Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03697

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 02 181/ШШ2024/03697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.Б /... тоотод оршин суух, РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: "Б ХХК /С... өөрийн байр хаягт байрлах, РД:.../-д холбогдох,

 

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай Орон сууц худалдах худалдах авах гэрээ-ээс татгалзаж ... тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу ....орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Хариуцагчийн төлөөлөгч М.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ц.Б миний бие 60,835,000 төгрөгийг Г.Дгаас авахаар Дүүргийн иргэний хэргийн 2 шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийдвэр гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд Г.Д нь "Б" ХХК-ийн баригдаж буй барилгад 3 өрөө болон 1 өрөө орон сууцыг 100 хувь төлбөрийг төлж авсан байсны 1 өрөөний захиалгын гэрээг над руу шилжүүлж өөрийн өр төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан болно.

Ингээд миний бие 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр "Б" ХХК-ийн захирал М.Нтай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээ байгуулах үед тухайн барилга нь зөвхөн дотоод засал дутуу байсан учраас байнгын ашиглалтад орох хугацаагаа 2016 оны 1 дүгээр улирал гэж гэрээндээ тусгасан. Гэвч барилга ашиглалтад орохгүй удааширсан байдалтай байсаар 2016 оны 12 дугаар сар хүрч манай эхнэрийн биеийн байдал муудаж тухайн орон сууцыг авах боломжгүй болсон талаар захирал М.Нд хэлэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулаад чамд мөнгийг чинь төлье, эхлээд 15 сая төгрөг өгөөд маргааш үлдэх төлбөрийг өгье гэсэн боловч үүнээс хойш бүтэн 7 жилийн хугацаанд нэг ч төгрөг нэмж өгөөгүйгээр барахгүй очих бүрд өнөөдөр маргааш, байраа ашиглалтад оруулах гэж байна гэх зэргээр байнга худлаа хэлсээр өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байгаа нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байгаа бөгөөд Б ХХК-ийн захирал нь анхнаасаа төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан юм байна.

Иймд миний бие худалдах худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татгалзаж байх тул татгалзлын үр дагаварт өгсөн авснаа буцаах үүднээс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03/115а тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ....орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага урган гарч байна.

Нэгэнт Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ үйлчилж байгаа тохиолдолд гэрээний заалтын дагуу анз хэрэглэх үндэслэл үүсэж байгаа болно гэв.

 

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан тал нь бусдын өмчлөлд шилжүүлсэн байхыг биет байдлаар буцаан өгөх боломжгүй гэдэг зүйлийг ярьж байна. Иргэний хуулийн 205.2.2 дахь хэсэгт заасан үндэслэл нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн. Өнөөдөр өмчлөлд шилжигдээгүй гэж хариуцагч тал өөрсдөө тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ нь Барилгын тухай хуульд заасны дагуу Улсын комисс хүлээн авч байж энэ өмчлөлийн үйл баримт шийдэгдэнэ. Тэгэхээр энэ нь өмчлөлд шилжигдээгүй гэсэн тайлбарыг сая өгсөн. Нэгэнт өмчлөлд шилжээгүй учраас Иргэний хуулийн 205.2.2 дахь хэсэгт заасан энэ үйл баримтын талаар ярих боломжгүй. Үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байж хоёр дараалаад хүнд зарчихсан гэж байна. Худалдсан бол худалдан авсантай холбоотой тэр хүмүүсээс авсан мөнгийг тухайн үед нэхэмжлэгчид яагаад төлж барагдуулаагүй вэ, төлж барагдуулах үндэслэлтэй. Иргэний хуулийн 205.2.2 дахь хэсэгт өмчлөлд шилжсэн асуудал яригдах учраас хэн нэгний өмчлөлд шилжээгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэрээнээс татгалзахтай холбоотой асуудлыг хэлэх ёстой гэж байна. Нэхэмжлэгчээс нэлээн хэдэн удаа хэлсэн. Болохгүй бол байраа буцаагаад авъя, эсхүл үлдэгдэл төлбөрөө өгөөрэй, аль нэгийг нь шийдээрэй гэж яриад байдаг. Тэгэхээр үлдэгдэл төлбөрөө өгнө гэж байгаа болохоос биш, үлдэгдэл төлбөрөө өгсөн нэг ч зүйл байхгүй. Бусад хүмүүст зараад өмчлөлийн биш эд хөрөнгийг Улсын комисс хүлээж аваагүй үл хөдлөх эд хөрөнгөд хүн суулгаж, үргэлжлүүлэн энэ үл хөдлөх хөрөнгийг зараад мөнгийг нь авч, ашигласан үйл баримт байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 225 дахь хэсэгт зааснаар бид татгалзалтай холбоотой асуудлыг хариуцагч талд хэлсэн бөгөөд Иргэний хуулийн 205.5.5 дахь хэсэгт гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн байгаа. 2016 онд ашиглалтад орж, дууссан гэсэн барилга нь өнөөдөр буюу 2024 он хүртэл ашиглалтад ороогүй үйл баримт байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өөрийнх нь байрыг авъя, авахдаа холбоотой асуудлыг шийдвэрлэж, гэрээнд заасан алдангиа нэхэмжлэх нь хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбар болон хууль зүйн үндэслэл тайлбар нь үндэслэл болж чадаагүй гэж харж байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага 2012 оны 07 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туулын гол гудамж 60А байрыг ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Мөнхчулуун овогтой Бэлэгтийн эзэмшил газарт орон сууцны барилга өөрсдийн хөрөнгөөр барих үүний үр дүнд буй болсон байрнаас 12 орон сууцыг өгөх нөхцөлтэйгөөр "бусдын эзэмшлийн газарт барилга байгууламж барих гэрээ "-г байгуулсан билээ.

Бид тус газар дээр 2012 оны 9 сараас эхлэн барилга угсралтын ажлыг эхлүүлэн ажиллаж байтал 2013 оны 3 сард Нийслэлийн Засаг дарга Ү.Бат-Үүл Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг "Юби таун" хотхоны орчмын бохир ус хальдаг байдалтай газар дээр нь танилцаад шинээр барилга барьж буй компаниуд Харгиа цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны гол шугамыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Тус хороонд шинээр барилга барьж байгаа компаниуд нийлээд 500 голч бүхий бохир усны шугамыг хамтран хийж 2018 оны 11 сард ашиглалтад оруулсан.

2021 оны 02 сарын 24-ний өдөр Ус сувгийн удирдах газраас манай барилгад техникийн нөхцөл олгож бид барилгын зураг төсөлд магадлал хийх боломж бүрдэн 2022 оны 01 дугаар сарын 21-ний өдөр Барилгын хөгжлийн төвөөс Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийн нэгтгэл дугаар 0056/2022 нэгдсэн дүгнэлттэй болсон. Барилга байгууламжийн нэгдсэн дүгнэлт гарсан тул Нийслэлийн хотын стандарт, хяналтын газарт барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг хуралдуулах хүсэлт гаргасан.

Тус газраас "Комисс аваагүй барилгад айл оруулсан тул комисс ажиллуулах боломжгүй гэсэн тул бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "иргэн М.Бэлэгтийн 48 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллахыг даалгах тухай" дугаар 0859 тоот шийдвэр гарсан. 2023 оны 2 сар, 2023 оны 11 сарын 03-ны өдрүүдэд Хотын стандарт, хяналтын газраас 12 хүний бүрэлдэхүүнтэй барилгыг ашиглалтанд оруулах комисс ажилсан бөгөөд тодорхой үүрэг даалгавар өгч дахин комиссыг ажиллуулахаар болсон.

Бид одоо тус гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг бүрдүүлэн 3 сард багтаан комиссыг дахин хуралдуулахаар ажиллаж байна. Иргэн Ц.Бы нэхэмжлэлтэй танилцан доорх тайлбарыг хүргүүлж байна. ...-н айлын орон сууцны барилгын заслын ажилд орсон материалыг БНХАУ-ын иргэн Цолмонцэцэг нийлүүлсэн бөгөөд 1,2 өрөө бүхий 2 орон сууцны барилыг материалын үнэнд өгсөн. Тус БНХАУ-ын иргэн Г.Д /РД:.../-д 2 байраа зарсан байдаг юм. Г.Д 1 өрөө байраа Ц.Бы нэр дээр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г шилжүүлэх тухай хүсэлт гарган 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дугаар 03/115а бүхий гэрээг Б ХХК иргэн Ц.Б хоёр гэрээ байгуулсан бөгөөд орон сууцны төлбөрийг Ц.Б иргэн Г.Дд төлсөн.

Барилга угсралтын ажил удаашралтай явагдаж байгаа тул өөрийн эзэмшлийн байрыг борлуулж өгөх тухай хүсэлт гаргасны үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэн Ц.Б ...-н айлын орон сууцны барилгын ... метр квадрат бүхий 1 өрөө байрыг Б ХХК-ийн захирал М.Н надад 40 сая төгрөгөөр үнэлэн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г байгуулан миний нэр дээр шилжүүлэн өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ дугаар ... -г Ж.Бын Төмөр-Очир /.../-той Б ХХК байгуулан 31,88 метр квадрат 1 өрөө орон сууцны барилыг худалсан.

Иргэн Б.Т 2016 оны 12 сарын 26-ны өдөр Ц.Бы ХААН банкан дахь ... тоот дансанд бэлнээр 15 сая / Арван таван сая / төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Т өөрийн орон сууц захиалгын гэрээг Т.А /.../-д шилжүүлэн төлбөрөө бүрэн авсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М.Н миний Хаан банкин дахь ... тоот харилцах данснаас Ц.Бы эхнэр Ц.Цгийн Хаан банкин дахь ... тоот харилцах дансанд 2 сая /хоёр сая/төгрөгийг шилжүүлж байсан.

Манай байгууллага ____ А айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Дэлхий нийтийг хамарсан цар тахал, материалын үнийн өсөлт, Б ХХК- ний Хаан банканд зээлийн өр, зэрэг олон асуудал байсан боловч бид айл өрхүүдийн байранд нь оруулсан бөгөөд комиссын акт баталгаажсанаар айл өрхүүдийн байрны үлдэгдэл төлбөр орж ирэх юм.

Ц.Бд бид 23 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах бөгөөд 1 өрөө орон сууцыг буцаан олгох боломжгүй юм гэв.

 

2.1 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 гэрээнээс татгалзаж, 2016 оны гэрээний дагуу байраа буцааж авъя гэж шаардаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь заалтад бусдын өмчлөлд шилжүүлсэн бол биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй гэж зааснаар буцаан өгөх боломжгүй юм. 2016 онд Б.Тт, Б.Т нь Т.Ад шилжүүлсэн байдаг. Одоо Т.А уг орон сууцанд амьдарч байгаа. 2,3 хүн дамжаад шилжсэн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар буцаан өгөх боломжгүй. Гэрээнээс татгалзаад байраа авъя гэх боловч гэрээнээс татгалзах процесс журмын дагуу хэрэгжээгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэл өгөөгүй, хэрэгжих боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгжих боломжгүй байна. Сүүлд нь хэлэхэд үлдэгдэл төлбөрийг төлнө гэдэгт хариуцагч тал маргаагүй гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг, 70,200 төгрөг тус тус төлсөн баримт, Ц.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар ... Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар ... Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 128 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ын хуулбар, Баталгаа, шүүгчийн захирамж, тэмдэглэл, эвлэрлийн гэрээ, бараа худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтын хуулбар хувь, Б ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 46/023 тоот албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий Ц.Бы дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Я.Эд олгосон итгэмжлэл, дансны хуулга хуулбар хувь, Б ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 01/12 Бусдын эзэмшлийн газарт барилга байгууламж барих гэрээний хуулбар, Ус сувгийн удирдах газрын дугаар ... техникийн нөхцөлийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар ... Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Г.Дгийн гараар бичсэн бичвэрийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар ... Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн М.Нын дансны хуулга, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар ... Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Б.Тын хүсэлт, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 022 Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг баримтууд авагдсан байна.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай Орон сууц худалдах худалдах авах гэрээ-ээс татгалзаж 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу ....тоот нэг өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-нд зааснаар алданги 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч Б ХХК нь гэрээнээс татгалзах мэдэгдэл өгөөгүй, орон сууцыг биет байдлаар буцаан өгөх боломжгүй, маргаан бүхий орон сууц нь гэрээний дагуу бусдад шилжсэн, бусдын эзэмшилд байгаа, биет байдлаар буцаан өгөх боломжгүй, харин Худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг өгнө гэжээ.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримт талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдсон. /хх-ийн 7-10-р тал/

 

7.2 Талууд Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ээр захиалагчийн захиалгаар ... айлын орон сууцны барилгыг гүйцэтгэгч Б ХХК нь барьж гүйцэтгэж хүлээлгэж өгөх, захиалагч төлбөр тооцоо хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

 

7.3 Боорч ХХК нь ... м.кв талбай бүхий, 40 тоот нэг өрөө орон сууцны барилгыг 2016 оны 1-р улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, Ц.Б нь гэрээний нийт үнэ 47,820,000 төгрөгөөс засал хийгээгүй байрыг хүлээж авахаар тохиролцож гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр тохирч, уг 40,000,000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тус тус тохиролцсон болох нь гэрээний 1.2, 2.1, 2.2, 3.1 дэх заалтуудаар нотлогдсон.

 

7.4 Улмаар нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн захиалсан, маргаан бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч Б ХХК-нд буцаан худалдсан байна.

 

7.5 Зохигч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 дугаартай Орон сууц худалдах худалдах авах гэрээ-г байгуулж гэрээний худалдагч талд Ц.Б, худалдан авагч талд Б ХХК, түүний гүйцэтгэх захирал М.Н нар гарын үсгээ зурж, компанийн тамга дарсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдсон. /хх-ийн 12-13-р тал/

 

7.6 Орон сууц худалдах худалдах авах гэрээ-ээр маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч хариуцагчид 40,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний төлбөрийн урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөх, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 20,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус хуваан төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн гэрээний 3.2 дахь хэсэгт Худалдан авагч нь тус 1 өрөө байрыг 3 дахь этгээдэд зарж борлуулах бүрэн эрхийг эдлэх бөгөөд үүнд гэрээний үнэ нөлөөлөхгүй байхаар тохиролцсон байна.

 

7.7 Орон сууц худалдах худалдах авах гэрээ-ний үүрэгт хариуцагч нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 23,000,000 төгрөгийн тооцоотой талаар зохигч маргаангүй бөгөөд дансны хуулга баримтуудаар нотлогдсон./хх-ийн 48, 59-р тал/

 

7.8 Хариуцагч Б ХХК нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ц.Баас буцаан худалдан авсны дараа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г Б.Ттой байгуулж тус орон сууцыг шилжүүлсэн, Б.Тоос урьдчилгаа 15,000,000 төгрөгийг Ц.Б, Боорч ХХК хоорондын гэрээний үүрэгт Ц.Бд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдсон./хх-ийн 50-51-р тал/

 

7.9 Улмаар Б.Т нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-нд хүсэлт гаргаж маргаан бүхий байрыг Т.Ад шилжүүлэх хүсэлт гаргаж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г Б ХХК болон Т.А нарын хооронд байгуулагджээ. /хх-ийн 53-57-р тал/

 

7.10 Одоо маргаан бүхий ... тоот нэг өрөө орон сууцанд Т.А амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад талууд маргаангүй.

 

8. Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах худалдах авах гэрээ-нээс татгалзах тухай шаардлагын үндэслэлийг төлбөрийг бүрэн төлөөгүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгээр тодорхойлсон.

 

8.1 Хариуцагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалтад үндэслэн биет байдлаар шилжүүлэх боломжгүй талаар тайлбарлаж, гэрээний үүргийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.

 

8.2 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

8.3 Хариуцагч гэрээнээс татгалзах мэдэгдэл өгч байгаагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч тал худалдан авагч Боорч ХХК-нд хандан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон үйл баримтыг нотлоогүй.

 

8.4 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй, хугацаа тогтоогоогүй байна.

 

8.5 Нэгэнт Худалдах худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул түүний улмаас үүдэн гарах үр дагавар, урьд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 115 дугаар сургуулийн урд байрлах 60 А байрны 4 давхарт байрлах, 31,88 м.кв талбай бүхий, 40 тоот нэг өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-нд зааснаар алданги 20,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

8.6 Харин талуудын байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б ХХК-иас шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 328,150 /257,950+70200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Б ХХК-нд холбогдох 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай Орон сууц худалдах худалдах авах гэрээ-ээс татгалзаж 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Х...тоот нэг өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-нд зааснаар алданги 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Ц.Бы Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний үүргээ хариуцагчаас шаардах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 328,150 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА