| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01585/И |
| Дугаар | 181/ШШ2024/03727 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/03727
2024 10 07 181/ШШ2024/03727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт хаягт оршин суух, Б.П /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БТ ХХК /... тоот хаягт байрлах, РД: ... /-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.П,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээбаяр, Ц.Ган-Од
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.П миний бие "БТ" ХХК-тай 2023 оны 10 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан Бүгд найрамдах хятад ард улс руу нүүрс тээврийн жолоочоор ажилд орсон. Энэ хугацаанд Howo маркийн хүнд даацын машин барьж нүүрс тээвэр хийдэг байсан. Нэг удаагийн тээвэрлэлт 855,000 бөгөөд 1 сард таван удаа тээвэрлэлт хийдэг буюу нийт цалин 4,250,000 байсан.
Миний бие 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа орохоор ирэхэд "БТ" ХХК-ийн менежер Н.Т нь "таныг ирүүлэхгүй, таныг ажлаас халсан" гэж хэлсэн. Ямар шалтгаанаар намайг халсан юм бэ гэхэд "дарга таныг ажиллуулахгүй" гэсэн тул ажиллуулахгүй гэж хэлсэн. "ажлаас халагдсан тушаалаа авъя" гэхэд "шүүхээрээ нэхэмжлэлээ гаргаад ав гэсэн хариу өгсөн. Миний бие тус компанид жолоочоор ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй боловч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.
Энэ маргаантай асуудлаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргаан шийдвэрлэх хуралд "БТ" ХХК-иас төлөөлөгч ирээгүй учир шүүхэд хандаж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
1.1 Нэхэмжлэгч Б.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БТ ХХК-д 2023 оны 10 дугаар сард ажлын зарын дагуу очиж 11 дүгээр сард албан ёсоор ажилтнаар орсон. Ажилд орох үед н.Т, н.Х захирал надтай хэлэлцээр хийж, 2 хово маркийн саарал өнгөтэй, 47-51, 34-91 гэсэн машиныг хүлээж авсан. Хүлээж авах хугацаандаа сэтгэл гарган компанийн дотоод журамд уялдуулан машины тосыг нь сольж бүрэн бүтэн байдлыг нь хангаж явж байсан.
Ажиллаж байх хугацаанд миний зүгээс ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй, архи дарс хэрэглээгүй, компанийн дотоод журмыг зөрчөөгүй. 24 цагаас 48 цагийн хооронд Бүгд найрамдах хятад ард улс руу тээвэр хийх журамтай байсан. Түүний дагуу тээвэр хийж байсан. 1 сард 2 машинаар 3, 3 гарчихаад ирдэг. Цалингийн хувьд 1 рейс нь 855,000 төгрөгөөр бодогдож, нийгмийн даатгал төлдөг байсан. Тэр хугацаанд ажил олгогч талтай ямар нэгэн марган хийгээгүй. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл явсан.
Цагаан сараар ажилдаа эргээд очих гэсэн чинь н.Т манай үндсэн захирлууд чамайг ажиллуулахгүй, ажлаас халсан гэж удаа дараа мэдэгдэж, намайг ажлаас халсан. Тухайн үед утсаар болон Вичатаар хэлсэн. Вичатад компаний бүх дотоод журам, үйл ажиллагаа явагддаг байсан. Дараа нь намайг утаснаас болон чатаас блоклосон. Тэрнээс хойш холбоо барьж чадахгүй байж байгаад н.Х захиралтай шүүх хуралдаан хойшлогдсоны дараа уулзсан. н.Х захирал эвлэрье, буцаад ажилдаа ор гэдэг санал тавьж байсан. Би тухайн үед эвлэрэх боломжгүй байна. Миний эрх зөрчсөн учраас шүүхийн дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн гэв.
2. Хариуцагч БТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бямбасүрэн овогтой Пүрэвдорж нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай компанид хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилд орсон. Б.П нь манай компанийг ажлаас халсан гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна.
Иймд Б.П нь 1.Ажлын байраа орхин явсан 2.Компанид хохирол учруулахыг завдсан 3.Удаа дараа сануулга авсан 4.Машины бичиг баримт /гэрчилгээ/ түлхүүр хүлээлгэж өгөөгүй ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн үед ачилтын 24 цагийн хугацаа нь дуусчихсан яаралтай ачилтад оруул гэсэн мэдээ аван тээврийн хэрэгслийн бичиг баримт, түлхүүрийг хайсан боловч олдоогүй Б.Птой холбогдож ярьсан.
БТ ХХК-ийн зүгээс та хаана байна гэж асуутал хотод амраад ирчихсэн байна гэж хариулсан. Ачилтад машин чинь орох гээд байна машины бичиг баримт чинь хаана байна гэж асуусан, Б.П: Би өөрөө заавал очиж ачуулна надад энэ машинаа өөрөө унаж бай гэж хэлсэн биздээ гэж хэлсэн. БТ ХХК: Юу яриад байгаа юм бэ энэ машин чинь ачилтад орж чадахгүй болоод торгуулчихвал та хариуцлага хүлээх юм уу? Та өнөө шөнө ирж амжихгүй шүү дээ гэж хэлтэл өмнөөс хашхичаад Б.П: Тэгвэл би халагдъя намайг тэгвэл ажлаас хал гэж хэлсэн, БТ ХХК: Тэгвэл халагдсан гээд бодчих гэж хэлээд тасалсан. Иймд компанийн ажлыг таслахгүй явуулахын тулд ... тээврийн хэрэгслийн түлхүүр, бичиг баримтыг авчруулж компанийн өөр нэг жолоочод ачилтад оруулахаар явуулсан. Маргааш нь 10 өнгөрөөгөөд Б.П хотоос Цагаанхадны оффист ирэн орж ирээд оффисын ажилчдаас бүгдээс нь уучлалт гуйгаад ачаад тавьчихсан байсан машиныхаа түлхүүрийг Н.Б гэж жолоочоос авахдаа чи 300,000 төгрөгийг нь ав би 500,000 төгрөгийг нь авъя миний машиныг урагш нь гаргавал гарга гэж хэлээд маргалдсан байсан. Тэгээд түлхүүрээ аваад Хятад руу нүүрсээ буулгачхаад ирсэн...1.Бусдыг уриалсан 2.Компанийн ажилд саад учруулсан болохоор хассан. Тэгээд дээрээс нь хэрвээ ямар нэгэн яаралтай ажил гараад хэлж амжилгүй явсан тохиолдолд утсаар залгаж хэлэх ёстой байсан гэтэл явсныгаа залгаж хэнд ч хэлж мэдэгдээгүй. Иймээс ажлаас шалтгаантай халсан гэж үзэж байна гэжээ.
2.1 Хариуцагч БТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, М.Бүрнээбаяр нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан болон ажлаас халсан талаарх тушаал байхгүй. Ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ, яагаад ингэж ажиллуулдаг вэ гэж тодруулж асуухаар 1 рейс нь 855,000 төгрөгөөр тохирч явдаг юм. Хятад улсын хил хаадаг, ханшийн үнэ унадаг шалтгаанаас тээвэрлэлт хийх үйл ажиллагаа заримдаа зогсдог. Ийм учраас энэ хүмүүст цалин хөлс өгөх боломжгүй байдаг тул амаар тохиролцоод явдаг гэж хариу тайлбар өгч байгаа. Хоёр дугаарт нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулъя гэж тайлбарлаж байна. Хэднээс хэдний өдрийн, хичнээн төгрөгийн цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу энэ хэргийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл бүрдэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тодорхойлолт хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан. Энэ тодорхойлолтоос үзэхэд БТ ХХК-иас 2023 оны 11, 12 дугаар сард 855,000 төгрөг төлсөн гэсэн лавлагаа гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. 11,12 дугаар сарын нийгмийн даатгал төлөгдсөн байдаг. Ажлаас 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр халсан гэж нэхэмжлэгч ярьж байгаа. 1, 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл яагаад ороогүй байгаа нь тодорхой бус байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 дахь хэсэгт 10 өдрийн дотор маргалдагч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн байгаа. Хэрвээ нэхэмжлэл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх энэ хэргийг авч хэлэлцэж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч гомдол биш, ажлаас үндэслэлгүй халсан гэж нэхэмжлэл гаргах ёстой. Дараагийн үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум гэж явдаг. Өөрөөр хэлбэл маргаан таслах зүйл Өмнөговь аймгийн Ханбогд сумын маргаан таслах комисс байх ёстой. Гэтэл энэ хүн Сүхбаатар дүүрэгт оруулж, тэмдэглэлээ хавсаргасан байдаг. Энэ нь өөрөө хуулийг зөрчиж байгаа. Хоёр дугаарт нь мөн ялгаагүй нэхэмжлэлийг Ханбогд сумын шүүхэд гаргах ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч эхлээд санахгүй байна гэж хэлчхээд сүүлд хөдөлмөрийн гэрээ байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ байж болно. Хамгийн гол нь өөрөө энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээ зөвшөөрдөг. Нэгэнт хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж үзэх гэж байгаа бол энэ хүн ажлын байрны тодорхойлолт, ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээг аваагүй байсан тохиолдолд энэ хүн хөдөлмөрлөхгүй байх эрх нь нээлттэй байсан. Эрхээ хамгаалаагүй байж, сүүлд нь гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнийг ч өөрөө нотлох баримтаар нотолж чаддаггүй. Талууд нэг рейст 855,000 төгрөг авдаг гэдэгт маргадаггүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Б.Пийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гараар бичсэн тайлбар, тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл, Пүүний баримт гэх хуулбар баримтууд, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 13 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Б.Пийн ярианы хэрэглээний баримт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтыг гаргасан.
3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: М.Бүрнээбаярт олгосон итгэмжлэл, БТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Ган-Одод олгосон итгэмжлэл зэрэг баримтыг гарган өгсөн.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ирүүлсэн илтгэх хуудас, ... хорооны Засаг даргын тодорхойлолт
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч БТ ХХК-д холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
6. Хариуцагч БТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
6.1 Нэхэмжлэгч Б.Птой байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллуулсан, ажилтан өөрөө хөдөлмөрлөхгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, шүүхийн харьяалал зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр мэтгэлцсэн.
7. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч БТ ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилд орсон үйл баримтад зохигч маргаагүй.
7.2 Улмаар Б.Пийн ажил үүргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хийлгэхээс татгалзсан, нэхэмжлэгч тээвэрлэлт хийгээгүй, мөн хугацаанаас талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан талаар амаар мэдэгдсэн.
7.3 Ажилтан, ажил олгогч нарын хооронд ажил олгогчоос олгосон тээврийн хэрэгслээр Бүгд найрамдах хятад ард улс руу тээвэрлэлт хийх, нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс 855,000 төгрөг байхаар тохиролцсон, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж байсан, ажилтан ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтаар нотлогдсон. /хх-ийн 2-р тал/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж зааснаар зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
8.1 Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааны талаарх гомдол гаргасны дагуу маргааныг урьдчилан шийдвэрлэж 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 13 дугаар тэмдэглэл/шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 33-35-р тал/
8.2 Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн эсэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл зэрэгт зохигч маргаж байна.
8.3 Тээврийн жолооч-ийн ажилд томилж, ажил олгогчоос өгсөн тээврийн хэрэгслүүдийг жолоодон Бүгд найрамдах хятад ард улс руу тээвэр хийх чиг үүрэгтэй ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн Ажилд орох үед н.Т, н.Х захирал надтай гэрээ хийж, 2 хово маркийн саарал өнгөтэй, 47-51, 34-91 улсын дугаартай машиныг хүлээж авсан. Хүлээж авах хугацаандаа сэтгэл гарган компанийн дотоод журамд уялдуулан машины тосыг нь сольж бүрэн бүтэн байдлыг нь хангаж явж байсан гэх тайлбар, хариуцагчийн ...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай компанид хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилд орсон 3491 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримт, түлхүүрийг өгөхөөс татгалзсан гэх агуулгатай тайлбаруудаар нотлогдож, автомашинаар ажил олгогч хангаж байсан талаар зохигч маргаангүй.
8.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй, 41.3 дахь хэсэгт Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
8.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа-ны шинжийг хангаж байх тул зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.
8.6 Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн гэрээний аль аль нь хэрэгт баримтаар авагдаагүй.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх, мөн зүйлийн 43.2.10 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх, гэрээг цуцлах, дуусгавар болгосон үндэслэлээ тайлбарлаж, танилцуулах үүргээ БТ ХХК биелүүлээгүй гэж үзнэ.
8.7 Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэх тайлбар нь ажлаас халсантай адилтган үзэх нөхцөл байдал байх тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь ажилтны эрх ашигт нийцэлтэй гэж үзэв.
8.8 Талууд нэхэмжлэгчийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласанд маргаагүй, харин тохиролцсон цалин хөлсний тухайд нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс 855,000 төгрөг байсан гэж тайлбарлаж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод заасан цалингийн хэмжээнд үндэслэн нөхөн олговрыг тооцов. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод хариуцагч компаниас 2023 оны 12 дугаар сард 840,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 840,000 төгрөгийн цалин нэхэмжлэгчид олгосон болох нь нотлогдож байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг өмнөх хугацааны цалингийн дундаж хөлснөөс тооцоход өдрийн цалин 39,069 төгрөг байх ба нийт 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалинг нөхөн тооцсон.
Нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээс татгалзсан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 7 сар 12 хоногоор тооцож/840,000х7=5,880,000, 39,069х12 хоног=468,828/хариуцагчаас 6,348,828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч БТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,531 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
12. Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж маргах боловч нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн/нэхэмжлэлд анх гаргахдаа ... тоот гэж хаягийг тодорхойлсон боловч ажиллагааны явцад өөрчлөн шинээр нүүн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг гэх/ ... тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч БТ ХХК-нд хүргүүлж, хариуцагчийн төлөөлөгч 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хариуцагч тал харьяаллын талаар шүүхэд хүсэлт гаргаж маргаагүй зэрэг байх тул шүүх хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй хаягаар хэргийг харьяалан шийдвэрлэсэн болохыг дурдав. /хх-ийн 54,55, 59-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Пийг БТ ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БТ ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 6,348,828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Пид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Пийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч БТ ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА