Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/03776

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 181/ШШ2024/03776

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, Г.Б /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, Б.С /РД:.../,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Ё.Г /РД: .../ нарт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

Хариуцагч Ё.Г, Б.С нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Б би ...тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл хариуцагч Б.С болон Ё.Г нар нь миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшин ашиглаж, чөлөөлж өгөх талаар шаардлага тавихад эсэргүйцсээр өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Г.Б би "И ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "ИЭССТ" ХХК-тай "Холбоо дохиоллын тоноглол нийлүүлэлт, угсралт суурилуулалтын гэрээ"-г байгуулсан. "ИЭССТ" ХХК-ийн захирал С.Д бөгөөд түүнд дээрх гэрээний төлбөрийн 156,870,000 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн ... тоот орон сууцыг шилжүүлсэн.

Гэтэл "ИЭССТ" ХХК нь гэрээнд заасан үүргээ эс биелүүлэн намайг болон манай компанийг хохироосон. "ИЭССТ" ХХК болон С.Д нарын хариуцлагагүй ажиллагаанаас улбаалж талуудын байгуулсан "Холбоо дохиоллын тоноглол нийлүүлэлт, угсралт суурилуулалтын гэрээ" цаашид үргэлжлэх боломжгүй болсон учир өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийн нэхэмжлэгчээр "И" ХХК, Г.Б, хариуцагчаар "ИЭССТ" ХХК, С.Д нар тодорхойлогдсон.

Нэхэмжлэгч Г.Б миний зүгээс өөрийн төлбөрт тооцон шилжүүлж өгсөн ... тоот орон сууцыг С.Доос буцаан шаардсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч С.Дын өмчлөлд бүртгэлтэй, 156,870,000 төгрөгийн үнэ бүхий, С... м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ... дугаарт бүртгэгдэн гарсан. Нэхэмжлэлд дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөх эрх нэхэмжлэгч Г.Б миний нэр дээр шилжиж, эрх бүхий этгээдээс гэрчилгээ олгосон боловч хариуцагч нар нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшин ашиглаж өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгөх талаар хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлсэн боловч, орон сууцыг чөлөөлж өгөхгүй, боломжгүй, бид худалдан авсан гэдэг тайлбар хэлсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч С, Г нарыг ... тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Г.Бын Г.С, Ё.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.С нь иргэн С.Дтой харилцан тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө Худлалдах-худалдан авах гэрээ байгуулан иргэн С.Доос ... 3 өрөө орон сууцыг нийт 126,000,000 /нэг зуун хорин зургаан сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө Худлалдах-худалдан авах гэрээний 3.3-д "...үлдэгдэл 26,000,000 төгрөгийг худалдан авагч Б.Сгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарсны дараа мөн дээрх дансанд шилжүүлэн авах болно." гэж тусгасан.

Б.С, Ё.Г нар нь орон сууц худалдан авсан төлбөрийг дараах байдлаар төлсөн.

1. Хаан банкан дахь ... тоот данснаас иргэн С.Дын Хаан банкан дахь . ... тоот дансанд болон түүний заасан .. дансанд дараах байдлаар төлбөр төлсөн байна.

 

Төлбөр төлсөн огноо

Үнийн дүн

Мөнгө шилжүүлсэн данс

1

2021.07.29

2,500,000

...

2

2021.07.30

20,000,000

...

3

2021.08.07

5,000,000

...

4

2021.08.09

20,000,000

...

5

2021.08.09

6,000,000

...

6

2021.08.12

6,500,000

...

7

2021.08.26

1,000,000

...

8

2021.09.06

3,415,550

...

9

2021.09.12

1,000,000

...

10

2021.09.25

2,000,000

...

11

2022.08.30

8,000,000

...

11

Нийт

74,415,550

 

2. Хаан банкан дахь ... тоот данснаас иргэн С.Дын Хаан банкан дахь ... тоот дансанд дараах байдлаар төлбөр төлсөн.

 

Төлбөр төлсөн огноо

Үнийн дүн

Мөнгө шилжүүлсэн данс

1

2021.07.21

8,000,000

...

2

2021.08.11

32,000,000

...

3

Нийт

40,000,000

 

Ё.Г, Б.С нар нь нийт 115,415,550 төгрөгийг худалдагчид төлсөн.

Ё.Г, Б.С нар нь худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн хэдий ч С.Д нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул 2022 оны 06 дугаар сард өмчлөх эрхийг шилжүүлүүлэхээр Б.С миний бие нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Дт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. С.Д нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талуудын эвлэрлийг баталж ... дугаартай захирамж гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай захирамжаар "...нэхэмжлэгч Б.С нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 10,584,450 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор, үлдэгдэл 5,584,450 төгрөгийг улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Сгийн нэр дээр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор С.Дын заасан дансанд тус тус төлөх, хариуцагч С.Д нь ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор Б.Сгийн нэр дээр гаргаж өгөх, шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх..."-өөр шийдвэрлэсэн.

Б.С миний бие нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг С.Дт төлсөн. Ё.Г, Б.С бид нар 2021 оны 10 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 8 орчим сая төгрөгийн засварыг тус орон сууцанд хийсэн. Тодруулбал, Ё.Г, Б.С бид нар 2021 онд ... өрөө орон сууцыг тухайн үеийн хууль ёсны өмчлөгчөөс худалдан авч гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн үүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан тул тухайн орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 942,300 төгрөг төлсөн баримт, Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар ... дугаар шийдвэрийн хуулбар, Г.Бын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжийн хуулбар, нэхэмжлэгчээс Г.Ад олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг зэрэг баримтыг гарган өгсөн.

 

3.2 Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хариуцагч нарын өмгөөлөгчөөр Д.Г, Б.С нарыг оролцуулах тухай хүсэлт зэрэг баримт гарган өгсөн.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/5015 дугаар албан тоот, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар... албан тоот /хавсралт 18 хуудас/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1280 тоот албан бичгээр ирүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэл, тайлбар зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ё.Г, Б.С нарт холбогдуулан ...гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 ...гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд бүртгэлтэй болох нь ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх-ийн 133-р тал/

 

7.2 Нэхэмжлэгч Г.Б нь "И ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ба 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр И ХХК болон "ИЭССТ" ХХК-нарын хооронд "Холбоо дохиоллын тоноглол нийлүүлэлт, угсралт суурилуулалтын гэрээ" байгуулсан. Уг гэрээний үнэ 156,870,000 төгрөг болох нь тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02107 дугаар шийдвэрээр нотлогдсон үйл баримт байна.

 

7.3 Улмаар нэхэмжлэгч Г.Б нь "ИЭССТ" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дт дээрх гэрээний төлбөр 156,870,000 төгрөгт тооцон ... тоот орон сууцыг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн С.Дын өмчлөлд бүртгэгдсэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдсон.

 

7.4 Тус шүүхэд нэхэмжлэгч Г.Б нь өөрийн нэрээр болон И ХХК-ийг төлөөлөгч хариуцагч "ИЭССТ" ХХК болон түүний гүйцэтгэх захирал С.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч С.Дын өмчлөлд бүртгэлтэй, 156,870,000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Автозамчдын гудамж, 56а байрны 56 тоот, 74.7 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд шилжүүлсүгэй гэж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. /хх-ийн 5-13-р тал/

 

7.5 Нэхэмжлэгч нь дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар маргаан бүхий орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч шийдвэрлэжээ./хх-ийн 70-74-р тал/

 

7.6 Хариуцагч Б.С нь иргэн С.Дтой Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, С.Доос маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох ...Талбай бүхий орон сууцыг 126,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар тайлбар гаргасан.

 

7.7 Одоо орон сууцыг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигч маргаангүй.

 

7.8 Хариуцагч Б.С нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, хариуцагч С.Д нь хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдож байна.

 

7.9 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарах цаг хугацаанаас өмнө С.Дын хариуцагчаар оролцсон, Г.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарсан байсан болох нь тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02107 дугаар шийдвэрээр нотлогдсон.

 

7.10 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02107 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ С.Доос Г.Бын нэр дээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэн, гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 14, 115-133-р тал/

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3 дахь хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Г.Б мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул өмчлөгчийн эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хамгаалагдах үндэслэлтэй.

 

Иймд ....талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Г.Б байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 942,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

11. Хариуцагч нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бын өмчлөлийн ___ гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө-ийг хариуцагч Б.С, Ё.Г нарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 942,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА