Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/437

 

 

 

 

   2

 

 

О.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ 

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Нд холбогдох эрүүгийн 2206 00000 1332 дугаар хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод буюу гэртээ байх үедээ иргэн Г.Чтэй “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч Г.Чийн цээжний зүүн талд нэг удаа хутгалсны улмаас биед нь цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бээс овогт О.Нийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Нд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хохирогч Г.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н-ийн хүүхдүүд болох 2016 оны
02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Одгэрэлийн Гантулгуур /РД:КЮ16221734/, 2013
оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Одгэрэлийн Ган-Од /РД:КЮ13321614/
нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл
ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг
даргад даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болох О.Н Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/261 тоот тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

О.Н би анхны мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхэд гаргасан мэдүүлгийг үнэн зөв мэдүүлдэг бөгөөд би энэ хэргийг огт үйлдээгүй болно. Үнэн хэрэгтээ Г.Ч нь өөрөө өөрийгөө гэмтээсэн бөгөөд болсон хэргийн талаар үнэнийг дурдъя.

Г.Ч бид хоёр 2022 оны 3 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп Виллаж хотхон 201 дүгээр байр 157 тоотод буюу манайд машины лизингээс болж маргаагүй юм.

Гэр бүлийн асуудлаас болж маргаан үүссэн. Учир нь, миний хоёр хүүхдүүдийн аав болох Ц.Одгэрэлээс би 2019 оны 1 дүгээр сард салж тусдаа амьдрах болсон. Би Ц.Одгэрэлээс хүүхдийн тэтгэмж нэхэж байгаагүй бөгөөд огт авдаггүй байсан. Гэтэл Ц.Одгэрэл хоёр хүүхдэдээ цэцэрлэг, сургуульд зөөх унаа хэрэгтэй гээд надад ББСБ-д урьдчилгааг өгч “приус 20” маркийн машин авч өгсөн. Уг машины бүртгэлд эргэн төлөлт хийхэд хүүхдүүдийн аав мөн миний өөрийн ээж Г.Оюунцэцэг гэрээн дээр бүртгэлтэй болно. Харин Г.Ч нь энэ машины төлөлт болон миний бусад зардал огт хамаагүй бөгөөд би ч тэр хүнд ярьж хамааруулж байгаагүй ээ. Г.Ч бид хоёр муудах болсон шалтгаан бол 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн асуудлаас болсон юм. Өмнө нь Г.Ч 2021 оны 09 дүгээр сард танилцсан ганц бие, эхнэр хүүхдээсээ салсан, надтай цаашид амьдарна гэж ярьдаг байсан. Гэвч тэрээр манайд байх үедээ хүнтэй нууцаар үе үе яриад байдаг байсан. Би ямар учиртай хүн болохыг мэдэх гэж асуухаар тодорхой хариу хэлдэггүй байсан. Тэгтэл тэр хүн нь өөрөө надтай холбоо барьсан, өөрийгөө Г.Чийн эхнэр болохоо хэлсэн байгаа. Би учрыг нь асуутал албан ёсны гэрлэлтээ салгаагүй, 4 хүүхэдтэй бөгөөд эхнэртээ хөдөө явлаа гэж хэлээд манайд хонож надад худал хэлж, хоёр талд хуурч явдаг болох нь мэдэгдсэн юм. Би энэ байдлыг нь мэдсэн болохоор гэртээ харь, эхнэр хүүхдэдээ оч, би гэр бүл үймүүлсэн хэрэгт орохыг хүсэхгүй байна, би өөрөө үр хүүхэдтэй байж хүний 4 хүүхэд өнчрүүлэхийг хүсэхгүй гэж яв, холд гэж хөөдөг байсан. Тэр өдөр ч тийм л хэрүүл болсон. Би 9 настай, 7 настай хоёр хүүтэй хүн гэр бүлээс гадуур харилцаа тогтоодоггүй. Миний 2 хүүхдийн аав болох Ц.Одгэрэл архидан согтуурсан үедээ намайг их зоддог байсан учраас би хүүхдүүдээ өөр дээрээ авч тусдаа амьдрах болсон, тиймдээ ч би Г.Чийг эхнэр хүүхдээ айлгаж дарамталдаг өмнө нь бас хэд хэдэн эмэгтэй хүнтэй холбогдож тэр нь баригдаж байсан талаар эхнэрээс нь сонсоод харилцаагаа тасалъя гэсэн шийдвэр гаргаад гэрээсээ яв, дахиж битгий ир гэж хөөсөн байдаг. Гэтэл тэр очих газаргүйг минь чи мэдсээр байж битгий хөөгөөд бай би эндээс хаашаа ч явахгүй гээд эхэндээ уурлаж, гараа зангидаад хөмхийгөө зуугаад суугаад байсан. Би хувцас юмыг нь шидэж үнэнээ хэлсэнгүй эхнэр хүүхдээ нуун байж надтай амьдарна гэж худал хэллээ гэх мэтээр хэдэн үг хэлсэн. Гэтэл хувцсаа тайлаад би явахгүй гээд том өрөөнд гудсан дээр хэвтээд өгсөн. Би тэгэхээр нь 00-ийн өрөөлүүгээ орчхоод бие засаад гарч иртэл юм пир гээд унах шиг дуу гарахаар нь гарч ирээд Г.Ч хажууд очиход шалан дээр шар иштэй хутга байсан мөн Г.Ч цээжнээс нь цус гарж байхыг хараад гараараа бас даавуу юмаар дарж байгаад түргэн тусламж би дуудсан. Тэр над руу эмнэлэгт хэвтэж байхдаа залгаж гэрийн хоол болон хэрэгтэй зүйлсээ захидаг, би аваачиж өгч эргэдэг байсан. Тэр бүү хэл эмнэлгээс гарсан хойноо 2022 оны 8 дугаар сар хүртэл надтай уулзаж, ярьж холбоотой байсан.

Би Г.Чийг хутгалаагүй, тэр өөрөө өөрийгөө хутгалсан үүнийгээ урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч мэдүүлсэн байдаг. Г.Ч надаас салахгүй, салбал амьд явах хүсэлгүй болно, үхнэ гэж өмнө нь удаа дараа хэлдэг байсан. Би ч тэгж ярьж болохгүй гэж хэлээд арай ч өөрийгөө хороох үйлдэл гаргахгүй байх гэж бодоод тэгж хэлэхэд нь ойшоодоггүй байсан. Нэг удаа түүний найз Буянаа гэдэг залуу Г.Чийг чи нэг бол өөрийгөө буудаад эсвэл өөрийгөө хутгалж байдаг яасан амь бөхтэй юм бэ гэж гэж хэлж байсан ч би мөрдөгчид мэдүүлж утасны дугаарыг өгч шалгаж ярьж өгөхийг хүсэж байсан. Г.Чийн цээжний зүүн талд урдаасаа ар далаар нь нэвт гарсан сорив байдаг. Гэтэл мөрдөн байцаалт, прокурорын шатанд энэ талаар мөрдөгчид байцаалтын ажиллагаа огт хийгээгүй.

Мөрдөгч, прокурор, шүүгчид хэргийн бодит үнэнийг үнэн зөвөөр тогтоохын оронд дан ганц түүний аман мэдүүлэг болон хоёулхнаа байсан, гэрч байхгүй гэсэнд үндэслэн хэтэрхий нэг талыг баримтлан намайг гэмт хэрэгтэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тулгуурлан 5 жил хорих ял оноож ялласанд маш их гомдолтой байна.

Г.Ч нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож өөрөөр өөрийгөө гэмтээсэн гэдгээ үнэнээр нь мэдүүлсэн байгаа бөгөөд шүүх үүнийг авч хэлэлцээгүй болно.

Гэтэл би хийгээгүй хийгээгүй хэргийн төлөө 5 жил хорих ялаар шийтгүүлж шорон гэх газарт суугаадаа гутарч, хоёр нялх үрээ санан бэтгэрч сэтгэлийн гүн хямралтай өдөр хоногийг арай гэж баран суухдаа амиа хорлочихмоор санагдаж туйлын хүнд байгаагаа дурдъя.

Монгол Улсын шүүх тогтолцоог хэргийн бодит үнэнийг тогтоон шударга шүүнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй маш их итгэл төгс байсан. Би айлын ганц охин доороо насанд хүрээгүй ганц эрэгтэй дүүтэй, мөн 7, 9 настай хоёр хүүтэй, ээж маань Солонгос улсад ажиллаж амь зуулгаа залгуулдаг. Би хүний амь аварсныхаа төлөө гэмт хэрэгтэн гэж хэлмэгдэж шоронд эрх чөлөөгүй болж сууж байгаадаа үгээр хэлэхэд ч барагдашгүй маш их гомдолтой байна. Шударга шүүх шударга ёсны зарчим хаана байна. Би энэ шүүхийн буруу шийдвэрээс болж миний эрх зүйн байдал ноцтойгоор зөрчигдсөн  мөн миний хүүхдүүд болон, насанд хүрээгүй дүүгийн маань эрч зөрчигдөж байна. Иймд миний хууль ёсны эрхийг сэргээж намайг цагаатгаж өгнө үү. Би өөрийгөө цагаадтал холбогдох байгууллагуудад гомдлоо гаргасаар байх болно. Давж заалдах хуралд өөрийн биеэр орох хүсэлтэй байна хүсэлтийг минь хүлээж авна уу.

Хүүхдүүдээ маш их санаж байна. Хүүхдүүдээс ганц, хоёр хоног ч гэсэн холдож үзээгүй. Энд хоригдоод 63 хоносон байна. Миний байх ёстой газар огт биш байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс энэ газар байна. Над шиг хүний амь аварсан төлөө энд байгаа хүн алга. Би өдөр хоногийг арай гэж өнгөрүүлж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд бага хүүгийнхээ төрсөн өдрөөр хуралд орсон. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол би шүүх хуралдааныг хойшлуулаад байж байх байсан.  Би шүүхийг үнэн зөвөөр шийдвэрлээд өгнө гэж итгээд шүүх хуралдаан оролцоход надад 5 жилийн хорих ял оногдуулсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Шүүгдэгч О.Н-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гардан авч дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгч Г.Энхтүвшин би дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч О.Н нь тухайн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод Г.Ч гэгчтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдсаны улмаас хэрэг гарсан гэж үзэхээр нөхцөл байдал үүссэн байж болох юм. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах хугацаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч О.Н-ийг тухайн хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл үүсээгүй билээ. Учир нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хэргийн газар Г.Ч гэгч болон миний үйлчлүүлэгч О.Н нараас өөр насанд хүрсэн хүн байхгүй байсан талаар хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Гэтэл хэрэгт тухайн хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тухайн асуудлыг тогтоогоогүй, бодит байдалд нийцээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдлыг нотлох баримтуудаар хангалттай тогтоосон тохиолдолд хэргийг шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ.

Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд О.Н 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод Г.Ч гэгчтэй архи уусан бөгөөд маргалдсан гэх өгүүлэмжийг О.Н, Г.Ч нар хэн хэн нь мэдүүлсэн байна. Хэргийн газарт анх ирсэн цагдаагийн байгууллагын ажилтан Ч.Сэдэд, Д.Хосбаяр нарын мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүн, хэн болохыг харсан талаарх үйл баримтыг огт өгүүлээгүй байдаг. Харин гэрч Ч.Сэдэд нь мэдүүлэхдээ: О.Н “наадах чинь өөрийгөө хутгалчихсан” гэж хэлсэн талаарх мэдүүлэг хх-ийн 192-р талд авагдсан байна. Хавтаст хэрэгт хохирогч Г.Ч нь хэрэг болсон цаг хугацаанд гэмт хэрэг хэн үйлдсэн талаар тогтвортой мэдүүлгийг өгөөгүй буюу түүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо огт уялдаагүй бодит байдалд нийцээгүй байдаг. Учир нь, Г.Ч нь мэдүүлэхдээ: О.Н-ийг “гал тогоонд ногоо арилгадаг, эвхэгддэг, цагаан өнгийн шаргал хуванцар иштэй жижиг, хутгыг барьчихсан зогсож байсан” талаар /хх-ийн 26-30-р тал/ мэдүүлжээ. Миний үйлчлүүлэгч О.Н харин мэдүүлэхдээ: Г.Чийн хажууд буюу баруун гар талд нь паркетан шалан дээр жижиг хэмжээтэй шаргал өнгийн иштэй хутга байсан” гэх мэдүүлэг хх-ийн 34-р талд авагджээ. Мөн дээрх баримтуудаас үзэхэд гэмт хэргийг хэн үйлдсэн талаарх баримт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хавтаст хэргийн материалд байгаа “Эд мөрийн баримтаар тооцох тухай” /хх-ийн 106-р тал/ мөрдөгчийн тогтоолоор хураан авсан цагаан өнгийн хуванцар иштэй эвхэгддэг жижиг 1 ширхэг хутга тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх нөхцөл байдал туйлын эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тогтоох үүргийг шүүгч, прокурор, мөрдөгч нь хүлээсэн байтал түүнийг огт хэрэгжүүлээгүй байна. Хохирогч Г.Ч нь “эвхэгддэг, цагаан шаргал өнгийн хуванцар иштэй жижиг хутга” байсан талаар мэдүүлдэг. Харин О.Н “шаргал өнгийн иштэй хутга” байсан талаар мэдүүлдэг. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар “эвхэгддэг цагаан өнгийн иштэй хутга”-ыг хураан авсан. Хэргийг яг аль хутгаар нь үйлдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад шүүх үүнийг үнэлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Энэ хэрэгт дутуу нотолбол зохих байдлууд байсаар байтал тал бүрээс нь бүрэн тогтоолгүй бага насны хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй болох О.Н-ийг гэм буруутайд тооцсон нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд харшилсан шүүхийн шийдвэр гэж үзэж байна.

Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг яаж үйлдсэн талаар баримтууд огт хийгдээгүй. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Ч нь өөрийн өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх хэд хэдэн баримтууд хэрэгт авагдсан. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд Г.Ч нь согтуу байсан талаар мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр өөрт нь учирсан гэмтлийг хэн учруулсан талаар тогтвортой мэдүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хохирогч гэмт хэргийг хэн үйлдсэнийг огт санахгүй буюу эргэлзсэн мэдүүлэг тайлбарыг өгдөг.

Иймээс О.Н-ийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” болох хэн үйлдсэн, яаж үйлдсэн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж хуулиар хамгаалагдсан бусдын эрхийг сэргээж, нотлох баримт хангалттай биш байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон явдал нь “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн Эрүүгийн процессын эрх зүйн суурь зарчим, болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай шууд харшилсан байна.

Энэ хэрэг нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд энэ хэргийг өнөөдөр шийдвэрлэх боломжгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй байна гэсэн шүүгчийн захирамж гарсан. Хэргийг шүүхээс буцаахдаа хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй зэрэг 4 заалтаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон. Тухайн захирамжийн 1 дэх заалтад хохирогч Г.Чийг цагдаагийн байгууллага шөнийн 4 цагийн үед авч явахад ямар хэмжээний согтолттой байсныг тогтоох. Мөн түүнийг яагаад буцааж явуулсныг тодруулах талаар зааж өгсөн. Энэ захирамжийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүртэл хэвээр үлдээсэн. Гэтэл дээрх ажиллагаа огт хийгдээгүй. Харин хэрэг гарсны дараа дуудлагаар ирсэн хоёр цагдаагаас мэдүүлэг авсан. Хэрэг гарахаас өмнө шөнийн 3 цагт авч явсан цагдаа нараас огт мэдүүлэг аваагүй.

Иймд миний үйлчлүүлэгч О.Н-ийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, О.Н-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Н-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ би О.Нийн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан, шүүхийн давж заалдах шатнаас ЭХХШАжиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023\ШЦТ\261 дугаартай шийтгэх тогтоолтой 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр танилцаад, эс зөвшөөрөн ЭХХШтухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Н-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 \таван\ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо: мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Чийн өгсөн мэдүүлэг, ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн” хэмээн дүгнэсэн байна.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаагаар бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

ШШҮХ-ийн шинжээч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу хохирогчийн биед учирсан гэмтэл, тухайн гэмтлийн зэргийг тогтоож 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай дүгнэлтийг гаргасан ба харин тухайн гэмтэл учрах болсон шалтгаан нөхцөл, хэрхэн ямар үйлдлийн улмаас учирсан болох талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тулгуурлан хууль зүйн бодит дүгнэлтийг хийгээгүй байна. Тухайлбал:

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хэн үйлдсэн болохыг эргэлзээгүй, бодитоор тогтоож чадаагүй. Хохирогч болон холбогдогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, мэдүүлгийн эх сурвалжийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”-ын 1.2 дахь хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6 дахь хэсэгт: гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг заавал тогтоохоор хуульчилсан.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл: Прокурор болон шүүхээс хувийн таарамжгүй харилцаа гэж дүгнэсэн боловч таарамжгүй харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хохирогчийн мэдүүлгээр ..ББСБ-ын лизингээр худалдан авсан тээрийн хэрэгслийн тухайн сарын төлбөр мөнгийг төлсөнгүй гэж маргалдсан гэж мэдүүлдэг боловч энэ талаар тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байна. Тухайлбал, тухайн тээврийн хэрэгслийн сар бүрийн төлбөрөөс хохирогч төлөх үүрэг хүлээсэн эсэх, өмнө төлж байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Хохирогч Г.Чийн мэдүүлгүүд нь: О.Н намайг хутгаар хатгасан, ...нэлээд согтолттой байсан болохоор би сайн мэдэхгүй байна, ....би өөрийгөө хутгалсан.. гэх мэт удаа дараа тогтворгүй зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байна.

Харин О.Н нь Цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс “Тухайн өдөр миний согтолт хэвийн өөрийн үйлдлийг хянах боломжтой байсан. Намайг 00-ийн өрөө ороод ирэх хооронд түг таг гэх чимээ гарсан бөгөөд гараад хартал Г.Ч өөрийгөө хутгалсан байсан. Би түүний шарх нь дээр нь алчуураар дарж түргэн тусламж дуудсан” гэсэн мэдүүлгийг байнга тогтвортой мэдүүлсэн байдаг.

Хохирогчид гэмтэл учруулсан гэх хутга мөн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй:

Хэргийн газраас ажлын хэсгийн урт 9.5см ажлын хэсгийн өргөн 2см-ийн хэмжээтэй, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар иштэй хутга, мөн ажлын хэсгийн урт 7см, өргөн нь 1см-ийн хэмжээтэй тонгорог гэсэн 2 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар хураасан байдаг.

Дээрх хоёр хутганаас О.Н-ийн гарын мөр илрээгүй ба харин зөвхөн шар иштэй хутга нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүүн цээжинд гэмтэл учрах үеийн гэмтлийн зүсэлтийн болон гүний хэмжээг тусгасан эмчлүүлэгчийн өвчний түүхийн сторийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүйн улмаас чухам аль хутгаар тухайн гэмтэл учирсан болохыг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Гэтэл прокурор болон шүүхээс “цагаан иштэй эвхэгддэг тонгорог хутгаар хатгаж гэмтэл учруулсан” хэмээн хохирогчийн эх сурвалж тодорхойгүй мэдүүлгээр дүгнэлт хийсэн байна.

Хохирогчийн хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй:

Хохирогч Г.Ч нь өмнө нь өөрийгөө буудаж байсан, хутгалж байсан тухай болон өөрийн биен дээрх тухайн сорвинуудыг үзүүлж байсан талаар О.Н ярьдаг. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн хувийн байдлыг тогтоох тухай шүүгчийн захирамжид тусгагдсан боловч энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэн үзвэл шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн \хх-ийн 196х\: “Энэхүү гэмтлийг хохирогч нь өөрөө болон өрөөл хүмүүсээс авсан байх боломжтой” гэх, хэргийн газарт хамгийн анх дуудлагаар очсон цагдаа Ч.Сэдэд\хх-ийн 192х\ ...Тухайн үед О.Нэс асуухад “наадах чинь өөрийнхөө цээж рүү хутгалчихсан” гэж хэлж байсан... гэх болон хохирогч Г.Ч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “би өөрийгөө хутгалсан” гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгээр О.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх шууд байдлаар нотлох баримт авагдаагүй байдлуудаас харахад миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх бүгдийг дүгнэн үзвэл ЭХХШтухай хуулийн 1.7 дугаар зүйл "Хэргийн бодит байдлыг тогтоох”-ийн: 1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ... гэж заавал биелэгдэхээр хуульчилсан боловч энэхүү шаардлагыг огт хангаагүй ба мөн хуулийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлууд” нотлогдоогүй, хэргийн бодит байдлыг нотлох баримтаар эргэлзээгүй нотлон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023\ШЦТ\261 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, миний үйлчлүүлэгч О.Н-ийг холбогдуулаад буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Буянаа гэх этгээд хохирогчийн нуруу дээрх сорви болон хутганы талаар хэлж байсан тухай ярьж байна. Энэ асуудлыг өмнөх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад огт хэлж байгаагүй. Хэрэг үйлдэгдэх болсон үндсэн шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар нь нууц амрагийн харилцаатай хүмүүс. Тухайн өдөр харилцан маргалдсаны улмаас ийм асуудал үүссэн гэж үзэж байгаа.  Хохирогчийн нуруун дээр сорви байсан гэж ярьж байна. Энэ талаар өмнө огт ярьж байгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хоёр хутга байсан, хохирогчийн мэдүүлэгт дурдсан хутгыг авч үзээд шар иштэй хутгыг гэсэн гэж байна. Хохирогч мэдүүлэгтээ “тухайн цаг үед тавиур дээр байсан цагаан өнгийн тонгорго хутгаар миний цээжин тус газар хутгалсан” гэж мэдэгдсэн. Тухайн хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шинжээч томилон дүгнэлт гаргуулж, гарсан дүгнэлтийг хэрэгт хавсаргасан. Хохирогчийн хувийн байдлыг өмгөөлөгч нар хэлж байна. Хувийн байдал гэдгийг өмгөөлөгч нар юу гэж ойлгож байна вэ. Хохирогч өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан бол түүний мэдүүлэг худлаа гэж үзэж байна уу. Эсвэл өмнө ямар ч асуудалд холбогдож байгаагүй бол одоогийн энэ хэрэгт мэдүүлж байгаа мэдүүлэг нь үнэн зөв гэж хэлээд байна уу. Хохирогч, шүүгдэгч хоёр хэрэг гарахын урд өдөр гэртээ “хараа” нэртэй архи уугаад маргалдаад хохирогч хонох газар байхгүй байсан учраас Баянзүрхийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд очиход цагдаагийн алба хаагч “өөрийг чинь эрүүлжүүлэх шаардлага байхгүй байна” гэсэн талаар хохирогч мэдүүлсэн. Гэтэл энэ асуудлыг тодруулж согтуурлын зэргийг шалгах ёстой байсан талаар өмгөөлөгч нар хэлж байна. Энэ асуудал нь хэрэгт хамааралгүй үзэж байна. Түүнчлэн тухайн цаг үед дуудлагад очсон Ч.Сэдэд, Д.Хосбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж улмаар хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч О.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод буюу гэртээ байх үедээ иргэн Г.Чтэй “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч Г.Чийн цээжний зүүн талд нэг удаа хутгалсны улмаас биед нь цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чийн өгсөн: “... Би О.Нтэй 2021 оны 9 дүгээр сард танилцсан бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр О.Н бид хоёр “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уугаад архи дуусахаар нь дахиад 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи хүргэлтээр авсан. Тэгээд авсан архиныхаа талыг үлдээгээд унтах гэтэл О.Н над руу агсан тавиад маргаад эхэлсэн. Тэгээд би гарч яваад 102 дугаарт “орцонд согтуу хүн байна” гээд өөртөө дуудлага өгөөд дуудлагын дагуу 2 цагдаа ирээд намайг хэлтэс дээрээ авч ирээд шалгаад явуулсан. Ингээд маргааш нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 201 дүгээр байр, 157 тоотод О.Нийн гэрт ирэхэд өглөөний 7 цаг болж байсан бөгөөд орой нь үлдээсэн тал шил 0.75 литрийн “Хараа” архийг О.Н бид хоёр хувааж уусан. Ингээд бид хоёр дахин маргалдаж эхэлсэн. Маргаан үүссэн шалтгаан нь “91-70 УАУ улсын дугаартай, улаан өнгийн приус-20 маркийн гаалиар орж ирсэн автомашиныг ББСБ-ын лизингээр аваад сар бүр 730.000 төгрөг төлдөг” гэсэн бөгөөд “энэ сарын лизингийн мөнгө зохицуулна гэсэн яасан бэ” гээд уурлаад байсан. Тэгээд надад уурлаад байснаа нэг мэдэхэд гал тогоонд ногоо арилгадаг, эвхэгддэг, цагаан өнгийн шаргал хуванцар иштэй жижиг, хутгыг барьчихсан зогсож байгаад миний цээж рүү нэг удаа хатгаад, дараа нь миний цээжин дээр цус гараад байна гээд ямар нэгэн зүйлээр дараад байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд шөнө эмнэлэгт цээжин дээрээ мэс заслын шархтай ирсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 26-30/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М-ийн өгсөн: "... Хохирогч Г.Ч нь миний нөхөр бид 2009 онд гэр бүл болж 2010 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа 5-12 насны 4 хүүхэдтэй. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын эхээр нөхрийнхөө гар утсыг оролдож байгаад түүнийг О.Н гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгааг мэдээд энэ үйлдлийг болих талаар нөхөртөө, О.Нд хэлж байсан. Миний нөхөр 2022 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргал сум руу ажлаар явсан бөгөөд 3 дугаар сарын эхээр утсаар ч ярихгүй сураггүй болсон. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу холбоо барьж, нөхрийгөө хүнд хутгалуулсан талаар мэдсэн. Тэрээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засалд орсон. Одоо биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Х-ын өгсөн: "... Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай 114 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Сэдэдийн хамтаар батлагдсан хуваарийн томилгооны дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага мэдээлэлд дэд ахлагч Ч.Сэдэдийн хамтаар очиход хаалгаа эхлээд тайлахгүй байсан ба хаалганы дурангаар доторх орчин харагдаж байсан. Миний бие “хаалгаа тайлаарай” хэмээн хэлтэл 30 гаруй насны согтуу эмэгтэй хаалга, тайлж газар шал нь дээр үл таних эрэгтэй дээшээ харчихсан, цээж хэсэгт нь цус болчихсон хэвтэж байсан. Газар хэвтэж байсан залууд яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан. Хаалга тайлсан согтуу эмэгтэйг цагдаагийн хэлтэс рүү авч явж, хүүхдүүдийг 108 төвд хүлээлгэн өгсөн. Би хохирогчийг хэн хутгалсан талаар асуухад хохирогч, холбогдогч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул тодорхой хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.С-ийн өгсөн: “... Би 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай-114 чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны 201/2-157 тоотод хүн хутгалуулсан талаар дуудлага авч, цаг алдалгүй очсон. Гэтэл дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байсан бөгөөд удалгүй О.Н гэх согтуу хүн хаалга тайлсан. Гэрт ортол үл таних залуу хэвтчихсэн, ухаангүй түүний цээж орчимд улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн даавуугаар цээжний дээд хэсэгт дарсан байдалтай нөхцөл байдал байсан. Даавууг сөхөж үзтэл жижиг шархнаас цус гарч байсан тул 103 дугаарт дуудлага өгсөн. О.Н нь “наадах чинь өөрийгөө хутгалчихсан” гэж хэлж байсан. Түүнийг цагдаагийн байгууллага руу авч явах гэтэл “хүүхдүүдээ үлдээхгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан тул албадлага хэрэглэж, хүүхдүүдийг 108 төвд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 192/,

мөрдөн шалгах ажиллагаанд О.Н-ийн яллагдагчаар өгсөн: “... Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машин банк бус санхүүгийн байгууллагын зээлд байдаг нь үнэн гэхдээ Г.Чээс ямар нэгэн байдлаар “төлбөрийг төлөөд өг” хэмээн хэлж маргасан зүйлгүй. Тухайн өдөр би өөрийн 86336661 дугаараас эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тэрээр надад эхнэр хүүхдээсээ салсан, хотод байх айл байхгүй гэсэн учир манайд байдаг байсан.... Тухайн өдөр миний согтолт хэвийн өөрийн үйлдлийг хянах боломжтой байсан. Намайг 00-н өрөө ороод ирэх хооронд түг таг гэх чимээ гарсан бөгөөд гараад хартал Г.Ч өөрийгөө хутгалсан байсан. Би түүний шарх нь дээр алчуураар дарж түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.Чийн биед цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  4. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 40-42/,

Шинжээч Ц.О.Н-ийн өгсөн: "... Энэхүү гэмтлийг хохирогч өөртөө болон өөр бусдаар хутгалуулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 196/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 86336661 дугаартай: "... Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олимп виллаж” хотхоны 201/2 дугаар байрны 157 тоотод 11 цаг 40 минутад цээжиндээ хутгалуулсан цус алдаад байна...” гэх тэмдэглэл /1хх-ийн 5/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-12/,

эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 106/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургуул /1хх-ийн 7-12/,

шүүгдэгч О.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 23/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч О.Н, түүнийг өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын хохирогч нь өөрөө өөрийгөө хутгалсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр гаргасан давж гомдлуудыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чийн өгсөн “...надад уурлаад байснаа нэг мэдэхэд гал тогоонд ногоо арилгадаг, эвхэгддэг, цагаан өнгийн шаргал хуванцар иштэй жижиг, хутгыг барьчихсан зогсож байгаад миний цээж рүү нэг удаа хатгаад, дараа нь миний цээжин дээр цус гараад байна гээд ямар нэгэн зүйлээр дараад байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд шөнө эмнэлэгт цээжин дээрээ мэс заслын шархтай ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай шинжээчийн “Г.Чийн биед цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  4. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 40-42/, шинжээч Ц.О.Н-ийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Хосбаяр, Ч.Сэдэд нарын мэдүүлэг зэргээр О.Н, Г.Ч  нар нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод хамт байх үедээ маргалдаж, улмаар О.Н Г.Чийн амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор цээжний зүүн талд нь нэг удаа хутгалж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч Г.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч Г.Ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “...Намайг ажил дээр байхад О.Н ирээд Улаанбаатар хот руу хамт яваад хажуугаас чи өөрөө наад өргөдлөө бич гээд зураг дараад хажууд сууж байсан. Тэгснээ надад чи одоо намайг хутгалаагүй гээд өргөдөл бичихгүй бол би ял авах гээд байна. Чи одоо намайг хутгалаагүй гээд бичээд өгчих. Анх өгсөн мэдүүлгээсээ буцсан байвал мөнгөн торгууль авдаг гэсэн. Тэр торгуулийн мөнгийг манай ээж төлчихнө гэсэн зүйл ярьсан. Ингэж л миний анх өгсөн мэдүүлгийг өөрчлүүлсэн юм, ...Надаар өргөдөл бичүүлэхдээ надад үг зааж бичүүлсэн талаар О.Н өөрөө мэдэж байгаа, ...О.Н хажууд суугаад утсаар зураг дараад ингэж бич, тэгж бич гээд заагаад бичүүлсэн...” гэсэн мэдүүлгээр /2хх-ийн 8-9/  хохирогчийн анх өгсөн мэдүүлэг үнэн болох нь тогтоогдож байна. Хэдийгээр шинжээч Ц.О.Н-ийн мэдүүлэгт "...Энэхүү гэмтлийг хохирогч өөртөө болон өөр бусдаар хутгалуулсан байх боломжтой” гэж дурдагдсан боловч хохирогч өөртөө гэмтэл учруулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн тус анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Чийн өгсөн “...Хутга О.Н-ийн гарт байсан, би өөрийгөө хутгалаагүй...” гэх мэдүүлгээр /2хх-ийн 8/ шүүгдэгч О.Н-ийн давж заалдах гомдол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгчийн тухайн өдрийн маргаан гэр бүлийн асуудлаас болж гарсан гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүгдэгч О.Н-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ