Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2024/00537

 

 

 

2024 12 20

132/ШШ2024/00537

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр-00 тоот хаягт байрлах, Хас Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ******* сум, 3 дугаар багт оршин суух *******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,171,670.67 /арван хоёр сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00616/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Анхцэцэг нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2010110677 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,970,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар авсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ хувиарын дагуу төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас 12,171,670.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Анхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 12,171,670.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Б.Анхцэцэгт холбогдуулан 12,171,670.67 /арван хоёр сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Анхцэцэг нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,171,670.67 /арван хоёр сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийг хариуцагч Б.Анхцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 104,846 /нэг зуун дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөг, хариуцагч Б.Анхцэцэгээс 104,846 /нэг зуун дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА