| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00708/И |
| Дугаар | 156/ШШ2024/00669 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00669
2024 12 19 156/ШШ2024/00669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00708/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******гийн 8-08 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.*******,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус газарт нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 1987 оноос 1993 он хүртэл ажиллаж байсан хугацааны баримт архивт байхгүй байгаа. Иймд 1987 оноос 1993 он хүртэл ******* аймгийн Бөөний бараа баазад ачигч, няраваар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 3 тал),
2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08/385 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
5. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08/215 дугаартай цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
7. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9-11 тал),
8. Хүсэлт гаргагчийн гэрэл зурагууд (хх-ийн 12-13 тал),
9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 35 тал),
10. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1973 оноос 1980 он хүртэл ******* аймгийн Худалдаа бэлтэлийн удирдах газарт барааны үнийн мэргэжилтнээр, 1980-1994 он хүртэл ******* аймгийн Бөөний худалдааны бараа баазад барааны мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр, 1994-2000 он хүртэл ******* компанид борекороор тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Д.******* ******* аймгийн Бөөний худалдааны бараа баазад 1987 оны 01 сард ачигчаар ажилд орж байсан. Д.******* 2 жил хавьцаа ажиллаад Бөөний худалдааны бараа баазын нярав болж няраваар 1993 оны 9 сард хүртэл ажилласан. Тэгээд ******* аймгийн Бөөний худалдааны бараа бааз хувьчлагдаад Д.******* ажлаасаа гарч байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал),
11. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1982 оноос 1989 он хүртэл ******* аймгийн Худалдаа бэлтэлийн удирдах газарт худалдааны хэлтсийн дарга, 1989-1991 он хүртэл ******* аймгийн Бөөний худалдааны бараа баазын даргаар, 1991-1995 он хүртэл Бөөний худалдааны бараа баазад барааны мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Д.******* ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны бараа баазад 1987 оны 01 сард ачигчаар ажилд орж ажиллаж байгаад 2 жилийн дараа Бөөний худалдааны бараа баазын хүнсний барааны нярваар дэвшин ажилласан. Д.******* Бөөний бараа бааз татан буугдах хүртэл ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал) зэрэг баримтууд авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус газарт нярваар тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 8/385 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хүсэлт гаргагч Д.*******ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан бөгөөд шүүх хуралдаанд эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь усанд орсон байх боловч ажиллаж байсан байдлын талаарх бичилтүүд нь бүрэн бичигдсэн, бичилт тус бүр дээр байгууллагын тамга дарагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтэр нь 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ХАА-н Техник мэргэжлийн сургуулиас олгож, ******* аймгийн ХАА-н Техник мэргэжлийн сургууль гэсэн тамга дарсан байна. Мөн тус дэвтрийн 4-11 дүгээр хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн хүсэлт гаргагчийн нэр дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд боловсрол-бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-Бөөний бараа бааз, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-нярав, цэргийн алба-хаасан гэж бичигдсэн байна.
Иймд хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Бөөний бараа баазад нярваар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* -ийг 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Бөөний бараа баазад нярваар ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА