Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ш.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0250/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.А-т холбогдох эрүүгийн 1706005430160 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Да хүрээ зах дээр автомашины сэлбэг зардаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 57 дугаар гудамжны 790-16в тоотод оршин суух хаягтай, урьд нь Дархан -Уул аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 сарын 27-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2, 210.3, 123.1.4-д зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 сарын 02-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 сарын 20-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ш.А

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: ( яллах дүгнэлтэнд бичигдсэнээр )

 

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх газар хохирогч Б.Баянбатыг үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баянбатын: “...Тухайн үед нэг мэдсэн чинь А-н доор нь орчихсон байсан. Миний толгой дээрээс аль хөлөөрөө дэвссэн болохыг нь санахгүй байна. 2-3 удаа дэвссэн. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, гарсан зардалтай холбогдуулан бүх л зардлыг А төлж хохиролгүй болгосон. Түүний зүгээс нийт 5.000.000 төгрөгийн эмчилгээний зардалд өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Эрүүл мэндтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед А ахад манай эхнэр миний машины түлхүүрийг өгсөн байсан. Тэгээд түлхүүрээ авах гээд муудалцсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8, 71/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Баттулгын: “...2017 оны 07 сарын 23-ны өдөр хөдөө аав, ээжтэйгээ явж хоносон. Маргааш нь 24-ний өдөр Баянбат ахын эхнэр Шинээ нь манай аав А-т "манай нөхөрт машины түлхүүр битгий өгөөрэй" гээд машины түлхүүрээ өгсөн. Тэгтэл Баянбат ах “машинаа шатаана” гээд доороос нь хөнжил, цамц шатаагаад, газдаад байхаар нь би хажууд нь зогсож байгаад цамцыг нь хөнжилтэй нь авч холдуулсан. Тэгээд аавыг Баянбат “ах түлхүүр өг” гээд муудалцаад байсан. Миний харснаар Баянбат ах доор нь, аав түүний дээр гарсан нүүр рүү нь нэг удаа цохиж байхыг харсан. Тухайн үед Баянбат ахын хамраас цус гарсан, мөн нүд нь хөхөрсөн байсан санагдаж байна. Баянбат ах согтуу машинаа барих гэхээр нь эхнэр нь аавд машины түлхүүрийг өгснөөс болж Баянбат ах “машинаа шатаана” гэж уурлаад тэгээд аавтай муудалцаж зодолдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Гантулгын: “...Тухайн үед Баянбат ах ааваас түлхүүрээ нэхээд хэрэлдэж маргалдаад байхад аав Баянбат ахын дээр нь гарч ноцолдоод, аав түрүүлж босож Баянбат ахын дээрээс нь 2-3 удаа өшиглөхөд нь би очиж салгасан. Баянбат ах нилээн согтсон. Аав бол гайгүй байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Чинцэцэгийн: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр 12-13 цагийн орчим Баянбат архи уусан согтуу байсан ба түүнийг согтуу машинаа унахаас сэргийлээд машины түлхүүрийг нь А ахад хураалгаж хадгалуулсан байсан. Би яг тэр үед 00 явсан байсан. Намайг яваад иртэл Баянбатын нүүрнээс битүү цус гарсан байсан ба тэр "явъя аа, эд нар намайг зодчихлоо" гэсэн. Тухайн үед “цагдаа дуудъя” гэхэд утасны сүлжээ байхгүй байсан ба А ахаас машины түлхүүр аваад би өөрөө машиныг нь барьж гэртээ ирсэн. Түүний нүүр нь нилэнхүйдээ цус болсон, нэг нүд нь битүү хавдартай байсан. Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд нүдний ухархайн яс цөмөрсөн байсан учир яаралтай хагалгаанд оруулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Мөрдөн байцаалтад Ш.А-н яллагдагчаар: “...Ер нь энэ хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нь Баянбатын согтуу машинаа бариад ямар нэгэн асуудалд орчих вий гэсэндээ түүний машины түлхүүрийг өгөөгүйн улмаас тэр согтуурсан үедээ агсам тавьж машинаа шатаах гэж оролдсон. Үүний улмаас л түүнтэй маргалдаж биед нь гэмтэл учруулсан. Баянбатын өөрийнх нь төлөө санаа тавьж, эрүүл мэнд аюулгүй байдлыг нь бодож өөрөө өнөөдөр ийм асуудалд орчихоод байна. Баянбатын биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 5 сая төгрөг өгсөн. Би тухайн үед хөл нүцгэн байсан. Баянбатыг унахад нь нүүрэн дээр нь өсгийгөөрөө дэвсэж нүүрний гэмтлийг учруулсан. Бусад гэмтлийг би гараараа цохиж гэмтээсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-66-67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн №9471 тоот:

  1. Б.Баянбатын биед зүүн хацар ясны нум цөмөрч зүүн гайморын хөндийн хажуу хана руу үргэлжилсэн, дагз ясны зүүн талд лямбада заадас дагасан хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, зүүн хацар, хамар, уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, уруул, зовхинд цус хуралт, зүүн эгэм, баруун шуу бугалга, зүүн тохой, сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гавал тархины гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд, бусад гэмтэл 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А-н: “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар хоолой” гэх амралтын газар Да хүрээний захын ажилчидтай амралтанд амарч байсан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүгд архи уугаад машиныхаа түлхүүрийг бүгд надад хураалгасан. Баянбатын эхнэр “Алдар ах аа, та Баянбатын машины түлхүүрийг авчих аа, надад байвал нэхээд согтуу машинаа бариад явчихна” гээд түлхүүрийг нь надад өгөөд “Баянбатад битгий өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн үдээс хойш Баянбат над дээр ирээд “машиныхаа түлхүүрээ авъя” гэж нэхсэн, би “машины түлхүүрийг чинь өгөхгүй, согтуу байж машин барьж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Баянбат уурлаад цаашаа явсан. Тэгээд байж байтал манай хүүхэд “аав аа, аав аа Баянбат ах машинаа шатааж байна” гэж хэлсэн. Очоод харсан чинь Баянбат цамц, өмдөө тайлаад машиныхаа доор гал тавьчихсан зогсож байсан. Би очиж болиулаад, бид хоёр маргалдсан. Би Баянбатын нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Тэгээд бид хоёрыг салгаад намайг эргэж хараад явж байхад Баянбат миний араас ирж дахин намайг өдсөн. Намайг эргэж харахад Баянбат хий цохиод өөрөө газар унасан. Тэгэхэд нь хөл нүцгэн байсан хөлийн өсгийгөөрөө дэвссэн. Үүний улмаас Баянбатын биед хүнд гэмтэл учирсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Ш.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-26-30/,

Хохирлын баримтууд /хх-42-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх газар хохирогч Б.Баянбатыг үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан дараах баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баянбатын: “...Тухайн үед нэг мэдсэн чинь А-н доор нь орчихсон байсан. Миний толгой дээрээс аль хөлөөрөө дэвссэн болохыг нь санахгүй байна. 2-3 удаа дэвссэн. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, гарсан зардалтай холбогдуулан бүх л зардлыг А төлж хохиролгүй болгосон. Түүний зүгээс нийт 5.000.000 төгрөгийн эмчилгээний зардалд өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Эрүүл мэндтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед А ахад манай эхнэр миний машины түлхүүрийг өгсөн байсан. Тэгээд түлхүүрээ авах гээд муудалцсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8, 71/,

 

-Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Баттулгын: “...Тэгтэл Баянбат ах “машинаа шатаана” гээд доороос нь хөнжил, цамц шатаагаад, газдаад байхаар нь би хажууд нь зогсож байгаад цамцыг нь хөнжилтэй нь авч холдуулсан. Тэгээд аавыг Баянбат “ах түлхүүр өг” гээд муудалцаад байсан. Миний харснаар Баянбат ах доор нь, аав түүний дээр гарсан нүүр рүү нь нэг удаа цохиж байхыг харсан. Тухайн үед Баянбат ахын хамраас цус гарсан, мөн нүд нь хөхөрсөн байсан санагдаж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

-Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Гантулгын: “...Тухайн үед Баянбат ах ааваас түлхүүрээ нэхээд хэрэлдэж маргалдаад байхад аав Баянбат ахын дээр нь гарч ноцолдоод, аав түрүүлж босож Баянбат ахын дээрээс нь 2-3 удаа өшиглөхөд нь би очиж салгасан....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

 

-Мөрдөн байцаалтад гэрч О.Чинцэцэгийн: “...Намайг яваад иртэл Баянбатын нүүрнээс битүү цус гарсан байсан ба тэр "явъя аа, эд нар намайг зодчихлоо" гэсэн. Тухайн үед “цагдаа дуудъя” гэхэд утасны сүлжээ байхгүй байсан ба Алдархишиг ахаас машины түлхүүр аваад би өөрөө машиныг нь барьж гэртээ ирсэн. Түүний нүүр нь нилэнхүйдээ цус болсон, нэг нүд нь битүү хавдартай байсан. Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд нүдний ухархайн яс цөмөрсөн байсан учир яаралтай хагалгаанд оруулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн №9471 тоот: “...Б.Баянбатын биед зүүн хацар ясны нум цөмөрч зүүн гайморын хөндийн хажуу хана руу үргэлжилсэн, дагз ясны зүүн талд лямбада заадас дагасан хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, зүүн хацар, хамар, уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, уруул, зовхинд цус хуралт, зүүн эгэм, баруун шуу бугалга, зүүн тохой, сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд, бусад гэмтэл 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-23/ зэрэг болно.

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ш.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин  торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 5.000.000 төгрөгийг төлсөн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.А нь “Да хүрээ” автомашины зах дээр сэлбэг зардаг  болох нь гэрч Т.Ариунзаяа болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, түүнд 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706005430160 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ш.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.А-г 10.000 / арван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 / арван сая / төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавь / төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

  1. Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.А-т оногдуулсан 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Алдархишиг-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД