Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/396

 

 

 

 

 

 

   2023           4             12                                       2023/ДШМ/396

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/502 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 2308 00000 0228  дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн ..................-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн .. дүгээр хороо, ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ......................./,

Б.Б нь согтуугаар хоёр, түүнээс олон хүнийг гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний зах”-ын орчим 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед хохирогч Г.М-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн хацарт зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.А-гийн биед дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт  холбогджээ.         

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ  .

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг тодорхой заасан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх”- ийг прокурор хяналтын хүрээнд сайтар хянах үүрэгтэй.

Прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт хэргийг шилжүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны 1453 дугаар дүгнэлтэд “Б.А-гийн биед дагз, хамрын нуруунд зөөлөн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ.

Гэтэл улсын яллагч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй, мөн хохирогч Г.М-гийн “2022 оны 7 дугаар сард би жирэмсэн болсноо мэдээд найз залуудаа хэлсэн, ...хүүхдийн талаар ярилцъя, уулзъя гэхээр нь очсон, ...би одоо 7 сартай жирэмсэн...” гэсэн мэдүүлэг /хх 7/, шинжээчийн дүгнэлт /хх 29/, хохирогч Б.А-гийн мэдүүлэг /хх 16/, түүнчлэн шүүгдэгч хохирогч Г.М-г жирэмсэн байсныг мэдэж байсан тухай мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах эсэхийг дүгнэлгүй хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянах хүрээнд шүүгдэгчийн яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй буюу шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тохиолдолд шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зөв байна. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэж, Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Захирамжийн нэгдүгээр заалтын хувьд, захирамжийн 6, 7 дугаар заалтуудтай агуулга нэг байгаа тул давхардсан байна.

Захирамжийн хоёрдугаар заалтын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд хянавал зохих 10 асуудлуудыг хуулийн хүрээнд хянаж шийдвэрлэсэн. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх”- ийг прокурор хяналтын хүрээнд сайтар хянаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ял сонсгосон. Хэрэв зүйлчлэл тохироогүй хүндэдсэн гэж үзвэл хуулиар шүүхэд зөвтгөх, хөнгөрүүлэх эрх нь байгаа болно.

Захирамжийн гурав, дөрөвдүгээр заалтын хувьд, гурав, дөрөвдүгээр зүйлүүд агуулга нэг гэж ойлгож болохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулга, мөн чанар нь хууль тогтоогч яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх зорилгыг агуулсан зохицуулалт байдаг.

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ /УДШ-ийн 2020.10.09-ний №551 тогтоол/ гэж заажээ. Улсын яллагчаас зүгээс хүндрүүлэх нөхцөл байдлуудад дараах дүгнэлтүүдийг хийсэн болно. Үүнд: Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Б нь 2 хүнийг зодож хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нар болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд яллагдагчийн өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр буюу түүнээс дээш олон хүнийг гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэж үзэж зүйлчилсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Б.Б-ийн үйлдэлд Г.М-г зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь жирэмсэн байсныг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй орхисон. Учир нь, хохирогчоор тогтоогдсон Б.А мэдүүлэхдээ “...Б найзтайгаа хэл амаараа маргалдаад байхаар нь бид хэд тухайн караокеноос гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Миний захын орчим явж байтал Б гэх залуу найзтайгаа дахин маргалдах үед хажуунаас нь М боль гэж хэлтэл Б Мг шууд хацар руу нь нэг удаа алгадсан. Тэр үед М газарт явган сууж байхад нь баруун хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд нь хойшоогоо унаж Б хувцаснаас нь зулгаагаад чирээд байхаар нь би хажуунаас нь болиочээ хэлтэл, намайг чи хэн юм бэ гээд миний хамар орчим гараараа нэг удаа цохичихоод үсдэж аваад хойшоогоо ар дагзаар савуулаад унагаачихсан юм. Тэгээд би босож ирээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх,

хохирогч Г.М мэдүүлэхдээ “...захын орчим явж байтал Б нэг найзтайгаа дахин маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл миний баруун хацар руу баруун гарын ар хэсгээрээ нэг удаа алгадах үед би манараад газарт нүүрээ дараад явган суутал дахин миний зүүн нүд хацар орчим нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж чирэх үед найз Амарзаяа боль гэж хэлээд салгах гэтэл хамар руу нь баруун гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед манай найзын хамарнаас цус гарч Амарзаяа Бд хандаж чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл үснээс нь зулгаагаад хойшоо унагаачихсан юм. Б өөрөө согтуу найзтайгаа маргалдаад байхаар нь салгах гэж оролдтол намайг зодсон. Зүүн талын шанаа хавдсан, баруун талын эрүү хөхөрч, өвдөг хөхөрсөн байдалтай байна. Өөрөөр миний биед гэмтэл шарх байхгүй байна. ...” гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын үед Б.Б мэдүүлэхдээ “...Тэр үед би найз Сэнгэсамбуутай хувийн асуудлаас болж хоорондоо хэл амаараа маргалдах үед М, А нар нь пабаа гараад явлаа гэж хэлэхээр нь бид нар цуг гарсны дараа би салхинд цохиулаад тасарчихсан юм. Пабаас гараад юу болсон талаар би санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа ирээд М бид хоёрыг хэлтэс дээр аваачаад би эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. Хаана нь хэдэн удаа юугаар цохисон гэдгийг ч би сайн санахгүй байна. Би гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа, тасартлаа архи уусан нь миний буруу. Архиндаа тасарчихсан байсан болохоор хэрхэн яаж гэмтэл учруулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлгүүдэд хууль зүйн дүгнэлт хийж жирэмсэн байсныг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг дээр дурьдсан хохирогч нар болон яллагдагчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Б нь бусадтай маргаж архи ууж тасарсан байхдаа өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан бөгөөд хэнд, хаана, яаж гэмтэл учруулсанаа санахгүй байгаа зэрэг шалтгаан нөхцөлөөс дүгнэлт хийж шүүхийн захирамжид дурдсан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж дурдаагүй юм.

Хэргийн хувьд дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнэлт хийгээгүй гэж үзсэн ч хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй ба шүүх эрхийн хүрээнд хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой. Улсын яллагч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна гэжээ. Бгийн хувьд хохирогчийг зодсон болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гарсныг яллах дүгнэлтийн хэсэгт хөнгөн хохирол гэж бичсэн нь техникийн алдаа гарсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд яллагдагчийн эрх зүйн байдалд нөлөөлнө гэж үзвэл нотлох баримтыг үнэлж, дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлж, нотлох баримтаас хасаж шийдвэрлэх эрхтэй. Захирамжийн тавдугаар заалтын хүрээнд, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэл тохироогүй гэж үзвэл зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөх, буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд зөрчилдөж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Захирамжид хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчлэх боломжтой гэж зааж дүгнэсэн атлаа хүндрүүлэхээр буцааж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэснийг орхигдуулж Эрүүгийн хууль ёсны зарчимд нийцээгүй буюу шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тохиолдолд шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчлэх боломжтой.  

Захирамжийн зургаа, долдугаар заалтын хүрээнд, захирамжийн 1, 6, 7 дугаар заалт ойлгомжгүй, тодорхой бус байна. Яг ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж хоёр заалтад зэрэг дурдсан нь ойлгомжгүй байна. Мөн захирамжийн захирамжлах хэсгийн хоёрдугаар заалтад дурдсан агуулга, тодорхойлох хэсгийн заалтад давхардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Эцэст нь, хууль тогтоогчоос хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх гэж оролдох, шүүхийн шийдвэрээс болж яллагдагчаар татагдсан Б.Б-ийн хувьд өөрт холбогдох хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж, цаг хугацаа болон бусад байдлаар чирэгдэж байгааг болон шүүхэд хуульд захирагдахаас өөр гарцгүй болохыг шийдвэр танилцуулахдаа тусгайлан тайлбарлаж өгсөн болно. Мөн хохирогч нарын хувьд ч дээр дурьдсан нөхцөл байдлууд бий болж эрх нь зөрчигдөж байгааг анхаарах нь зүйтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн “...прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар Б.Б нь согтууруулах ундааний зүйл хэрэглсэн үедээ Б.А, Г.М нарыг зодож Г.М-гийн биед баруун, зүүн хацарт зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.А-гийн биед дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлжээ.

Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1453 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Б.А-гийн биед дагз, хамрын нуруунд зөөлөн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” болохыг тогтоосон байх ба прокуророос яллагдагч Б.Б-г хохирогч Б.А болон Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байгаагаас гадна хохирогч Г.М-г “...2022 оны 7 дугаар сард би жирэмсэн болсноо мэдээд найз залуудаа хэлсэн, ...хүүхдийн талаар ярилцъя, уулзъя гэхээр нь очсон, ...би одоо 7 сартай жирэмсэн...” /хх 7/ гэж  мэдүүлжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагы зорилгыг хангахад оршино.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой.

Прокурор шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэх, өөрчлөх эрхтэй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн тул зүйлчлэл өөрчлөгдөхгүй гэж байгаа хэдийч шүүх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй хэрэгт хуульд заасан өөр хүндрүүлэх шинжээр зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй юм.

Дээрх хэм хэмжээний агуулга нь мөрдөгч тодорхой нэг үйлдэл, үйл баримтын талаар шалгах ажиллагаа эхлүүлсэн бол дээр заасан асуудлуудын хүрээнд тухайн үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлж өгөх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг ажиллагаа хийгдээгүй, тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/502 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Хэргийг прокурорт очтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР