Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/436

 

 

   

 

 

Б.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ж.Буджав,  

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Нд холбогдох эрүүгийн 2209 01177 2273 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7 дугаар гудамжны 61 тоотод Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг “гичий минь дуугарвал ална шүү хүнд хэлбэл ална шүү” гэж сүрдүүлэн амыг нь таглаж хоолойг нь боон хүч хэрэглэж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан орон дээрээс нь татаж унаган өмдийг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Баттулгын Б.Нг “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулагдсан хугацаанд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлэхийг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Н нь санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Н нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн салтаа нь урагдсан эрээн өнгийн нимгэн өмд 1 ширхэг, урд хэсэгтээ уранхай хар өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоолоор Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударгаар ял оногдуулах зорилт ба хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж дүгнэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх баримт үндэслэл тогтоогдоогүй болно.” /догол мөр 8/ гэж дүгнэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд “зүйлчлэлийг хөнгөрүүлэх” хэргийн онол баримталж буйгаа шүүх хуралдааны танхимд илэрхийлэн оролцож, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэхэд ач холбогдолтой /хх 28-29, 31, 33, 40-41, 48-49, 56-57, 65-66, 83-84, 91-92 дахь талд авагдсан/ нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж, улсын яллагчтай мэтгэлцсэн билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:”, 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.7, ...дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана:”, 2.3 дахь заалтад “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийн “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэх” хэргийн онолынхоо үндэслэл болгосон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт тайлбарлаж дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;” гэж заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд:

            Хохирогчоос 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...асуулт: Б.Н тантай бэлгийн харьцаанд ороход бэлгэвч хэрэглэсэн үү?, хариулт: Үгүй, бэлгэвч хэрэглээгүй...” /хх 29/, хохирогчоос 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин авсан “...асуулт: Таны хаана байхад чинь бэлгийн харьцаанд орсон юм бэ? Та нар архи ууж байхдаа энэ талаар ярилцсан уу? хариулт: Манай гэртээ баруун талын орон дээр байхад Б.Н орж ирээд намайг хүчиндэхийг завдахаар нь ам таглаад ноцолдоод хүнд хэлбэл ална шүү гээд байсан, тэгж байгаад босоод гараад явахаар нь би цагдаа дуудсан. ...асуулт: Танд хүч хэрэглэсэн үү?, хариулт: Намайг хүсээгүй байхад ам таглаад, үснээс зулгаагаад дээр гараад хөдлөөд байх шиг байсан, өвдөг луу өшиглөсөн юм шиг хөхөрсөн байсан...” /хх 31/, хохирогчоос 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин авсан “...асуулт: Та тухайн үед ямар хувцастай байсан бэ? Өмсөж байсан гэх өмд яагаад урагдсан юм бэ? хариулт: Улаан эрээн өнгийн өмдтэй байсан, бусад хувцсаа санахгүй байна. Миний өмдийг Б.Н тайлах гэж татаад урагдсан...” /хх 33/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6490 дугаар “...6.9.10. Эгийн охин хальсанд шинэ, хуучин урагдал, гэмтэл тогтоогдсонгүй. 7.8. Б.Эгийн үтрээнээс авсан наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн. 11.12.13. Б.Э нь ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. /хх 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7670 дугаар “...Т Б.Нгийн бэлэг эрхтэн гадны биеттэй байна. Тэмбүү өвчний архаг халдвартай байна.” /хх 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3334 “...Хохирогч Б.Эд бэлгийн замын халдварт өвчин болох ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониаз, Хламид өвчин илрээгүй.” /хх 57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2691 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, эрээн өнгийн нимгэн өмдөн дээр эр бэлгийн эс болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” /хх 66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2964 дугаар “...Үтрээний арчдаснаас илэрсэн хучуур эс болон эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Нгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” /хх 84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5271 дугаар “...С.Эрдэнэчулууны гэх цусны ДНХ-ийн тогтоц нь 2022 оны №2964 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон В.Б.Эгийн гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-тэй тохирч байна.” /хх 92/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулсан ба дээрх нотлох баримтуудаас үзэхэд Б.Н нь хохирогчийн бэлэг эрхтэнд нэвтрэлт хийгээгүй буюу түүнийг хүчиндэх үйлдэл хийгээгүй гэж дүгнэж байна. Харин Б.Н нь хохирогч В.Б.Эгийн хүсэл зоригийнх нь эсрэг гараараа амыг нь хааж, хоолойг нь боож, хүчиндэхийг завдсан шинжтэй үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолд заасан “...хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн болохыг дэлгэрэнгүйгээр, тогтвортой, бодит байдлаар тодорхой мэдүүлсэн, эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хүчээр бэлгийн харьцаанд орж буй Б.Нгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна...” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар Б.Нд холбогдох эрүүгийн 2209011772273 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байдаг ба Б.Н нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас болсон үйл баримтыг огт санахгүй байгаагаа тогтвортой мэдүүлсэн байдаг. Болсон үйл баримтыг санахгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл биш гэж үзэж байна.

          Б.Н нь бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг хүн. Тийм учраас ял шийтгэлийг нь хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Хэрэв чөлөөлөх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

          Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд тайлбараа гаргасан. Энэ нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хангасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж анхан шатнаас эхлэн маргасан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдэлд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч анхнаасаа хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хохирогч нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол, мэдээлэл гаргаж анх удаа мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээс үзэхэд хүч хэрэглэж түүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон гэдэг нь тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуулийг буруу ойлгож тайлбарласан гэж үзэхээр байна. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг нь жам ёсны бэлгийн харьцаанаас гадуур өөрийн бэлгийн дур хүслээ хангасан үйлдлээр илэрдэг. Энэ нь Улсын Дээд шүүхийн тайлбаруудаас харагдана. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд хүчиндэх гэмт хэрэг нь хохирогч анхнаасаа хүсээгүй байхыг шаардана. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хоёр этгээд хоорондоо хүсэж бэлгийн харьцаанд орох явцад хохирогчийн хүсээгүй үйлдлийг гаргаж, бэлгийн харьцаанд ёс бусаар орсон байхыг хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7 дугаар гудамжны 61 тоотод Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг “гичий минь дуугарвал ална шүү хүнд хэлбэл ална шүү” гэж сүрдүүлэн амыг нь таглаж хоолойг нь боон хүч хэрэглэж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан орон дээрээс нь татаж унаган өмдийг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Эгийн: “хоолоо боож байгаад хүчиндсэн” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 14/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-7 дугаар гудамжны 61 тоотод байрлах ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан төмөр зэв болсон хаалгатай саарал блокон суурьтай модон хашаа байлаа...хашааны баруун хэсэгт цагаан бүрээстэй монгол гэр байлаа...хаалгаар дотогш орж үзлэгийг үргэлжлүүлэхэд...модон орны дээр улбар шар өнгийн бүтээлэг, саарал өнгийн дэр зэрэг эд зүйлс эмх цэгцгүй байлаа хохирогчийн мэдүүлж байгаагаар тус орон дээр намайг хүчирхийлж бэлгийн харилцаанд орсон гэх газрыг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 15-18/,

Хохирогч Б.Эгийн: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Эрдэнэчулуун ажилдаа явсан. Тэгээд удалгүй манай гэрийн урд тал нэг хашаанд байдаг 2 давхар саарал өнгийн байшинг түрээслэгч залуугийн төрсөн ах гэх Б.Н гэдэг зүс таних залуу, манай гэрийг 2-3 хоногийн өмнө барилцаж өгсөн хүн манай гэрт орж ирсэн. Тэр үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд Б.Н намайг пиво уух уу гэж асуухаар нь би нэг их пиво уудаггүй юм за яах вэ ууя гэж хэлсэн. Тэгээд Б.Н дэлгүүрээс 2 сав 2 литрийн пиво аваад ирэхээр нь бид хоёр манай гэрт хамт уусан Тэгээд Б.Н дахиад дэлгүүрээс 1 шил 750 грамм Чингис нэртэй архи аваад ирэхээр нь манай гэрт архи ууж болохгүй гадаа ууя гээд манай хашаанд сандал дээр суусан, тэгээд би нэг хоёр удаа татчихаад би одоо орж унтлаа гээд гэр лүүгээ ороод би баруун талынхаа орон дээр хэвтэж байсан чинь Б.Н гэрт орж ирээд намайг орноос татаж унагаад эргүүлж харуулаад өмд шувтлаад надтай бэлгийн харилцаанд орсон. Тэгэхээр нь би орилсон чинь миний амыг таглаад хоолой боочихсон байсан, тэгээд би дуугарч чадаагүй. Надыг хүчирхийлж байхдаа тачаалалтай дуугараад гичий минь дуугарвал ална шүү хүнд хэлбэл ална шүү гээд байсан. Тэгээд хэр удаан үргэлжилснийг би санахгүй байна. Дуусчхаад шууд гараад явчихаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би эсэргүүцээд орилсон чинь миний хоолойг боогоод ам тагласан. Гомдолтой байна...” мэдүүлэг, /хх 28-29/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 6490 дугаартай: 1. Б.Эгийн биед баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Уг гэмтэл нь 24-48 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. 4. Б.Эгийн охин хальсанд шинэ, хуучин урагдал, гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 40-41/,

Яллагдагч Б.Нгийн “...би урьд өдөр нь архи уучихсан байсан болохоор дэлгүүрээс 2 савтай пиво аваад хувааж уусан, тэрний дараа дахиж том савтай 1-ийг авч уусан, дараа нь литрийн Эдэн нэртэй архи бид 2 хувааж уусан. Би архи уугаад тасарчихсан байсан, ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 6-7/,

Хохирогчоор Б.Эгийн дахин өгсөн: “...миний өмдийг Б.Н тайлах гэж татаад урагдсан, миний хоолойг боож ам, таглаад унагаасан, толгой руу цохисон, хоолой орчмоор шарх үлдсэн, толгой доргисон байсан...” гэх мэдүүлэг /хх 33/,

Мөрдөгчийн: салтаа нь уранхай эрээн алаг өмд 1 ширхэг, урд хэсэгтээ уранхай хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн Б.Нгийн өмгөөлөгч Ж.Буджав “...нотлох баримтуудаас үзэхэд Б.Н нь хохирогчийн бэлэг эрхтэнд нэвтрэлт хийгээгүй буюу түүнийг хүчиндэх үйлдэл хийгээгүй гэж дүгнэж байна. Харин Б.Н нь хохирогч В.Б.Эгийн хүсэл зоригийнх нь эсрэг гараараа амыг нь хааж, хоолойг нь боож, хүчиндэхийг завдсан шинжтэй үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Б.Нд холбогдох эрүүгийн 2209011772273 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан  үйлдлийг ойлгоно. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэгт гэмт этгээд хохирогчтой бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх зорилгогүйгээр бэлгийн халдашгүй байдлыг зөрчсөн үйлдэл хийсэн байхыг, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэдэгт хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож энэхүү байдлыг өөртөө давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд хурьцал үйлдэх зорилгогүйгээр өөрийн шалиг завхай дур сонирхлоор бэлгийн харьцааны замаар бус, садар самуун байдлаар дур хүслээ хангасныг Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч Б.Нгийн хохирогч Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг “гичий минь дуугарвал ална шүү хүнд хэлбэл ална шүү” гэж сүрдүүлэн амыг нь таглаж хоолойг нь боон хүч хэрэглэж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан орон дээрээс нь татаж унаган өмдийг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсноос үзэхэд дээрх гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нгийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ж.Буджавын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ