| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0081/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Улсын яллагч: С.Баттамир,
Шүүгдэгч Б.М, Ч.Э, тэдний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
Хохирогч Б.Баатарзориг, түүний өмгөөлөгч Ч.Сүхбат,
Гэрч Х.Ширэндэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Замбуу овогт Батчулууны М, Халзан овогт Чүлтэмсүрэнгийн Э нарт холбогдох эрүүгийн 1709013710206 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 11 дүгээр гудамж 443а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4 дүгээр гудамж 219 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М, Ч.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний хажууд байрлах Номын павилон дотор хохирогч Б.Баатарзоригийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Баатарзоригийн номын дэлгүүрт 09 сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Арслантай гүүрний номын павилонд орсон. Би номын цагаан буянд сэхэж байна уу? гэж хэлэхэд Баатарзориг над руу дайрсан. Би биеэ хамгаалаад цохисон. Байж байтал Эрдэнэбаяр ирсэн. Хүзүүг нь боож, подволк урсан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 сарын 18-ны өдөр Баатарзоригийн номын дэлгүүрт Мөнхбаяр бид 2 хамт очсон. Намайг Ширэндэв эгчтэй мэндлээд зогсож байхад Мөнхбаяр, Баатарзориг нар заамдалцаад зогсож байсан. Би болиулах гээд дийлээгүй. Баатарзориг хүний олон хүнээ барихгүй шүү гэж хэлэхэд нь би шанаан тус газар нь цохисон. Зориуд санаатайгаар цохино гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Баатарзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Арслантай гүүрний номын талбайд ном зараад байж байхад 12 цагийн үед Мөнхбаяр Эрдэнэбаяр хоёр согтуу сугадалцчихсан орж ирсэн. Орж ирээд за Баавай чи номын цагаан буянд сэхэж байна уу? гэж асуусан. Тэгээд чи юу яриад байгаа гэхэд Эрдэнэбаяр намайг боогоод чи хүнтэй мэндэлдэггүй хэн бэ? гээд зүүн шанаа руу цохисон. Эрдэнэбаяр өшиглөөд байхаар нь би хадам ээжийгээ цагдаа дууд гэж хэлсэн. Би дотор зууралдаад байж байтал гаднаас эхнэр Болор нь орж ирсэн. Болор чи яахаараа хүн зоддог юм гэж хэлсэн. Би хүн зодоогүй гэж хэлсэн. Тэгээд бид 3-ыг салгасан. Болормаа намайг чамаас л болж зодоон болсон гээд намайг самардах гэж дайраад толгой руу хэд хэд цохисон. Чи цагдаа шүүх, явдаг газраараа яваарай гэж хэлсэн. Гаднаас Бат-Эрдэнэ, Бямбаа 2 орж ирээд Мөнхбаярыг авч гарсан. Дараа нь цагдаа ирээд Мөнхбаярыг аваад явсан. Мөнхбаярын ээж намайг чиний подволк ямар үнэтэй юм бэ? яахаараа хүүхэд цагдаад өгөөд явуулчихаж байгаа юм гэж хэлсэн. Миний гар хугарсан байсан. Толгой байнга өвддөг. Түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ажилдаа эргэн орж чадаагүй. Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна гэв.
Гэрч Х.Ширэндэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ном зардаг түцэнд Ч.Эрдэнэбаяр, Б. Мөнхбаяр нар согтуу орж ирсэн. Үгийн солиогүйгээр хүүг минь зодож эхэлсэн. Та нар битгий зод гэж гуйхад үргэлжлүүлэн зодсон. Миний хүүгийн өмсөж байсан макаар боогоод газар чирсэн гэв.
Хохирогч Б.Баатарзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…2017 оны 09
дүгээр сарын 19-ний өдөр би 12 цагт өөрийн номын дэлгүүрт байж байхад гаднаас Эрдэнэбаяр, Мөнхбаяр нар согтуу орж ирсэн юм. Тэгэхэд Мөнхбаяр нь над дээр байгаа Баавай гуай номын цагаан буянд чи сэхэж байна даа гэсэн үг хаясан үг хэлэхээр нь би босоод чи яагаад хүн гуайлаад байгаа юм бэ гэсэн чинь Мөнхбаяр шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гарын мушгиад тавиулах гээд ноцолдож байхад Эрдэнэбаяр хажуунаас зүүн чамархай хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би яаж байна гээд Эрдэнэбаяр руу эргэх гэтэл Мөнхбаяр миний хүзүүнээс намайг боосон. Тэгэхэд Эрдэнэбаяр хажуу талаас зүүн чамархай руу дахин гараараа цохисон. Тэр үед би манараад явсан. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэхэд Эрдэнэбаяр хүнтэй мэндэлдэггүй хэн бэ чи гээд байсан. Тэгэхэд манай хадам ээж Ширэндэв бүгдийг хараад зогсож байсан. Тэгээд би Мөнхбаярыг тавилдаа гээд хэлэхэд миний футболкийг ураад тэрүүгээр намайг боогоод байсан. Тэгээд би ухаан самуурсан. Тэгээд нэг сэрэхэд би Эрдэнэбаярын дээр нь араас Мөнхбаяр миний араас боосон хэвээр байсан. Тэгээд бид нар босоод байж байтал Эрдэнэбаярын эхнэр Болор орж ирээд чи тархины өвчтэй хүн зодоод байна гэхээр нь би зодоогүй зодуулаад байж байна гэсэн. Тэгсэн чинь Болормаа чи эхлээ биз гээд нүүр самардах гээд байхаар нь би арагш ухарсан чинь Болормаа миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд хажуунаас Эрдэнэбаяр дахин намайг цохиж эхэлсэн. Тэгсэн хажуу талаас Мөнхбаяр бас миний толгой руу цохисон…” гэсэн мэдүүлэг. /хх-10-11/,
Яллагдагч Ч.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн: “…Би Батзоригийг боль хөгшөөн гээд салгах гээд боль хөгшөөн гээд гарыг нь салгах гэтэл Батзоригт надруу эргэж хараад би шанаа руу нь цохисон юм. Мөнхбаяр Батзоригийг цохисон байх…” гэсэн мэдүүлэг. /хх-18/,
Гэрч X.Ширэндэвийн: “..Манай хүргэн Баатарзориг чи юу гээд байгаан бэ гэж хэлэхэд Мөнхбаяр Баатарзоригийн цамцны энгэрээс зуураад заамдсан. Тэр үед Эрдэнэбаяр нь миний мэндийг мэдээд байж байсан ба маргааныг хараад шууд Мөнхбаяр, Баатарзориг хоёр дээр очоод Баатарзоригийг түрүүлж зодсон. Миний харсанаар Баатарзоргийн толгой хэсэгт нь Эрдэнэбаяр нь гараараа цохиод байсан. Тэгээд Баатарзориг нь Эрдэнэбаярыг бариад авсан. Тэгэхэд Мөнхбаяр сулараад Баатарзоригийн толгойруу нь гараараа цохиод өмссөн байсан майкаар нь хүзүүг нь ороогоод газарт унагаад чирсэн. Тэр үед Баатарзоригийн царай сонин болоод газарт байж байхад тэр хоёр бие рүү нь өшиглөөд байсан. Тэгтэл Баатарзориг нь газарт унасан байж байгаад босож ирээд тэр хоёртай хоёулантай нь барилцаад авсан." гэсэн мэдүүлэг. /хх-20/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №11938 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Гэрч Ц.Болормаагийн: “…би Эрдэнэбаярыг дээш босготол Мөнхбаяр, Баатарзориг 2 баруун хойд буланд зодолдоод байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-24/
Шүүгдэгч Ч.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-44-48/,
Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-49-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М, Ч.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М, Ч.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний хажууд байрлах Номын павилон дотор хохирогч Б.Баатарзоригийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Баатарзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “…Мөнхбаяр шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гарын мушгиад тавиулах гээд ноцолдож байхад Эрдэнэбаяр хажуунаас зүүн чамархай хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би яаж байна гээд Эрдэнэбаяр руу эргэх гэтэл Мөнхбаяр миний хүзүүнээс намайг боосон. Тэгэхэд Эрдэнэбаяр хажуу талаас зүүн чамархай руу дахин гараараа цохисон. Тэр үед би манараад явсан. ...нэг сэрэхэд би Эрдэнэбаярын дээр нь араас Мөнхбаяр миний араас боосон хэвээр байсан. ...Эрдэнэбаяр дахин намайг цохиж эхэлсэн. Тэгсэн хажуу талаас Мөнхбаяр бас миний толгой руу цохисон…” гэсэн мэдүүлэг. /хх-10-11/,
гэрч X.Ширэндэвийн: “...Мөнхбаяр, Баатарзориг хоёр дээр очоод Баатарзоригийг түрүүлж зодсон. Миний харсанаар Баатарзоргийн толгой хэсэгт нь Эрдэнэбаяр нь гараараа цохиод байсан. ...Мөнхбаяр сулараад Баатарзоригийн толгойруу нь гараараа цохиод өмссөн байсан майкаар нь хүзүүг нь ороогоод газарт унагаад чирсэн. ...газарт байж байхад тэр хоёр бие рүү нь өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-20/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №11938 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “…Б.Баатарзоригийн биед тархи доргилт, баруун гарын 5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. … гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-29/,
Гэрч Ц.Болормаагийн: “…би Эрдэнэбаярыг дээш босготол Мөнхбаяр, Баатарзориг 2 баруун хойд буланд зодолдоод байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-24/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.М, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М, Ч.Э болон шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах”,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Хийсэн үйлдлээ ухамсарлаж, нэхэмжилсэн мөнгийг тухай бүрт нь өгсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, олон ам бүл тэжээдэг. Хохирол төлбөр төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М, Ч.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Ч.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
2.Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.М, Ч.Э нар нь хохирогч Б.Баатарзоригт хохиролд нийт 2.470.000 төгрөгийг төлсөн байх ба төлөгдсөн хохирлын талаар шүүгдэгч, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь маргаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд гэм хохирын хохирлыг хохирогчид төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан байна.
Шүүгдэгч нарын гэм буруу хуульд зааснаар хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.
Гэвч хавтаст хэрэгт хуулийн шаардлага хангаагүй, уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй, мөн цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө гаргаж өгсөн баримтууд хавсаргагдсан байх тул уг хохирлын баримтуудыг хохирогчийн нэхэмжилж буй хохирлын дүнгээс хасч тооцох үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Баатарзориг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа хууль зүйн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М, Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.М, Ч.Э нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
Б.М, Ч.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.М, Ч.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б.М, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
6. Хохирогч Б.Баатарзориг нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг хууль зүйн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэг нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7. Б.М, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.М, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР