| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00641/И |
| Дугаар | 131/ШШ2024/00979 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, шүүгч Г.Батзаяа, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овгийн *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* овгийн *******гийн *******т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол мөнгөөр нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн ******* нар оролцож, иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Г.******* миний бие нөхөр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны тоотод амьдардаг.
Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багт оршин суух хадам эцгийн бие тааруу байсан учир 2023 оны 06 дугаар сард гэр бүлээрээ ирэн очин байсан. Нөхөр минь эцгийн бие таараа байна гээд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд ирье гээд явсан.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Намгийн голд малаа хараад үлдсэн байхад нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр залгаад Танай хажуу айлын гэр шатаад гал нь танай гэрт орчихлоо гэж хурдан ир гэсэн.
Би сандраад хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд Онцгой байдлын газар-ын болон Цагдаагийн газар-ын албан хаагчид ирсэн байсан. Мөн тэр хавийн хүмүүс ирсэн байсан.
Хашааны зарим хавтан шатаад дууссан, гэр болон амбаар шатаад бүрэн бүтэн зүйл үлдээгүй байсан. Манай гэр бүл олон жил хөдөлмөрлөж бий болгосон эд хөрөнгөө бусдын хайнга хариуцлагагүй байдлаас болж, гал түймэрт алдсан.
Би "Есөн-Эрдэнэ зах дээр лангуу түрээслэн хувцасны худалдаа эрхэлдэг байж байгаад баруун бүсийн худалдааны төв хооронд бараа наймаалдаг болсон. Тухайн үед хөдөө явах гээд 9,081,000 төгрөгийн барааг цаасан хайрцагт хийгээд амбаарт хадгалсан байсан нь галд шатаж, амьжиргааны эх үүсвэрээсээ салсан.
Миний тооцоогоор гэрийн эд хогшил 50,137,800 төгрөг, гэрийн үүдний амбаар, түлээ нүүрсний амбаар, ахуйн хэрэглээний амбаар, дотор нь байсан ахуйн хэрэгцээний эд зүйл, гэр бүлийн гишүүдийн хувцас хунар, худалдааны барааны үнэ 46,584,000 төгрөгийн эд зүйл, хашааны хавтангийн 1,500,000 төгрөг, нийт 98,221,800 төгрөгийн эд зүйл галд шатсан.
Би шатсан эд зүйлсээс хэрэгцээтэйг нь элэгдэл хорогдлыг нь хасаад зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний Энх нахиа ХХК нь хэрэглээний эд зүйлсийг 50,386,000 төгрөгөөр үнэлсэн.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 5 ханатай гэрийн мод, бүрээс туурганы оронд шууд хэрэглэдэг углаа, цагаан бүрээс, хөшиг зэргийг л өгсөн.
Харин С.******* нь огт туслалцаа үзүүлээгүй. Манай эд хөрөнгө галд шатаж, үгүй болоход нөлөөлсөн хүчин зүйл нь манай хажуугийн айл/анх гал гарсан/ С.*******ийн өөрийн эд хөрөнгөдөө хариуцлагагүй хандсан үйлдэл байдаг.
Өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Би хоёр талынхаа айлд манайх эзэнгүй байх үе их байдаг шүү. Цахилгааны утас, үнс зэрэг аюултай зүйлсээ анхаараарай гэж хэлдэг байсан. Ийм байдлаар аливаа өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагагүй байдлаас бий болох эрсдэлийг захидаг байсан.
С.*******ээс гэм хорын хохирлыг нэхэмжлэх шаардах эрх Г.******* надад байгаа тул галд шатаж, сэргээн засах боломжгүй эд хөрөнгийн үнийг нэхэмжилж байна.
Тухайн өдөр өөрийн гэсэн ухаангүй, шокийн байдалтай байхад гэнэт л автомашин ирээд манай шатсан эд хөрөнгийг хогийн цэг дээр хаяна гээд ачаад явсан. С.******* гуайн талаас ачуулсан юм байна лээ.
Манайх С.*******тэй олон жил айл саахалт явсан ч тухайн өдрөөс хойш харилцаа холбоогүй болсон. Яаж байна гэж асууж сурагласан, санаа тавьсан зүйл огт байгаагүй. Шатсан гэрийнхээ буурин дээр хэдэн өдөр нүдээ ширгэтэл уйлж байхад ч анхаараагүй.
Харин ч биднийг байхгүй үед шөнө, оройн цагаар хашаа хороогоо янзалдаг байсан. Гал гарах үеийн бичлэгийг манай тэр хавийн хүн хийсэн байсныг хүртэл устгуулсан байсан.
Иймд С.*******ээс Энх нахиа ХХК-ийн хохирлын үнэлгээ 50,386,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтэд ороогүй барааны үнэ 9,081,000 төгрөг, нийт 59,467,000 төгрөгийг гаруулах хүсэлтэй байна.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэг гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаар эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа/Г.*******/, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн-гийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/162 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар-ын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт, Ерөнхий прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны 1/1153 дугаар хариу мэдэгдэх хуудас, Энх нахиа ХХК-ийн 38/2023 дугаар үнэлгээний тайлан/тусгай зөвшөөрөл, фото зураг/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч ийн мэдүүлэг
5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: С.*******ийн буруутай үйлдлийн улмаас Г.*******гийн гэр шатсан нь баримтаар тогтоогдоогүй. С.******* нь гал гарахад гэртээ байгаагүй. Галын улмаас өмсөж явсан хувцастайгаа үлдсэн. Бүх эд хөрөнгө нь гэрийн хамт шатсан.
Ийм учраас С.*******ийг болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэгт буруутган шалгаагүй. Харин ч дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт С.*******ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн , 1- тоот хашаанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гал гарч, 2 айлын монгол гэр шатсан үйл баримтад С.******* гэм буруутай нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгээгүй.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ын 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 01 дүгээр албан бичиг, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр албан бичиг, Наран мандал өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/1549 дүгээр албан бичиг, хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал
9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч С.******* нь 59,467,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлөх нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тус тус шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан Хөрш хашаанд гарсан гал түймрийн улмаас гэр, амбаар, эд хогшил, бараа шатаж, өмнөх байдалд сэргэх боломжгүй болсон гэх үндэслэлээр эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах нэхэмжлэл гаргажээ./1 хавтаст хэргийн 1-2 хуудас/
Хариуцагч С.******* нь Гал түймэр гарсанд гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******гийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./1 хавтаст хэргийн 31-33 хуудас/
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Хариуцагч С.*******т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн тухайд хуулийн дээрх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
3. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ын 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн болон 1- тоотод гал түймэр гарч, 2 айлын монгол гэр шатсан үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг/Хайнга хандах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ./1 хавтаст хэгийн 142 хуудас/
Уг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьсан Баянхонгор аймгийн Прокурорын газар-ын хяналтын прокурор ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн дугаартай эрүүгийн хэргийг хаажээ./2 хавтаст хэргийн 78-82 хуудас/
Хяналтын прокурорын дээрх тогтоолын олсон нь хэсэгт:
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн болон 1- тоотод 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гал гарч, 2 айлын монгол гэр шатсан, уг гал түймрийг Онцгой байдлын газрын албан хаагчид унтраасан үйл баримт тогтоогдсон...,
- ...Баянхононгор аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийг унтраах арга хэмжээ авсан боловч бусдад хохирол учирсан байх тул үүнийг зохих ёсоор албан үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ./2 хавтаст хэргийн 81 хуудас/
4. Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор хохирогч Г.*******гийн Хажуу хашааны айлын гэр шатаж, манай гэрт дамжсаны улмаас гэр шатсан. Онцгой байдлын газрын албан хаагчид ажилдаа хайнга хандсан эсэхийг тогтоогоогүй гэх гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна./2 хавтаст хэргийн 92-93 хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хяналтын прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн дээд шатны прокурорын дээрх тогтоолын олсон нь хэсэгт:
- 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагаас 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн тоот хашаанд байрлах С.*******ийн 5 ханатай монгол гэр шатаж, улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1- тоот хашаанд байрлах Г.*******гийн 5 ханатай монгол гэр, 2 ширхэг амбаарт тархан шатсан үйл баримт тогтоогдсон... гэжээ.
5. Улсын ерөнхий прокурорын орлогч ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/481 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор хохирогч Г.*******гийн Доод шатны прокурорын тогтоолыг хүчингүй болгож, холбогдох ажиллагаа явуулах тухай гомдлыг хангахаас татгалзаж, мөн өдрийн 1/1153 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Прокурорын газрын эцсийн шийдвэр болохыг хохирогч Г.*******д мэдэгджээ./2 хавтаст хэргийн 96-98 хуудас/
Уг тогтоолын олсон нь хэсэгт Хэргийг хянахад Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын дуудлагаар очих үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн тоот хашаанд байрлах С.*******ийн гэр шатаж унасан, 1- тоотод байрлах Г.*******гийн гэр галд бүрэн автсан, гэрийн болон түлшний амбаар галд шатаж байсныг унтраасан нь гэмт хэргийн шинжгүй..., хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын шийдвэр үндэслэлтэй..., Г.******* нь галд шатсан эд зүйлийн хохиролтой холбоотой асуудлын талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.
6. Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагаас 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн тоот хашаанд байрлах хариуцагч С.*******ийн монгол гэр шатаж, хажуу талын 1- тоот хашаанд байрлах Г.*******гийн 5 ханатай монгол гэр, 2 ширхэг амбаарт тархан шатсан, үүний улмаас эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын хэргийн оролцогч маргаагүй.
Харин уг үйл баримтад хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруутай эсэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
7. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ,
Уг хэсгийн 16.2.1 дэх заалтад ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх гэжээ.
Хуулийн дээрх заалтаар хариуцагч С.******* нь ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй гэм буруутайн улмаас нэхэмжлэгч Г.*******д хохирол учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.
Учир нь Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын олсон нь хэсэгт:
- ...Тухайн гал хэний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан эсэх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас гэр, амбаар шатсан эсэхийг талаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн хийж гүйцэтгэсэн...,
- ...Хэрэгт авагдсан нотлох баримтаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг болон болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас гал гарсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийжээ.
Үүнээс үзэхэд гал түймэр гарсан үйл баримтад хариуцагч С.******* гэм буруутай эсэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн тогтоогоогүй байна.
8. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ,
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ, уг хэсгийн 6. дахь заалтад гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчил гэжээ.
Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материалаас үзэхэд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар-ын гал түймрийн хяналтын улсын байцаагч нь шинжээчээр томилогдож, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 01 дүгээр шинжээчийн дүгнэлт гаргажээ./1 хавтаст хэргийн 243-246 хуудас/
Уг шинжээчийн дүгнэлтэд хариуцагч С.******* нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлсэн эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, уг асуудлаар мөрдөгчөөс тодорхой асуулт асууж, хариулт аваагүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныхаа хувьд гал түймрийн хяналтын улсын байцаагч нь хариуцагч С.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж, тодорхой шийдвэр гаргасан эсэх нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Үүнээс үзэхэд Гал түймэр гарсанд гэм буруутай нь эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй гэсэн хариуцагч С.*******ийн татгалзал эрх зүйн үндэслэлтэй байна.
9. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн болон 1- тоот хашаанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гал гарч, гэр, амбаар зэрэг эд хөрөнгө шатсан гэх үйл баримтад зохигч гэм буруутай эсэх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн тогтоогоогүй, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй байна.
Ийм байхад иргэний хэргийн шүүхээс гал түймэр гарсан үйл баримтад хариуцагч С.*******ийг буруутгаж, нэхэмжлэгч Г.*******д эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн суурь зарчимд нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч С.*******т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэхгүй.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай гэх байдал тогтоогдоогүй байхад шүүх нотлох баримтад тулгуурлахгүйгээр гэм буруутай гэж хийсвэрлэн дүгнэхгүй.
Энэхүү үндэслэлээр Хариуцагч С.******* нь 59,467,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлөх нь зүйтэй гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Г.Цэцэгдарийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч С.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,285 төгрөг/1 хавтаст хэргийн 6 хуудас/-ийг улсын орлогод хэвээр үлдээв.
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч С.*******т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 59,467,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч С.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА