Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/397

 

 

 

 

 

 

   2023           4             12                                         2023/ДШМ/397

 

 

Ж.И, В Ж /W J/ нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Д.Батбаяр,

яллагдагч В Ж /W J/-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/438 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ж.И, В Ж нарт холбогдох 2208004090827 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............... овгийн ..............-гийн И, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ........ хамт ....... дүүргийн ..  дугаар хороо, ....... дүгээр байрны ..тоотод оршин суух, /РД: ......................../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 236 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 1, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 10 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2. Бүгд Найрмадах Хятад ард улсын иргэн В Ж /W J/, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын ................... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод түр оршин суух, Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гадаад паспортын дугаар /..................../,

Яллагдагч Ж.И нь Бүгд Найрамдах Хятад улсын иргэн В Ж-тай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадна 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд В Ж-гийн захиалгаар хохирогч Б.С-ийн эзэмшлийн 77-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэж заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

яллагдагч В Ж нь Ж.И-тай бүлэглэн мөн өдөр, мөн газар Ж.И-аар хохирогч Б.С-ийн эзэмшлийн 77-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэж заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг хамтарч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.И, В Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Гэтэл яллагдагч В Ж, Ж.И нарт холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

Прокуророос яллагдагч В Ж, Ж.И нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл хэрэгт гэрч А.А-ийн “...2022 оны 02 дугаар сард намайг гэртэй нэг удаа дуудсан, чамтай ярилцмаар байна, цаашдаа чи надтай байхгүй юм байна гээд дуудаад байсан. Тэгээд би Хан-Уул дүүрэгт “Алтаргана” гэдэг хотхонд очсон, гэрт нь уулзах үед би Орос явах гэж байна, чи мөнгө хэзээ өгөх юм бэ гэсэн. Ер нь ажлын шугамаар уулзаж байхад хүртэл намайг оролдох гээд байдаг байсан юм, гэрт нь байх үед мөнгөө хэзээ өгөх вэ нэхэж байгаад хүч хэрэглэж эхэлсэн, тэр үед би эсэргүүцэл үзүүлсэн. Гэхдээ яаж ч чадаагүй бэлгийн харьцаанд орсон. Түүний дараа 7-8 хоногийн дараа Алтаргана хотхондоо дахин дуудсан бөгөөд тэр үед бас хүчээр бэлгийн харьцаанд орсон. Очих үед мөнгө нэхдэг, чи надтай хамт байвал энэ мөнгийг төлүүлэхгүй байж болно гэдэг юм...” гэх мэдүүлэг 2 дугаар хавтас хэргийн 86-87 дугаар талд авагджээ.

Түүний энэхүү мэдүүлэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа огт явуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрчийн мэдүүлэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалган тодруулж, шийдвэрлэсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул В Ж, Ж.И нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хамт буцаан хүргүүлж, хэрэг прокурорт очтол яллагдагч В Ж, Ж.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/438 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив. Үүнд:

1. Прокуророос яллагдагч Ж.И, БНХАУ-ын иргэн В Ж нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны гадна талд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд хохирогч Б.С-ийн эзэмшлийн 77-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Гэтэл шүүх “тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийсэн” гэж хэргийг прокурорт буцаахдаа гэрч А.А-ийн “В Ж-тай бэлгийн харьцаанд орсон” гэх агуулгатай мэдүүлгийг үндэслэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоосон.

Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш” гэж дурдсан боловч хэргийг прокурорт буцаах болсон үндэслэл нь прокуророос Ж.И, БНХАУ-ын иргэн В Ж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэрэгтэй огт хамааралгүй асуудлыг шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

2. Шүүх “...гэрчийн мэдүүлэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалган тодруулж, шийдвэрлэсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж дурджээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан А.А-ийн гэрчээр өгсөн “...Өлзийтэй танилцсанаас хойш Өлзий надтай амьдармаар байна, хүүхэд гаргаад өгчих, надтай гэр бүл болооч гээд байдаг байсан. ...Өлзий манай гэрт 2-3 удаа ирсэн, шинэ жил, цагаан сарын үеэр ирсэн, ээжтэй танилцсан. Манай ээж Б.С 2022 оны 02 сард цагаан сарын өмнөхөн зээлийн гэрээ байгуулан Өлзийгөөс 30.000.000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатай зээлж авсан. ...Би Өлзийтэй бэлгийн харьцаанд орсон талаараа ээж болон өөрийн найз залуудаа одоо ч гэсэн хэлээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.С-ийн “...Өлзий гэх хүнтэй одоогоос жил орчмын өмнө танилцаж байсан. ...Энэ жил гаруйн хугацаанд манай гэрт 8-9 удаа ирж байсан. Ер нь миний охин А-тай гэрлэх гэж байсан хүн юм. Ямар учир шалтгааны улмаас гэрлээгүй талаар би мэдэхгүй. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэгцээ гарч би Өлзийгөөс 6 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн байсан. ...” гэх мэдүүлэг,

БНХАУ-ын иргэн В Ж-гийн “...2021 оны 8 дугаар сарын орчимд анх Улаанбаатар хотод ирсэн байх үед хятад хэлний орчуулагч авахаар өөрийн танил хятад улсын иргэнээр дамжуулан Б.С-ийн охин Атай танилцаж байсан. ...А нь миний амьдрал маш их хэцүү, мөнгө санхүүгийн асуудалтай байдаг, хоёулаа ярилцаж тохироод харилцаа холбоотой байж болно шүү дээ гэж хэлэхээр нь би түүнтэй харилцан ярилцаж ойлголцсоны үндсэн дээр түүний тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрөөд А-д санхүүгийн туслалцаа үзүүлж байхаар тохирч бид сексийн харилцаанд орсон. Энэ цаг хугацаанаас бид дотно харилцаа холбоотой байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ямар нэгэн харилцаа холбоогүй болсон. Миний хувьд А-тай дотно харилцаа холбоотой байх үедээ 2021 оны 8 дугаар сарын орчимд түүний Приус-30 маркийн автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг 3 удаа хуваан нийт 6.000.000 төгрөгийг төлж өгсөн. Мөн А нь хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна гэх үед нь нийт 3.500.000 төгрөгийн төлбөр тооцоог нь хийж өгч байсан. А эмнэлэгт хэвтэж гарч ирсний дараа гэрээр хятад хэлний багш хийнэ гэж хэлээд байр түрээслэн ширээ, сандал, буйдан зэрэг эд зүйлсийг авхуулж нийт 5.000.000 төгрөгийн зардал гарсныг төлж өгсөн. Тухайн үеэс эхлээд А нь өдөр болгон л ямар нэгэн эд зүйлсийг худалдаж авна гээд мөнгө нэхээд байдаг болохоор нь түүнээс зайгаа авч түүнтэй уулзахаа больсон...” гэх мэдүүлгүүдээр А.А, В Ж нар нь харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон буюу хувийн харилцаатай байсан болох нь тогтоогддог ба А.А нь энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байгаагүй. Иймд уг асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт хамааралгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх гэрч А.А-ийн мэдүүлэгт эргэлзэж байгаа бол түүнийг шүүх хуралдаанд оролцуулан асууж, тодруулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг шүүх анхаарч үзэлгүй хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.С-ийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэгт  Эрүүгийн хуульд заасан бие даасан гэмт хэргийн шинж байгаа бөгөөд үүнийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч В Ж-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.И, В Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Прокуророос яллагдагч Ж.И-ыг Бүгд Найрамдах Хятад улсын иргэн В Ж-тай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадна 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд Бүгд Найрамдах Хятад улсын иргэн В Ж-гийн захиалгаар хохирогч Б.С-ийн эзэмшлийн 77-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

яллагдагч В Ж-г Ж.И-тай бүлэглэн мөн өдөр, мөн газар хохирогч Б.С-ийн эзэмшлийн 77-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, “...гэрч А.А-ийн /2 хх 86-87/ мэдүүлэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа огт явуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэрчийн мэдүүлэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалган тодруулж, шийдвэрлэсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэх үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад, мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Ж.И, В Ж нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд тус тус нийцнэ.

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болно.

А.А нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэх үндэслэл байгаа бол эрх бүхий байгууллагад гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч, харин шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/438 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хүчингүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР