| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00703/И |
| Дугаар | 301/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00017
|
|
301/ШШ2025/00017 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Т сумын Х багт оршин суух Г овгийн Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг
Гуравдагч этгээд М.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.М нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би М.Б-тай 1999 оны 10 сарын 11-нд хуримаа хийж гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 онд охин Б.Н, 2006 онд хүү Б.М нар төрсөн. Малын А данс нөхөр М.Ба-н нэр дээр бүртгэлтэй байдаг. Би малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд М.Б-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд намайг М.Б-тай 1999 оны 10 сарын 11-ний өдрөөс 2006 оны 2 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 1999 онд Д.М-тай гэр бүл болж 2000 оны 7 сарын 08-нд охин Н 2006 оны 3 сарын 22-нд хүү М нар төрсөн. Бид 2006 онд гэр бүлээ батлуулсан. Миний эхнэр болон би өөрөө урд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй нь үнэн болно. 1999 оноос 2006 оны 02 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 156 тоот тодорхойлолт
- М.Б, Д.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 03-08/5864, 03-08/5865, 03-08/5866 тоот лавлагаа/
- Б.Н, Б.М нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Д.Мө-н хүсэлтээр Э.С, Д.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- М.Б, Д.М нарын гэрлэсний ХААТР-15 маягт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.М, Б.Н нарын төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 03-01/6449 тоот лавлагаа/
- М.Б, Д.М, Б.Н нарт холбогдох 2004 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл / Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 174 тоот/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.М-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор М.Б-тай 1999 оны 10 сарын 11-ний өдрөөс 2006 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан, Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 156 тоот тодорхойлолт, М.Б, Д.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 03-08/5864, 03-08/5865, 03-08/5866 тоот лавлагаа/, Б.Н, Б.М нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, М.Б, Д.М нарын гэрлэсний ХААТР-15 маягт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.М, Б.Н нарын төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 03-01/6449 тоот лавлагаа/, М.Б, Д.М Б.Н нарт холбогдох 2004 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл / Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 174 тоот/ худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заал Э.С, Д.Э нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “нөхөр Ч овгийн Мо.Б эхнэр Г овгийн Д.М бүртгэсэн он, сар, өдөр 2006-02-16” гэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар М.Б, Д.М нар гэрлэлтээ эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлсэн нь тогтоогддог боловч гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө буюу 2006 оноос өмнө гэр бүл болон амьдарч байснаа тогтоолгох хүсэлт гаргаж байна.
4. М.Б, Д.М нар 2006 оны 02 сарын 16-нд төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүл болж амьдарч байсан нь “эцэг Ч овгийн М.Б, эх Г овгийн Д.М хүүхэд Б.Н, ” гэсэн Б.Н, Б.М нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, төрсний ХААТР-11 маягт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Т сумын Х багт оршин суух М.Б тэргүүлэгч өөрөө, 1976 оны 5 сард төрсөн, нас-23, эрэгтэй, Д.М эхнэр, 1974 оны 11 сард төрсөн, нас-25, эмэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 03-01/6449 тоот лавлагаа, Б, М, Н нар нэг өрхөд бүртгэгдсэн талаарх М.Б, Д.М, Б.Н нарт холбогдох 2004 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл /Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 174 тоот/, гэрч Э.С-н “М.Б нь миний авга дүү. М.Б-н аав М нь миний ээжийн төрсөн ах. Д.М, М.Б нар 1999 оны 10 сард Архангай аймгийн Тариат суманд хуримаа хийж, гэр бүл болсон. Тэдний хуримд би оролцож байсан. Д.М, М.Б нар Б.Н, Б.М гэсэн хүү, охинтой. Охин Б.Н нь одоо 22 настай, Архангай аймгийн Цахир суманд ангийн хэлний багшаар ажилладаг. Бага хүү Б.М нь ээж Д.М, аав М.Б-тайгаа амьдардаг. Д.М, М.Б хоёр 1999 онд гэр бүл болохоосоо өмнө хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Д.М, М.Б хоёр гэрлэлтээ батлуулсан эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ы “Д.М нь миний хамгийн бага төрсөн дүү. Д.М, М.Б нар хориод жилийн өмнө Архангай аймгийн Тариат сумын Хорго баг, Гичгэнэ гэх газарт хуримаа хийж гэр бүл болсон. Д.М, М.Б нар охин Б.Н, хүү Б.М гэсэн хоёр хүүхэдтэй. Охин Б.Н нь одоо Архангай аймгийн Цахир суманд багшаар ажилладаг. Бага хүү Б.М нь оюутан. Д.М, М.Б нар гэр бүл болохоосоо өмнө хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Д.М, М.Б нар гэрлэлтээ батлуулсан эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар Д.М, М.Б нарын хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байна.
Иймд Д.М, М.Б нарыг 1999 оны 10 сарын 11-ний өдрөөс 2006 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Г овгийн Д.М Ч овгийн М.Б нарыг 1999 оны 10 сарын 11-ний өдрөөс 2006 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА