Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/463

 

 

 

 

 

2023                 4            27                                        2023/ДШМ/463                                  

 

Н.О-ьт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Н.О-ь, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-ийн гаргасан давж гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2107001520082 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О-ь,

Шүүгдэгч Н.О-ь нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” цайны газрын урд талын явган хүний зам дээр Г.Ч-тай таксины төлбөрийн талаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт бордюр чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.О-ьт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.О-ь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн. Энэ талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт өгч, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай  бөгөөд миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хохирогч хохирол гомдолгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэмтэл бүрэн эдгэрч, ажил хөдөлмөрөө эрхлэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж болохыг хуульчлан тогтоожээ. Иймд гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөлүүд хангагдсан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ...эмчилгээтэй холбоотой 500.000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлыг төлсөн тохиолдолд миний зүгээс гомдол, саналгүй... гэсэн. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг өгсөн. Хохирогчийн хувьд эрүүл мэнд нь сайжирсан, ажилдаа явж байгаа. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Шүүгдэгч Н.О-ь нь гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдэж байсан атлаа цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Хохирогчийн хувьд тухайн үед эмчилгээ хийлгэж байсан хохирлын баримтыг хаясан, хадгалж чадаагүй учраас хохирлын баримтыг бүрэн гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Н.О-ь 500.000 төгрөг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Н.О-ьт оногдуулсан 3 жилийн хорих ял түүний гэм бурууд нь тохирсон, үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.О-ьт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.О-ь нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” цайны газрын урд талын явган хүний зам дээр Г.Ч-тай таксины төлбөрийн маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт бордюр чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дух ясны гадна болон дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ч-ийн “...уулзвар дээр хоёр хүн гараа өргөчихсөн зогсож байсан. Манай эхнэр зогсоод “хаашаа явах юм” гэж асуухад “цайз явчихаад эргээд ирье, 5.000 төгрөг өгье” гэсэн. Тэгэхээр нь би “10.000 төгрөгөөр явна” гэхэд “ямар даварсан п**** вэ, буугаад ир” гэсэн. Бууж очоод “яасан гэнээ” гээд тулаад очтол нэг жижиг биетэй хар хувцастай залуу нь миний цээж хэсэг рүү түлхсэн. ...Эхнэр ирээд салгаад, “цагдаа дуудлаа шүү” гээд намайг аваад машин руу суух гээд явсан. Тухайн үед жижиг биетэй залуу нь араас татаад эргээд хартал миний толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. ...” /хх 29/,

гэрч Б.Б-н “...би 5.000 төгрөгөөр явна гэсэн. Манай нөхөр хажуугаас ирж буцахын 10.000 төгрөг болно гэсэн. Тухайн залуу юу гээд байгаа п**** вэ, буугаад ир гэхэд манай нөхөр машинаас буучихсан. Би уурлаж яваад бага зэрэг урагшлаад эргээд харахад зодолдоод байх шиг байсан. Очоод салгах гэхэд нэг нь тоосго аваад манай нөхрийн толгой хэсэг рүү нь цохиод зугтчихсан. ...” /хх 33/,

гэрч Д.Х-ийн “...жижиг биетэй залуу нь газраас хагарсан бордюр чулуу мэт зүйл аваад толгой хэсэг рүү нь шидчихээд зугтчихсан. ...” /хх 40/,

гэрч Э.Л-ын “...намайг дуудлагаар очих үед эмэгтэй таксины жолооч болон толгой хэсэгтээ гэмтэл авсан залуу байсан. Юу болсон талаар тодруулахад таксины жолооч нь жижиг биетэй залуу чулуугаар цохиод зугтаачихлаа гэж хэлсэн. ...” /хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Г.Ч-ийн биед дух ясны гадна болон дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр дүгнэлт /хх 50-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-23/, бордюр чулууг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.О-ь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.О-ийн хохирогч Г.Ч-ын толгойн тус газар бордюр чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.О-ь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.О-ьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсаныг түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.О-ийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.О-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ьт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 35 /гучин тав/ хоног цагдан хоригдсоныг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН