Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Сүхжаргал,

Улсын яллагч: Ш.Насанжаргал,

            Шүүгдэгч Д.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Доржпаламын Д.Дт холбогдох эрүүгийн 1809000000003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Д, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 89-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Днь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд хохирогч Н.Пүрэв-Эрдэнэ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаан  үүсгэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун доод 2-р их араа, зүүн дээд 1-р их араа  шүдний эмтрэл”    бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын гаргасан эрүүгйн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хохирогч Н.Пүрэв-Эрдэнийн: “…2017 оны 12 сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Чоко бааранд ангийнхантайгаа орсон. ...Тэгээд би нэг нүдний шилтэй залууг намайг мангасдаж надтай маргалдсан залуу байна гэж андуураад лифтэн дотор маргалдаж би түлхүүрийн оосроороо тэр залуугийн нүүр рүү нь далайж хүрсэн. Тэгээд лифтнээс буух үед манай найз Хосоо намайг урдаас тэврээд болиулаад аваад гарахад би тэр залуугийн өмсөж байсан ноосон малгайнаас зүүн гараараа татаж гарсан. Тэгээд нэг давхрын коридор хэсэгт тэр залуу над руу хүрээд ирэхээр нь би цохих гээд чадаагүй, харин намайг 2 удаа нүүр рүү гараараа цохиод унаж байхад толгой руу хөлөөрөө өшиглөөд дэвсэж зодсон. Тэгээд би тухайн үед ухаан алдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэртэл миний нүүрнээс цус гоожиж байхаар нь би намайг зодсон нүдний шилтэй залууд намайг гэмтлийн эмнэлэг хүргэж өг эсвэл би цагдаа дуудлаа гэхэд намайг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

Гэрч А.Хосбаярын: “…Би 2017 оны 12 сарын 14-ний өдөр сургуулийн шинэ жил болоод Чоко гэх бааранд ангийнхантайгаа 20 цагийн үед очсон юм. Тэгээд нилээн байж байгаад тамхины өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь яваад очтол найз Пүрэв-Эрдэнэ үл таних залуутай маргалдаад байж байхад нь уг баарны хамгаалагч хөөж гаргана гэхээр нь би найзыгаа аваад гарчихья гээд аваад гарсан юм. Тэгээд лифтэнд бид 2 суухад Пүрэв-Эрдэнэ нүдний шилтэй нэг залуу руу дайраад маргалдаад байсан. Тэгээд лифтэн дотор түлхүүрээ гаргаж ирээд оосроор нь цохих гээд чадахгүй, би дундуур нь ороод хориод бариад байж байсан юм.Тэгээд лифт нэг давхарт зогсоод хүмүүс лифтнээс буух үед Пүрэв-Эрдэнэ тэр залуугийн малгайнаас татаад гарсан. Тэгээд 1 давхарын үүдний заал хэсэгтнүдний шилтэй залуу Пүрэв-Эрдэнийг гараараа хоёр удаа цохиод унангуут нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд Пүрэв-Эрдэнэ нүүр нь цус болоод ухаан алдчихсан юм" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт:

  1. Н.Пүрэв-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун доод 2-р их араа, зүүн дээд 1-р их араа шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Д.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 21-27/ зэрэг болно

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Д.Днь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд хохирогч Н.Пүрэв-Эрдэнэ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаан  үүсгэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун доод 2-р их араа, зүүн дээд 1-р их араа  шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч Д.Д.Дын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Д.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Пүрэв-Эрдэнийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст  “Нарантогтох овогтой Пүрэв-Эрдэнэ миний бие Доржпалам овогтой Д.Доос эмчилгээ хийлгэсэн бүхий л зардлыг төлүүлж гомдол саналгүй болсон. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргасныг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Днь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Доржпаламын Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Днь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Днь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР