Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2024/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Г.Цогтсайхан,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ж.Гомбожав

Гуравдагч этгээд: Э.Мөнхсувд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, гуравдагч этгээд Э.Мөнхсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх, гэрч С.Сандагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  Нэхэмжлэгч Г.Цогтсайханаас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах орон сууцны зориулалттай 400 метр квадрат газрыг Ж.Гомбожавт эзэмшүүлсэн шийдвэр, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн нэгж талбарын 18645288928160 дугаартай газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1-р багийн нутагт байрлах, орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох-оор өөрчилсөн байна.

1.2. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актуудад холбогдуулан гомдол гаргаж, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний 07/33 дугаартай албан бичгээр Г.Цогтсайханы 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан газрыг аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар...Ж.Гомбожавт шилжүүлэн эзэмшүүлсэн...Аймгийн Засаг даргын 2014 оны А/483 дугаар захирамжаар Ж.Гомбожавт газрыг өмчлүүлсэн байна гэсэн хариуг авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл, гэрчийн мэдүүлгийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Ц.Цогтсайхан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1]: Г.Цогтсайхан би 1989 оноос эхлэн Төв аймгийн Зуунмод суманд гэр бүлийн хамт амьдарч байна. Би 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ажлын хувцас холдинг ХХК-ийн захирлын алба хашиж байхдаа Буянт гол ХХК-аас Зуунмод сумын 1 дүгээр баг 12 айлын орон сууцны хойд талд байрлах 12*36 метр барилгын суурийг Буянт гол ХХК-иас худалдан авсан. Уг барилгын суурийг Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн хувьчлалаар Цамхаг ХХК-д хувьчлагдсан, Цамхаг ХХК нь Буянт гол ХХК болон өөрчлөгдсөн. Уг барилгын суурийг нь худалдан авч, геологийн шинжилгээ, зураг төсвийг хийлгэн барилгын ажил эхлэхэд бэлэн болгосон. 2005 оноос өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор барилгын ажил хийгдэлгүй түр зогссон бөгөөд Ажлын хувцас холдинг ХХК нь татан буугдах болсонтой холбоотойгоор тус компанийн үүсгэн байгуулагчийн хувьд би уг барилгын суурийг өөрийн нэр дээр 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн авч, хүсэлт гаргасан, Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны А/227 дугаар захирамж гарч, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0271779 дугаар гэрчилгээг 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 15 жилийн хугацаатай, орон сууцны зориулалтаар миний нэр дээр олгогдсон. Барилгын суурийг авахдаа худалдагч талын өмч мөн эсэх талаар нотлох бүх баримт, материалыг бүрдүүлж, гэрээг нотариатчаар батлуулж байсан бөгөөд тухайн барилгын суурь дээр инженер геологийн дүгнэлт гаргуулж, 18 айлын орон сууцны барилга бариулах зорилгоор Харш прожект ХХК-тай 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан, зураг төсөв хийлгэсэн. Уг барилгын суурь нь цэвдэгтэй газар тул 6-7 метрийн гүнд блокон аяган суурьтай хийгдсэн 12*36 метрийн урт өргөнтэй байгууламж юм. Энэ талаар Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2009 оны 08 дугаар сарын 24-ны өдөр гаргасан өргөдөлдөө Зуунмод сумын номт 1 дүгээр багийн 23 дугаар байрны хойд талын 12 айлын орон сууцны барилгын суурийг шахаж Г.Мөнхбат, Д.Цогнэмэх зэрэг айлууд 2 талаас нь шахаж хашаа барьсан талаар тусгаж, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газрыг чөлөөлж, газрын гэрчилгээ олгуулахаар хандаж байсан. Тухайн барилгын суурь нь миний өмч болох мэдээлэл газрын албанд байсан бөгөөд газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2013 оны архивын байр зүйн зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон гаргаж өгсөн нотлох баримтыг судлан үзэж Төв аймгийн Засаг даргын 2009 оны А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хуучин Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсэг болон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000647795 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Ц.Цогтсайхан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа[2] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1-р багийн нутаг, Бугатын орон сууцны хойно байрлах хуучин Нэгдэл дундын харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар надад олгогдсон газар эзэмших эрхэд халдаж Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх", 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." 34 дүгээр зүйлийн 34.10-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно. гэж заасан,", Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д заасныг зөрчсөн, мөн 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 43.3. 43.8-д заасныг зөрчиж газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн, улмаар миний хууль ёсны өмч болох уг газар дээр баригдсан 12 айлын орон сууцны барилгын суурийг үнэгүйдүүлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн эрхийг тус тус хохироосон. ...Миний бие 1989 онд сургуулиа төгсөж ирээд Нэгдэл дундын үйлдвэрт цахилгааны инженерээр ажиллаж байсан. 1991 онд аймгийн захиргаа руу шилжиж ажилласан. 1991 оноос хойш Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаад, 6 хэсэг болсон. Маргаантай газар дээр хуучин нэгдэл дундын үйлдвэр байхдаа 2 барилга барьж байсан...Анх намайг авахад 23 дугаар байр 12 айлын орон сууц л гэсэн нэртэй байсан. Тэнд ямар ч шугам сүлжээ, айл байшин баригдаагүй байсан. Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А227 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутгийн дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 5 дугаар 38 дугаар зүйлийн 38.1.3-т тус тус үндэслэлд нийцсэн. Анх 12 айлын 3 орон сууц барихаар төлөвлөөд хувьчлалаар барилгын суурь нь банкны зээлтэй хамт Цамхаг компанид хувьчлагдсан. 2004 онд Цамхаг компани буюу сүүлд Буянт гол компани болсон компанийн захирал С.Сандагдорж гуай барилгынхаа суурийг надад худалдсан. Тухайн үед би Ажлын хувцас холдинг компанийн захирлаар ажиллаж байсан. Ажлын хувцас холдинг компанийн нэр дээрх барилгын суурийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэж Зуунмод сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Зуунмод сумын Засаг даргаас надад газрыг шилжүүлж олгосон. Тухайн үед би барилга барих боломжгүй болоод гэр бүлийн хэрэгцээнд гэсэн гэрчилгээ гаргаж өгсөн. Тухайн үед ажид ихтэй, барилга барих боломжгүй байсан. Хүүхдүүдэд маань хэрэг болно гээд хадгалаад байж байсан. Тэгсэн 2023 оны 09 дүгээр сард манай тэнд амьдардаг Энхбаатар гэх найз маань чиний энэ барилгын суурийг хүмүүс нураагаад байна гэж хэлсэн. Утасны дугаарыг нь аваад манай суурь шүү сүүлд нь хэдүүлээ асуудал үүсэх вий гэж тэр хүнтэй яриад ойлголцоогүй болохоор орой нь би ирээд өөрт байгаа бүх баримт бичгээ танилцуулсан ч хүлээж авахгүй болохоор нь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Иргэн хүний хувьд өөрийн боломжоор барилгын суурь худалдан авч тэрний дагуу өргөдлөө өгч, материалаа бүрдүүлж гэрчилгээгээ гаргуулж, нэр шилжүүлж авсан. Миний нэр дээр 0.7 га газар байхгүй. Хуулийн дагуу явсан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.4 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгч Г.Цогтсайхан тухайн газрыг анх эзэмшиж авсан, хууль зүйн факт хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярилаа. Хууль зүйн хувьд 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Засаг даргын А/83 дугаартай захирамж нь хууль бус захирамж бөгөөд хууль бус болох хэд хэдэн хуульд заасан үндэслэл байна. Нэгдүгээрт, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн захирамж нь Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасныг үндэслэж гэсэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3 гэсэн заалт байхгүй. Байхгүй хуулийн заалтыг үндэслэж гарч байгаа болохоор анхнаасаа эрх зүйн үйлчлэл байхгүй. Засаг даргын захирамж ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болгож байгаа болохоор зөвхөн хуульд үндэслэх ёстой. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх зарчим гэж байгаа, хэрвээ хуульд үндэслээгүй бол захиргааны тэр ажиллагаа тэр чигтээ хууль бус. Захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудал бол нарийн төвөгтэй асуудал. Энэ нь юу вэ гэхээр эрх зүйн онол, төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүйн онол дуур тулгуурлаж явдаг салбар эрх зүй. Тэгэхээр үүн дээр техникийн шинжтэй алдаа гарсан гэх хуулийн заалт байхгүй. Аймгийн Засаг дарга Газрын тухайн 21.3.2-т заасны дагуу эзэмшүүлнэ. 21.3.3 гэсэн хуулийн заалт байхгүй. Газрын тухайн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар эзэмшүүлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. 2009 онд бид нарын маргаж буй газар дээр иргэн, аж ахуй нэгжид шинээр газар эзэмшүүлэх аймгийн, сумын Иргэдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга газрыг эзэмшүүлдэг. Хоёрт, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн шүүхэд ирж тухайн үед Засаг даргын саналыг аваагүй, ямар нэгэн байдлаар бидэнд мэдэгдээгүй гэж мэдүүлсэн. Аймгийн шугам, сүлжээтэй газар хаана эзэмшүүлэх үү, давхцал байгаа эсэхийг сум хариуцдаг. 1997 оны 205 дугаартай захирамжаар анх газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэн. Энэ захирамж яваад 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Г.Цогтсайхан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн. Г.Цогтсайхан Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасны дагуу энэ миний газар юм гэсэн хууль ёсны итгэлтэй явж байсан. Одоо ч гэсэн явж байгаа. Сумын Засаг даргын 2009 оны А/15 дугаар захирамж, мөн 1997 оны 205 дугаартай захирамжийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн газрыг давхардуулан олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар олгосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Газар эзэмших эрхийг олгоод байгаа үндэслэл нь Намжилдорж гэх хүний хүсэлтээр гэсэн. Нэг иргэний хүсэлтээр нөгөө нэг иргэнд аймгийн Засаг дарга инженерийн шугам сүлжээтэй газрыг олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ж.Гомбожав гэдэг хүн хууль бусаар газар эзэмшээд, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд тэрийгээ бусдад зарсан. 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А83 дугаар буюу газар эзэмшсэн захирамж хууль бус. Энэ захирамж хууль бус болохоор 2014 оны өмчлүүлэх захирамж хууль бус. Ж.Гомбожав гэх хүн аймгийн Засаг дарга байсан. Ийм учраас шүүхээс аймгийн Засаг даргын 2009 оны захирамж нь хуулийн үндэслэлтэй гэж гарах ямар ч үндэслэл байхгүй. Энд хэн түрүүлж эзэмшсэн, хэн сүүлд эзэмшсэн тухай асуудал огтоос яригдахгүй. Хуульд үндэслэх зарчмыг тайлбарлах шаардлагатай. Шаардлагатай бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан, хууль бусаар шилжүүлэн авсан эсэх түүн дээр үүсгэсэн захиргааны хэргийн маргаан байхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан эсэх дээр маргадаггүй... Намжилдоржийн хувийн хэрэг архивд байхгүй, Намжилдоржийн эзэмшилд газар байсан талаар нотлох баримт хэрэг байхгүй. Аймгийн Засаг даргын 2009 оны 02 сарын захирамж хуульд байхгүй хуулийн заалт үндэслэсэн, эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан. 2009 оны газар эзэмшүүлэх шийдвэр нь үндэслэлгүй учраас газар өмчлөх захирамж хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.4. Хариуцагч, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь Зуунмод сумын номт 1 дүгээр баг, 23 дугаар байрны хойно байрлах Хуучин нэгдэл дундын үйлдвэрийн харьяа орон сууцны зориулалттай 400 метр квадрат газрыг 2004 онд "Буян гол ХХК-аас худалдан авч, Зуунмод сумын Засаг даргын 2009 оны А/227 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн гэх боловч тухайн үедээ цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэгж талбарын хувийн хэргийг огт үүсгээгүй байна. Маргаан бүхий суурь байрлах газрыг иргэн Г.Намжилдоржийн саналыг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны А/83 дугаартай захирамжаар иргэн Ж.Гомбожавт 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд тус иргэн 2014 онд хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/483 дугаартай захирамжаар тухайн газрыг өмчлүүлсэн байна. Тус газар нь Зуунмод сумын А зэрэглэлийн бүс бөгөөд 1999 онд инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.3.2-т... төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу маргаан бүхий байршилд газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэн Г.Цогтсайханы гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргаас иргэн Намжилдоржийн хүсэлтийг үндэслэн 2009 онд А/83 дугаар захирамжаар Ж.Гомбожавт газар эзэмшүүлсэн. Хуулийн заалт дээр техник болон бичилтийн алдаа гарсан байх. Шинээр олгож байгаа газар биш. Энэ захирамжийн дагуу эзэмшсэн газраа өмчлөх хүсэлт гаргасан Ж.Гомбожавын хүсэлтийг үндэслэж 2014 онд А/483 дугаар захирамжаар эзэмшлийн газрыг нь өмчлүүлсэн. Иргэн Г.Цогтсайхан Зуунмод сумын Засаг даргын 2009 оны А227 гэх захирамжаар газар эзэмшсэн гэх боловч захирамжийн хавсралтад Буянт гол гэх компанид 1997 оны А205 захирамжаар эзэмшүүлсэн гэж гарч ирдэг. А205 гэсэн захирамж нь хавсралтгүй захирамж. Өнөөдөр Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар дээр үзлэг хийхэд тухайн Буянт гол гэх компанийн хувийн хэрэг олдсонгүй, мөн иргэн Г.Цогтсайханы газар эзэмших эрхийг шилжүүлэх авах хүсэлт нь олдсонгүй. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Тийм учраас энэ хуулийг ярих ямар ч үндэслэл байхгүй. 2009 онд Ж.Гомбожав гэх хүн газрыг аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж аваад тухайн үед нэгж талбарын хувийн хэрэг үүссэн. Кадастрын мэдээллийн санд орсон. Газрын төлбөрийг тухай бүрт нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.6. Гуравдагч этгээд Ж.Гомбожав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг, Бугатын орон сууцны хойно байрлах 525 метр квадрат газрыг эзэмших тухай намайг өргөдөл гаргаж байхад уг газрыг эзэмшигч болон ашиглагч ямар нэгэн байгууллага, хэн нэгэн байгаагүй болно. Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамж гарч, энэ газрыг надад эзэмшүүлсэн. Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг үндэслэн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын олгосон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000647795 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Харин Г.Цогтсайхан өөрийнх нь гаргасан нэхэмжлэлд Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжаар 0271773 дугаартай гэрчилгээ авсан юм байна. Өөрөөр хэлбэл миний эзэмшилд байсан газрыг 9 сар 10 хоногийн дараа хууль бус газар эзэмших гэрчилгээ авсан болох нь нотлогдож байна. Миний бие хувийн өмчийн газраа хууль ёсны дагуу Эрдэнэбаатарын Мөнхсувдад өгсөн болно гэжээ.

2.7. Гуравдагч этгээд Э.Мөнхсувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 525 м.кв газрыг иргэн Ж.Гомбожаваас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийнхөө өмчлөлд бүртгүүлж, өмчлөлийн гэрчилгээг авсан. Энэ газар өмнө нь Намжилдорж гэх хүний эзэмшлийн газар байсан гэдгийг хүсэлтээс нь харсан. Аймгийн Засаг даргын 2009 он болон 2014 оны захирамж хууль ёсны дагуу гарсан гэж харж байгаа. Иргэн Ж.Гомбожаваас хууль ёсны дагуу өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан. Г.Цогтсайханы нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэв.

2.8. Гуравдагч этгээд Э.Мөнхсувдын өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мөнхсувд нь Зуунмод сумын Номт 1 дүгээр баг байрлах 525 м.кв талбайтай Ж.Гомбожавын орон сууцны зориулалттай өмчлөлийн газрыг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах 967 дугаар гэрээний үндсэн дээр авч, эрхийн улсын бүртгэл бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. Иргэн Ж.Гомбожавт газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны А83, 2014 оны А483 дугаартай захирамжууд хууль ёсны дагуу гарсан байдаг. Г.Цогтсайхан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэгдүгээрт, 12х36 метр квадрат барилгын суурийг Буянт гол гэх компаниас 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдөр худалдаж авсан гэх боловч объекттой холбоотой газрын эзэмшлийн асуудлыг тухайн үед хуульд нийцүүлж шийдвэрлүүлээгүй байсан. Тухайн барилгын суурь худалдах худалдан авах гэрээ Буянт гол компани, Ажлын хувцас холдинг гэх компаниудын хооронд байгуулагдсан байдаг. Тэгэхээр анх объектыг Буянт гол компаниас худалдаж авсан хүн Г.Цогтсайхан биш. Буянт гол компани объектын хууль ёсны эзэмшигч гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Буянт гол компани, Ажлын хувцас холдинг компани, иргэн Г.Цогтсайхан нарын хооронд үл хөдлөх хөрөнгө объект худалдах худалдан авах ажиллагаа хийгдсэн болохоос биш газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа хууль ёсны дагуу хийгдээгүй. Ажлын хувцас холдинг компанийн эд хөрөнгийн жагсаалтыг авах гэхэд байхгүй гэсэн албан тоот шүүхэд ирсэн. Хоёрдугаарт, нэгдэл дундын үйлдвэрийн эзэмшлийн газрыг иргэн Ж.Гомбожавт эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын А83 дугаар захирамж гарсны дараа тухайн газрыг Г.Цогтсайханд эзэмшүүлэх Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А227 дугаар захирамж гарсан байдаг. Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Сумын Засаг дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн. Тухайн маргаан бүхий газар нь Зуунмод сумын А зэрэглэлийн бүс гэдэг нь олон нотлох баримтуудаар энэ хэрэгт авагдсан байгаа. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т инженерийн шугам сүлжээтэй газрыг шилжүүлэн авч байгаа ч гэсэн аймгийн Засаг дарга шийдвэрлэх журамтай. Нөгөө талаар Баасанхүүгийн мэдүүлэгт тухайн үед газрын даамал газрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулдаггүй байсан. Г.Цогтсайхан гуай газраа мэдээллийн санд оруулаагүй мөн кадастрын зураггүй ирэхээр нь гэрчилгээг нь бичээд кадастрын зургаа мэдээллийн санд оруулчихаад ир гээд явуулсан. Г.Цогтсайхан эргэж ирээгүй гэж мэдүүлдэг. Г.Цогтсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

2.9. Гэрч С.Сандагдорж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Нэгдэл дундын үйлдвэрт 1988-1992 он хүртэл ерөнхий инженер болон даргын ажлыг хийж байсан. Өмч хувьчлах комиссын тогтоол гарч аж ахуйн нэгжийг хувьчилж Нэгдэл дундын үйлдвэр үндсэн хөрөнгөөс давсан банкны зээлтэй байсан учраас зээлийг нь дагуулж хүмүүст нь хувьчлах шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу нэг компани 5 хоршоо болж байгуулагдаж өмч, хөрөнгийг хүмүүст нь хувьчилсан. Барилгын суурь өмч хувьчлахаас өмнө Нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд байсан. Өмч хувьчилснаас хойш Буянт гол компанийн мэдэлд байсан. Би Буянт гол компанийн захирал байсан. 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Буянт гол ХК-ийг төлөөлж Ажлын хувцас холдинг ХК-ний захирал .Цогтсайхантай Зуунмод сумын 1 дүгээр багийн 12 айлын орон сууцны хойд талд 12:36 метр квадрат барилгын суурийг 1,000.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан. Барилгын суурь иргэн Намжилдоржийн эзэмшил, өмчлөлд байгаагүй. Намжилдорж Нэгдэл дундын үйлдвэрийг байх үед тэтгэвэрт гарсан. Өмч хувьчлалаас хойш Засаг даргын захирамжаар Намжилдоржид газрыг эзэмшүүлсэн зүйл байгүй. 2004 он хүртэл барилгын суурь газар миний эзэмшилд байсан. Газрыг Ажлын хувцас холдинг компанийн Цогтсайханд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цогтсайханаас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар орон сууцны зориулалттай 400 метр квадрат газрыг Ж.Гомбожавт эзэмшүүлсэн шийдвэр, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн нэгж талбарын 18645288928160 дугаартай газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах[3] тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1-р багийн нутаг, Бугатын орон сууцны хойно байрлах хуучин Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон[4], нэхэмжлэгчийн энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

  Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр Г.Цогтсайханы нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

  Хоёр. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч талаас:

-Ажлын хувцас холдинг компани Буянт гол ХХК-иас 12 айлын орон сууцны газрыг худалдаж авсан, Ажлын хувцас холдинг компани татан буугдахад би тус компанийн захирлаар ажиллаж байсан, би үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй байсан учраас энэ газрыг надад шилжүүлсэн, Зуунмод сумын Засаг даргад тухайн газрыг шилжүүлэн эзэмших хүсэлт гаргахад Зуунмод сумын Засаг дарга 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжаар 1 дүгээр баг 23 дугаар байрны хойд талд байрлах, 181802882 нэгж талбарын дугаар, 432 газрын хэмжээтэй, орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, ..дугаартай гэрчилгээг олгосон, хуулийн дагуу газар эзэмшсэн,

- 12 айлын орон сууцны зургийг 18 айлын орон сууцны зураг болгож зургийг өөрчлүүлээд орон сууц барихаар бүх цахилгаан, дулаан ус хангамж техникийн нөхцөл аваад геологийн дүгнэлт гаргуулж, 2005 онд зургийг нь хийлгэчихээд явж байсан. Тухайн үед хөрөнгө мөнгөний боломжгүй байдлаас барилга барих боломжгүй болоод гэр бүлийн хэрэгцээнд гэсэн гэрчилгээ гаргаж өгсөн, хүүхдүүдэд маань хэрэг болно гээд хадгалаад байж байсан,

- миний газар газрын мэдээллийн байр зүйн зурагт бүртгэгдсэн байсан,

- Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1-р багийн нутаг, хуучин Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсэг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт,

- газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т заасны дагуу миний газар юм гэсэн хууль ёсны итгэлтэй явж байсан. Одоо ч гэсэн миний газар гэсэн хууль ёсны итгэлтэй явж байгаа,

- Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаартай захирамж нь Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасныг үндэслэж гэсэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3 гэсэн заалт байхгүй. Байхгүй хуулийн заалтыг үндэслэж гарч байгаа болохоор анхнаасаа эрх зүйн үйлчлэл байхгүй. Техникийн болон бичиглэлийн алдаа гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх зарчим гэж байгаа бөгөөд хэрвээ хуульд үндэслээгүй бол захиргааны тэр ажиллагаа тэр чигтээ хууль бус захиргааны акт болно,

- 2009 онд аймгийн Иргэдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаж буй газрыг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх тухай байхгүй,

- газар эзэмшүүлэхдээ сумын Засаг даргаас санал аваагүйг тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадрал гэрчээр мэдүүлсэн,

- Зуунмод сумын Засаг даргын захирамжаар Г.Цогтсайханд эзэмшүүлсэн газартай давхцуулан Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, уг газрыг Ж.Гомбожавт давхардуулан олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар олгосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан,

- Газар эзэмших эрхийг олгоод байгаа үндэслэл нь Намжилдорж гэх хүний хүсэлтээр гэсэн. Аймгийн Засаг дарга, нэг иргэний хүсэлтээр нөгөө нэг иргэнд инженерийн шугам сүлжээтэй газрыг олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ж.Гомбожав гэдэг хүн хууль бусаар газар эзэмшээд өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд тэрийгээ бусдад зарсан. Ж.Гомбожав гэх хүн аймгийн Засаг дарга байсан,

- Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан эсэх дээр маргадаггүй. Г.Цогтсайханыг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан, хууль бусаар шилжүүлэн авсан эсэх захиргааны хэргийн маргаан байхгүй хэмээн маргаж байна.

2.2. Хариуцагчаас Төв аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг дарга эзэмшүүлэх, өмчлүүлэх эрхтэй, захирамжууд хууль зөрчөөгүй гэж тайлбарласан байна.

Гурав. Маргааны үйл баримтууд:

3.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх үйл баримтын тухайд:

- Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тогтоолоор[5] Нэгдэл дундын үйлдвэрийн нийт хөрөнгөнд нь зээлийг нь дагуулан хамт олонд нь шилжүүлж шийдвэрлэснээр тус үйлдвэрийн барилга, эд хөрөнгө үйлдвэрийн албан хаагч, ажилтнуудад хувьчлагдсан.

- Нэгдэл дундын үйлдвэрийн барьж дуусгаагүй барилгын суурийг Цамхаг ХХК-д шилжүүлсэн бөгөөд, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр[6] Цамхаг компанийг өөрчлөн, Буянт гол ХХК-ийг байгуулж, захирлаар нь С.Сандагдоржийг баталсан.

- Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь Ажлын хувцас холдинг ХХК-ийн 44,83 хувийн хувьцаа эзэмшигч[7], захирлаар ажиллаж байсан бөгөөд 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Буянт гол ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж[8], Зуунмод сумын 1 дүгээр багийн 12 айлын орон сууцны хойд талд байрлах 12.36 мкв талбайтай, төмөр бетонон гадсан суурьтай, барилгын суурийг 1 сая төгрөгөөр худалдан авсан,

- Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжаар[9] нэр бүхий 24 иргэнд газар эзэмшүүлэхдээ, захирамжийн 3 дугаар хавсралтын 7 дахь хэсгээр Ажлын хувцас холдинг ХХК-иас Зуунмод сум номт 1 дүгээр баг 23 дугаар байрны хойд талд байрлах, 181802882 нэгж талбарын дугаар, 432 газрын хэмжээтэй газрыг Г.Цогтсайханд шилжүүлэн, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, тус сумын газрын даамал О.Баасанхүү нь газар эзэмших эрхийн 0271773 дугаартай гэрчилгээг[10] 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Цогтсайханд олгосон,

- газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаарыг 181802882 гэж бичсэн байх боловч Газрын кадастрын мэдээллийн санд маргаан бүхий газрыг бүртгээгүй болох нь нэхэмжлэгчийн кадастрын зураг байхгүй гэсэн тайлбар[11],Зуунмод сумын газрын даамлаар ажиллаж байсан О.Баасанхүүгийн ...Газрын мэдээллийн сангаас давхцалыг шалгахад давхцал байгаагүй...захирамж, гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг зэргийг бүрдүүлээд Г.Цогтсайхан гуайд аймгийн Газрын албан дээр газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөөд мэдээллийн санд бүртгүүл гээд өгсөн. Тухайн үед сумын газрын даамал газрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулдаггүй байсан... газрын нэгж талбарын 181802882 гэсэн энэ дугаар бол кадастрын зураг хийлгээгүй газрын түр нэгж талбарын дугаар, газрын даамал давхардуулахгүйн үүднээс өөрөө түр нэгж талбарын дугаар олгодог байсан. Энэ дугаар нь мэдээллийн санд орсон кадастрын дугаар биш, газар эзэмшигч өөрөө мэдээллийн санд бүртгүүлнэ,...2010 онд...Г.Цогтсайхан гуай газраа мэдээллийн санд оруулаагүй, кадастрын зураггүй ирэхээр нь гэрчилгээг нь бичээд кадастрын зургаа мэдээллийн санд оруулчихаад ир, ирэхээр чинь нэгж талбарын дугаарыг чинь бичээд өгье гээд явуулсан. Г.Цогтсайхан гуай эргэж ирээгүй... гэсэн мэдүүлгээр[12] тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын төлбөрийг төлөөгүй, газар дээрээ орон сууц бариагүй зэрэг нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/353 тоот Г.Цогтсайхан газрын төлбөр төлөөгүй гэсэн албан бичиг[13], мөн Г.Цогтсайханы шүүх хуралдаанд гаргасан газар төлбөргүй байх... гэсэн тайлбар[14] болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

3.2. Гуравдагч этгээд Ж.Гомбожавт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх үйл баримтын тухайд:

- Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар[15] Зуунмод сумын Номт багийн /1 дүгээр баг/ нутаг хуучин Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалтын барилгын суурийн 400 м.кв газрыг иргэн Г.Намжилдоржийн хүсэлтийг үндэслэн иргэн Ж.Гомбожавт орон сууцны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэн, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18645288931160 дугаарт 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн,

- Ж.Гомбожавын нэгж талбарын 18645288928160 дугаартай эзэмшлийн газраа өмчилж авах тухай хүсэлтийг Төв аймгийн Засаг дарга хүлээн авч, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжаар[16] тухайн газрыг түүнд өмчлүүлж шийдвэрлэсэн,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Гомбожавт өмчлүүлсэн газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-142700335 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн 000303157 дугаартай гэрчилгээг[17] олгосон.

- 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ж.Гомбожав нь Э.Мөнхсувдтай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчилж буй нэгж талбарын 18645288931160 дугаартай 525 м.кв талбай бүхий газраа худалдсанаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Мөнхсувдад нэгж талбарын 18645288931160 дугаартай 525 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000647795 дугаартай гэрчилгээг[18] 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон байна.

Дөрөв. Маргаж буй захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Хавтаст хэрэгт авагдсан, Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан Зуунмод сумын 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд[19] тус сумын 1-р багт Хаан банкинд конторын, Нэгдсэн эмнэлгийн баруун талд хувийн эмнэлэг барих, дуудлага худалдаагаар граж барих зориулалтаар, 9-р байрны хойно үйлчилгээний зориулалтаар, Хөгжил хотхоны баруун хэсэгт орон сууцны барилгын зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн, үүнээс өөр газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөгүй,

- Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс маргаан бүхий 400 м.кв газарт 1998 онд 12 айлын орон сууц барихаар суурийг нь цутгасан, тухайн газар дээр Буянт гол ХХК, Ажлын хувцас холдинг ХХК, Г.Цогтсайхан нар орон сууцны барилга барихаар барилгын зураг төсөл хийлгэж, эрх бүхий байгууллагаас цахилгаан, дулааны техникийн нөхцөл олгож байсан зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Мөн Зуунмод сумын газрын даамлаар 2009 онд ажиллаж байсан Г.Баасанхүүгийн Г.Цогтсайхан гуайд эзэмшүүлсэн 0,04 га газар нь 2009 оны үед инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байсан гэсэн мэдүүлэг[20] зэргээр маргаан бүхий газар нь Төв аймгийн төв болох Зуунмод сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт байрлалтай бөгөөд тухайн газрыг иргэдэд орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тус тус тогтоогдлоо.

4.2. Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт байрлаж буй газрыг Ажлын хувцас холдинг ХХК-иас шилжүүлэн авах хүсэлтээ Төв аймгийн Засаг даргад гаргаагүй, мөн Зуунмод сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж бүртгүүлээгүй зэрэг нь:

- нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргад хүсэлт гаргаагүй гэсэн тайлбар,

- Зуунмод сумын газрын даамлаар ажиллаж байсан О.Баасанхүүгийн ...Газрын мэдээллийн сангаас давхцалыг шалгахад давхцал байгаагүй. ... захирамж, гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг зэргийг бүрдүүлээд Г.Цогтсайхан гуайд аймгийн Газрын албан дээр газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөөд мэдээллийн санд бүртгүүл гээд өгсөн. Тухайн үед сумын газрын даамал газрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулдаггүй байсан... газрын нэгж талбарын 181802882 гэсэн...энэ дугаар бол кадастрын зураг хийлгээгүй газрын түр нэгж талбарын дугаар, зөвхөн Зуунмод суманд дээр бүртгэлтэй байна. Газрын даамал давхардуулахгүйн үүднээс өөрөө түр нэгж талбарын дугаар олгодог байсан. Энэ дугаар нь мэдээллийн санд орсон кадастрын дугаар биш, газар эзэмшигч өөрөө мэдээллийн санд бүртгүүлнэ, ...2010 онд...Г.Цогтсайхан гуай газраа мэдээллийн санд оруулаагүй, кадастрын зураггүй ирэхээр нь гэрчилгээг нь бичээд кадастрын зургаа мэдээллийн санд оруулчихаад ир, ирэхээр чинь нэгж талбарын дугаарыг чинь бичээд өгье гээд явуулсан. Г.Цогтсайхан гуай эргэж ирээгүй... гэсэн мэдүүлэг[21],

- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архив, мэдээллийн төвийн 2013 онд зураглагдсан Төв аймгийн Зуунмод сумын 1:10000-ны масштабтай байр зүйн зураг-т[22] маргаан бүхий газар дээр барилгын суурийн зураг бүртгэгдсэн, харин тухайн газрыг эзэмшигч, өмчлөгчийн нэр бүртгэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн байр зүйн зураг, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07/357 тоот албан бичигт[23] 3. Байр зүйн зурагт иргэн, аж ахуйн нэр бүртгэгдээгүй, маргаан бүхий газар нь барилгын суурь зурагдсан байна гэсэн зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

4.3. Төв аймгийн Засаг дарга нь 2009 оны А/83 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ж.Гомбожавт эзэмшүүлэхээс өмнө Зуунмод сумын Засаг даргаас санал аваагүй, хүсэлт гаргасан гэх Г.Намжилдорж тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх баримтыг бүрдүүлээгүй зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Г.Мөнхбадралын аймгийн Засаг даргын 2009 оны А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах газрыг Ж.Гомбожавт эзэмшүүлэхдээ санал аваагүй... би шинэ газар олгоогүй, сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжтай байсан болохоор эрх шилжүүлсэн захирамж гаргасан. Энэ орон сууцны зориулалттай газар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээний газарт хамаарна,...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг огт баталдаггүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, үүнийг үндэслэж, аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн газраа, сумын Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд газар олгоно...аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээний газрыг аймгийн Засаг дарга олгодог... гэсэн мэдүүлэг[24] зэргээр тогтоогдсон. Харин, хариуцагчаас Нэгдэл дундын үйлдвэр орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан газрыг 2009 оны А/83 дугаар захирамжаар Ж.Гомбожавт эзэмшүүлэх үед Нэгдэл дундын үйлдвэр татан буугдсан, тухайн газрыг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлээгүй байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

4.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага: Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж тус заасан.

4.5. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар, Төв аймгийн Засаг даргаас маргаан бүхий газрыг Ж.Гомбожавт эзэмшүүлсэн 2009 оны А/83 дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байсан бөгөөд уг газрыг эзэмших хүсэлтээ Г.Цогтсайхан Төв аймгийн Засаг даргад гаргаагүй, мөн Зуунмод сумын Засаг даргаас Г.Цогтсайханд тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжийг гаргаагүй байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийг Г.Цогтсайханы эзэмшлийн газрыг давхцуулан Ж.Гомбожавт газар эзэмшүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Цогтсайханд маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар олгогдоогүй тул нэхэмжлэгч нь маргаан бүхий 400 м.кв газрыг эзэмших эрхгүй гэж дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.3.3 дахь хэсэг гэсэн заалт байхгүй боловч хариуцагчаас 2009 оны А/83 дугаартай захирамжийг иргэн Ж.Гомбожавт газар эзэмшүүлэх зорилгоор гаргасан бөгөөд маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Г.Цогтсайханд хуульд заасан журмаар олгогдоогүй тул хариуцагчийн А/83 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд, Ж.Гомбожавт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Төв аймгийн Засаг даргын 2009 оны А/83 дугаар захирамж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

4.6. Дээр дурдсанаар, нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй нь тогтоогдсон тул Ж.Гомбожавын эзэмшиж буй нэгж талбарын 18645288928160 дугаартай газраа өмчлөх тухай хүсэлтээр тухайн газрыг түүнд өмчлүүлсэн хариуцагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ 5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй, 12.1.3-т аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

4.7. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно: 3/ эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж, 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж, 2010 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1-д газрыг эзэмших ашиглах, 3.5-д газрын төлбөрийг хугацаанд нь төлөх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны зориулалтаар эзэмшсэн гэх газар дээр орон сууц бариагүй, газраа зориулалтаар нь ашиглаагүй, мөн газрын төлбөрийг төлөөгүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн би 400 мкв газрыг худалдан авч, өргөдөл материалаа бүрдүүлж гэрчилгээгээ гаргуулж, хуулийн дагуу нэр дээрээ шилжүүлж авсан, энэ газрыг эзэмших эрхтэй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т заасны дагуу миний газар гэсэн хууль ёсны итгэлтэй явж байгаа гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.8. Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамж, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаартай захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цогтсайханы Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Зуунмод сумын 1-р багийн нутагт байрлах, Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа орон сууцны зориулалттай 400 м.кв газрыг давхардуулан Ж.Гомбожавт олгосонтой холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн 18645288928160 нэгж талбарын дугаарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 89-92 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-1, 154-155 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-1, 89-92 дахь талд,

[4] Хавтаст хэрэг-1, 154-155 дахь талд,

[5] Хавтаст хэрэг-1, 24 дэх талд,

[6] Хавтаст хэрэг-1, 25 дахь талд,

[7] Хавтаст хэрэг-1, 31 дэх талд,

[8] Хавтаст хэрэгт-1, 8-9 дэх талд,

[9] Хавтаст хэрэг-1, 33-34 дэх талд,

[10] Хавтаст хэрэг-1, 32 дахь талд,

[11] Хавтаст хэрэг-1, 145 дахь талд /шүүх хуралдааны тэмдэглэлд/

[12] Хавтаст хэрэг-2, 67-71 дэх талд,

[13] Хавтаст хэрэг-1, 168-169 дэх талд,

[14] Хавтаст хэрэг-1, 146 дахь талд /шүүх хуралдааны тэмдэглэлд/

[15] Хавтаст хэрэг-1, 170 дахь талд,

[16] Хавтаст хэрэг-1, 171 дэх талд,

[17] Хавтаст хэрэг-1, 179 дэх талд,

[18] Хавтаст хэрэг-1, 173 дахь талд,

[19] Хавтаст хэрэг-2, 21-25 дахь талд,

[20] Хавтаст хэрэг-2, 67-71 дэх талд,

[21] Хавтаст хэрэг-1, 67-71 дэх талд,

[22] Хавтаст хэрэг-1, 35 дахь талд,

[23] Хавтаст хэрэг-1, 189 дэх талд,

[24] Хавтаст хэрэг-1, 61-34 дэх талд,