Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00668

 

 

2024 12 19 156/ШШ2024/00668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00677/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Хэрлэнгийн 8-08 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Ц.*******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 03 сард малчин хийж, 1986 онд цэрэгт яваад 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 10 сард дахиж малчнаар ажилласан. Би одоог хүртэл малчин хийж байгаа. Иймд дээрх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ц.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. ******* аймгийн ******* сумын Балж багийн багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 4 тал),

3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/470 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

5. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/311 дугаартай цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

6. ******* аймгийн ******* сум Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

7. ******* аймгийн ******* сум Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-11 тал),

8. Хөдөлмөр нэгдлийн аваргын диплом (хх-ийн 12 тал),

9. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),

10. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал),

10. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1985 оноос 1992 он хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд үхэрчин, тууварын үхэрчнээр ажиллаж байсан. Намайг ажилд ороход Ц.******* суурь үхэрчнээр ажилллаж байсан. Миний мэдэхийн 1985 оноос 1990 он хүртэл үхэр хариулдаг байсан. Тухайн үед ажиллаж байхдаа аврага тугалчин болж байсан. Ц.******* ер нь хамт олноо манлайлан ажилдаг мундаг залуу байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),

11. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1970 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, үхэрчинээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ц.******* нь 1983 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд үхэрчин, тугалчнаар ажиллаж байсан. Би Ц.*******ийг бага байхаас нь мэднэ. *******ийн аав, ээжтэй саахалт айл байсан. 1986 онд шиг санаж байна цэрэгт яваад эргэж ирээд ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлдээ үхэрчнээр ажилд орж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 37 тал) зэрэг баримтууд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар  ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 8/470 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ц.******* нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* -ийн 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА