Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2024/0002/З |
Дугаар | 123/ШШ2024/0029 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 123/ШШ2024/0029
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, хариуцагч Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дугаартай захирамжаар Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгийн засмал замын зүүн талд байрлах нэгж талбарын дугаар бүхий 6 га газрын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн. 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг тус тус үндэслэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, А/1319 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Төмөргүег ХХК нь гадаад худалдаа, уул уурхай, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэргэлэн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 109 дугаартай захирамжаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгийн засмал замын зүүн талд байрлах нэгж талбарын дугаар бүхий 6 га газрын газар эзэмших гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр авсан. 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулсан. Хэдийгээр Төмөргүег ХХК нь 2012 оны 04 дүгээр сард уг газар эзэмших гэрчилгээг гаргуулж авах байсан боловч бичиг баримтын зөрчлөөс шалтгаалж, газар эзэмших гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргуулсан. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны А/1319 дүгээр захирамжийг гаргахдаа хариуцагч нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ бодит байдалд нийцээгүй захиргааны актыг гаргасан. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар газар эзэмшигчийн гэрээнд заасан ямар үүргийг биелүүлээгүй буюу газрын төлбөрийг төлөөгүй эсхүл газрын шинж чанарыг доройтуулсан гэх мэт тодорхой асуудлыг хөндөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь нэхэмжлэгчийн гэрээнд байгаа аль заалтыг зөрчсөн, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн гэх ямар ч баримт байхгүй байна. Түүнчлэн дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг хэрхэн дүгнэсэн талаар мэдэгдэлд дурдаагүй байна. Манай компани 2019 онд сумын газрын даамалтай газрыг ашиглах, эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон цагаас үйлдвэрлэлийн зориулалтаар техник эдийн засгийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах төслийн шат явагдаж байхад 2019 он гарснаас хойш ковид 19 хөл хорио, мөн хил гаалийн хаалттай байсан, санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон зэрэг тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоо олгоогүй бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл зэргээс шалтгаалан тодорхой хугацаа алдсан. Мөн Төмөргүег ХХК нь Эрдэнэт оргил ХХК-тай эзэмшлийн компаниуд бөгөөд Төмөргүег ХХК эзэмшлийн дээрхи газар дээр сэндвичэн барилга барихаар Эрдэнэт оргил ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улс руу сэндвичэн барилгын урьдчилгаа /юань/-ийг шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу дээрхи газрыг ашиглахаар харилцан тохиролцож ажиллаж байна. Нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулсан. Маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон учраас ажлын 10 хоногт шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд шууд хандахаар зохицуулсан тул аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг хүлээн авах буюу шууд шүүхэд хандаж байна. Төмөргүег ХХК-ийн хувьд анх 2012 оноос эхлэн газар эзэмших захирамж гарсан хэдий ч 2012 оноос хойш энэ газрыг ашиглах эрх нь нээгдээгүй байсан. 2012 оноос газар эзэмших гэрээг байгуулаагүй. Яагаад байгуулаагүй шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан. Учир нь 2012 оноос өмнө газраа зориулалтын дагуу ашиглах гэсэн боловч уг газраар дайрч, төмөр зам явах ийм нөхцөл байдал үүссэн учраас дараах гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бичиг баримт, энэ нөхцөл байдлаас шалтгаалаад манайх 2019 оноос гэрээгээ өөрчлөөд газрын эргэлтийн цэгт өөрчлөлт оруулаад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн энэ газрыг эзэмшиж, ашиглах үүрэг эхэлсэн. Үүнээс хойш манайх 2 жилийн хугацаанд энэ газрыг эзэмшье гэсэн боловч цаг үеийн нөхцөл байдлаас болоод Ковидын цар тахлын эсрэг зориулалтын дагуу ашиглаагүй болсон. Энийг 2019 оноос хойш 2 жил ашиглах боломжгүй байна гээд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Өмнө нь гэрчилгээ дээр 2020, 2021 онуудад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн байна гэдгийг тодорхойлсон. 2021 оноос. 2022 оноос уг газрыг ашиглахаар цаг хугацааны хувьд боломжтой болж эхэлсэн. Тэгэхээр 2022 оноос ашиглахаар уг газрыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүчингүй болсон гэхээр 2 жилийн хугацаанд дараалан ашиглаагүй гэсэн хугацаа болоогүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1319 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Төмөргүег ХХК-иас нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн актыг хүчингүй болгуулах гэж байгаа. Төмөргүег ХХК 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А109 дугаартай Засаг даргын захирамжаар анх 6 га газрыг эзэмшиж эхэлсэн. 2012 онд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг гаргуулж, 2012 онд гэрээ байгуулсан тэр үеэс эхлэн газар эзэмшигч болох Төмөргүег ХХК-д Газрын тухай хууль болон гэрээнд заасан эрх, үүрэг үүсэж эхэлсэн. 2012 онд гэрээ байгуулснаас хойш газрыг цуцлах үеийн хугацаа хүртэлх 2023 оны 11 сар хүртэл бүхэл бүтэн 11 жилийн хугацаанд нэхэмжлэгч компани болох Төмөргүег ХХК нь газар дээрээ ямар нэгэн үйлдвэр бариагүй, хашаа хатгаагүй, одоо газар нь хоосон, зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол тухайн газрыг цуцлах үндэслэл бүрдэнэ гэж заасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т хамаарч байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 нь Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй эсхүл ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл бүрдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч компани нь 2012 оноос хойш 11 жилийн хугацаанд Газрын тухай хууль болон 2012 онд байгуулсан газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүрэг гэсэн зохицуулалт, 20 заалт байгаа. Тэрнээс аль ч үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг нь цуцалсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлтэй нь холбогдуулан тайлбар гаргая. Нэхэмжлэл дээрээ манайх үйл ажиллагаа явуулах гэтэл Ковид өвчин гарч, асуудал үүссэн гэж байна. Ковид-ын хугацаа 2019, 2020 оны үед гарсан үйлчлэлтэй байгаа. Хэдийгээр давагдашгүй хүчин зүйл гэж нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа боловч 2012 оноос хойш газар ашиглах эрх, эзэмших эрх нь нээгдсэн байсан. Нэхэмжлэгч компани. Тийм учраас 2012 оноос хойш 2019, 2020 он, 2020 оноос хойш 2023 он хүртэл гээд нийт 9 жилийн хугацаанд газрыг эзэмших, ашиглах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн захиргааны акт гаргахаас өмнө урьдчилан мэдэгдэх ёстой гэсэн асуудал ярьж байна. Сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 589 дугаартай захирамжаар Сэргэлэн сумын газар нутаг дээр газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсгийн тэмдэглэлээр Төмөргүег ХХК нь газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 2 болон түүнээс дээш жил болсон гэдэг үндэслэлийг заагаад хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж тогтоосон. Энэ мэдэгдлээ манай Газрын даамал тэмдэглэл хөтлөөд тэр тэмдэглэл дээрээ Төмөргүег ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн өргөдөл гэсэн маягтад дурдсан. 9935-тай утасны дугаарт мэдэгдсэн. Мэдэгдэхэд За, ойлголоо гэж тэмдэглэсэн тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрдэнэт оргил гэх компанийн нэрээр Төмөргүег компанийн Сэргэлэн суманд байгаа маргаан бүхий газар дээр барилга барих гээд сэндвичэн барилгын урьдчилгаа захиалсан. Хавтаст хэрэгт материал өгсөн байсан. Тухайн захиалга бол Эрдэнэт оргил компанийн нэрээр байсан. Тэр нь Төмөргүег ХХК-ийн барилгыг барих байсан уу, үгүй байсан уу гэдгийг тогтоох, тодорхойлох боломжгүй баримт байсан. Эрдэнэт оргил компани бол Эрдэнэтэд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг өмнөх хурал дээр нэхэмжлэгч тайлбарлаж хэлсэн. Төмөргүег компанийн газар дээр Эрдэнэт оргил компаниар захиалгаа хийгээд үйл ажиллагаа явуулах гэж байсан уу гэдгийг хавтаст хэрэгт байгаа баримтаар тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. 2012 оноос хойш ашиглах боломжгүй байсан гэж байна. Яагаад ашиглах боломжгүй байсан талаар нэхэмжлэгчийн тайлбараас ойлгохгүй байна. Захирамж гараад гэрээ байгуулагдаад эрх үүссэн байсан. Тэгэхээр тайлбарлаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны акт: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн нэхэмжлэгч Төмөргүег ХХК-ийн эзэмшиж байсан тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд байрлах 6 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнд анх газар эзэмшүүлсэн 2012 оны А/109 дүгээр захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.
Хоёр. Маргааны үйл баримтуудын талаар:
2.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:
Сэргэлэн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 109 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд байрлах 6 га газрыг тос боловсруулах үйлдвэр байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж,
-2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18667288381592 дугаарт, 60000 мкв-аар бүртгэж, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн 0293787 дугаартай гэрчилгээг Төмөргүег ХХК-д олгосон,
- Төмөргүег ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/07 дугаартай албан бичгээр манай компани сумын 1-р баг, Баянгийн бүрдэд үйлдвэрийн зориулалтаар 6 га газар эзэмшдэг. Тус газрын дундуур төмөр зам явахаар төлөвлөсөн мөн шилэн кабелийн шугам дундуур нь орсон байна гэж танай сумаас манайд мэдэгдэж өөрчлөлт хийлгэ гэсэн шаардлагын дагуу кадастрын зургаа дахин хийлгэлээ. Иймд кадастрын зургийг мэдээллийн сандаа оруулж өөрчилж бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг, Төв тэгш хэм ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн 60000 мкв газрыг байршлын кадастрын зургийн хамт хүргүүлсэн,
- Төмөргүег ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэргэлэн сумын газрын даамалд хандан тос боловсруулах, үйлдвэр байгуулах зориулалтаар эзэмшиж буй 60000 мкв /6 га/ газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан,
-Сэргэлэн сумын газрын даамал нь Төмөргүег ХХК-ийн дээр дурдсан хүсэлт, кадастрын зургийг хүлээн авч, тухайн кадастрын зургийг Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4109010013 дугаарт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэж, газар эзэмших эрхийн 000006278 дугаартай гэрчилгээг Төмөргүег ХХК-д олгосон, уг газар нь нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн газрын зарим хэсгийг давхцалтай байх бөгөөд газрын хэмжээ нь өөрчлөгдөөгүй, мөн ийнхүү газрын байршлыг өөрчлөхдөө сумын Засаг дарга шийдвэр гаргаагүй, харин тус сумын газрын даамал нь Төмөргүег ХХК-иас ирүүлсэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
- Сэргэлэн сумын газрын даамал нь Төмөргүег ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр № 4167-2012/10013 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
2.2. Маргаан бүхий захиргааны актын эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
2.2.1. Сэргэлэн сумын газрын даамал болон Төмөргүег ХХК-ийн захирал В.Ганбаатар нарын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан № 4167-2012/10013 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй...тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох арга хэмжээ авна...зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж бариагүй г.м/ байхыг ойлгоно гэж заажээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж, 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэж зааснаар, хууль тогтоогчоос сумын газрын даамалд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох, эзэмшилд олгосон газрыг эзэмшигчид хүлээлгэн өгч Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаараар бүртгэх үүргийг хүлээлгэсэн, мөн газар эзэмшигчид сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон эзэмшилд олгосон газрыг хүлээн авч, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүргийг тус тус хүлээлгэсэн байна.
2.2.2. Нэхэмжлэгчээс ...2012-2019 онд төмөр зам тавина гээд ашиглуулахгүй байсан2019 онд гэрээ байгуулснаас хойш үйлдвэрлэлийн зориулалтаар техник эдийн засгийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах төслийн шат явагдаж байхад ковид 19 гарч, хөл хорио, мөн хил гаалийн хаалттай байсан, санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон, тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоо олгоогүй бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан болохыг тодорхойлсон гэрчилгээ авсан байгаа...Мөн Төмөргүег ХХК-ийн захирлын эзэмшлийн компани болох Эрдэнэт-Оргил ХХК-тай хамтарч, Төмөргүег ХХК эзэмшлийн дээрхи газар дээр сэндвичэн барилга барихаар Эрдэнэт оргил ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улс руу сэндвичэн барилгын урьдчилгааг шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу дээрхи газрыг ашиглахаар харилцан тохиролцож ажиллаж байсан.. 2019 оноос хойш 2 жил ашиглах боломжгүй байсан гээд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан..газар дээр ямар нэг зүйл бариагүй... хэмээн эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулаагүй, газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан нөхцөл байдлын талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлан маргасан байна.
- Төмөргүег ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/07 дугаартай албан бичгээр ...6 га ...газрын дундуур төмөр зам явахаар төлөвлөсөн мөн шилэн кабелийн шугам дундуур нь орсон байна гэж танай сумаас манайд мэдэгдэж өөрчлөлт хийлгэ гэсэн шаардлагын дагуу кадастрын зургаа дахин хийлгэлээ, кадастрын зургийг мэдээллийн сандаа оруулж өөрчилж бүртгэж өгнө үү... гэх албан бичгийг хүргүүлсэн, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг өөрчлөн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Сэргэлэн сумын Засаг даргын 2012 оны захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын 18667288381592 дугаартай 60000 мкв газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, энэ нь нэхэмжлэгчээс хамааралгүй байсан болох нь тогтоогдлоо.
Харин, Сэргэлэн сумын газрын даамал нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнд анх эзэмшүүлсэн 6 га газрын байршлыг өөрчлөн Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4109010013 дугаарт бүртгэн, нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш, тодруулбал газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс маргаан бүхий захиргааны актыг батлан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 4109010013 дугаартай газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2019 оноос хойш 2 жил ашиглах боломжгүй байсан гээд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан..газар дээр ямар нэг зүйл бариагүй... ...Эрдэнэт-Оргил компани Орхон аймагт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа, энд газар авч сендвичэн барилга барихаар болоод эхний ээлжинд карказ төмөрийг захиалсан, материалууд нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа учраас хүлээгдээд байж байгаа...материалаа оруулж ирсний дараа барилга барих зөвшөөрлийн асуудлаа эхлүүлнэ гэж захирал хэлсэн... гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар дээр юу ч бариагүй, хоосон газар байгаа... гэсэн тайлбараар нотлогдож байна.
- Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Төмөргүег ХХК-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/43 дугаартай гэрчилгээ-г олгож, уг гэрчилгээнд Засгийн газрын 2020 оны 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага ороогүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь Төмөргүег ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ мөн болохыг нотолж Төмөргүег ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна гэж тодорхойлсон байх боловч Монгол улсын Засгийн газраас 2020-2022 онуудад ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хориог тодорхой хугацаагаар тогтоож байснаас гадна, Засгийн газраас энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ажлыг зохион байгуулан, дэмжиж байсан болох нь Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоол болон нийтэд илэрхий бусад тогтоол шийдвэрүүдээр тогтоогдож байна.
Иймд, нэхэмжлэгчийг ковид-19 цар тахлын үед тогтоосон хорио цээрийн дэглэм буюу гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2019-2023 онуудад эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул, маргаан бүхий захиргааны актын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
2.3. Маргаан бүхий захиргааны актын газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.9 дүгээр зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан ... ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж заажээ.
Хариуцагчаас, Төмөргүег ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд заасан бүх үүргийг биелүүлээгүй, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээг 2012-2023 онуудад удаа дараа зөрчсөн хэмээн тайлбарлаж байх боловч, маргаан бүхий захирамжид газар эзэмшигч нь Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээний аль зүйл хэсгийг ямар байдлаар хэдэн удаа зөрчсөн талаар тодорхой заагаагүй, мөн гэрээний 4.5-д заасан газрын төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан нийцээгүй, хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.
Үүнээс гадна, нэхэмжлэгч нь Ковид-19 хөл хорио, мөн хил гаалийн хаалттай байсан, санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон хэмээн маргаж буй ч эдгээр шалтгааны улмаас газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байгаа талаарх тайлбар, баримтаа хариуцагчид хүргүүлээгүй, мөн эзэмшлийн газрын байршлыг өөрчлөхдөө Сэргэлэн сумын Засаг дарга захирамж гаргаагүй гэж маргаж буй ч нэхэмжлэгч өөрөө газрын байршлыг өөрчлөн кадастрын зураг үйлдүүлж, уг газраа Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргаж, 2019 онд газрын мэдээллийн санд бүртгүүлсэн бөгөөд сумын Засаг даргын захирамжгүйгээр газрын байршил өөрчилсөн гэх гомдол хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож буйг дурдах нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчийн Газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө мэдэгдээгүй, эрх зөрчигдсөн хэмээн маргаж буй үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар газар эзэмшигчдийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилсон, тус ажлын хэсгийн тэмдэглэлд ...Төмөргүег ХХК газраа ашиглаагүй, газар дээрээ огт юм бариагүй... гэж тэмдэглэсэн. Мөн, Төмөргүег ХХК-иас Сэргэлэн сумын газрын даамалд гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэгт мэдүүлэг гаргагч: Баянтөгс овогтой Вандангийн Ганбаатар, утасны дугаар 99351331, 96662600 гэж тэмдэглэсэн, Сэргэлэн сумын газрын даамлын мэдэгдэл хүргүүлсэн гэх жагсаалтын 6-д Төмөргүег ХХК, В.Ганбаатар, утас 99351331 за гэв гэж тэмдэглэсэн байх тул газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө мэдэгдээгүй, эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч Төмөргүег ХХК нь газар эзэмшүүлсэн захирамж, Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус хүлээлгэсэн эзэмшилд олгосон газрыг зориулалтын нь дагуу ашиглах үүргээ 2019 оны 4 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд биелүүлээгүй, эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. Иймд, нэхэмжлэгчийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төмөргүег ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН