| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03724/И |
| Дугаар | 181/ШШ2024/03835 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/03835
2024 10 14 181/ШШ2024/03835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эмэгтэй, Ц.М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ю ХХК /... тоот хаягт оршин байх, РД:.../-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, тушаал хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ц.М нь 2021 оны 05 дугаар сараас эхлэн Ю холдинг ХХК-ийн охин компани болох ЮС ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2022 оны 02-р сараас Ю холдинг ХХК-ийн охин компани Ю ХХК-д .... хариуцсан ахлах менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
Ажлаас үндэслэлгүй халсан тухай: Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тушаалыг танилцуулсан болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт "Компанийн .... хариуцсан ахлах менежир ажилтай Ц.Мтай 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ... тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар дуусгавар болгосугай" гэжээ.
Миний бие ажлын байрны дарамтад өртөн ажлаас гарах өргөдлөө гаргасан тухай: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний бие хар мөөгтэй хуурга захиалж идэн, улмаар хоолны хордлого болсон. Тус өдрийн 14 цагт дотор муухайрч ажлаа хийх чадамжгүй байсан тул ерөнхий менежер А.Бад хэлж чөлөө авсан. Орой нь хар мөөгтэй хуургаар гэртээ бөөлжиж, маргааш өглөө нь гүйлгэж эхэлсэн. Энэ талаар Хүний нөөцийн ажилтан Эгэлзаяад гүйлгэж бөөлжсөн талаараа, мөн холбогдох хүмүүст хэл дуулгаарай гэж хэлсэн.
2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Юби Ийтс ХХК-иас Хавай сет (Пицца, шарсан төмс, шарсан тахианы иж бүрдэл), Унгар гуляш гэсэн 2 хоолыг захиалсан. Хоолны хачир муудсан байсан тул холбогдох ажилтнууд болох (....) нарт хэлэхэд намайг бөөнөөрөө нийлж зодсон. Энэ тухай удирдлагуудад хэлсэн ч шаардлагатай арга хэмжээг аваагүй. Удирдлагын зүгээс 2023 оны 02 дугаар сарын 14, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ю ХХК-ийн захирал Н.От хандаж цахим захидал илгээсэн. Гэтэл гүйцэтгэх захирал Н.О гомдлыг шийдвэрлэхийн оронд "...хувь хүмүүсийн харилцааны асуудлыг би мэдэхгүй. Хамт олны уур амьсгалыг хадгалах үүднээс чи өргөдлөө өгдөө гэсэн. Үүнээс хойш намайг хэл амаар доромжилж ажлаа өгөхийг удаа дараалан шаардсан тул миний бие сэтгэл санааны хүнд дарамтад орж, ажлын байрны дарамтыг мэдэрч ажлаас гарах өргөдлөө өгсөн.
Дээрх асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан боловч хариу ирээгүй тул хариу арга хэмжээг түргэсгэх хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан юм. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2023 оны 05 дугаар сарын 12-ны 05/604 тоот хариунд "Ю" ХХК-д дээрх зөрчлийг арилгуулахаар гомдол мэдээллийг шилжүүлсэн байх ба шийдвэрлэсэн дүгнэлтийг надад болон Комисст ирүүлэхийг 2023 оны 05 сарын 08-ны өдрийн ... дугаар албан бичгийг "Ю ХХК-д хүргүүлсэн байна. Гэтэл "Ю ХХК нь тус дүгнэлтийг надад ирүүлээгүй юм.
Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил гаргаагүй болно. Мөн нөгөө талаар Хөдөлмөрийн харилцааг зогсоохдоо ажилтны санаачилгаар гэсэн боловч өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж дарамталж байсан. Дээрх тушаалыг гаргахдаа ажлын байрны дарамтын талаар арга хэмжээ аваагүй, ажлаа өгөхийг дарамталж Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.
2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ийн Монгол Улсын Дээд Шүүхийн Зөвлөмжийн 1 дүгээр зүйлийн 1.7-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ажилтны хүсэлт нь ажил олгогчийн зүгээс ямар нэг шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх гэж тайлбарласан байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасан ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй үүргээ биелүүлэлгүй зайнаас ажиллах тушаал гаргасан нь хамт олны дунд багтахгүй гэсэн ойлголтыг өгч нэр төрд минь халдсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
Иймд миний бие Сум, Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4 дэх хэсэгт аж ахуй нэгж, байгууллагад комисстой боловч уг комиссоop хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх боломжгүй гэж гомдол гаргагч үзээд шууд хороонд гаргасан гомдлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Ц.М болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бүх зүйл анх хоолны хордлогоос болж эхэлсэн. Хоолны хордлого болсон гэдгийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Муудсан хоолоо барьж ороод энэ хоол муудсан байна гэж хэлснээс улбаалж миний биед халдсан зүйл болсон. Энэ тухай Ю ХХК-ийн захирал Н.О болон Юби Ийтс ХХК-ийн захирал н.Т, хүний нөөцийн менежер н.Э гээд бүх холбогдох албан тушаалтанд хэлсэн боловч үл тоосон. Гэтэл надад ажлаа өг гэж хандсан. 2-3 жил сэтгэлээ гаргаж ажиллаж байсан ажлын хамт олон маань ингэж хэлэхээр сонин болдог юм байна. Би шууд шүүхэд хандаагүй. Хүний эрхийн комисст хандаж байсан. Хариуцагч тал намайг зайнаас ажиллаарай гэхэд нь ажиллаж байсан. Хүрээд ирэхэд бүгдээрээ дугарахгүй байсан. н.Згийн найз охин болох эмэгтэй манай өрөөнд орж ирэхэд намайг шоолж инээсэн. Би ийм нөхцөл байдалтай байхад яаж ажил хийх вэ, надад сонин байсан.
Болсон үйл явдлын улмаас ажил олгогч болон ажилтан хооронд маргаан үүссэн. Энэ маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй. Ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй. Улмаар үүнтэй холбоотой нэхэмжлэгч гомдол гаргахад шууд зайнаас ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зайнаас ажиллуулж байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулж, зайнаас ажиллуулдаг. Зайнаас ажиллуулж байгаа гэдэг нь өөрөө ялгаварлан гадуурхалт байгаа юм.
Ийм учраас ажил олгогчид удаа дараа энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хандсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд энэ асуудлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүй. Энэ зохицуулалт байхгүй учраас энэ компани ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх дүрэм журмыг тогтоох энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгч Ц.Мыг хамт олны уур амьсгалыг эвдэж байна, ажлаа өг гэдгийг гүйцэтгэх захирал Н.О шаардсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу үзлэгээр энэ үйлдэл нь тогтоогддог. Улмаар зайнаас ажиллуулаад цалинтай чөлөө өгөөд удаа дараагийн үйлдлээр хамт олонтой байх эрхийг нь хязгаарлаж байна.
Өөрөөр хэлбэл ажил үүргийн хүрээнд шаардлага тавьсны үүднээс ялгаварлан гадуурхалтад өртөж байхад ялгаварлан гадуурхсан эсэх асуудлыг шалгахгүйгээр зайнаас ажиллуулж, хамт олонтой байх эрхийг нь хязгаарласан. Ингэснээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндтэй байх эрхэд нь шууд утгаар халдаж байгаа. Зайнаас ажиллаж байх явцад энэ байгууллага шалгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ байгууллага Хүний эрхийн үндэсний комисст хандсаны дараа шалгаарай гэсэн боловч шалгаагүй. Арга хэмжээ аваагүй.
Хоёр дахь асуудал нь цалинтай чөлөө өгсөнийг асуудал шийдвэрлэж байгаа гэж ярьж байна. Чөлөө гэдэг нь ажилтны өөрийнх нь хүсэлтийг үндэслэдэг. Ажил олгогч дур мэдэн хэн нэгэнд цалинтай чөлөө олгож болдоггүй. Харин ч цалинтай чөлөө гэдэг нь ялгаварлан гадуурхалт байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвецид ч, дэлхийн бүх орнуудад цалинтай чөлөөг өөрийнх нь зөвшөөрөлгүй ямар нэгэн байдлаар хамт олонтой хамт байх эрхээс нь хязгаарлаж байгаа бол үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ гэж заасан. Монгол улсын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуульд ч гэсэн дурддаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 129 дүгээр конвецид ажлын байрны дарамттай холбоотой ялгаварлан гадуурхалтаас ангид байх гэж дурдсан. Цалинтай чөлөөг шууд өгч байгаа нь өөрөө ялгаварлан гадуурхалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ажилтны өөрийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр чөлөө олгодог.
Нэхэмжлэгч өргөдлөө өөрөө бичсэн. Гэхдээ зүй бус нөлөөллийн үүднээс ажиллах боломжгүй гэдгээ тайлбарлаж бичиж байгаа юм. Ажлаас чөлөөлөгдөх гэж гүйцэтгэх захирал шууд өргөдлөө өг гэж шаардчихаад араас нь цалинтай чөлөө олгож, зайнаас ажиллуулах 3 үйл явдал ямар шалтаант холбоотой вэ гэвэл өргөдөл өгөх шалтгаант холбоог бий болгож байгааиймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2.Хариуцагч "Ю" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд Ц.Маас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "Ю" ХХК-д холбогдуулан гаргасан "Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Ю ХХК-н гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгох, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон үндэслэл: Ц.М нь "Ю" ХХК-д .... хариуцсан ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байгаад, 2023 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтээ бичгээр өгсөн. Тус хүсэлтэд "миний бие ажлын байрны дарамтад орж, сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна" гэсэн байсан.
Компанийн удирдлагын зүгээс тухайн хүсэлтийг хүлээн аваад Ц.Мд 2023 оны 04 сарын 04-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот"-ыг хүргүүлж, тухайн албан тоотын дагуу "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтийг тань хүлээн авалгүй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй" байгаа тухай мэдэгдсэн. Сэтгэл санааны байдал хэцүү байгаа бол тодорхой хугацаанд зайнаас ажиллуулж, ажил хөдөлмөрийг нь үргэлжлүүлэн эрхлүүлж, цалин хөлсийг тооцон олгохыг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал бус, зайнаас ажиллуулах тухай тушаал гарган танилцуулсан.
Гэтэл ажилтан цаашид ажиллахгүй, заавал ажлаас гарна гээд, тушаал гаргаж өгөхийг удаа дараа утсаар шаардаж, холбогдсон тул арга буюу 2023 оны 04 сарын 21-ний өдөр Б/21 тоот "Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан билээ. Энэхүү тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 79.1 дүгээр зүйлийг үндэслэн гарсан буюу цэвэр ажилтны санаачилгаар гарсан тушаал юм. Өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар шаардаж, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандсан нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Ажлын байрны дарамтын талаар: Ажилтан Ц.М 2023 оны 02 сарын 14-ны өдөр захиалан идсэн хоолноос хордсон тухай маргааныг компанийн бусад ажилтнуудтай хийсэн байсан. Улмаар нэг ажилтан нэхэмжлэгчийг өрөөнөөс түлхэн гаргасан бөгөөд, дээрх маргааныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалган тогтоож, зөрчлийн шинжгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл Ц.М нь энэ хэргийн талаар болон компанийн талаар цахим орчинд хэд хэдэн удаа мэдээлэл оруулсан.
Энэ үйл явдлын үеэр компанийн Гүйцэтгэх захирал Н.О нь БНСУ-д томилолтоор ажиллаж байсан боловч Ц.Мтай цахим сүлжээгээр холбогдон хэд хэдэн удаа санал солилцсон бөгөөд, Ц.Маас тайвшрахыг гуйх, аргадах, тайвшруулах, зэмлэх зэргээр харилцсан байсан. Харин ийнхүү ажилтантай харилцсаны эцэст шийдвэрээ гаргаж Ц.Мыг биеэ эмчлүүлэх, тайвшрах хугацаа олгохоор, цалинтай чөлөө олгох шийдвэрийг 2023 оны 02 сарын 20-ны өдөр албан ёсоор гаргаж ажилтанд танилцуулсан.
Гэтэл ажилтан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлтээ гаргасан байсан. Дээр дурдсанчлан Гүйцэтгэх захирлын зүгээс энэ удаад ч ажилтны хүсэлтийг хүлээн авалгүй цаашид хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлж, зайнаас ажиллахыг санал болгосон ч нэхэмжлэгч үүнээс татгалзаж, ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардсан юм. Мөн түүнчлэн компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс хойш 2023 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэл бүхий л хугацааны цалин хөлсийг ажилласан эсэхээс нь үл хамааран ажилтанд бүтэн тооцож, олгосон.
Ажилтан өөрийнхөө бичгээр гаргасан хүсэлтээ дэмждэг. Бичгээр гаргасан хүсэлтээ өгсний дараа тушаалаа авахыг удаа дараа шаардаж байсан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай харилцсан мессежнээс ч гэсэн тодорхой харагдана2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.М ажлын байранд маргаан үүсгэсэн. Тухайн маргааныг Ю ХХК-ийн ажилтан болох н.М, н.П, н.З нарыг ажлаа хийж байх үед нь ажлын өрөөнд нь орж хэл амаар доромжилж, чангаар загнасан. Тухайн үед н.М жирэмсэн байсан. Улмаар тухайн охиныг уйлуулсан байгаа юм. Нэхэмжлэгч уйлтал нь загнаж, шаардлага тавьсан байгаа. Гэтэл нөгөө охин нь тухайн хоолыг хийгээгүй, оффис дээр сууж зөвхөн өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажил хийдэг байсан. Тухайн үед уйлуулж, загнах үед н.Мг өмөөрч, н.З нар энэ маргаанаа зогсоо, энэ өрөөнөөс гарчих гэдэг шаардлагыг удаа дараа тавьж өрөөнөөс гаргасан. Ц.М энэ үйл явдал болонгуут тухайн үед Солонгос улсад амралтад байсан захирал Н.О руу мессеж бичсэн. Шүүх хуралдааны явцад үзлэг хийж бэхжүүлсэн байгаа.
Энэ компанид дарамт шахалт байтугай, албан тушаалын дээр, доорын харилцаа ч гэсэн байдаггүй. Бүгд найз нөхөд шиг эрх, тэгш харилцдаг. Энэ үйлдэл Ц.Мын ажилтнуудтай хийж байгаа анхны маргаан биш. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой харагддаг. Урьд нь хэд хэдэн удаа маргалдаж байсан.
Хамгийн эхний шийдвэр нь Ц.М хоолны хордлого эмчлүүлж, тайвшрах хугацаа олгох үүднээс нэг сарын цалинтай чөлөөг компанийн тамга, тэмдэгтэй, гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан, хавтаст хэргийн 17 дугаар хуудаст авагдсан баримт байгаа. Нэг сарын чөлөө дуусах үед Ц.Мтай уулзаж, холбогдох гэж оролдсон, нэхэмжлэгч би цагаан сард бэлдэж байна, завгүй байна гэх зэргээр уулзаагүй. Хугацааны дуусах үед 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч би ажлаас гармаар байна гэж өргөдлөө өгсөн. Энэ өргөдлийг бичүүлэхэд компанийн зүгээс ямар ч дарамт шахалт байгаагүй. Өөрөө сайн дураараа бичсэн, бич гэж шаардаагүй.
Ц.Мд өргөдлийг чинь хүлээн авах боломжгүй, цаашид хамтарч ажиллая, зайнаас ажил гэж шууд тулгаагүй, хэрвээ хүсэж байвал зайнаас ажиллаж болно, бид ийм тушаал гаргаж болно гэсэнҮүний дараа эвлэрэх талаар хэд хэдэн удаа харилцсан. Өмнө нь болсон гурван талт хороонд хүртэл би эвлэрэх талаар санал тавьж, Н.О захиралтай дахиад ярилцаж үзье гэсэн. Тухайн үед нэг нь гадагшаа яваад, нэг нь сүлжээгүй газар явсаар байгаад өнөөдөр шүүхэд ямар ч эвлэрэх боломжгүй нөхцөл байдалтай болсон. Ажилтан хооронд гарсан харилцааны асуудлыг шийдэх гэж маш олон удаа оролдож, маш олон байдлаар илэрхийлсэн. Ажлаас гармааргүй байгааг албан ёсоор удаа дараа илэрхийлсэн. Ийм харилцаа байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Мад олгосон итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Б/21 Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, тойрох хуудас, ажил хүлээлцсэн акт, Ю ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 23/102 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б/16 Цалинтай чөлөө олгох тухай тушаал, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Б/18 Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаал, Ю ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 23/14 Ю ХХК-ийн хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Г.Ид олгосон итгэмжлэл, Ц.Мын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ю ХХК-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тухай хүсэлтийн хуулбар, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Б/21 Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ю ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 23/102 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар ... Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаал, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар ... Цалинтай чөлөө олгох тухай тушаал, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар А-07 тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, Ю ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Ю ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хяналт шалгалтын үр дүнг батлах тухай тушаал, Н.Нын тайлбар,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Ц.Т, Э.Э нарын мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар ТГ-05/469 албан бичиг /хавсралт 21 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ...газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 30иа/6645 албан бичиг, түүний хавсралт Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Ц.Мын өргөдөл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай, Эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, тушаал хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Хариуцагч Ю ХХК нь ажилтны өргөдөл, хүсэлтийн дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
7.Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Ц.М нь 2022 оны 02 дугаар сараас эхлэн Ю ХХК-нд ... хариуцсан ахлах менежер албан тушаалд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн тайлбараар нотлогдож, энэ үйл баримтад хариуцагч маргаангүй.
7.2 Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай ... дугаар тушаалын 1 дэх заалтад: Компанийн .... хариуцсан ахлах менежер ажилтай Ц.Мтай 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ... тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар дуусгавар болгосугай,
4 дэх заалтад: Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот Зайнаас ажиллах тухай тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэж тус тус заажээ./1-р хх-ийн 12-р тал/
7.3 Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.11.1 дэх заалт, ажилтны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлт зэрэгт үндэслэсэн байна.
7.4 Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар ... Цалинтай чөлөө олгох тухай тушаалаар Ц.Мд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1/нэг/ сарын цалинтай чөлөө олгосон. /1-р хх-ийн 37-р тал/
7.5 Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Б/18 Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаалаар Н.Цийн Ц.Мыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажил үүргээ зайнаас гүйцэтгэхийг зөвшөөрч зайнаас ажиллуулж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зайнаас ажилласанд тооцон, цалин хөлсийг тооцон олгосон. /1-р хх-ийн 31-р тал/
7.6 Ц.М нь Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргасан ба гомдлын дагуу шалгаж, гомдол гаргагч Ц.Мд хариу хүргүүлсэн, гомдолд холбогдох Ю ХХК-нд гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар ТГ-05/469 албан бичгээр ирүүлсэн гомдол, албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. /1-р хх-ийн 135-142-р тал/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж зааснаар зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
8.1 Нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй шалтгаанаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдсон. /хх-ийн 9-11-р тал/
8.2 Улмаар нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасантай нийцэж байна.
9. Шүүх зохигчийн маргаж буй нэхэмжлэгч Ц.М өөрийн хүсэлтээр, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгавал:
9.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Ц.М нь Ю ХХК-нд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ю компанитай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох хүсэлт гэх дараах агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна. Үүнд:
Ц.М .... менежер албан тушаалтай миний бие ажлын байрны дарамтад орж сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ. ./1-р хх-ийн 78-р тал/
9.2 Хэрэгт авагдсан дээрх хүсэлтийг ажилтан ажил олгогчид бичгээр гаргасанд маргадаггүй, харин өөрийн хүсэл зоригт үндэслээгүй, ялгаварлан гадуурхаж, ажил олгогчийн шахалтын улмаас өргөдлөө гаргасан гэж тайлбарладаг.
9.3 Нэхэмжлэгч Ц.М нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Юби Ийтс ХХК-ний бэлтгэдэг хоолноос идсэний улмаас хоолны хордлогод орсон, энэ тухай холбогдох ажилтнуудад хэлсэн, маргаан үүсч ажилчдад зодуулсан гэх тайлбарыг гаргадаг ба хоолны хордлогын талаарх үйл баримтад хариуцагч тал маргаагүй.
Ц.Маас гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо Юнион буйлдинг төвд ажлын хүнд зодуулсан гэх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, гомдол, хохирогч, холбогдогч, гэрчээс мэдүүлэг авсан тухай баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-ийн 224-233-р тал/
9.4 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үйл явдлын дараа ажил олгогч Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б/16 Цалинтай чөлөө олгох тухай тушаал гаргаж, Ц.Мд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1/нэг/ сарын цалинтай чөлөө олгосон./1-р хх-ийн 37-р тал/
Ажилтанд цалинтай чөлөө олгосон 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Ц.М болсон үйл явдлын талаар гомдолтой, тухайн үүссэн асуудал шийдвэрлэгдээгүй байсан болох нь түүний Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гаргасан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гомдлоос харагдаж байна. /1-р хх-ийн 136-139-р тал/
Улмаар Ц.М нь нэг сарын цалинтай чөлөө олгосон хугацаа дуусмагц 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтээ бичгээр гаргажээ.
Хариуцагч Ю ХХК нь ажилтан Ц.Мын дээрх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...компанийн зүгээс бидний хооронд үүссэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид үргэлжлүүлэн явуулж, үр дүнд хүргэх хүсэлтэй байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар таныг зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж цаашид ажиллуулах тухай шийдвэр гарган, танд үүгээр санал хүргүүлж байна... гэжээ./хх-ийн 30-р тал/
Ц.М, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ажилтны зөвшөөрөлгүй чөлөө олгох болон зайнаас ажиллуулсан нь ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр гэж мэтгэлцсэн.
Ю ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр зайнаас ажиллуулах талаар санал асууж байгаа агуулгатай мэт боловч тухайн албан бичгийг хүргүүлэх цаг хугацаанаас өмнө Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Б/18 Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаал гарсан болох нь хэрэгт авагдсан тушаал, мэдэгдэх хуудас хүргүүлсэн албан бичиг, хариуцагч талын тайлбараар нотлогдсон.
Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаалд Н.Цийн Ц.Мыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажил үүргээ зайнаас гүйцэтгэхийг зөвшөөрч зайнаас ажиллуулж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зайнаас ажилласанд тооцон, цалин хөлсийг тооцон олгосон. /1-р хх-ийн 31-р тал/
Өөрөөр хэлбэл цалинтай чөлөөний хугацаа дууссан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зайнаас ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
9.5 Ю ХХК нь Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.8 дахь хэсэгт чөлөө олгох тухай харилцааг зохицуулсан. 5.8.2 дахь хэсэгт зааснаар цалинтай чөлөөг ажилтны хүсэлтээр олгохоор заасан ба Ц.Мын чөлөө олгохыг хүссэн хүсэлт хэрэгт авагдаагүй. /хх-ийн 88-117-р тал/
9.6 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй боловч уг хүсэлт нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан байхыг шаардана.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар үл ялгаварлан гадуурхах суурь зарчмыг баримтлана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заажээ.
Хариуцагч Ю ХХК-ийн ажилтан Ц.Мд нэг сарын хугацааны цалинтай чөлөө олгох, тодорхойгүй хугацаагаар зайнаас ажиллуулах тухай шийдвэр гаргаж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажил үүргийг ажлын байранд гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журамд зохицуулаагүй зэрэг нь ялгаварлан гадуурхах хэлбэр гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ялгаварласан, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэхгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ажил үүргийн онцлогоос хамаарсан зайнаас ажиллуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтанМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно... гэж зааснаар зохих байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаас ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-29 дугаар Хяналт шалгалтын үр дүнг батлах тухай тушаалд Ц.Мын гаргасан гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтаар хордлого авсан байж болзошгүй байна, Юби Ийтс Клауд Китчен ХХК-н гэрээт гал тогоо буруутай бөгөөд хохирлыг нөхөн төлсөн байна, ажлын байранд болсон маргаан нь ажилтнуудын хооронд үүссэн зөрчил бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн шинжгүй байна, ямар нэгэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болохыг тогтоосугай гэж заасан байх боловч уг хяналт шалгалтыг хэрхэн хийсэн, гомдол гаргагчийг оролцуулсан эсэх, хяналт шалгалттай холбоотой баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй. /1-р хх-ийн 159-р тал/
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд зайнаас ажиллуулах харилцааг зохицуулсан ба зайнаас ажиллуулах тохиолдолд ажилтантай зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгахаар зохицуулсан.
Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Б/18 Зайнаас ажиллах зөвшөөрөл олгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11.Шүүх ажилтан өөрийн хүсэл зоригоо зүй бус нөлөөлөлгүйгээр илэрхийлсэн гэх үндэслэлгүй гэж үзэж, ажил олгогч шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэх боловч ажил олгогч, ажилтан тэгш оролцож ажилтны тайлбар гаргах, гомдлын агуулгыг тайлбарлах боломжийг олгосон эсэх, хяналт шалгалт хийсэн материал байхгүй, чөлөө олгох, зайнаас ажиллуулах тухай тушаалуудын эрх зүйн үндэслэл зайлшгүй шаардлагыг нотолж чадаагүй байна гэж үзэв.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.Мыг урьд эрхэлж байсан Ю ХХК-ийн .... хариуцсан ахлах менежер албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Маргаан бүхий тушаалыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учир Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай ... дугаар тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзсэн болно.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
12.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг 2023 оны 3, 2, 1 дүгээр саруудад авсан цалингийн дунджаас тооцоход сард 2,132,932 төгрөг, байх бөгөөд нийт ажилгүй байсан 17 сар 16 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэв.
/Ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сар нь 2023 оны 3, 2, 1 дүгээр сарууд байх бөгөөд 670,454+3,057,889+1,670,454=6,398,797төгрөг, сарын дундаж цалин 2,132,932 төгрөг, үүнээс өдрийн дундаж цалин 2,132,932:21.5=99,206 төгрөг, Ажилгүй байсан хугацаа: 2023.04.21-2024.10.14 хооронд нийт 17 сар, 16 хоног 36,259,844+1,587,296 =37,847,140 төгрөг/
12.2 Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас нийт 37,847,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
13. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ю ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 347,186 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Мыг Ю ХХК-ийн .... хариуцсан ахлах менежер албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Ю ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 37,847,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Мын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА