| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0001/З |
| Дугаар | 123/ШШ2024/0027 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 123/ШШ2024/0027
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.*******,
Хариуцагч: Өндөрширээт сумын Засаг дарга,
гуравдагч этгээд: Б.******* нарын хоорондын эзэмшлийн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвсүрэн, гэрч Б.Лхагвасугар, Ч.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг гэрч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд хандан Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07/1266 дугаартай албан бичгээр ...А/45 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг авсан байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүд, гэрчийн мэдүүлгийн талаар:
2.1. Нэхэмжлэгч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь Өндөрширээт сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 тоот захирамжаар 182100184 дугаарт нэгж талбарын 0.17м2 га газрыг 15 жилийн хугацаатай 2004 оны 05 дугаар 05-ны өдрийн 0013469 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр "Улаан чулуу", "Бага алагийн энгэр" гэх газарт мал маллаж амьдарч ирсэн бөгөөд 2019 онд ган, зудтай тул өөрийн аймгийн Эрдэнэ сумруу отроор нүүж очтол ковид 19 өвчин улсын хэмжээнд гарч хөл хорионд ороод буцаад 2022 оны 07 сард нутагтаа, Өндөрширээт суманд ирээд Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хоёртой биечлэн уулзаж учир явдлаа ярихад тэд та нарыг хүлээж авалгүй яахав, өөрийн өвөлжөө хаваржаандаа байж бай бичиг баримтаа бүрдүүлээд газрын даамалд өг гэхээр нь аймаг орж архиваас бичиг баримтаа авч өгсөн гэтэл 2022 оны 12 сард газрын гэрчилгээгээ гарсан ав гэхээр нь бид сум орохоороо авна өнөө маргаашдаа ажил болохгүй байна гэсэн тэгээд он гараад очиход газрын даамал аймгаас дахиад материалаа олоод ир гэхээр нь 2023 оны 10 сарын 02-нд дахин гаргаж өгсөн тэгээд хариу өгөхгүй болохоор нь сумын дарга А.Давааочиртой уулзахад хариу удахгүй өгнө гэж байгаад өөрийн хамаатан шинээр ирсэн Б.*******д 2023 оны 02 сарын 27-ны өдрийн А/45 захирамжаар олгосныг 2023 оны 10 сард мэдээд Төв аймгийн засаг даргад хандсан боловч зөрчигдсөн эрхийг сэргээж өгөөгүй тул энэхүү Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаарт захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* нь р 1-р багийн Алагийн энгэрийн газрыг эзэмшээд 15 жил хаваржаад 2018 онд хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, сунгахаар тухайн үедээ сумын газрын даамлаар ажиллаж байсан хүнд өргөдөл, хүсэлтээ өгсөн, энэ талаар хариу албан ёсоор ирээгүй. 2020 оны эхээр өөр суманд отроор нүүж явсан. 2022 оны 07 дугаар сард буцаж ирээд уг өвөлжөөг сунгуулах талаар сумын дарга, Иргэдийн Хурлын даргатай уулзахад зөвшөөрсөн байдаг. Мөн газрын даамалд бичиг баримтуудаа бүрдүүлээд өгсөн. Гэвч 2023 онд хугацаа дууссан, тийм учраас өөр хүнд эзэмшүүлсэн гэсэн, сумын газрын даамал дээр орж, хувийн хэргээс шүүж үзэж, баримтуудаа авахад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А47 тоот захирамжаар Засаг дарга н.Даваа-Очир нь Б.******* гэдэг иргэнд Бага алга нэртэй бууцыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлсэн байдаг. Ийм учраас энэ иргэнтэй давхцаж, газрыг олгосон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, төрийн байгууллага хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй. А.*******гийн 20 жил энд амьдарсан эрх хөндөгдсөн учраас аж ахуйд нь маш их хохирол гарч байгаа. Мал аж ахуйд нь. Тийм учраас А45 тоот Засаг даргын захирамж хууль бус, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны эрх ашиг зөрчигдөх этгээдийг оролцуулж, сонсох ажиллагаа явагдах ёстой, гэтэл явагдаагүй, 2-рт уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал уг өвөлжөө нь одоо А.*******д байгаагаар ойлгогдож байгаа. Яагаад гэхээр, А.******* нь Бага алагийн энгэрийг эзэмшиж байгаа. Б.******* нь Бага алгын энгэрийг эзэмшиж байгаа. Энэ нь Газрын албанаас гаргасан баримтуудаас харагдаж байгаа. Мөн нэгжийн талбар буюу кадастрын зургийн нэгжийн талбар дээр А.*******гийн талбар хэвээр байгаа. Б.*******д олгогдсон газрын нэгжийн талбар нь өөр нэгжтэй байдаг. Нотлох баримтуудыг үзэхэд хоорондоо 70-аад метрийн зайтай байна гэсэн. Ийм учраас Газрын тухай хуульд аливаа газрын нэрний асуудал яригдана. Газрын нэр зөрүүтэй байгаа. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө гэж заасан. 8.6-т албан ёсны баримт бичиг болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг хориглоно гэж заасан. Үүнийг Засаг даргын захирамж зөрчөөд нэг нь Алагийн болгоод юмны алаг өнгөөр, нөгөөх нь гарын алга болгоод тавьсан. Гарын алгын нэртэйг нь Б.*******д олгоод өгсөн. Юмны алаг нэртэй Бага алагийн энгэрийн газрыг анхнаасаа сумын газрын албан ёсны нэршил дээр Газрын албанаас өгсөн бичиг баримт дээр Алагийн гэж гарч ирж байгаа. Алга гэх газар байхгүй. Тийм учраас Б.*******гийн энэ захирамж нэршлийн хувьд Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж байна. Хоёрдугаарт, кадастрын зураг албан ёсны Газрын тухай хуулиар албажих ёстой. Гэтэл кадастрын зураг үндсэн нэгжийн талбар зөрүүтэй гарсан. Ийм учраас Б.*******тэй холбоотой захирамж хууль бус гаргасан гэдэг нь харагдаж байна...Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зөрчиж, түр хугацаанд буюу байнга оршин суух эрхтэй гэж байгаа. манай иргэн Үндсэн хуулийнхаа дагуу Өндөрширээтэд газар эзэмших бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, 2018, 2019 он, 2020 онд ковид өвчин гарсантай холбогдуулан тэндээ эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авахын тулд түр зуур шилжсэн байдаг. Сумдаа ирээд хаваржаандаа буух гэхээр Б.*******гийн буусан учраас тэр үеэс эхлэн дахиад өргөдлөө өгсөн байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газрын кадастр дээр, бүртгэл дээр орж ирээд 12 дугаар сарын 20-ны өдөр хасагдсан байдаг. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хасагдана гэдэг нь сунгах хүсэлтээ өгөөд хасагдсан байна. Гэтэл 2022 оны 12 дугаар сараас өмнө 2, 3 удаа өргөдөл өгсөн. А.******* гэх иргэний асуудлыг аль хэдийн шийдэх байтал 2022 оны 12 дугаар сар хүртэл явуулж байгаа. 2022 оны 11 дүгээр сард газрын гэрчилгээ гарсан ирж ав гэж хэлсэн. Гэтэл Б.*******д эзэмшүүлсэн байсан, ингэж хууран мэхлэх, залилах, албан тушаалын байдлаа ашиглах энэ байдлуудыг гаргаж байгаа учраас А.*******гийн хууль ёсны эрх ашиг сонирхол гарцаагүй зөрчигдсөн. Зөвхөн Б.*******гийн бүх өргөдлүүдийг нэг талд хавсаргаад хийсэн ч байх шиг. Манайхыг байхгүй болгосон. Хувийн хэрэг дотор байсаар байтал байхгүй болгосон. Ийм үйлдлүүд харагдаад байгаа учраас манай хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн. Хоёрдугаарт, кадастрын зураг дээр ярьж байгаа. Кадастрын зураг бол Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан. Тэр дээр давуу эрх гэж байгаа. Давуу эрхээр газар эзэмшүүлэх гэж байгаа. Энэ дээр тухайн газрыг засаж, сайжруулсан гэж тодотгож ярьж байгаа. А.******* гэх хүн 20 жил бууцтай байсан. Бууц, хондыг өөрөө босгосон. Энэ бол хөдөлмөр. Малчдын малынхаа бууцыг шингээх, малын бууцаа нааш, цааш болгох хөрзөн ховхлох гээд их ажил гардаг. 20 тэрийгээр маллаж ирсэн хүн. Газрыг байдлыг сайжруулж, доройтуулаагүй, ашиглаж ирсэн, хашаа бол бариагүй. ...Дараагийн асуудал нь, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох гэж заасан. Гэтэл ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Захиргааны хэлэлцүүлэг явагдах үед тэдэн сарын тэдний өдөр тийм өргөдлийг энэ иргэн ингэж өгсөн гэж явагдах ёстой. Өмнө нь ярьсан 3 удаагийн өргөдөл өгсөн асуудал дээр хэлэлцүүлгээр хийгдээгүй учраас оролцогчдын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Оролцогчийн эрх ашиг зөрчигдөөгүй, манайх шилжин явсан учраас Эрдэнэд очоод шилжсэн учраас гэж хариуцагч талаас хэлж байна. Тийм учраас хэлэлцүүлэг явуулах боломжгүй гэж байна. Энэ хүн 20 жил амьдарсан, Б.******* гэх хүн ч мэдэж байгаа. Гуравдагч этгээд гуйж өвөлжье гэсэн байгаа. Мөн энэ захиргааны акт бол хүчин төгөлдөр бус акт. Захиргааны акт бичгээр гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл энэ дээр тамга, тэмдэг, албан тушаалтны гарын үсэг бүгд байх ёстой. Тамга тэмдэг дарагдаагүй. Дарагдаагүй асуудал нь 40.2-т заасныг зөрчсөн, актын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Нэр, томъёо бүгд байгаа болохоос ерөнхийдөө Өндөрширээт сумын Засаг даргын гаргасан акт гэж харагдаж байгаа. Гэхдээ төрийн алба баталгаажуулж тамгаа дарна. Нэг нь Тамгын газрын тамга дарчихаад, нэг дээр нь Засаг даргын тамга дарчихаад байдаг. Аль нь зөв юм бэ. Мэдэхгүй. Бас л эргэлзээтэй асуудал харагдаад байна... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж заасан. Энэ захиргааны актыг гаргахдаа хууран мэхлэх гэдэг нь манай дээр харагдаад байгаа. Сумын дарга ирсэн үед нь хүлээж авчихаад таны энийг сунгаад өгнө гэж хэлчихээд дараа нь өөрчлөөд энэ захирамжаа бүтэн 6 сарын дараа хууран мэхлээд өөрчилсөн. Удаа дараа өргөдлийг бичүүлж авчихаад. Хууран мэхэлсэн. Сонсох ажиллагаа, хэлэлцүүлэг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, хууль бус байна... Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.3. Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Баянтуул багийн нутаг "Бага алагийн энгэр" нэртэй хаваржааг дор дурдсан шалтгааны улмаас иргэн Б.*******д эзэмшүүлсэн. 1. Уг хаваржааг урьд өмнө эзэмшиж байсан А.******* нь газар эзэмших гэрчилгээний эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй байна. 2.А.******* нь 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сумруу албан ёсоор шилжин яваад 2022 онд шилжин ирсэн байна. 3. Б.******* нь маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр 2021, 2022, 2023 онуудад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсаар ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, захирамжийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа. Мөн тодруулж хэлэхэд, А.******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байсан. Хоног, хугацааг хуульд нийцүүлэн тоолбол 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө энэ өргөдлөө гаргаад явах ёстой байсан. Энэ хугацаанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй бол Газрын тухай хуульд зааснаар энэ хүн газар эзэмших эрхээ алдана. Дараа нь 2020, 2019 онд ч юм уу өргөдөл, гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Бас нэг зүйл тодотгоод ярьж байгаа нь 2022 онд хугацаа дуусаагүй байхад гээд түрүүн хэлсэн. Нөхөн бүрдүүлэлттэй холбоотойгоор 11 сард программд нөхөн бүрдүүлэлт хийгээд алдаа гаргаад буцаагаад өөрт нь мэдэгдээд хаасан тухай газрын даамал мэдүүлэг өгсөн.
Энэ зүйл бол тэр хүний 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон тэр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаад явах ойлголт биш. Буруу ойлгосон байна. Ингэх боломжгүй. Хоёрдугаарт, Б.******* гэдэг хүнд хууль ёсны дагуу энэ газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хуульд зааснаар Б.******* гэдэг айл 3 жил дарааллан хүсэлтээ өгч, газрын төлөвлөгөөнд тусгуулж, өөрсдөө тэр газрыг эзэмшин үйл ажиллагаа, мал ахуйгаа эрхэлж газар эзэмших эрхийг олж авсан. Тийм учраас энэ хүмүүсийн газар эзэмших эрхийг нь хөндөх, зөрчих, цуцлах боломж байхгүй. Бага алагийн энгэр нэртэй газрыг Б.*******д эзэмшүүлсэн захирамж гаргахдаа газрын нэрийг бага алга гэж бичиж техникийн алдаа гаргасан, тэр алдааг засах боломжтой...А.******* гэж айл Бага алагийн энгэрт хаварждаггүй, өөр газар өвөлждөг, өөр газар хаварждаг. Шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад одоо хаваржаад байгаа газрыг нь эзэмшүүлье гэхэд зөвшөөрөхгүй байсан.. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Гуравдагч этгээд Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвсүрэн нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр-Ширээт сумын Баян-Туул 1 дүгээр багт малчнаар 10 гаруй жил ажиллаж амьдарч байна. Миний эхнэр Ж.Пүрэвсүрэн нь энэ нутгийн уугуул нутаг орондоо өөрийн гэсэн өвөлжөөгүй 10 гаран жил явлаа. Бага алаг гэдэг газар бууцанд айл өвөлждөггүй болохоор нь сумын газрын албанд 2020 онд шүүлгэж үзсэн айлын нэр дээр байхгүй болохоор нь хуулийн дагуу 2021, 2022, 2023 онд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөөний зориулалтаар авах зорилгоор хүсэлт өгч тусгуулсан. Энэ бууцыг маргаад байгаа А.******* нь Улаан чулуут нэртэй албан ёсны өвөлжөөтэй. Мөн Дэл хайрханы ард хаваржаатай хүн. А.******* нь 2023 оны Төв аймгийн Эрдэнэ сум руу албан ёсоор шилжиж явсан, 2022 онд буцаад шилжиж ирсэн. ...А.*******г шилжих үед нь хаваржаан дээр чинь буугаад өвөлжие гэхэд зөвшөөрсөн. Дараа жил нь газрын даамлаас шүүлгэхэд энэ газар бүртгэлгүй байна гэсэн. Тэгэхээр нь эзэмших хүсэлт өгсөн. Уг Бага алаг нэртэй өвөлжөөний газрыг миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар эзэмшсэн. Хууль ёсны дагуу авсан газар тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5. Гэрч, Ч.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл Өндөрширээт сумын газрын даамлаар ажилласан. А.******* гэх хүний нэрийг нь сайн санахгүй, мэдэхгүй байна. ...Өргөдөл, хүсэлт орж ирсэн тохиолдолд бичиг хэрэгт бүртгэгдээд сумын Засаг даргад цохогдоод над дээр ирдэг байсан. Хугацаа сунгах хүсэлт ирж байгаагүй шиг санагдаж байгаа. Тухайн үед намайг ажиллаж байх үед сумын Засаг даргын газар эзэмших хугацаа сунгах, эрх сунгагдаж байсан захирамж, шийдвэр гарч байгаагүй шиг санагдаж байгаа. А.******* гэх хүнийг танихгүй байна. ...Тухайн үед газрын кадастрын мэдээллийн сан нэвтрээгүй байсан болохоор түр дугаар өгч байсан. Энэ дугаараар системээс шалгаад үзэхээр бүртгэл байхгүй. 2015, 2016 оноос кадастрын систем нэвтрээд тэгээд кадастрын зураг хийлгээд газрыг бүртгүүлэх боломж бүрдсэн. Тухайн үед намайг ажил хүлээж авч байхад Өндөрширээт сумын хувьд өвөлжөө, хаваржааны газрыг бүртгэлд баталгаажуулаагүй байсан. Тэгээд кадастртай хамтраад баг, багаар нь яваад баталгаажуулах ажил хийгдэж байсан. Тухайн үед кадастрын компани очоод, мэргэжлийн багажтайгаа тухайн өвөлжөө, хаваржаа дээрээс цэг авч, суурин суугаад зургаа боловсруулдаг байсан...Хэрэв хүсэлт гаргаж байсан бол бичиг хэргийн бүртгэл, өргөдлийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдсэн байх ёстой. Би өөрөө бүртгэл хөтөлдөггүй. Цохогдоод орж ирэхээр нь шийдвэрлээд эргээд иргэн рүү хариу хэлдэг байсан гэв.
2.6. Гэрч, Б.Лхагвасугар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэгдүгээр багийн Засаг даргаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ажиллаж байна. Бага алагийн энгэр гэх газар сүүлийн 2 жил Б.******* гэх айл өвөлжиж байгаа. би 2021 онд байгаагүй. А.******* гуай отор нүүдлээр түр явсан юм байна лээ. Тухайн үед өөрсдийнх нь ярьж байгаагаар цар тахалтай холбогдуулаад айлуудаа заавал тэнд нь бүртгэж, хаягжуулдаг байсан юм байна лээ. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ суманд шилжсэн, тэр жил манайхаас зөндөө айлууд отороор явсан юм байна лээ...А.*******, эхнэр н.Должинсүрэн хоёрыг сүүлд шилжиж ирсэн хойно л танидаг болсон, түүнээс өмнө нэр л төдий л байсан. Буцаж орж ирэхдээ над дээр ирж бүртгэл хийлгэхгүй, иргэний бүртгэл дээр бүртгэгдээд шууд шилжээд ороод ирж байгаа учраас хэзээ ирж байгааг би мэдэхгүй, 2022 оны 07 дугаар сард орж ирсэн байх, ирээд газрын талаар нэг бил үү 2 ч удаа ярьсан. Нэг өвөлжөө Алтанбулагийн нутагт орсон. Одоо Бага алагийг түшиглэж ах, эгч 2 нь шилжиж ирж байгаа гэж Засаг дарга бид хоёрыг байхад ч ярьж байсан. Болох байх, ямар ч байсан шилжээд ороод ир гэж хэлсэн. Өөрсдөө яаж ямар гэрчилгээгээр яаж шилжиж ирсэн талаар мэдэхгүй байна. Улсын бүртгэл дээр ямар ч байсан нэг гэрчилгээ, гэрийн хаягтай байж шилжиж ирсэн байх. Энэ хоёр хүнийг дуудахаар нэг нь ирээд, нэг нь ирдэггүй ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны акт болох, Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Батаагийн *******д Бага алга нэртэй бууцны 0,07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Хоёр. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас авч үзвэл,
2.1. Нэхэмжлэгч А.*******д маргаан бүхий газрын эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:
-Өндөрширээт сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар захирамжаар тус сумын иргэдэд өвөлжөөний, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ А.*******д тус сумын 1 дүгээр багийн Улаан чулуу нэртэй газарт өвөлжөөний, Бага алагийн энгэр нэртэй газарт хаваржааны зориулалтаар тус тус 0,07 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн,
- эдгээр газруудыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 0013469 дугаартай гэрчилгээг 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А.*******д олгож, газрын нэгж талбарын дугаарыг 182100184 гэж тэмдэглэжээ.
Харин, маргаан бүхий газар болох А.*******д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн Бага алагийн энгэр нэртэй газрыг 2003 оноос 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байсан бөгөөд уг газрыг Газрын мэдээллийн санд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдээллийн сангаас хассан болох нь
-Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/406 дугаартай А.*******гийн эзэмшиж байсан 4125040935 нэгж талбарын дугаартай 1-р баг, Бага алагийн энгэр гэх 685 мкв газрыг Газрын кадастрын мэдээллийн санд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өргөдлийг бүртгэж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан төлөвт шилжүүлсэн байна. CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд А.*******гийн нэр дээр Өндөрширээт суманд кадастрын зураг бүртгэлгүй байна. Газрын кадастрын шинэ болон хуучин мэдээллийн санд 182100184 гэсэн нэгж талбарын түр дугаар байхгүй болно гэсэн албан бичиг[1], түүний хавсралт,
- гэрч, Өндөрширээт сумын газрын даамал Г.Жавзандуламын А.******* сунгуулах хүсэлт өгөөгүй, мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтээр оруулая гэсэн баримтаа 2022 оны 11 сард өгсөн...нөхөн бүрдүүлэлтийн мэдээллийн санд оруулсан. Гэрчилгээгээ ирж аваарай гэж хэлсэн ...Программ дээр хугацаа нь дууссан гэсэн мэдэгдэл надад 3 хоногийн дараа ирсэн. Аймгийн Газрын албанаас лавлаж асуухад хугацаа нь дууссан бол хугацаа дууссан гэсэн үндэслэлээр мэдээллийг хаа гэсэн, тэгээд би А.******* руу яриад программ дээр захирамжийн хугацаа дууссан учраас гэрчилгээ олгох боломжгүй болсон хэлсэн... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Үүнээс гадна, нэхэмжлэгч А.*******д маргаан бүхий газрыг 2003 онд эзэмшүүлснээс хойш газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэх баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
2.2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэх үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч талаас А.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2018 онд, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 онд Өндөрширээт сумын Засаг даргад гаргасан гэж маргаж, нэхэмжлэлдээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өндөрширээт сумын Засаг даргад хандан гаргасан А.******* миний бие Бага алагийн энгэр нэртэй хаваржааны гэрчилгээний хугацаа дууссан тул сунгаж өгнө үү гэсэн өргөдлийг хавсаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон хариуцагчаас эх хувиар шүүхэд ирүүлсэн баримтуудаас үзвэл:
- Өндөрширээт сумаас нотлох баримтаар эх хувиар нь ирүүлсэн 2017-2023 онуудын Өргөдөл гомдлын бүртгэл, Ирсэн бичгийн бүртгэл зэрэг бүртгэлүүдэд А.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт, өргөдөл бүртгэгдээгүй байна.
-Өндөрширээт сумын газрын даамлаар 2018-2020 онуудад ажилласан, гэрч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд ....******* гэх хүний нэрийг нь сайн санахгүй, мэдэхгүй байна. Өргөдөл, хүсэлт орж ирсэн тохиолдолд бичиг хэрэгт бүртгэгдээд сумын Засаг даргад цохогдоод над дээр ирдэг байсан. Тухайн үед намайг ажиллаж байх үед хугацаа сунгах хүсэлт ирж байгаагүй, сумын Засаг даргын газар эзэмших хугацаа сунгах, эрх сунгагдаж байсан захирамж, шийдвэр гарч байгаагүй шиг санагдаж байгаа. А.******* гэх хүнийг танихгүй байна. ... намайг ажиллаж байх хугацаанд хугацаа сунгасан захирамж гаргаж байгаагүй... гэж мэдүүлсэн,
-гэрч, Өндөрширээт сумын газрын даамал Г.Жавзандулам шүүхэд ...А.******* сунгуулах хүсэлт өгөөгүй, мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтээр оруулая гэсэн баримтаа 2022 оны 11 сард өгсөн...би нөхөн бүрдүүлэлтийн мэдээллийн санд оруулсан...программ дээр хугацаа нь дууссан гэсэн мэдэгдэл надад 3 хоногийн дараа ирсэн... А.******* нөхөн бүрдүүлэлтэд оруулж өгнө үү гэж өргөдөл бичээгүй...би А.******* руу яриад программ дээр захирамжийн хугацаа дууссан учраас гэрчилгээ өгөх боломжгүй болсон гэж хэлсэн. А.******* 2020 оны өргөдөл байгаа, хуучин даамалд өгч байсан, шийдвэрлэсэн шийдвэрлээгүйг мэдэхгүй гэж хэлсэн... гэж мэдүүлсэн,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн иргэний үнэмлэхний лавлагааны байнга оршин суугаа хаягын өөрчлөлтийн бүртгэл-д А.******* 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багт бүртгэгдсэн, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын 1-р багт бүртгэгдсэн зэрэг баримтуудаар,
нэхэмжлэгч А.*******д Өндөрширээт сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар захирамжаар Бага алагийн энгэр нэртэй газарт байршилтай 0,07 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхдээ хугацаа заагаагүй ч 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгосон 0013469 дугаартай гэрчилгээнд 15 жилийн хугацаагаар гэж заасан, А.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өндөрширээт сумын Засаг даргад гаргасан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу маргаан бүхий газрыг А.*******д 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаагаар олгосон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, мөн хуулийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд... гэж, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй::35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж, хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд: газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт гэж, 37.2-т ...дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тухайн шатны Засаг даргаас гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу харьяа газрын албанаас газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газрын эзэмшил хууль ёсоор үүсэх ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах тохиолдолд ийнхүү дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргах, уг хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хянаж, шаардлага хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, хангаагүй тохиолдолд сунгахаас татгалзаж шийдвэрлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болохоор журамласан байна.
А.******* нь 0013469 дугаартай гэрчилгээнд заасан 15 жилийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө Өндөрширээт сумын Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах эрхтэй ба тухайн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө гаргаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас түүний 0013469 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байсан Бага алагийн энгэр нэртэй газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэлээ. Газрын тухай хуульд газар эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд газар эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтнаас ямар нэг шийдвэр гаргах тухай заагаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Өндөрширээт сумын Засаг даргад гаргасан гэж маргасан ч үүнийг нотлох баримтаар нотлоогүй бөгөөд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүйгээс гадна түүний хүсэлтийг 2018 онд сумын Засаг дарга шийдвэрлээгүй бол 2019 онд уг хүсэлтээ дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байх ба ийнхүү 2019 онд хүсэлт гаргасан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй тул түүний 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.3. Маргаан бүхий газрыг Н.*******д эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч А.*******г 2020 онд Эрдэнэ сум руу шилжих үед Д.******* нь түүнээс Бага алагийн энгэр нэртэй газарт байршилтай хаваржаанд нь өвөлжих хүсэлтэй байгаагаа хэлэхэд А.******* нь зөвшөөрснөөр түүний хаваржаанд 2021, 2022 онуудад өвөлжиж, улмаар тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, мөн 2022, 2023 ондуудад Өндөрширээт сумын Засаг даргад гаргасан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Харин, А.*******гийн Бага алагийн энгэр нэртэй газрыг эзэмших эрх 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр дуусгавар болсноос 1 жилийн дараа Б.******* нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ Өндөрширээт сумын Засаг дарга, газрын даамалд гаргасан байх тул түүнийг Газрын тухай хуулийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал, Б.*******г газар эзэмших хүсэлт гаргах үед тухайн маргаан бүхий газар А.*******гийн эзэмшилд байх хугацаа дуусгавар болсон байжээ.
Мөн, Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан, өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх төлөвлөлтийн 1-рт Б.*******д эзэмшүүлсэн 700 мкв газрыг иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөсөн болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/146 тоот албан бичиг, түүний хавсралт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу сумын Засаг дарга гаргана гэж заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.*******гийн эзэмшлийн газар, Б.*******д эзэмшүүлсэн газрууд өөр өөр нэртэй, хоорондоо зайтай газрууд хэмээн тайлбарлан маргаж буй үндэслэлийн тухайд авч үзвэл:
Өндөрширээт сумын Засаг даргын 2003 оны захирамжаар тус сумын 1-р багийн нутагт Бага алагийн энгэр нэртэй газрыг А.*******д, харин Б.*******д 2023 оны захирамжаар Бага алаг нэртэй газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/271 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтээр Сумын Засаг даргын захирамжаар...А.*******д эзэмшүүлсэн Бага алагийн энгэр гэх газар, Б.*******д эзэмшүүлсэн Бага алаг гэх нэртэй нэртэй газартай нэгж талбарын хувьд давхцалгүй, хоорондоо 72 метр зайтай байна. Өндөрширээт сумын Газар усны нэршилд Бага алагийн нуруу, Бага алаг уул, Алагийн хяр гэх нэрүүд бүртгэлтэй, харин Бага алга гэх нэр байхгүй. Маргаан бүхий 2 иргэний газар нь Бага алагийн энгэр, Бага алга гэх нэрээр Бага алаг уул-ын зүүн урд 2 км зайд, хоорондоо 72 метрийн зайтайгаар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нь тогтоогдсон байна.
Иймд, А.*******гийн эзэмшлийн газар, Б.*******д эзэмшүүлсэн газрууд өөр өөр нэртэйгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн ч Бага алаг уул-ын зүүн урд талд байршилтай байгаагаас гадна Б.******* нь Бага алаг нэртэй газрыг эзэмших тухай хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус суманд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Бага алагийн энгэр нэртэй газрыг Б.*******д эзэмшүүлсэн, захирамж гаргахдаа техникийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.*******, Б.******* нарт эзэмшүүлсэн газрууд өөр өөр нэртэй, хоорондоо зайтай газрууд гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засаг дарга А/45 захирамжийг гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангаагүй, захирамж дээр тамга дараагүй, захирамжийн дугаар зөрүүтэй хэмээн маргасан.
Хавтаст хэрэгт авагдсан, Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны А/45 тоот захирамжийн хуулбар дээр тамга дарагдсан эсэх нь мэдэгдэхгүй байх боловч захирамжийн эх хувийн А/1-А/96 дугаартай захирамжууд дээрх тамга нь адилхан бүдэг дарагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Засаг даргын тамга солигдсон хэмээн тайлбарласа, мөн Засаг даргын 2023 оны захирамжийн дугаарын бүртгэл засваргүй байгаагаас гадна захирамжийн дугаарын бүртгэлийн 45 дугаарт Б.*******д газар эзэмшүүлэх гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчдийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.5. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны А/45 дугаар захирамж нэхэмжлэгч А.*******гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.6. Өндөрширээт сумын газрын даамал нь нэхэмжлэгч А.*******гийн 2020 онд бичсэн хүсэлтийг 2022 онд хүлээж аваад Газрын кадастрын мэдээллийн санд түүний нэр дээр Бага алагийн энгэр нэртэй газрыг бүртгэж, улмаар гэрчилгээ нь гарсан ирж ав гэх мэдээллийг А.*******д өгсний дараа таны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан гэж түүнд хэлж, уг газрын мэдээллийг мэдээллийн сангаас устгасан, мөн үүний дараа түүний эзэмшиж байсан газрыг Б.*******д эзэмшүүлэхдээ А.*******д мэдэгдээгүй зэргээр Өндөрширээт сумын Засаг дарга, газрын даамал нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч, А.*******гийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 онд дууссан байх тул хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 103.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалангийн Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН