Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/462

 

 

 

 

 

2023                 4            27                                      2023/ДШМ/462                        

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2203007210024 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  “Таван богд” ХХК-ийн урд замд “Toyota axio” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч С.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-тзааснаар шүүгдэгч Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч С.Д-ад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.Э-аас 3.070.000 /гурван сая далан мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч С.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолдоо: “...Б.Э- нь хэрэгт холбогдсон үеэс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь асаргаа сувилгаанд шаардлагатай эд зүйлсийг авч өгөн, эмчилгээнд тодорхой мөнгө зарцуулж байсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д хохирогч С.Д-ад төлөх төлбөргүй талаар дурдсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй /даралт байнга ихэсдэг/. Дээрх байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Жич: шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлд маргаж оролцсон гэх үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийн тухай огт дурдаагүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийн үндсэн нотлох баримт болох өвчний түүх хэрэгт огт авагдаагүй байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлээгүй. Нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлж, төлөх шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрч 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би осол гаргаж, явган зорчигч С.Д-ыг хүнд гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Осол гарсан даруйд хамт явсан эхнэр бид хоёр машинаас яаралтай бууж, цагдаа, түргэн дуудсан. Гадаа хүйтэн байсан учир тэр эгчид өмсөж явсан куртикээ тайлж нөмрүүлээд, эмнэлэгт хүргүүлж, хагалгаа, эмчилгээ хийлгэх үед нь байнга очиж, эргэж тойрч байсан. Би уг ослын дараа маш их цочирдож, нойргүй болсноос даралт ихсэн, зүрхний хэм алдагдаж, сахарын өвчин хүндэрч нэг хэсэг эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ хугацаанд очиж уулзаж чадаагүй юм. Эмчилгээ, бусад хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай гэж 3.000.000 төгрөг өгсөн, хохирогч 1.000.000 гаруй төгрөгийн баримт өгсөн байсан учир прокурор, шүүх намайг хохирлоо бүрэн төлсөн гэж дүгнэсэн. Шүүх хурал дээр хамаатан саднаараа асруулсан, эмчилгээ хийлгэсэн, өмгөөлөгчийн хөлс гэх мэт зардалд 11.604.500 төгрөг нэхэмжилсэн, эмчилгээндээ зарцуулсан гэх баримт байхгүй гэсэн ч би түүний эм тариа авсан гэх 3.600.000 төгрөгийг төлье гэдгээ хэлсэн. Харин өмгөөлөгч маань баримтгүй мөнгийг төлөхгүй, мөн өвчний түүхийн хуулбарыг авах хүсэлтээ өгсөн байгаа тул үзэж байгаад хохирогчоос гаргасан мөнгийг төлөх ёстой, дараа нь төлж болно гэсэн тул түүний зөвлөснөөр Эрүүл мэндийн даатгалын санд төлөх мөнгийг төлөөгүй байсан. Надад хохирогчтой болон бусад хүмүүстэй маргах, мөнгийг төлөхгүй байх ямар ч бодол, сэтгэл байгаагүй. Би 1991 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөж, аймгийнхаа Гал түймэртэй тэмцэх газарт 3 жил гал сөнөөгчөөр ажиллаж байгаад Цагдаагийн академид элсэн суралцаж, 1997 оноос Өмнөговь аймаг, Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн онцгой байдлын албанд галын байцаагчаас албаны дарга хүртэлх албан тушаалд тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байна. Олон жил ээлжийн ажилд цаг наргүй ажиллаж, биеийн эрүүл мэндийн хувьд хүнд болсон. Артерийн даралт ихсэх, зүрхний хэм алдах, сахарын өвчин хүндэрсэн. Анги байгууллагадаа тасралтгүй ажиллаж чадвал 2 жилийн дараа цэргийн тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа юм. Миний хувьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож яваагүй, архи, тамхи хэрэглэдэггүй, энэ жил 50 настай, насаараа л төр ард түмнийхээ төлөө, байгууллага хамт олныхоо төлөө, ар гэр ахуй амьдралаа хойш тавьж, хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн. Би С.Д- гэдэг хүнийг санаатайгаар гэмтээж хохироогоогүй, түүнийг эмчлүүлэх, эдгээх асуудалд сэтгэл гаргаж, хохирол төлбөрийг барагдуулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг шүүх хурлын дараа өвчний түүхийг үзэж байгаад иргэний журмаар төлдөг гэсэн өмгөөлөгчийнхөө зөвлөгөөг дагаснаар үйлдсэн хэргийнхээ хохирол, хор уршгийг арилгаагүй гэсэн шалтгаанаар хорих ял шийтгүүлсэндээ маш их харамсаж, зовж шаналж байна. Би өнөөдрийг хүртэл хүний амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах тангарагтай ариун сайхан албанд ажиллаж, энэ тангараг, төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, биелүүлэх гэж хичээж зүтгэж яваа хүний хувьд өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гэмтээсэн настай эгчийг гомдоох, хохироох ямар ч бодол сэтгэл байгаагүй, цаашдаа ч тэр хүнд өөрийн боломжоор тус дэм харамгүй үзүүлэх болно. Миний ажил төрөл, амьдрал ахуй, биеийн эрүүл мэнд, үйлдсэн хэргийн маань нөхцөл байдал бүхий л зүйлийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн, тэнсэж өгөхийг хүсье. Цаашид хэний ч итгэлийг алдахгүйгээр дахин ямар нэг алдаа гаргахгүй, хэрэг зөрчилд холбогдохгүйгээр ажиллаж амьдарч чадна гэдгийг та бүхэндээ баталж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, болгоомжгүйгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, түүний эмчилгээнд зарцуулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэгт шалгагдах үеэс болсон хэргийн талаар үнэн зөв, шударгаар мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг саад учруулж байгаагүй. Энэ бүх нөхцөл байдлыг ял шийтгэл онооход харгалзаж үзэх, “Хөнгөрүүлж” үзэх нөхцөл байдал гэж үзэх үндэстэй. Гэтэл шүүх “эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж зааж, “Хохирогч С.Д-ын эрүүл мэнд, амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж барагдуулаагүй, өмгөөлөгч нь маргаж оролцсон” тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй хэмээн 1 жилийн “Хорих” ял оногдуулсан нь хэргийн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. С.Д-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж заасан, хохирогч бүрэн эдгэрч шүүх хуралдаанд бусдын тусламжгүйгээр өөрөө ирж оролцсон, Б.Э- хохирогчид 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн нь түүний баримттай нэхэмжилсэн 1.171.861 төгрөгнөөс илүү төлсөн нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолд Б.Э- нь хохирогч С.Д-ад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсан байх ба анхан шатны шүүх яг ямар баримтыг үндэслэн “Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Хохирогч С.Д- шүүх хуралдаанд оролцох үедээ Б.Э-аас 11.604.500 төгрөг нэхэмжилснийг улсын яллагч хэрэгсэхгүй болгох санал гаргаж, шүүх саналын дагуу шийдвэрлэсэн. Харин Б.Э- уг нэхэмжлэлээс түүний эмчилгээндээ зарцуулсан гэж тайлбарласан, баримтгүй 3.600.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч С.Д-ад даатгалын сангаас төлөгдсөн 3.070.000 төгрөгийг Б.Э-ы хувьд төлөхгүй гэдэг ямар ч маргаан гаргаагүй. Харин өмгөөлөгч Х.Даваахүү Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалтай холбоотой нотлох баримтын эх сурвалж буюу “Өвчний түүх”-ийн хуулбарыг гаргуулан авч, даатгалын сангаас зарцуулсан, хохирогчоос гаргасан зардлыг тодорхой болгосны эцэст нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлэх санал гаргасныг Б.Э-ы буруу мэтээр дүгнэж, өмгөөлөгч нь маргаж оролцсон хэмээн түүний эрх зүйн байдлыг илт дордуулж, хуульд заасан “Тэнсэх” зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болгосон. Б.Э- нь гэм буруугийн шүүх хуралдааны эцэст дээрх төлбөрийг төлөх 5 хоногийн хугацаа хүссэн боловч шүүх хүлээж аваагүй нь түүний эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжийг хаасан, хууль зөрчсөн шийдвэр байсан гэдгийг мөн дурдаж байна. Б.Э- нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөж, Өмнөговь аймгийн Гал түймэртэй тэмцэх газар, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн онцгой байдлын албанд тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байгаа, энэ жил 50 настай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, 2 жилийн дараа цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүн юм. Сүүлийн жилүүдэд ажлын хүнд нөхцөл, хэт ачааллаас шалтгаалан зүрхний хэм алдах, артерийн даралт ихдэх болон чихрийн шижин өвчний улмаас эмнэлгийн байнгын хяналтад эмчлүүлж байгаа, шүүхээс ял шийтгүүлж 461 дүгээр ангид хоригдох хугацаандаа тус ангийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн, одоо биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Тэрээр шийтгэх тогтоолд заасан Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 3.070.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч С.Д-ын гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлж, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Алтанцэцэг анхан шатны шүүх хуралдаанаар оролцоогүй, өмгөөлөгч Х.Даваахүү оролцсон. Хохирогчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хүнээр түшүүлж, хурал хойшлуулж чадахгүй, дахин ирж чадахгүй, хүний асаргаанд байна гэж удаа дараа гомдол гаргасан. Шүүгдэгч 3 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Осол гарснаас хойш 3 сар хүртэл хохирол, төлбөр нэг ч удаа төлөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  “Таван богд” ХХК-ийн урд замд “Toyota axio” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч С.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд баруун атгаал ясны далд, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Д-ын “...автобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний гэрэл дохиотой гарцаар зам руу алхаад ороход зүүн гар талаас машин мөргөөд би газар унасан. Харахад зүүн хөл хугарчихсан юм шиг санжигнаж байсан. Жолооч надад куртикээ нөмрүүлээд толгой хэсэгт зогсож байсан, дараа нь түргэний машин ирээд намайг аваад явсан. ...” /хх 15/,

иргэний хариуцагч Ш.Ц-ийн “...****улсын дугаартай машиныг 2019 онд би өөрийн нэр дээр худалдан авч байсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм. Уг автомашиныг нөхөр болон хүүхдүүд ээлжлэн жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тухайн үед нөхөр Э- автомашин жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. “Таван Богд” ХХК-ийн зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад гэрэл дохиотой уулзвар луу ойртоод ирэхэд чигээрээ болон баруун гар тийш эргэх ногоон гэрэл асаж байсан. Баруун гар тийш эргэх үйлдэл хийхэд машины баруун урд хэсэгт нэг хүн хурдан гүйгээд ороод ирсэн, нөхөр тоормос гишгэхэд машины баруун урд хэсэгт явган зорчигч мөргөгдөөд газар унасан. Бид хоёр машинаасаа буугаад эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгсөн. Гадаа хүйтэн байсан учраас нөхөр гаднах куртикээ явган зорчигчийн гадуур нь нөмрүүлээд байж байхад эмнэлгийн машин ирж мөргүүлсэн хүнийг үзээд аваад явсан. ...” /хх 19/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Д- нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.070.000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04-195 дугаар албан бичиг баримтаар тогтоогдож байна. ...” /хх 29/,

Б.Э-ы яллагдагчаар өгсөн “...би гэм буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж байгаа. ...” /хх 103/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...С.Д-ын биед баруун атгаал ясны далд, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15605 дугаар дүгнэлт /хх 43-44/, жолооч Б.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр заалтыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /хх 92/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8, 10-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Э- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөний улмаас С.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.Д-ад олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан тооцох боломжгүй зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Шүүгдэгч Э- болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Алтанцэцэг нар нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анх удаа гэмт хэрэг шүүгдэгч Б.Э-ы үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол, саналгүй хорих ялыг сольж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөх талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг эрх бүхий байгууллагад  даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Э-д мэдэгдсэн нэмэлт заалтыг тус тус оруулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Алтанцэцэг нарын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 3.079.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлснийг, мөн тэрээр 41 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж, Б.Э-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус Б.Э-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

            4. Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

           

            5. Шүүгдэгч Б.Э- нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.070.000 /гурван сая далан мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН