500.000 төгрөгийг Мын Хаан банкны 5034087250 тоот данс руу өөрийнхөө 5027572788 гэсэн тоот данснаас шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 46.500.000 төгрөгийг шилжүүлж, М бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй дуусгавар болсон. Ингээд би “байрны гэрчилгээ хаана байгаа юм” гээд асуусан чинь “Худалдаа хөгжлийн банкинд байгаа” гэж хэлээд надтай утсаар яриулаад энэ байрны гэрчилгээ манай банкинд 8 хувийн зээлтэй учраас барьцаанд байгаа гэж хэлээд ТҮЦ машинаас надад лавлагаа авч үзүүлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд 7 хоногийн дараа үл хөдлөхөд материалаа бүрдүүлж өгсөн байгаа. Ингээд байрны гэрчилгээ миний нэр дээр гарах гэж 1 сар гаран болсон байдаг. Яагаад сар гаран болсон бэ гэхээр Капитрон банкин дээр байж байгаад уг банк татан буугдаад Худалдаа хөгжлийн банкнаас шилжээд удаж гарсан байдаг. М надаа хэлэхдээ “байранд байгаа хүмүүс 12 дугаар сард гарна” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл гарахгүй байна. М “Энхбаяр гэдэг хүн энэ байрыг түрээслэж байгаа, түрээсийн мөнгийг нь чамд өгнө” гэж хэлсэн боловч огт мөнгө өгөөгүй. Би яагаад нүүж орохгүй байгаа вэ гэхээр хүүхдийн маань сургууль миний одоогийн амьдарч байгаа газартай ойрхон учраас нүүгээгүй байгаа. Би сүүлд 2022 оны 2 дугаар сард Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 204 тоот байранд нөхрийн хамт очсон чинь Энхбаяр гэдэг эмэгтэй байсан. Надад хэлэхдээ “би энэ байрыг Маас худалдаж авсан” гэж хэлэхээр нь би байрны гэрчилгээг үзүүлсэн чинь Энхбаяр М руу залгаад утсаар хэрэлдээд байсан чинь М “чи надад дансаа явуулчих, би одоо мөнгийг чинь хийнэ” гэж хэлээд Энхбаяр дансаа хэлж байсан. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Эын банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх 54-60/, гэрч Ж.Доржсүрэнгийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх 67-72/, шүүгдэгч Х.Мын банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх 108-137/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байр, 204 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Х.Мыг “залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Х.Мын “хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Эт худалдахаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тохирч, урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөг шилжүүлэн авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр уг орон сууцыг дахин Ж.Доржсүрэнд 110.000.000 төгрөгт тооцон худалдан шилжүүлж, Б.Эт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Х.Мын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Г.Энхболд нар “...анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ...өөрийнхөө үйлдлийг ухамсарлан, гэмшиж байгаа, ...бага насны буюу 4 настай нэг хүүхэдтэй, 2 сар гаруй хугацаанд эх нь хамт байгаагүй, эхийгээ маш их санаж байгаа. Энэ хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн байдал хэд хэдэн удаа муудсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр заасан.

Шүүгдэгч Х.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирлын 30.000.000 төгрөгийг хохирогч Б.Эт төлж барагдуулсан талаарх баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, мөн шүүгдэгч Х.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.500 /зургаан мянга таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Эын хувьд “тухайн байранд 3.800.000 төгрөгийн засвар хийсэн, 1.200.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан, нийт 5.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргах боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Г.Энхболд нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.М нь хохирогч Б.Эт хохирлын 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Хадхүүгийн Мыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Хадхүүгийн Мыг 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Мын эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан 6.500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын цагдан хоригдсон 75 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.125.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, үлдэх торгуулийн ялын хэмжээг 5.375.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн,

“Хохирогч Б.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

3. Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Х.Мыг нэн даруй сулласугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ