Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 150/ШШ2025/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ........... баг, ......... гэх газар оршин суух ........ овогт .................н  (РД:...........) нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, .... дүгээр, ............., ........... тоотод оршин суух ........... овогт ..............н (РД:..............) холбогдох ажлын хөлс 24,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* түүний өмгөөлөгч *******  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч ......... хариуцагч *******оос ажлын хөлс 24,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би ******* аймгийн ......... суманд өөрийн малаа маллаж амьдарч байсан. Надтай 2021 оны 03 дугаар сарын дундуур .......... тосгонд оршин суудаг ............. гэдэг эмч уулзаад ах нь малаа чамаар маллуулъя сард 750,000 төгрөгөөр цалинжуулна чамайг малтай (үхэртэй) болгож өгнө гэж гуйсан тул би зөвшөөрч бид аман хэлцэл хийж би тэдний 61 тооны үхрийг 3 сарын 21-ны  өдөр хүлээн авсан юм. Энэ хугацаанд би малыг нь маллаж 2024 оны байдлаар 43 тооны үхэр маллаж байна. Энэ хугацаанд ******* гуай өөрөө идшиндээ болон тариа бригадынхаа идшинд хэрэглэхээс гадна хувь хүн компанид малаа зардаг байсан. 2023 он гэхэд ******* нь бяруу голдуу 28 тооны үхэр авч зарж байсан. Миний хувьд энэ хугацаанд цалин авч байгаагүй. Харин мал маллахад шаардлагатай мотоцикл 2,450,000 төгрөгөөр, гар утас 300,000 төгрөг, портер маркийн машин 5,000,000 төгрөгөөр авсан ба ******* гуайн зөвшөөрлөөр нэг бухыг зарж 500,000 төгрөгийг авсан. Би 2021 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл 44 сар тэдний малыг малласан. Энэ хугацааны хөдөлмөрийн хөлс цалин 44*750,000=33,000,000 төгрөгийн цалин авах байсан. Үүнээс мотоцикл 2,450,000 төгрөг, гар утасны 300,000 төгрөг, портер маркийн машин 5,000,000 төгрөг, бухны  500,000 төгрөгийг хасахад 24,750,000 төгрөг цалин гаргуулах тооцоо гарсан байна. Малчин хүний ажил цаг наргүй хүнд хөдөлмөр юм. Өвөлд бол голын усыг цоолж үхрээ услахаас эхлээд тэжээх, өргөх гээд асар их хөдөлмөр ордог юм. Үүнийг тэд өөрсдөө сайн мэдэж байгаа. Иймд би *******оос 24,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Эдгээр мал нь тэдний дундын хөрөнгө бөгөөд одоо тэд надад ажлын хөлс цалин өгөхгүйгээр малаа авна гэж дарамталж, ах дүүгийнхээ хүүхдээр учир битүүлэг мессеж, чат хүртэл явуулж байгаад гомдолтой байна. Намайг малчнаар авсан сард 750,000 төгрөгөөр цалинжуулж малжуулж өгнө гэж байсныг ............ агсны төрсөн дүү Чулуунаа нь сайн мэдэж байгаа бөгөөд энэ байдлыг гэрчилнэ“.  Иймд миний ажлын хөлс,цалин 24,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч ............ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            Би 2021 оны 03 дугаар сард урд айлдаа ямаа самнаад сууж байсан. Талийгаач ирээд үхэр мал муу байна намайг маллаад өг гэж хэлсэн. Би малыг нь ............ гэдэг хүнээс хүлээж авсан. Үхэр мал нь нэлээд ядруу байсан.  ............. 4-5 үхэр байсан. Тэр хавар 03 сарын 20-ны өдөр нийт 61 тооны үхэр хүлээж авсан. Хавар нь би 24 тугал хүлээж аваад өгсөн. Тэрнээс хойш хорогдолгүй, сайхан маллаж явж байгаад өнгөрсөн намар хүлээлгэж өгсөн. Эдний хонь, адууг маллаж байсан. Хонийг нь 2021 оны 11 дүгээр сард нь өгсөн. Адууг нь талийгаач өнгөрөхөд ******* эгчид  хүлээлгэж өгсөн. .............  сарын 300,000 төгрөг өгч байсан, группт оруулж өгсөн. Надад групп энэ тэр байхгүй. Намайг малтай болгож өгнө гэж хэлсэн. Би малыг нь малласан. ........... өвөлжөө авахад талийгаачийн данс руу 5,000,000 төгрөгийг ............ гэж ахаас хийлгэсэн. Тэр 5,000,000 төгрөгийг 3 хувааж төлсөн. Би нэг халзан даагаа ......... аймгийн ......... аваачиж ............ гэдэг ахад 2,500,000 төгрөгөөр зарсан юм. 100,000 төгрөгөөр шатахуун хийнэ гэж аваад 2,400,000 төгрөгийг талийгаачийн данс руу хийсэн. Намайг тогтвор суурьшилтаа 3 жил маллаж өг гэж хэлсэн. Ноднин 1 үхрийг нь алдсан. 2 үхрийг нь ээжийн бие муудаад зайлшгүй хэрэг болоод хэрэглэсэн. Тэгээд ийм асуудал болсон. Би 2021 оноос хойш цалингаа нэхэмжилж байна. Мөн тэр өвөлжөөний талаар .......... холбогдоод та шилжүүлж өгөхгүй юм уу, миний юм дууссан гэж хэлсэн. Тэгэхэд тэр талийгаач чинь өвөлжөөний юмыг өгөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 тугалтай үхэр танд өгсөн ш дээ гэж хэлэхэд чиний тууж ирсэн 2 тугалтай үхрийг өгөөгүй гэж хэлсэн. Одоо би цалингаа нэхэмжилж байна. Миний сарын цалин 750,000 төгрөг гэж бодохоор 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж байна .*******оос 7,300,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч ******* тайлбартаа: Манай хүн эмч байсан учир айлуудаар дуудлагаар явдаг байсан. Нэг өдөр ирээд .......... гэдэг залуу байна. Танайх үхрээ маллуулах хүнгүй болж байгаа юм байна. Би тэрийг чинь маллаад өгье гэж байна гэж хэлсэн. Би огт  танихгүй залуу надад тэгж хэллээ гэж надад хэлж байсан. Өнөөдөр харж байхад үхсэн хүн үг хэлэх биш гэдгээр арай дэндүүлж байна уу гэж харж байна. 2020 оны өвөл ирээд ............ хэдэн хонь авах ёстой байсан. Тэрийг одоо ав гэж хэлж байна. Тэгэхээр нь би хавар авъя гэж хэллээ гэж ярьж байсан. 1,300,000 төгрөг шилжсэн байсан юм билээ. 2021 оны 05 сарын 12, 23-ны өдөр байсан байх 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг гээд нийт 5,000,0000 төгрөг шилжсэн. Мөн тэр 2 тугалтай үнээний ханшийг 3,000,000 төгрөгт бодож өгсөн. Өвөлжөөнд миний харж байгаагаар 8,000,000 төгрөг өгсөн. Гэрчилгээ нь ........... дээр байсан боловч гэрчилгээг өгөхдөө 2,000,000 төгрөг өгөх байсан юм шиг байна лээ. Би тухайн үед тэр хэдэн малын асуудалд ордоггүй байсан нь өнөөдөр миний буруу боллоо. Сайхан малчинтай боллоо гэж бодож байсан. ............ 03 сард өвөлжөөгөө аваад хэзээ хонио тавьсан талаар мэдэхгүй, намар нь 2 удаа чононд оруулсан. Бас  хэдэн ямаа байсан. 30-40 хонийг чононд өгсөн. Энэ залуугаас нэг ч төгрөг нэхээгүй. Манай нөхөр эр хүн юм чинь хэдэн адуутай байя гэж бодож байсан байх. Энэ нөхөр /............./ дураараа хольж солиод 2023 онд зөвшөөрөлгүйгээр .......... явуулаад Сувай гүүг үхүүллээ л гэсэн. Холилоо, солилоо л гэсэн. Нас барсных нь дараа би авахаас өөр замгүй болсон. Хүнийг арай ч тэгж гүтгэж болохгүй байх. Дансыг нь бүтэн шүүж чадаагүй. Сая өвийн гэрчилгээ аваад дуусахад хальт харсан. 5,000,000 төгрөг шилжсэн байсан. Миний хань 300,000 төгрөг гэж бичээд дэвтэр дээрээ он, сарыг бичээд тавьсан байсан. Чамд мотоцикл хүртэл авч өгсөн байсан.  Талийгчийг нас барсны дараа чи 08 сарын арван хэдэнд 6, 7,8 сарын хөлс 300,000 төгрөгөөр бодож  3 сарын хөлс гээд нийт 900,000 төгрөг өгөх ёстой гэж хэлж байсан. Би за л гэж хэлж байсан. Тухайн үед юу гэж хэлж байсан гэхээр миний амьдралыг тэтгэж явсан ганц хүн өнгөрчихлөө гэж хэлж байсан. Би чамайг найдвартай байж чадах юм бол эгч нь найдвартай байж чадна гэж хэлж байсан. Тэгээд би тэр 900,000 төгрөгийг шилжүүлж байсан. Дараа нь 500,000 төгрөг хэрэг болсон, 300,000 төгрөг хэрэг болсон гэж хэлэхэд нь би шилжүүлж л байсан. Дараа нь .............  би цалингаа бөөнөөр нь авмаар байна. Гангаа ахаас Портер машин авах гэж байна гэж хэлэхэд нь тухайн үед надад хэцүү байсан ч би 5,000,000 төгрөг өгсөн. Миний малыг муу малласан гэж хэлэхгүй. Өвөл нь тугалаа бид төв дээр авчирч тэжээдэг байсан. Миний муу хань дуугай, хүний үгээр л явдаг.  Нутгийн захын хүн мэднэ. Би 12 дугаар сарын 18-ний өдөр ханьтайгаа эднийд очиход эхнэр Нандиа, ............ хамт байсан. Манай үхэр одоо хэд байгаа билээ гэж асуухад бухтайгаа нийлээд 28 үхэр байгаа гэж хэлж байсан.Одоо энэ дэвтэр дээр байна. Би өөрийн гарын үсгээр бичиж авсан байна лээ. Би үхрээ маллуулъя гэж гуйгаагүй, чи өөрөө гуйсан шүү гэж хэлснийг тодоос тод санаж байна. Портер машиныг авахад 09 сард 5,000,000 төгрөгийг .......... гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Одоо миний тооцоогоор .............  2021 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлээд 2023 оны 08 сарыг дуустал  сарын 300,000 төгрөгөөр тооцож нийт 29 сараар бодоход 8,700,000 төгрөг болж байна. 2023 оны 09 сараас 2024 оны 11 сарыг хүртэл нийт 15 сарын сарыг сарын 500,000 төгрөг гэж тооцохоор 7,500,000 төгрөг болж байна. Нийт 16,200,000 төгрөг өгөх ёстойгоос 24,210,500 төгрөгийг өгсөн байна. Үүнд: Машин, мотоцикл,  гар утас, бэлэн өгсөн мөнгө орж байгаа. Харин ч 8,010,000 төгрөг илүү төлсөн байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мал хөлсөөр маллах хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь тодорхой хэмжээний малыг хүлээлгэж өгөөд мал маллах үүрэг хүлээж, мал хариулсан мөнгийг тохиролцсон гэдэг нь  нотлогдож байна. Хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс төлөгдөнө. Жил бүр Засгийн газрын тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлж өгдөг. ........... тухайн сумынхаа эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан. Төрийн албан хаагч байсан учир энийгээ мэдээд цалин хөлсийг 750,000 төгрөгөөр цалинжуулж, жил болгон идэшний үхэр өгнө, малжуулъя гэдэг байдлаар тохиролцсон байдал харагдаж байна. Энэ байдал нь талийгаач ............н дүү ................. гэдэг хүний тодорхойлолтоор нотлогдож байна. Сая гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Мал маллах явцдаа эхлээд 61 тооны мал хүлээж аваад энэ хугацаанд 2021-2024 оны 11 дүгээр сарыг хүртэл 75 тугалыг бойжуулж өгсөн. Үүнийг хариуцагч өөрөө бас хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 сараас хойш талийгчийг нас барснаас хойш цалин хөлсийг тухайн үедээ тооцож өгөөгүй. Хариуцагч ............ 2023 оны 08 сарын 12-ны өдөр, 08 сарын 15, 08 сарын 20, 08 сарын 24, 09 сарын 23, 11 сарын 24, 2024 оны 07 сарын 01-нд өгсөн нийт 7,300,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаад цалин хөлсийг гаргуулах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнээр хүнийг цалинжуулж болохгүй. Тиймээс сарын цалинг 750,000 төгрөгөөр тохирсон гэдгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргахад торгуулийн шийтгэл оногдуулах, цалин хөлсний үнийн зөрүүг гаргуулах шаардлага үүснэ. Эрүүгийн хэргийн тухайд эрүүгийн журмаараа шалгаж хохирол төлбөрийн асуудал тусдаа яригдаад явах юм байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 24,750,000 төгрөгөөс 7,300,000 төгрөгийг хасаж тооцоод нийт 17,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн байр суурьтай,

 

Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн юм байна. Гэр бүлийнх нь хүнтэй энэ талаар тохиролцсон юм байна. .............. хувьд яг тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ******* 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Цалин хөлсний хувьд эхлээд 300,000 төгрөгөөр тооцож тохиролцож байсан. Нас барснаас хойш 08 сард нь би цалингаа нэмье 500,000 төгрөг болгоё гэдэг үндсэн дээр 09 сараас нь эхлээд 500,000 төгрөгөөр тооцсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Миний сая үзлэг хийлгэе гэдэг дэвтэр дээр талийгаачийн өөрийнх нь дэвтэр дээр сарын 300,000 төгрөг гэж бичсэн талийгаачийн өөрийн гар бичмэл байж байгаа. Нас барсны дараа 6,7,8 сарын мөнгийг нийт 900,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 09 сараас 500,000 төгрөгөөр тохиролцож явсан. Нийт 24,210,500 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд нь машин, утас, мотоциклийн мөнгө, бяруу, үхэр бух зарсан гэдэг бүх зүйл орсон. Төлөх ёстой мөнгөнөөсөө 8,000,000 төгрөг хэтэрчихсэн явж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрчихсэн өөр өвөлжөөний мөнгө төгрөг яриад байна. Энэ асуудал бол тусдаа асуудал байгаа. Одоо зөвхөн цалин хөлстэй холбоотой асуудал яригдана. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна  Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал өөрсдөө нотлох үүрэгтэй. Үнийн дүнгээ нэхэмжлэгч тал өөрсдөө тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн харилцаа үүссэн учир хөдөлмөрийн  гэрээний дагуу нэхэмжилж байна гэж хэллээ. Хөдөлмөрийн харилцааны дагуу нэхэмжилж байгаа бол хөдөлмөрийн процессын дагуу явагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар цалин хөлстэй маргаан байгаа бол шүүхээс өмнөх ажиллагаа хийлгэж буюу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй.  Хөдөлмөрийн маргаан таслах комисст хэзээ хандах ёстой вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор хандах ёстой байсан. Энэ хэрэгт 2 хариуцагчийн асуудал яригдаж байна. Талийгаачийг нас барснаас хойш 90 хоногийн дотор хандах ёстой байсан юм уу. Талийгаач нас барснаас хойш бараг 1 жил гаруй болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.  Хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ ........... гэдэг хүний хувьд дуусчихсан байна. Харин цаашдаа хариуцагч ............, нэхэмжлэгч .............. нарын хооронд хөдөлмөрийн харилцаа 07 сарын 20-ны өдрөөс хойш үүссэн байна. Мөн л энэ харилцаанд шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх ёстой байтал хийгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар иргэд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ энэ хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд зааснаас гадна ажил олгогч нас барснаар дуусгавар болно гэж заасан байдаг. Аль  хэдийн хөдөлмөр эрхлэх харилцаа дуусгавар болчихсон байна. ............. туслах малчин юм уу, зүгээр малчин юм уу гэдгээ өөрсдөө бас тайлбарлаж чадахгүй байна. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д зааснаар бусдын малыг бие даан маллаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар зохицуулна гэж байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байгаа бол нэгт процессын алдаа байна. Хоёрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэв Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 359 дүгээр зүйлээс эхлээд арай өөр асуудал яригдана. Анх талийгаачтай хэдэн төгрөгөөр тохирсон юм. Дараа нь ......... хэдэн төгрөгөөр тохирсон юм бэ гэдэг асуудал яригдана. ............ хэдэн төгрөгөөр цалингаа тохирсон юм бэ гэж асуухад нэхэмжлэгч өөрөө хэлэхгүй байна. Би тохироогүй, Портер машин авна гэж хэлсэн. Тэгээд 5,000,000 төгрөг өгсөн. Би талийгаачтай 750,000 төгрөгөөр цалингаа тохирсон гэж яриад байна. Энэ талаар нотлох бичгийн нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан талийгаачийн дүүгийн бичиж өгсөн тодорхойлолт нотлох баримтын  шаардлага хангахгүй. 900,000 төгрөгийг 6,7,8 сарын цалин гэж өгсөн гэдэг нь хариуцагчийн дансны хуулгаар мөнгөн дүнгээр, тайлбараар нь тогтоогдож байна. Цалингийн хэмжээг тохирохгүй байсан бол яагаад тухайн үедээ маргаагүй юм. Үхэр мал нь дутаад ирэнгүүт гэнэт л би цалингаа нэхэмжилнэ гэж яриад байх юм. Тэгэхээр энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас би өвөлжөөний мөнгийг төлсөн гэж яриад байдаг гэтэл хариуцагч талаас  ............. өөрийн данснаас 2,500,000 төгрөгөөр 2 удаа төлсөн гэсэн баримт байгаад байна. Мөн нэхэмжлэгчид мотоцикл, утас авч өгсөн баримтууд байна. Нэхэмжлэгч цалингаас гадна надад өвөл болгон бяруу өгдөг байсан гэж яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч 2023 оны 09 сараас хойш өмнөх 3 сарын мөнгөтэй нийлээд нийт 7,300,000 төгрөг өгчихсөн байгаад байна. Ямар үндэслэлээр нэхэмжлэгч илүү мөнгө нэхээд байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Талийгаачийн үед 300,000 төгрөгөөр, ............ үед 500,000 төгрөгөөр хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бол нийт 24,210,500 төгрөг төлөхөөс 8,010,000 төгрөг илүү төлчхөөд байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нөгөө талаас нэхэмжлэгч тал мэтгэлцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай мэтгэлцэж байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн:

 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,  ......... малын А данс, ............ гараар бичсэн тодорхойлолт, 2021.03.01-2024.11.13-ны өдрийн хоорондох ................ ........... банкны диспозит дансны хуулга, 2021-2024  оны хоорондох .............. /............./ дансны хуулга,  ............... ам бүлийн тодорхойлолт,

Хариуцагч талаас ирүүлсэн хариуцагч ............. диспозит дансны хуулга, ...............” ХХК-ийн тодорхойлолт, үхэр хүлээж авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мал хөлсөөр маллах хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь тодорхой хэмжээний малыг хүлээлгэж өгөөд мал маллах үүрэг хүлээж, мал хариулсан мөнгийг тохиролцсон гэдэг нь  нотлогдож байна. Хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс төлөгдөнө. Жил бүр Засгийн газрын тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлж өгдөг. ******* тухайн сумынхаа эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан. Төрийн албан хаагч байсан учир энийгээ мэдээд цалин хөлсийг 750,000 төгрөгөөр цалинжуулж, жил болгон идэшний үхэр өгнө, малжуулъя гэдэг байдлаар тохиролцсон байдал харагдаж байна. Хариуцагч ............ 2023 оны 08 сарын 12-ны өдөр, 08 сарын 15, 08 сарын 20, 08 сарын 24, 09 сарын 23, 11 сарын 24, 2024 оны 07 сарын 01-нд өгсөн нийт 7,300,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаад цалин хөлсийг гаргуулах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнээр хүнийг цалинжуулж болохгүй. Тиймээс сарын цалинг 750,000 төгрөгөөр тохирсон гэдгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 17,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шаардах эрхээ тодорхойлов.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн юм байна. Гэр бүлийнх нь хүнтэй энэ талаар тохиролцсон юм байна. ............ хувьд яг тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ******* 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Цалин хөлсний хувьд эхлээд 300,000 төгрөгөөр тооцож тохиролцож байсан. Нас барснаас хойш 08 сард нь би цалингаа нэмье 500,000 төгрөг болгоё гэдэг үндсэн дээр 09 сараас нь эхлээд 500,000 төгрөгөөр тооцсон байдаг. ...Нийт 24,210,500 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд нь машин, утас, мотоциклийн мөнгө, бяруу, үхэр бух зарсан гэдэг бүх зүйл орсон. Төлөх ёстой мөнгөнөөсөө 8,000,000 төгрөг хэтэрчихсэн явж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үгүйсгэж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын нөхөр .............. амаар тохиролцож 2021 оны 03-р сарын 21-ны өдөр 61 тооны үхрийг хүлээн авч  маллахаар тохиролцсон байна.  Иргэн ******* 2023 оны 07-р сарын 20-нд нас барж, эхнэр ...........   26 үхэр, 14 тугал нийт 40 тооны үхрээ 2024 оны 11-р сарын 14-ны өдөр хүлээн авсан нь  нас барсны гэрчилгээ,   үхэр хүлээн авсан тухай тэмдэглэл, зохигчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар (х.х-ийн115-рт )

Нэхэмжлэгч ............. 2021 оны 03-р сарын 21-ны өдрөөс 2023 оны 07-р сарын 20-ны хооронд мал малласны хөлсөнд 2,450,000 төгрөгийн үнэ бүхий  мотоцикл, 300,000 төгрөгийн үнэ бүхий гар утас,500,000 төгрөгийн үнэ бүхий бух нийт 3,250,000 төгрөгийн эд зүйл мал малласны хөлсөнд талийгаач ...............  хүлээн авсан нь зохигчийн мэдүүлэг, дипозит дансны хуулгаар, (х.х-ийн 99-106-рт )

Иргэн ............... нас барснаас хойш буюу 2023 оны 07-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 14-ны өдрийн хооронд  7,300,000 төгрөгийг ............ нэхэмжлэгч ............... мал малласны хөлсөнд хүлээн авсан нь нэхэмжлэгч ..............., түүний эхнэр .............. нарын дипозит дансны хуулга хариуцагч .............. дипозит дансны хуулга болон зохигчийн мэдүүлгээр   тогтоогдож энэ талаар талууд маргахгүй байна.  

 Нэхэмжлэгч ......... хариуцагч ............. нөхөр ............... амаар тохиролцож 2021 оны 03-р сарын 21-ны өдөр 61 тооны үхрийг хүлээн авч  маллахаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч мал малласны сарын хөлсийг 750,000 төгрөгөөр тохиролцсон гэж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “ Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. “гэж,

Мөн хуулийн 71.2-д “туслах малчин гэж үндсэн малчны дэргэд амьдарч, түүний удирдлага хяналтын дор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж цалин хөлс авахаар харилцан тохиролцон ажиллаж байгаа хүнийг ойлгоно. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна.” гэж тус тус заажээ.

Талийгаач ............. нь ******* аймгийн ******* сумд хүний эмчээр ажиллаж байсан ба .............. бие даан хөлсөөр мал маллаж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож энэ талаар талууд маргахгүй байна. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 2021 оны 03-р сарын 21-ны өдөр ******* талийгаач  .............. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан  хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 Иргэний хуулийн  зааснаар 359 дүгээр зүйлийн 359.1-д “...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно:

240.1.2.үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж тус тус заажээ.

Хөлсөөр ажиллах гэрээний нэг тал болох хөлс төлөх үүрэг гүйцэтгэгч нас барсан тул үүрэг дуусгавар болсон гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэсэн үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон гэж дүгнэв.

Үүнд: Зохигч болох хариуцагч .............. нас барсан маргаж байгаа шаардлага  буюу маргаатай үүрэг болох мал малласны хөлс төлөх үүрэг эрх залгамжлагчид шилжсэн талаарх нотлох баримт шүүхэд ирээгүй тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин иргэн ........ нас барснаас хойш буюу 2023 оны 07-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 12-ны өдрийн хооронд  нэхэмжлэгч ................ хариуцагч .................. нарын хооронд Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

 Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар  “Хөлсөөр ажиллах гэрээгээр ............. нь мал маллах, ажиллуулагч .............. хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 2023 оны 07-р сарын 20-ны өдрөөс  2024 оны 11-р сарын 12-ны өдрийн хооронд ажиллуулагч ............. нь .............. мал малласны хөлсөнд 7,300,000 төгрөг өгсөн бөгөөд энэ талаар талууд маргахгүй харин мал малласны сарын хөлсийг нэхэмжлэгч 750,000 төгрөгөөр тооцно гэж  хариуцагч ............... 500,000 төгрөгөөр тохиролцсон гэж маргаж байгаа ба энэ байдлаа нотолсон баримт аль алинд нь байхгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулсан нь хууль зөрчсөн гэж мэтгэлцэж байгаа болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж

3.1.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид "ажилтан" гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

5.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэж тус тус заасныг баримтлан ............. хөлсөөр ажиллах гэрээний дагуу  олгох ёстой мал малласны  хөлсийг  2023 оны 07-р сарын 20-ны өдрөөс  2024 оны 11-р сарын 12-ны өдрийн хооронд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон болно.

            Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550,000 мянган төгрөг гэж,  2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосныг үндэслэн  2023 оны 07-р сарын 20-ноос 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэл   06 сар 10 хоногийн   хөлсийг  550,000 төгрөг, (550.000төг х 6сар = 3,300,000төг,   550,000 төг: 30 хоног=183.000төг, 183 000 х 10 хоног=183,000,  3,300,000+ 183.000=3.483.000төгрөг) 2024 оны 01-р сарын 01-нээс 2024 оны 11-р сарын 12 хүртэл 10 сар 12 хоногийн хөлсийг   660,000 төгрөгөөр , (660.000төг х 10сар = 6,600,000төг,   6,600,000төг : 30 хоног=22.000төг, 22 000 х 12 хоног=264,000, 6,600,000+264,000=6,864.000 төгрөг 3.483.000 төгрөг+6,864.000төгрөг= 10,347,000төг ) тус тус тооцож нийт 10,347,000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний үүргийн дагуу хариуцагч .......... нэхэмжлэгч ................ төлөх үүрэгтэй байна.

            Төлөх ёстой  10,347,000 төгрөгөөс хариуцагчийн  төлсөн 7,300,000 төгрөгийн хасаж үлдэгдэл 3,047,000 төгрөгийг ........... гаргуулан ............. олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр  улсын тэмдэгтийн хураамжид 63702 төгрөг гаргуулан  ................ олгох нь зүйтэй байна.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

            1.Иргэний хуулийн 359 дүгээр  зүйлийн 359.1-д зааснаар .........  мал малласны хөлс 3,047,000  төгрөгийг гаргуулж  ............... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар нэхэмжлэгч ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... улсын тэмдэгтийн хураамжид 63702 төгрөг гаргуулан  ............... олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА