Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2024/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ү.Ганбаяр,

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагч Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нь тус шүүхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Ү.Ганбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харчин-Урианхай овгийн Үнэнчийн Ганбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэргэлэн сумын Засаг даргын А/319 Захирамжаар тус аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгийн орчим дэд бүтэц сайтайг бодолцон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул өртөөнд байрлах Керамзитын үйлдвэрээ шилжүүлэн байрлуулахаар энэхүү газрыг эзэмшүүлэх захирамж гаргуулж, үйлдвэр шилжүүлэн байгуулах, Байгаль орчны хянан баталгаажилт, газрын кадастр хийлгэхээр жил бүр газар эзэмшсэн төлбөрийг хугацаанд нь төлж байсан. Төрийн байгууллагын залгамж чанар, уялдаагүй гаргасан шийдвэрүүдээс тус бүсэд баригдах 5 дугаар Дулааны Цахилгаан Станц барих асуудал, нефть боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшлогдсоноос шалтгаалан үйлдвэр нүүлгэн шилжүүлэх ажил удааширч байна. Энэ үед Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр бидний газрыг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 4.2.6 дугаар заалт, 13 дугаар зүйлээс 28 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 18 дугаар зүйл 18.3 дахь заалтыг зөрчин иргэн Харчин-Урианхай овгийн Үнэнчийн Ганбаярын иргэний үнэмлэхийн регистрийн дугаарыг буруу бичиж, газар эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшигчийн хаягийг зориуд санаатайгаар буруу бичсэн үүнийг нь засах гэж удаа дараа Сэргэлэн суманд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос очин шаардахад ... засчихна, яасан сүртэй юм бэ, хүн л юм чинь алдаа гаргаж болно биз дээ ... гэж хариу өгч байгаад хувийн тааламжгүй харилцаа үүсгэсэн. Гэтэл үүнээс өмнө 2023 оны нэгж талбарын 4109048533 тоот эзэмших газрын төлбөрийг төлүүлж авсан хэрнэ 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Зууны мэдээ сонины 145 дугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтаар сонсгох ажиллагаа хийгдсэнийг болон газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг е-газар цахим хаягаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэв. ... Иймд дээрх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харчин-Урианхай овгийн Үнэнчийн Ганбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг Улаанбаатар хотын ойролцоо байгаа керамзитын үйлдвэрээ шилжүүлэн авахаар энэ газрыг авсан. Нэхэмжлэлд дурдахдаа яагаад илт хууль бус гэж үзэж байна вэ гэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан мэдэгдэх зарчмын талаар заасан. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар заасан. Үүнийг зөрчөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, бусдын хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй зүйл гаргаж байна. Яагаад бусдын эрх ашигт хандах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг шалтгаан нь Захиргааны ерөнхий хуулийн 13-27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэргийн оролцогчийн эрх зүйн өмнөх 4 дэх зарчимтай адилхан хэргийн оролцогчийн сонсох ажиллагааг огт хийхгүйгээр үйл ажиллагаа, захиргааны шийдвэр гаргасан. Ингэж гаргаснаар тухайн Улаанбаатар хотыг керамзитаар хангаж байгаа цорын ганц үйлдвэр болох бүх барилгуудын дээврийн дулаалга, шалны дулаалга керамзитын үйлдвэрийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах шийдвэр гаргаж байна. Улаанбаатар хотыг утаагүй болгох Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2017 онд Улаанбаатар хотоос 4 дүгээр зөрлөгийн чиглэлд гаргасан. Манай үйлдвэрийн зорилго, үйл ажиллагаа нь 1200 градусын өндөр температурыг гаргаж, элсийг шатааж, хөөлгөн барилгын дулаалгын материал хийдэг. Барилга гэдэг үндсэндээ эдийн засгийн үндсэн, эх барилга сэргэвэл эдийн засаг сэргэдэг, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн сэргэлтийн үйл ажиллагаанд манайх чухал ач холбогдолтой байдаг. Ийм том үйлдвэрийн сонсох ажиллагааг хийгээгүй гээд бид нар шалтаг асуугаагүй байна. Энэ газрыг хүчингүй болгож байгаа нь тухайн үйл ажиллагааны цаашдын үйл ажиллагаанд хортой үр дагавартай байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-т зааснаар захирамжийг үндэслээд гаргасан байдаг. 40.1.6-т тухайн газраа хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх шийдвэр гаргасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан бол өнөөдөр бүх мэдээллийн хэрэгслүүдээр ч явагдаж байгаа. Монгол хүн болгон эдийн засагтайгаа амин холбоотой байдаг учраас бүгд мэдэж байгаа. Монгол Улсын Засгийн газар 2015 онд 5 дугаар цахилгаан станц Хөлийн голын дулааны цахилгаан станц буюу манай үйлдвэрээс 7 км газарт 5 дугаар цахилгаан станцаа барина. Нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хуралдаад энэ үйлдвэрээс гаргасан үнс, үнсэн болон дулаанаар ашиглаж болох техник эдийн засгийн үндэслэл гаргаж явсан. Харамсалтай нь Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаагүй. Хөлийн голын 5 дугаар цахилгаан станц удаа дараа хойшилж, манайхаас шалтгаалахгүйгээр улс орны хэмжээтэй үйл ажиллагаа хэрэгжихгүй байгаагаас болсон. Ү.Ганбаяр захиралтай New sever компанийн ажиллагаа биш тэнд байгаа Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрынхан нэн сайн мэдэж байгаа, хэргийн газарт үзлэг хийсэн. Тухайн газарт ямар ч цахилгаан очоогүй. Цахилгаан очоогүй байгаа тохиолдолд тэнд үйлдвэр, үйлчилгээ явуулна гэдэг бол бидний хэр мэдлээс давсан асуудал. Нэгдүгээр асуудал нь, сонсох ажиллагааг хуулийн 4, 13-26-г хийсэн бол бид нар энэ үйл явдлыг тодорхой ярих байсан. Нөгөө талдаа, дараагийнх нь 2021 онд Монгол Улсын Засгийн газар Даланжаргалан суманд нефть боловсруулах үйлдвэр барина гээд, энэ үйлдвэрээс гарсан хий, хийн бүтээгдэхүүн нефтийн мазутыг манайх хэрэглэх ёстой. Нөгөө үндсэн түүхий эд нь тэнд зогссон. Энэ нь Ковид-оос болоод зогссон. Энэ нь манай ялан давшгүй хүчин зүйл болсон. Түүнээс зүгээр хашаалаад амралт, сувиллын газар болгох гээд хашаалчихаад газар дамлаад, зараад сууж байгаа биш. Ү.Ганбаяр захиралтай New sever компани бол Монгол Улсын Улаанбаатарын зах зээл дээр монопол байдалтай 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Харамсалтай нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрынхан газрын гэрээ хийж, гэрчилгээ гаргахдаа төр өөрт байгаа нотлох баримтыг хэрэглэгчээс шаардахгүй гэж хэлсэн атлаа тэмдэглэж авсан газар эзэмшигчийн хаяг, дугаар, регистрийн дугаарыг алдаатай бичсэн. Удаа дараа асууж очиход харь газар нууц албанд байгаа албан хаагч шиг мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байсан. Түүгээр ч зогсохгүй удаа дараа Төв аймгийн Газрын албаны н.Жавзандолгороос газрын төлбөр төлсөн баримтуудаа шаардахад шүүхдээд ав гэж хэлсэн. Энэ нь төрийн албаны нээлттэй байх, ил тод байх зарчим, нийт төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, Төрийн албаны тухай 74 зүйл заалттай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар заалтыг илт зөрчсөн. Ү.Ганбаярын газрын эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ адилхан эрхтэй байхад цуцлаагүй хэр нь цуцлагдсан газар дээр нь маргааш нь зарна гэж сошиал медиад тавигдсан байсан. Хавтаст хэрэгт энийг шаардаж авахуулах хүсэлтээ танилцуулсан. Бид нар энийг Авлигатай тэмцэх газарт энэ хүний үг, үйлдлийн талаар газар зарж байгаа талаас нь өргөдөл, гомдлоо өгөөд шалгуулж эхэлж байгаа. Хоёрдугаарт, сонсох ажиллагаа хийгээгүйгээр удаа дараа мэдээллийн нууцад нууж өгчихөөд шүүхээр шийдүүл гэж байгаагаас болоод гадаадын хөрөнгө оруулалттай барилга барих, зөөх, Хонхорт байрлаж байгаа 1200 градустай үйлдвэр, зуух ажиллуулах газар бүтэн жилээр зогсож байна. Түүгээр ч барахгүй, энэ жил Улаанбаатарын бүсэд Улаанбаатарын захирагчаар нүүрс шатаах, түүхий нүүрс оруулж ирэх бүс дотор орсон учраас манай үйлдвэр өнөөдрийн байдлаар энэ захирамжаас болоод зогсонги байдалтай байна. Ийм хор хохирол учруулж байгаа учраас нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн 2 дахь хэсгийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах гэж заасан. 20.1, 2-т сонгохдоо захиргааны байгууллага буруу гаргасан гэж үзэж байна. Яагаад гэхээр, 20 ба түүнээс дээш этгээдийг сонсгоно гэх. 20-с дээш олон хүнтэй орон сууц байхад. Нэг дор, нэг захирамжаар нэг гаргадаг болохоос биш сонингоор нэг хүнд мэдэгдэх биш. Ү.Ганбаяр гэх хүнтэй 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ганцаарчилж хэлсэн зүйлд сонсох ажиллагаа хийж сонингоор зарласан. Энэ бол хууль зөрчиж байна. Яагаад гэхээр, ганцаараа. Олуулаа биш, 20-лаа биш. Хоёрдугаарт, 27.2.2-т заасныг хэрэглэхдээ 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсохоор бол мэдээллийн хэрэгслийг ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглана гэж. 20-с дээш бол мэдээллийн хэрэгсэл ашиглана. Гэхдээ мэдээллийн хэрэгсэл ашиглахдаа яах вэ гэхээр дараах шаардлагыг хангана. Нэгдүгээрт, 27.3-т сонсох ажиллагаа явуулах журам. Нийтээрээ явуулах юм уу. Ганцаарчлан уулзах юм уу. Хурлаа хийх юм уу. Эсхүл харилцан ярилцах юм уу. Ажиллагааг явуулах газраа хэлнэ. Төв аймгийн Сэргэлэн суманд явуулах юм уу. Төв аймгийн Төв дээр явуулах юм уу. Хурлын зааланд явуулах юм уу. Засаг даргын өрөөнд явуулах юм уу. Газрын даамлын өрөөнд явуулах юм уу. Он, сар, огноо, дугаар байрлалыг заана. Энэ дарааллын талаар ийм мэдээлэлтэй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах ёстой байтал зүгээр зарлаад ниргэсэн хойно хашхирав гэдэг шиг танайхыг цуцалсан гэсэн зарыг явуулаад сонсох ажиллагаа хийсэн мэт төсөөлж, бодож, ярьж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. 27 дугаар зүйлийн 27.2-ыг хууль зөрчиж хэрэглэчихээд 27.3-ын мэдээллүүдийг тусгаагүй. Эх нь булингартай бол адаг нь булингартай. 3-ыг зөрчсөн учраас 4 байхгүй. 27 дугаар зүйлийн 27.4-т сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад хэлбэрээр гэж заасан. Аль нь ч хийгдээгүй. Хавтаст хэрэгт авсан материал байхгүй. Тэгэхээр сонсох ажиллагаа хийгдээгүй гэсэн үг. 27.6-т сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасан. Хавтаст хэрэгт байхгүй. Хариу өгөөч гэхэд өгөөгүй. Зөвхөн сонин дээр бичсэн зарлалаар сонсох ажиллагаа гэж ойлгоод яриад хүний эрх, эрх чөлөөнд халдаад газар дамлаад, газар дамлан зарж мэргэшээд төрийн албанд өргөсөн тангаргаа зөрчөөд байна. 27.7-т Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Тайлбарлан танилцуулаагүй байна. Ингэж хуульд заасан сонсох ажиллагааны арга хэлбэрийг зөрчсөн. Та нар ийм ажиллагааг хийсэн байна гэж ярихаар ямар сүртэй юм, бид нар шүүх дээр тайлбараа өгнө. Та нартай уулзахгүй гээд тэнгэрийн амьтан шиг ярьдаг. Зөвхөн Засаг дарга, шүүхийг сонсдог байдлаар хандаж, хууль бус ажиллагаа хийж байгаа. Энэ бүгдийг харахаар, 47 дугаар зүйлийн хуульд заасан үндэслэлгүйгээр хувийн эрх, эрх чөлөөнд халдсан учраас 47.3 захиргааны хууль бус акт гарсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус, захиргааны акт хүчин төгөлдөр бус тул гомдол гаргадаг учраас гаргасан. Монгол төрийн албан хаагч, Монгол Улсад үйлчилж байгаа 871 хууль, дүрмийг бүгдийг нь дагаж биелүүлнэ гэж тангараг өргөсөн байдаг. Тэр дотроо Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтууд, тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2023 оны тусгай зөвшөөрлийн тухай хуульд хүртэл аливаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны шаардлагад халдах, хөндөх тохиолдолд заавал түүнд мэдэгдэж эрхийг хангана гэж. 2015 оны Захиргааны ерөнхий хуулийн 4-т зарчим гэж заасан. Зөвхөн Газрын тухай хуулийг биелүүлээд, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Засаг даргын үйл ажиллагааг /эрх, үүргийг/ томьёолж өгсөн байхад тэр дээр өөрийн сайн дураараа газар цуцлах эрхийг олгоогүй, харин 40 дүгээр зүйлд зааж өгөхдөө Газрын тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн гэж, удаа дараа ноцтой зөрчсөн гэдгийг яаж илрүүлж олсон бэ гэдэг тайлбарыг Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаад, энэ талаарх материалаа гаргаад авч ирж өгөөч гэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлд зааснаар ийм материалыг танайхаас шаардсан. Танайх захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлж, биелэгдсэн зүйл байхгүй. Өнөөдөр газрын хувийн хэрэг, ганцхан төлсөн баримттай хүрч ирсэн байна. Шүүхийг ч хүндлээгүй, иргэнээ ч хүндлээгүй, та нар хуулийн дээр гишгэсэн байна. Ийм юм яриад Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийсэн гээд зогсож байна. Мэдэгдэнэ гэх тэр дээрээ 4 сар, 6 сарын дотор гэсэндээ биш. Хаана, хэзээ, хэдэн цагт яаж хийх талаар тодорхой дараалан гээд хууль дээр ширхэгчлээд заагаад өгсөн. Түүнээс биш 4 сар удааж, удсаныг хожсонд тооцоод байгаа юм биш. Хуульчлаад өгсөн. Захиргааны байгууллагын мэдэгдэх зарчим байгаа. Мэдэгдсэн зарчим чинь буруу. Хууль зөрчсөн байна гэдгийг хэлээд байна. 27.3-т үг, үсэггүй заагаад өгсөн байна. Энийг яагаад биелүүлээгүй вэ гэдгийг ярьж байгаа болохоос биш мэдэгдсэн, харин ч та нар 4 сарын хугацаа хожсон гэж. Хэрвээ хуулиа дагаад, хуулиа бариад 47.1.6-т хуульд заасан үндэслэл байна уу гэдэг нь энд байгаад байна. Бүх хуулийг биелүүлэх ёстой, тэр хүний эрх ашиг, хууль ёсны эрх ашгийн хувьд хуульд заах үндэслэл нь юу вэ гэхээр, оролцоог нь хангах гэж байна. Оролцоог нь хангаагүйгээр, эрхэндээ найдаад, хүний эрх ашгийг хохироогоод нэг иргэн биш цаана нь бүхэл бүтэн Монгол Улсыг барилгын материалын дулаалгаар хангадаг үйлдвэрийн хувь заяатай холбоотой асуудлыг ингэж шийдсэн. Тэр газар тоггүй байсан. Тэр газар компьютер асаахад бүгдээрээ 2017 оноос өмнөх газарт бүгд л хашаа бариагүй, хоёрхон хашаа барьсан байсан. Ардын хүүг алаг үзэж болдог юм уу. Энийг л ярьж байна. Энэ нь хуульд зааснаар илт хууль бус байна. Хэн ч харсан илэрхий байна. Хүнийг алаг үзээд, дээрэлхээд, ганц иргэнийг мэдээлэлгүйгээр уулзахгүйгээр энэний газрыг зарж болох юм байна, энийг дээрэлхэж болох юм байна. Макс-ын газрыг болохгүй, цаана байгаа морин тойруулгын баячуудын газарт ойртож болохгүй, энэ лам нь хараана, ерөөнө гээд тэднийг яагаачгүй. Ганцхан иргэн рүү халдсан. Нэхэмжлэгчийг төлөөлж оролцож байгаагийн хувьд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын үзэл баримтлал, огтлолцол дээр дүгнээд хэлэхэд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ялангуяа Газрын албаны байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 13-27 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн оролцох зарчим Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл мэдэгдэх зарчмыг огт мэдэхгүй, хэрэглэдэггүй, хэрэглэж хэвшээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын харилцан мэтгэлцэх журмаар харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т тодорхой нэг бүрчлэн заасан. Тухайн газрыг хэзээ, хаана, хэдэн цаг, хэдэн минутад, ямар зааланд, ямар аргаар, яаж хийж, хэнтэй, хэрхэн ямар асуудлыг хэлэлцэх талаар тодорхойлохоос биш та нарын газрыг цуцаллаа гэж зараар бичсэн, энэ дээр захиргааны байгууллага алдаа гаргасан. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т илт хууль бус захиргааны акт гээд энэ тайлбарыг гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 2012 онд гаргасан тайлбар толь дээр илт хууль бус захиргааны акт гэдгийг хуулийн мэдлэг боловсролгүй хүн уншиж ойлгоход илт хууль бус нь мэдэгдэж байвал энэ бол илт хууль бус гээд тодорхой Ханнс-Зайделийн сангийн эрдэмтэн, докторууд тайлбарлаад танилцуулсан байдаг юм байна лээ. Энэ илт хууль бус нөхцөлийг хангаж байгаа хамгийн эхний тодорхой зүйл бол тухайн мэдэгдсэн зарлал дээр байгаа нэхэмжлэгч Ү.Ганбаярын овог, регистрийн дугаар, гэрийн хаяг алдаатай байхаас гадна хамгийн чухал мэдээлэл болох иргэний мэдээлэл, регистрийн дугаар буруу. Регистрийн дугаараар мэдэгдсэн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, хэргийн газрын үзлэг хийгээд талууд бүгдээрээ очсон. Цахилгаангүй байсан. 50 хүнтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоо байхгүй. Хэрвээ бид нарын хүсэл зоригийг хүн гэж тоогоод ярьсан бол Хөлийн голд барих 5 дугаар цахилгаан станц Дорноговь аймагт байх нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа буюу улс орны төлөвлөгдсөн ажил амьдралтай шууд холбоотой учраас нэхэмжлэгч хийж дийлэхгүй, Газрын тухай хуулийн тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нотлох баримт Захиргааны ерөнхий хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд байгаа. Танай Тамгын газарт багтахааргүй баримт байлаа. Бид олж уулзаж чадаагүй зугтсан. 33 дугаар зүйлд заасан энэ зүйл заалтыг өнөөдөр хүртэл ойлгоогүй явж байна. Өмчлөгч хянан баталгаажилтыг эхний удаа гаргаж өгнө. Дараа нь 5, 5 жилээр эзэмшигч өөрөө мөнгөө төлөөд гаргана. Шударгадаа биш. Мэдээллээ өгөх гээд. Энэ хянан баталгаажилт байж цааш техник эдийн засгийн үндэслэлтэй ТЭЗҮ болсон бол нөлөөлөх байдлын үнэлгээгээр олон олон зүйлийн суурь болдог. Хүний толгой дээр байгаа өвсийг хараад, өөрийн толгой дээр байгаа тэмээг харахгүй гэж. Дээд тал нь ч суудлаа олохгүй, доод тал нь гүйдлээ олохгүй гэж. Төр өөрт байгаа хамгийн чухал эрхэм үүргээ биелүүлж, газрын хянан баталгаажилт хийгээгүй учраас бусад ажлууд бүгд зогсож байгаа. Ардын хүүхдийг алаг үзээд, н.Батцэцэгийг өршөөж үзээд, дараа нь болох гэж байгаа гээд, азгүйгээр нь Ү.Ганбаяр баригдчихлаа гээд зогсож байгаа нь төрийн албаны мерит шударга байх, ил тод байх зарчимд огт нийцэхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Илт хууль бус шаардлагад хариу тайлбар хэлье. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тодорхойлсон. 47 дугаар зүйлд ямар ямар захиргааны акт гаргавал илт хууль бус болох вэ гэдгийг бүгдийг нь тодорхойлж бичсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 47.1.6-г илүү нарийвчлан авч үзэж байгаа юм шиг байна. 47.1.6-т иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй гэж байх шиг байна. Сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах эрхтэй. Энэ эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд Засаг даргын эрх хэмжээг заасан. 66 дугаар зүйлийн 66.3-т Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжид зааснаар захирамж гаргах эрхийг тодорхойлж өгсөн. Түүнээс гадна иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэхээр Засаг даргад өөрт нь захирамж гаргах эрх байгаа. Хуульд заасан үндэслэл нь гэвэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр тухайн газар дээрээ 2 болон түүнээс дээш жилийн хугацаагаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэр эрхлээгүй, хашаа хороо бариагүй, цэг тэмдэглэгээ юу ч тавиагүй. Ямар ч ажиллагаа хийгээгүй болохыг шүүгч болон нэхэмжлэгч, хариуцагч бүрэлдэхүүнээрээ очиж харсан. Хавтаст хэрэгт юу ч хийгээгүй гэдгийг тодорхойлсон нотлох баримтууд шүүхийн үзлэгээр, зураг хөрөгтэйгөө баримтжуулан хавсаргагдсан. Засаг даргад тухайн захиргааны актыг гаргах эрх байсан уу гэвэл хуульд заасны дагуу эрх олгогдсон. Үндэслэл нь юу вэ гэхээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон 40.1.1-т заасан үндэслэлүүдийг баримталсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-т заасан заалтуудыг өнөөдөр Монгол Улс даяараа хүчин төгөлдөр мөрдөж байгаа хүчинтэй эрх зүйн акт гэж ойлгож байна. Хоёрдугаар үндэслэлийн тухайд, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн, түүнээс гадна манай газрын даамлуудын ёс зүйтэй холбоотой асуудлууд явж байх шиг байна. Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, биелүүлдэггүй гэсэн олон асуудлууд ярьж байх шиг байна. Газрын даамалтай холбоотой асуудлыг та зохих хуулийн дагуу хуулийн байгууллагад шалгуулаад энэ ажиллагаа байгаа эсэх талаар, ёс зүйн зөрчил гаргасан уу, гаргаагүй юу, эсхүл газар дамлаж байгаа юу, дамлаагүй юу гэдгийг хянуулж болно, энд хэлэлцэх, ярилцах боломжгүй. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хянан шалгуулах ажиллагааг хийж болно гэж хэлмээр байна. Сонсох ажиллагааны тухайд, Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс нийтдээ 41 иргэн, хуулийн этгээдэд хандан мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлдээ Зууны мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 41 иргэн, аж ахуйн нэгжийн мэдэгдэл зарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танай газар цуцалсан шүү гэдэг мэдэгдэл гаргасан гэж тайлбарлаад байна. Манайх 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цуцлах нөхцөл бүрдсэн гэдгийг зарласан. Ингэж зарласнаас хойш 4 сарын дараа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн газрыг цуцалсан захирамжийг гаргасан. Та буруу ойлголттой яваад байх шиг байна. Сонинд зарлуулсан зар бол цуцлах нөхцөл бүрдсэн байна гэдгийг урьдчилан мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 болон түүнээс дээш этгээдийг сонсохоор бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж болно гэсэн заалтын дагуу сонинд зарлуулж мэдээллэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ерөнхийдөө ялгавартай хандсан гэж тайлбарлаад байх шиг байна. Ялгавартай хандсан гэсэн зүйл байхгүй. Та морин тойруулга, суварга гэж байгаа боловч тэд хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаад явж байгаа. Бид нар үндэслэлдээ, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил болон түүнээс дээш жил ашиглаагүй бол цуцална гэж заасан. Гэтэл таны харьцуулан яриад байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ газар дээрээ зохих ёсны дагуу ажиллагаагаа хийгээд, үйл ажиллагаагаа явуулаад ашиг орлогоо олоод, татвар хөлс мөнгөө төлөөд явж байгаа газрууд байгаа. Нөгөө талаас, сонсох ажиллагааг хийгээгүй, мэдэгдээгүй гэж байна. Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээн дээр газар эзэмшигч өөрөө өөрийнхөө хаяг, утасны дугаар, тодорхой өгнө мэдээллүүд нь өөрчлөгдөх юм бол газар эзэмшүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Тэнд заасан үүргийн дагуу хэрвээ мэдэгдсэн бол таны мэйл хаягаар эсхүл утасны дугаараар шаардлагатай мэдээллүүдийг манай газрын даамалд явуулах боломжтой байсан гэж хэлмээр байна. Өмнөх мэдээллүүдээ аваад, ажиллагаануудыг хийгээд явж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд зөндөө байгаа. Тийм учраас та бүхэн Газрын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил болон түүнээс дээш жил болсон учраас газар эзэмших эрхийг цуцалсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захирамж. Нэхэмжлэлийн шаардлага нь. Энэ шаардлагын хүрээнд 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гэж сая нэмж тайлбарлаад байх шиг байна. Утга агуулгын илэрхий алдаатай эрх зүйн акт гэдэг нь тухайн захиргааны байгууллага эсхүл албан тушаалтны хүсэл зориг, тухайн актууд нь бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, эсхүл актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдохоор заасан эрх зүйн акт гарвал энийг утга агуулгын илэрхий алдаатай гэж ойлгоно. Маргаан бүхий захиргааны актад манай хүсэл зориг агуулагдсан, ямар нэгэн хоёрдмол утгаар ойлгогдохоор тийм зүйл заалт, зохицуулалт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий захиргааны акт: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн нэхэмжлэгч Ү.Ганбаярын эзэмшиж байсан тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт 2.5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.[1]

Хоёр. Үүнд, нэхэмжлэгч талаас Нэгдүгээрт, хариуцагчийг захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар явуулаагүй, сонсох ажиллагааг хуулийн 4 зүйл, 13 дугаар зүйлээс 27 дугаар зүйлд зааснаар хийсэн бол бидний хэр, мэдлээс давсан улс орны хэмжээтэй үйл ажиллагаа хэрэгжээгүй, цахилгаан очоогүйгээс шалтгаалж газраа ашиглах боломжгүй талаар тайлбараа гаргах боломжтой байсан. Хоёрдугаарт, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хуульд заасан үндэслэл байгаагүй, хувийн эрх, эрх чөлөөнд халдсан. Гуравдугаарт, гаргасан акт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, иргэний регистрийн дугаарыг албаар алдаатай бичиж гарсан. Хариуцагч Захиргааны ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Тусгай зөвшөөрлийн хуулийг зөрчиж илт хууль бус акт гаргасан гэж, хариуцагч талаас нэхэмжлэгчээс Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Илт хууль бус акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар ямар акт гаргавал илт хууль бус вэ гэдгийг тодорхойлсон. Нэхэмжлэгчээс хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрсөн гэж байна. Харин Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж захирамж гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай акт гарсан гэдэг нь албан тушаалтны хүсэл зориг, актын агуулга гүйцэт илэрхийлэгдээгүй, эсхүл актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөн хоёрдмол утгатай ойлгогдохоор актыг ойлгоно. Энэ актад хүсэл зориг агуулагдсан, хоёрдмол утга агуулгын заалт байхгүй. Сонсох ажиллагааны тухайд, Засаг даргын Тамгын газраас нийт 41 иргэн, хуулийн этгээдэд хандан сонинд мэдээлэл гаргасан. Ингэж зарласнаас 4 сарын дараа захирамж гаргасан. Сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэсэн боловч газар эзэмшигч өөрөө хаягийн мэдээллээ өгөөгүй, мөн өөрчлөгдсөн бол газар эзэмшүүлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хэрвээ мэдээллээ мэдэгдсэн бол шаардлагатай мэдээллийг өөрт нь явуулах болж гарах байсан гэж тус тус маргажээ.

Гурав.Маргааны үйл баримтуудын талаар:

Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:

Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт байрлах 2.5 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- тус сумын газрын даамал нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 000703010 дугаартай гэрчилгээг бичиж, Газрын мэдээллийн шинэчилсэн санд нэгж талбарын дугаарыг 4109048533 гэж бүртгэсэн[2],

  • Сэргэлэн сумын газрын даамал нь Ү.Ганбаяртай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр №04167-2017/44956 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна[3].

3.1 Нэхэмжлэгчийн Сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс, хариуцагч акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчиж, иргэнд хандан сонсох ажиллагааг хуульд заасан арга журмын дагуу хийж, өөрт нь мэдэгдэх ёстой байсан ба уг мэдэгдэлдээ юуны тухай, ямар үндэслэлээр мэдэгдэж байгаа болон энэ талаар, тайлбараа хэзээ хаана гаргах талаар заавал мэдэгдэх үүрэгтэй байсан гэж маргах боловч хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж, авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр №04167-2017/44956 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч энэхүү гэрээнд өөрийн хаягийн мэдээллийг Газар эзэмшигчээр Үнэнч овогтой Ганбаяр, хаяг гэсэн хэсэгт нь Баянгол, 1-р хороо 2-р хороолол, Хатанбаатар С.Магсаржав гудамж, регистрийн дугаарт ХК69021816 гэж бичээд , Банк, дансны дугаар, Харилцах утас, И-мэйл хаяг гэсэн хэсгийн нь бөглөөгүй орхигдуулсан байна.[4]

Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн нэхэмжлэгчийн иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн хаяг нь Улаанбаатар, Баянзүрх, 7-р хороо, 15 хороолол, 30 байр 61 тоот гэж бичигдсэн боловч Шилжин ирсэн тухай тодорхойлолт гэсэн хаягийн тодорхойлолтод Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнеско гудамж, 26д байр, 3 тоот гэсэн хаягт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлтэй баримт[5]-аас үзвэл нэхэмжлэгч иргэн өөрөө хаяг солигдсон атал 2 сарын дараа дээрх газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа хаягаа буруу бичиж баталгаажуулсан болох нь нотлогдож байх бөгөөд үүнээс хойш хаягийн мэдээллээ газар эзэмшүүлэгчид мэдэгдэж, залруулаагүй байна. Үүнээс нэхэмжлэгч нь хариуцагчийг акт гаргахдаа өөрт нь тухайлан хаягаар нь сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй, улмаар хаягийн мэдээлээ өгөх үүргээ гүйцэтгээгүй буюу хаяг нь тодорхойгүй этгээдэд хариуцагч захиргааны байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргүүлэх үйлдэл хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс, хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмыг зөрчиж, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангахдаа, мөн хуулийн 13 дугаар зүйлээс 27 дугаар зүйлд зааснаар ажиллагааг хийж нэхэмжлэгчээс дээрх сонсох ажиллагаа хийгдэх, асуудал тодорхой тусгагдсан байх ёстой гэсэн асуудлаар үндэслэлдээ дурдсан бөгөөд үүнд мэдэгдлийн дагуу очих өдөр, цаг, хаяг, агуулгыг мэдэгдээгүйгээс оролцоог хангаагүй гэсэн боловч дээрхээс нэхэмжлэгч өөрөө хаягаа үнэн зөв өгөөгүй, улмаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаар 2017 оноос хойш гэрээгээ дүгнүүлж, гэрээний үүрэг болон хуулийн үүргээ биелүүлэхгүй байснаас хариуцагч уг асуудлаар тусгайлан мэдэгдэх байдлаар оролцоог хангах, мэдэгдэх боломжгүй байсан, улмаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хуульд заасан үндэслэл байгаагүй, хувийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчаас актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн болон 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэл болгон гаргасан байх бөгөөд энэ нь үндэслэл мөн эсэх, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан эсэхэд холбогдуулан үзвэл, хариуцагчаас нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй нь хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болно гэх тайлбарыг гаргасан нь уг гэрээнд ноцтой зөрчил болох талаар тусгайлан тодорхойлоогүй байх учир шууд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2017 оноос хойш 6 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...газрын үзлэгт талууд бүгдээрээ очсон, цахилгаангүй байсан, 50 гаруй хүнтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоо байхгүй, Хөлийн голд баригдах 5 дугаар цахилгаан станц, Дорноговь аймагт баригдах нефт боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа улс орны төлөвлөгдсөн ажил хийгдээгүйгээс нэхэмжлэгч газар дээрээ юм хийж дийлээгүй гэх тайлбар, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уг газар дээр нь очиж үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийг баримтжуулсан гэрэл зураг зэрэг баримт[6]-аар нэхэмжлэгч иргэн 2017 онд гэрчилгээ бичигдэж, гэрээ байгуулснаар эзэмших эрх авсан газрыг одоог болтол ямар нэгэн байдлаар огт ашиглаагүй байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд энэ зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасанд нийцсэн байна. Нэхэмжлэгч иргэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ авсан газраа маргаан бүхий акт гартал 6 жил огт ашиглаагүй болох нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдож байгаа бол дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хэрхэн хийсэн эсэхээс үл хамаарч, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцэж байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч бусад адил газрын эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, зөвхөн Ү.Ганбаярын газрыг цуцалсан нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж хариуцагчийг буруутган гаргасан үндэслэлд холбогдуулан үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан учир нэхэмжлэгч нь уг асуудал буюу хөрш зэргэлдээ газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй нь тэгш бус байна гэснээр шүүх энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэл гаргаагүй бусад этгээдийн газар эзэмших эрхийн харилцааг хянан шийдвэрлэх, дээрх баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэгчийн үйл баримтыг зөвтгөх бусад этгээдийн газар эзэмших эрхийг цуцлаагүй гэх асуудлаар барьцуулан нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргах эрхгүй юм.

3.3. Нэхэмжлэгчээс гаргасан акт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, иргэний регистрийн дугаарыг албаар алдаатай бичиж гарсан гэх үндэслэлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын кадастрын зураг болон Монгол улсын иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн регистрийн дугаар нь ХК69021816 гэж бичигдсэн[7] байх ба маргаан бүхий актад бичихдээ Үнэнчийн Ганбаяр гэж бичсэний ард регистрийн дугаарыг ХК69021813 гэж бичсэн[8] нь хамгийн сүүлийн тоон бичилтээр 6 гэсэн нь 3 гэж буруу бичигдсэн байх боловч энэхүү бичиглэлийн зөрүү алдаанаас болж маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж актын агуулга зорилго нь тодорхойлогдох боломжгүй, зорилгодоо нийцээгүй, агуулгын зөрчилтэй байхыг тодорхойлсон. Гэтэл маргаж буй уг акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гарсан акт бөгөөд тухайн газрынхаа хаяг байршлыг 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөгт байршилтай гэж, эзэмшигчийн овог, нэрийг Үнэнчийн Ганбаяр гэж, хэмжээг нь 2,5 га гэж, мөн тус газрыг эзэмшүүлэх эрх олгож байсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/319 тоот захирамжийг тус тус дурдан тодорхойлж хүчингүй болгохоор заасан нь тус газрыг тухайлан тодруулж, тодорхойлсон хэд хэдэн тодорхойлолтуудаас нэг тодорхойлолтын 10 ширхэг тэмдэгт бүхий бичиглэлээс нэг тэмдэгт бүхий бичиглэлийн тоог зөрүүтэй бичсэн нь актын агуулгыг өөрчилж чадахгүй байна.

Түүнээс гадна эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш жилийн хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй этгээдийн газар эзэмших эрхийг цуцлах эрхийн хүрээнд гаргасан акт байгаа учраас илт хууль бус актын агуулга байгаа гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчингүй болгох үндэслэл байхгүй эсэх талаарх нотолгооны ямар нэг зүйлийг гаргаагүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...хариуцагч нэхэмжлэгчид газрын хянан баталгааг гаргаж өгөөгүй, үүнээс болоод ажил хийж болохгүй байсан гэх тайлбарыг гаргасанд холбогдуулан үзвэл, Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах ... гэж, мөн зүйлийн 58.7-д Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн авч, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ авсан, харин 2022 оны 11 дүгээр сард 5 жил болсон нь нэхэмжлэгч өөрөө хийлгэх үүрэг хүлээнэ, нөгөө талаар нэхэмжлэгч иргэн нь тус газрыг анх удаа авсан бус эрх шилжүүлж авсан энэ тохиолдолд газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр хийлгэх байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэхүү үндэслэлийг шүүх хүлээн авах, хариуцагчийн эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн захирамж, Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус хүлээлгэсэн үүргийг өөрөө биелүүлээгүй, эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшигчийн хувьд өөртэй нь холбогдох, мэдэгдэл хүргүүлэх хаягаа үнэн зөв өгөөгүй болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... 5 дугаар цахилгаан станц баригдаагүй, Дорноговь аймагт баригдах нефть боловсруулах үйлдвэр нь ашиглалтад оруулах ажлууд нь Монгол улсын Засгийн газрын эрх хэмжээний асуудлын хүрээнд, биднээс хамаарахгүй шалтгаанаас хэрэгжээгүй учир шалтгаанаас манайх газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэсэн нь нэхэмжлэгч иргэнийг тус газраа зориулалтын дагуу ашиглаагүйд шууд хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, нэхэмжлэгч газар дээрээ бусад байдлаар бэлтгэл ажлаа хийх нь хэн нэгнээс хамаарахгүй байхаас гадна шүүхээс маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дугаар зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 58 дугаар зүйлийн 58.5, 58.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ү.Ганбаярын Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР