Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2024/0034

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан ******* ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.Нэхэмжлэгч Дархан ******* ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06ы өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан, уг гомдлын хариуг 30 хоногт ирүүлээгүйгээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Дархан ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан ******* ХХК нь 2014 оноос мал аж ахуйн бизнес эрхэлж, саалийн үнээ худалдан авч, үнээгээ Төв аймгийн Аргалант сумын малчин н.Батболд гэдэг хүнээр харуулдаг. Баянчандмань сумын энэ газрыг өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх зорилгоор Баянчандмань суманд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар ялагч болж Эрдэнэ багийн Хөшөөтийн ард фермийн зориулалтаар 5 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, 13-ны өдөр гэрчилгээ авсан. Өнөөдрийг хүртэл бид газрын төлбөрийг тасралтгүй төлж ирсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гарсан...Дархан ******* ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улс орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчиж байгаагүй бөгөөд жил бүр улсдаа их хэмжээний татварыг төлж ард иргэдийг ажлын байраар хангаж ажиллуулж байна. 2020 оны 1 дүгээр сараас эхлэн ковид-19 цар тахал дэгдэж төр засгаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөл хорионд орж эдийн засаг зогсонги байдалд орсон. Эдийн засгийн нөхцөл байдал сулрахын хэрээр хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал дордож, улмаар ажлын байр цөөрөх, ажилчид цомхотголд орох зэргээр эдийн засгийн нөхцөл байдал маш доройтсон. Ковидын өмнө 2019 онд 68 ажилтантай байсан бол одоогийн байдлаар 13 ажилтантай байна. Мөн Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх шийдвэр гаргасан хэдий авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох ёстой байсан ч тав дахь жилдээ үргэлжилсэн. Уг нөхцөл байдлаас үүсэж газар дээрээ бүтээн байгуулалт хийх ажлын хүч төвлөрүүлэх ажил удааширч зогсонги байдалд хүрсэн. Тухайн газар дээрээ хөрөнгө оруулалт хийж, сахиулын гэрээгээр 2019 оноос 2022 он хүртэл манаач ажиллуулсан, газарт 22 шон зоож, хашаалсан, 1 улаан байшин байгаа. Одоо сахиул ажиллуулах боломжгүй болсон учраас хашаа нурсан байж магадгүй, газар дээр сүүлд очоогүй учраас сайн хэлж мэдэхгүй байна Цар тахлын нөхцөл байдлыг харж үзэхийг хүсэж байна. Тухайн үед нийтийн хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй, маш олон хүний орон тооны цомхотгол болж, тухайн үед төсөл хэрэгжиж байсан төслөө ч гүйцээж чадаагүй, маш олон хүнийг халсан. Газар дээр 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гээд байгаа боловч тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт хийж, зарцуулалт гаргасан нь зориулалтын дагуу ашигласан... ...Дархан ******* ХХК-иас гарч байгаа хөрөнгө оруулалт, татварын тайлангаар нотлогдсон. 2023 оны санхүүгийн тайлан, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар санхүү байдлын биологийн хөрөнгө малыг 11.000.000 төгрөгөөр үнэлж, тайлангаа илгээдэг байсан... Анх 2014 онд худалдаж авсан үнээ үржээд явж байгаа, мал аж ахуйн үнээг нэг бүрчлэн тооллого хийж, өртгөөр жагсааж, тайлан, лавлагааг хэргийн материалд хавсаргасан... Суманд албан бичиг, хүсэлт гаргаж байгаагүй...Сөрөг нөлөөлөл бүхий захирамж гаргаж байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх Дархан ******* ХХК-д заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Дархан ******* ХХК-ийн н.Жаргалан захирал нь 2014 оноос хойш утасны дугаараа нэг ч солиогүй байхад огт мэдэгдээгүй. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянчандмань сумаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр огт мэдэгдэх ажиллагаа хийгээгүй талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулж, хувийн хэрэгт хөтөлж, оролцогчдын санал, гомдол, хуралдааны тэмдэглэл, шийдэл хүргүүлсэн баримт зэрэг нь архивд хадгалагдах ёстой. Мөн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахаар н.Ариунболд гэх хүн Өглөөний сонин-ы 06 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл Засаг даргын зөвлөлийн 06 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлд 06 дугаар сарын 26-ны өдөр Өглөөний сонин-д мэдэгдсэн ч нэг ч хүн ирээгүй гэсэн. 06 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг 26-ны өдөр мэдэгдсэн хэр нь яагаад хэн ч ирээгүй гэж урьдчилан шийдэж байгаа юм бэ. Хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэж харагдаж байна. Үүнээс харахад, Засаг дарга 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор захирамжуудаа гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээд хэн ч ирэхгүй байгаа бол 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор захирамжаа гаргаарай гэсэн байгаа нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан захирамжийг 06 дугаар сарын 16-ны өдөр гаргахыг даалгасан. Цаг хугацааны хувьд логик алдаатай тэмдэглэлийг хэргийн материалд хавсаргасан байсан. Сонсох ажиллагааг огт хийгээгүй, зөвлөлийн хурлаараа захирамжийг гаргасан байсан нь илт харагдаж байгаа. Манай нөхцөл байдлыг сонсохгүйгээр хурлаа хийгээд өөрсдөө сонинд зар тавьж, Засаг дарга зөвлөлийн хурлаар шийдвэрлэж байгаад нь гомдолтой байна... Бид Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Засаг даргад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 07/А-2 албан бичиг хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хариу албан бичиг ирүүлээгүй. Иймд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/160 тоот захирамжаар Эрдэнэ 3 дугаар баг Хөшөөтийн ард байрлалтай фермийн зориулалттай эзэмшсэн 5 га газартаа 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосон. ...Иймд Дархан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааг явуулсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, хоёроос дээш жил болсон гэж үзсэний үндсэн дээр сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 тоот захирамжийг гаргасан. Хурлын тэмдэглэлтэй холбоотойгоор тайлбарлахад сумын Засаг дарга болон Тамгын газрын даргаас албан бичгээр өмнөх сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл андуурч хүргүүлсэн тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн. 2016 онд газар авснаас хойш газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Явуулаагүй гэдэг нь газрын одоогийн байгаа бодит байдлаар нотлогдож байгаа. Газар дээр торон хашаа байхгүй, бүгд нураад унасан, торгүй байсан. Компанийн худалдаж авсан үхэр нь манай Баянчандмань сумын нутаг дэвсгэр дээр буюу тухайн эзэмшил газар дээр байршаад үхрээ маллаад, тэжээгээд хашаа барьсан зүйл байхгүй учраас үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Мөн газар эзэмшигч нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл болзлоо биелүүлэх, газар дээрээ үйл ажиллагаагаа явуулах ёстой, гэрээгээ жил бүр дүгнүүлэх, 5 жил тутам хянан баталгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Эдгээр бичиг баримтуудаа хийлгээгүй...2020 онд цахим бүртгэлд ороогүй байсан учраас газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн бүртгэлд газрын мэдээллийг оруулж, цахим гэрээ, гэрчилгээг үүсгэж, улсын бүртгэлд бүртгэж өгсөн. Үүнээс хойш 2020 оноос 2024 оны хооронд 3 жил гаруй хугацаанд ирж уулзаагүй, үйл ажиллагаагаа явуулаагүй...Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрвээ ковидтой холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бол манайд өөрсдөө цахимаар үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ тухайн үед нь мэдэгдээд гэрээгээ дүгнүүлээд, шинэчлээд цахимаар аваад явах боломжтой байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06ы өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэг. Маргаан бүхий захиргааны акт: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй хэмээн нэхэмжлэгч Дархан ******* ХХК-ийн эзэмшиж байсан тус сумын 3 дугаар багийн нутаг, Хөшөөтийн ард байрлах 5 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, түүнд анх газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Хоёр. Маргааны үйл баримтуудын талаар:

2.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/160 дугаар захирамжаар, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон Дархан ******* ХХК-д тус сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, Хөшөөтийн ард байрлах 5 га газрыг фермийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 06 дугаар сарын 13-ны өдөр газрын даамал нь газар эзэмшигчтэй гэрээ байгуулан, 000316690 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18605338411649 дугаарт бүртгэсэн,

-нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус суманд хандан газраа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар, газрын даамал нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний эзэмшлийн 5 га газрыг Газрын мэдээллийн шинэчилсэн сангийн нэгж талбарын 4116040296 дугаарт 49962 метр квадрат талбайтайгаар бүртгэж, тухайн өдөр нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх 04137-2020/00703 дугаартай гэрээг байгуулжээ.

2.2. Маргаан бүхий захиргааны актын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/160 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу эзэмших, төлбөр төлж, гэрээний үүргээ биелүүлж зориулалтын дагуу эзэмших, мөн 2020 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1-т газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, 4.14-т газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх үүргийг газар эзэмшигчид хүлээлгэсэн. Мөн гэрээний 6.4-т газраа зориулалтын дагуу эзэмшээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авна. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давтагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж, 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараах эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж, 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах гэж заасан зэргээс үзвэл сумын газрын даамалд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох, эзэмшилд олгосон газрыг газар эзэмшигчид хүлээлгэн өгч Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаарт бүртгэх үүргийг хүлээлгэсэн, мөн газар эзэмшигчид сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авах, эзэмшилд олгосон газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээр дурдсан баримтуудаар, газрын даамал нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэж, түүнтэй 2016, 2020 онуудад газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Нэхэмжлэгч нь 2016-2019 онуудад тоосгон байшин барьж, хашаа татаж, иргэн Т.Цэвэлмаа,Ш.Пүрэвдалай, В.Цэрэндорж нартай сахиулын гэрээ байгуулан эзэмшлийн газар дээрээ ажиллуулсан. Харин 2020 оноос 2024 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн газар дээр сахиул ажиллуулаагүй, ямар нэг зүйл бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй, тодруулбал уг газраа фермийн зориулалтаар ашиглаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газар дээр үйл ажиллагаа явуулахаар худалдан авсан үнээ малд зориулж өвс, тэжээл авч, ажилчдын цалин нийгмийн даатгал зэрэгт зардал гарган ажиллаж газраа зориулалтаар нь ашиглаж байгаа, үнээг малчин н.Батболд гэдэг хүнээр Төв аймгийн Аргалант суманд харуулдаг, үйл ажиллагааг өргөжүүлээд саалийн фермээ бий болговол үхрүүдээ тийшээ нүүлгэн шилжүүлэх бодолтой байсан. 2020 оны 1 дүгээр сараас ковид-19 цар тахал дэгдэж төр засгаас хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөл хорионд орж эдийн засаг зогсонги байдалд орсон, улмаар ажлын байр цөөрөх, ажилчид цомхотголд орох зэргээр эдийн засгийн нөхцөл байдал маш доройтсон. Ковидын өмнө 2019 онд 68 ажилтантай байсан бол одоо 13 ажилтантай байна, мөн Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх шийдвэр гаргасан, авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж ашиглалтад орох ёстой байсан ч тав дахь жилдээ үргэлжилсэн, уг нөхцөл байдлаас газар дээрээ бүтээн байгуулалт хийх ажлын хүч төвлөрүүлэх ажил удааширч зогсонги байдалд хүрсэн... хэмээн тайлбарласан.

Харин, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс фермийн үйл ажиллагаа эрхлэхээр 2014 онд худалдан авсан үнээг Аргалант сумын нутагт малчнаар маллуулж үржүүлж байгаа... гэх тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нь эзэмшлийн газар дээр үнээгээ байршуулж үржүүлээгүй бөгөөд тус компани санхүүгийн тайлангаа Сонгино хайрхан дүүрэгт гаргаж байснаас үзвэл нэхэмжлэгч нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан, мөн Монгол улсын Засгийн газраас 2020-2022 онуудад ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хориог тодорхой хугацаагаар тогтоож байсан ч энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ажлыг зохион байгуулан, дэмжиж байсан болох нь Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоол болон нийтэд илэрхий бусад тогтоол зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 онд эхэлсэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам барилгын ажил удааширч, хугацаандаа ашиглалтад ороогүй нь газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан гэх агуулгаар тайлбар гаргасан ч энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахад хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаар нотлох баримтаар нотолж тайлбарлаагүй, холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй бөгөөд түүнийг газраа эзэмшиж ашиглахад уг зам барих ажил нөлөөлсөн гэх байдал нотлох баримтаар нотлогдоогүй, тодруулбал, тухайн газрын 2016-2023 онуудын Google earth-ийн сансрын зурагт нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр авто замын бүтээлт явуулахад шаардлагатай материалыг байршуулсан, газрыг хөндсөн, хашсан гэх зэрэг байдал дүрслэгдээгүй байх тул уг авто замын бүтээн байгуулалтын ажил нэхэмжлэгчийг газраа ашиглахад саад учруулсан гэх байдал тогтоогдсонгүй.

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан гэх дээр дурдсан нөхцөл байдлуудын талаар хариуцагчид хандан мэдэгдээгүй нь түүний ...суманд албан бичиг, хүсэлт гаргаж байгаагүй... гэсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... тус компани 2020 онд гэрээ байгуулснаас хойш сумд ирээгүй гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Дээрх дурдсан нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч нь маргаан бүхий 5 га газрыг 2020-2023 онуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, фермийн зориулалтаар нь ашиглаагүй, тодруулбал нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 5 га газраа фермийн зориулалтаар эзэмшиж, ашиглах зэрэг хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

2.3. Нэхэмжлэгчийн бидний хүндхэн нөхцөл байдлыг сонсож үзэлгүйгээр, сонсох ажиллагаа хийхгүйгээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн хэмээн маргаж буй үндэслэлийн тухайд: Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, зөвхөн Өглөөний сонин-ы 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаарт Сонсох ажиллагаа явуулах газрын мэдээлэл: Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас иргэний танхимд болно. Газар эзэмшигч:...64.Дархан ******* ХХК.. гэсэн мэдээллийг нийтэлсэн бөгөөд тухайн өдөр сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ.

2.4. Маргаан бүхий захиргааны акт, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд,

Дээр дурдсан нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн захирамж, Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус хүлээлгэсэн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй нь тогтоогдсон, маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн байх тул зөвхөн сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр уг захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан ******* ХХК-ийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06ы өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.ОДСҮРЭН