Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2024/00516

 

 

 

 

 

2024 12 13 132/ШШ2024/00516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э,

Хариуцагч: Ц.Н нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Б*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийх, дахин Б.Б*******ийн нэр төрд халдсан мэдээллийг олон нийт болон цахим орчинд тараахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй, 132/2024/00464/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг /цахимаар/,

Иргэдийн төлөөлөгч Ү.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

Хариуцагч Б.Э*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.Б******* нь Б.Э*******, Ц.Н******* нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийх, дахин Б.Б*******ийн нэр төрд халдсан мэдээллийг олон нийт болон цахим орчинд тараахгүй байхыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н*******гээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Б.Б*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг тогтоолгох, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийх гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.      Хариуцагч Б.Э*******тай 2022 оны 3 дугаар сараас эхлэн хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл барилгын дотор заслын ажлыг гүйцэтгүүлж, 91,000,000/ерэн нэгэн сая/ орчим төгрөгийн түүний ХААН банк ..... тоот дансруу шилжүүлсэн. Б.Э******* нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байх үед гэрээний ажлын хөлсний үнийг бага байна, нэмэгдүүл гэж шаардаж байгаагүй, явахдаа ч хөлс бага гэж хэлээгүй. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр надад огт хэлэлгүйгээр Б.Б******* гэх цахим хаягт маань намайг ажлын хөлсөө өгдөггүй, зах зээлийн жишгээс хямд хөлсөөр хүмүүсийг ажиллуулдаг, хүний хөдөлмөрийг мөлждөг, араар муулдаг, бидэнтэй л адилхан үр хүүхэдтэй хүн биз дээ гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлж, миний 20 жил барилгын салбарт ажилласан ажил хэргийн нэр хүндэд маань илт харшилсан, үр хүүхдүүдийн минь аюулгүй байдалд халдсан. Энэ мэдээллийн нь дор хариуцагч Н******* нь хов ярьж хүн муулж, эр эргүүлж, бүрийгээр гүйдэг. Хүний хөдөлмөр үнэлдэггүй,, хүний хийсэн бүтээснийг үгүйсгэдэг. Хүний гар ороогүй барилга, бүтээгүй л байх зэрэг миний нэр төрд халдсан муухай мэдээллийг оруулж бусдад түгээсэн байдаг. Би маш ихээр цочирдож постыг нь устгахад Б.Э******* надтай холбогдож нэрээ устгаж болно, би чамайг Өмнөговийн зар, амьдардаг GB тауны зар дээр оруулаад өгийлдөө гэж заналхийлсэн. Тэгээд манай захиалагч талын төслийн албаны дарга М.Энхбаатар гэдэг хүний Enkhbaatar Majigsuren гэдэг цахим хуудаст оруулсан нь миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, ажил хэргийн харилцаанд нөлөөлсөн. Түүний постыг захиалагч талын захирал нь хүртэл харж, устга гээд устгуулсан. Манай захиалагч байгууллагын хамт ажилладаг хүмүүс, байр захиалсан хүмүүс орж үзээд лайк дарсан байсан. гэжээ.

 

2.  Хариуцагч Б.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б*******ээс уучлалт гуйх хүсэлтгүй байна. Нөхөр Жоби нь нийгмийн давхаргаар ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон, дүү Алтанцэцэг нь намайг мэргэжил боловсролгүй, мэргэжлийн бус Жоби /нөхөр/ гэдэг хүнээс барилгын ажил сураад Жоби гэх хүний хүчинд барилгын тоног төхөөрөмжтэй болсон гэж худал гүтгэсэн. Бидний хийсэн ажлыг няцаан доромжилсон. Хийсэн бүтээсэн ажлыг үнэгүйдүүлж бусдад буруу ойлголтыг өгч цуурхал тараасан. Одоогийн зах зээлийн барилгын ажлын ханшийг өмнө хийж гүйцэтгэсэн ажлын ханштай харьцуулан оруулсан. 2008 онд Орхон аймгийн МСҮТ-д барилгын өргөн мэргэжлээр элсэн орж 2010 онд мэргэжлийн 4 дүгээр зэрэгтэй төгссөн. Өөрийн ажиллаж буй хугацаандаа гаргасан амжилт болон мэргэжлийн үнэмлэх, шагнал түүнийхээ зургийг баримт болгон дарж оруулсан. Б******* түүний хэлсэн яриад яваад байсан гүтгэлэг хариу үйлдэлд би өөрийн хувийн цахим хаягаар нотлох баримтыг постоор оруулсан. Миний оруулсан постны доор хүмүүс ажлын амжилт хүссэн болохоос энэ хүнийг онцолж доромжилсон зүйл огт байхгүй. Ховоор ажлаа хийж, зөвхөн өөрийн нэр төрийг боддог шигээ бусдын нэг төр, ажил амьдралыг алдагдуулж, төвөг учруулан өчнөөн зардал, цаг зав алдагдуулж байгаа ёс зүйгүй үйлдэлд нь гомдолтой байна. Хэрвээ асуудал цаашаа үргэлжлэх юм бол зах зээлийн ханшаар бодож нэхэмжлэх болно. Болсон бодит үйл явдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэн миний эргэн тойрны хамт олонд минь худал хуурмагаар гутаан доромжилсон. Бодит үйл явдлыг гэрчилж өгөх гэрчүүд байгаа болно. Иймд цахим орчинд энэ хүнээс уучлалт гуйх хүсэлгүй байна гэжээ.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ү.Н******* дүгнэлтдээ: Хариуцагчийн буруу гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Файсбүүкт оруулсан пост, мэссэнжер чат болон шилжүүлгийн баримтууд /хэргийн 5-27-р хуудас/,

-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хүсэлт, хөлсөөр ажиллах гэрээ, итгэмжлэл /хэргийн 47-52-р хуудас/

-Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Н*******гээс татгалзах тухай хүсэлт /хэргийн 71-р хуудас/.

5.Хариуцагч нараас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагч Б.Э*******гийн хариу тайлбар /хэргийн 40-42-р хуудас/,

-Хариуцагч Ц.Н*******гийн хариу тайлбар /хэргийн 43-44-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Э*******, Ц.Н******* нарт холбогдуулан Б.Б*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийх, дахин Б.Б*******ийн нэр төрд халдсан мэдээллийг олон нийт болон цахим орчинд тараахгүй байхыг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ц.Н*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б*******ийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндийг гутаасныг тогтоолгох, нэр төр ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийхийг даалгах гэж өөрчилсөн.

Хариуцагч цахим орчинд залруулга хийх, уучлалт гуйх хүсэлгүй байна. Учир нь Б.Б******* нь намайг боловсролгүй гэж худал хов ярьж, миний хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн тул түүний хариулт болгож би өөрийн хувийн цахим хаягаар ажиллаж буй хугацаандаа гаргасан амжилт болон мэргэжлийн үнэмлэх, шагналынхаа зургийг баримт болгон дарж постоор оруулсан. Уг постны дор түүнд амжилт хүссэн болохоос хэл амаар доромжилж, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Б.Э******* нар нь барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтран ажилласан нь хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ, ажлын хөлс шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 11-27х, 51-52х/ Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн талаар талууд маргаагүй.

Харин 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр цахим орчинд хариуцагч Б.Э*******гийн оруулсан ...миний бие Б.Б******* гэх хүний барилгад сүүлийн 3 жилийн хугацаанд ажил хийх хугацаанд хэн нэгэн хүнээр барилгын ажил заалгаж байгаагүй....хүний ардуур муулаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Мөн намайг мэргэжлийн бус гээд байгаа хүмүүст хэлж байгаан, толгойтой юм бол уншаад ойлгоно биз... гэх мэдээлэл нь нэхэмжлэгч Б.Б*******ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж талууд маргасан.

Хариуцагч нэхэмжлэгч Б.Б******* нь миний хийсэн бүтээсэн ажлыг үнэгүйдүүлж бусдад буруу ойлголтыг өгч цуурхал тараасан тул 2008 онд Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын өргөн мэргэжлээр элсэн орж 2010 онд мэргэжлийн 4 дүгээр зэрэгтэй төгссөн. Өөрийн ажиллаж буй хугацаандаа гаргасан амжилт болон мэргэжлийн үнэмлэх, шагнал түүнийхээ зургийг баримт болгон дарж оруулсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Э******* нь нэхэмжлэгч Б.Б*******ийг өөрийгөө ардуур муулсан, мэргэжлийн бус гэж хэлсэн, зах зээлийн ханшнаас доогуур хөлсөөр ажил хийлгэдэг байсан зэрэг агуулгатай мэдээлэл оруулсан байгаа ч эдгээр үйл баримт болсон эсэх, өөрийн оруулсан мэдээллийг үнэн бодит байдалд нийцэж байгааг нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй нь өөрийн нийтэлсэн мэдээллийн үнэн бодитой гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

3.2.Цахим орчинд хариуцагчийн нийтэлсэн мэдээлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, түүнээс болж гэм хор учирсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсонгүй. Тухайлбал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ...цахим орчинд худал мэдээлэл тарааснаас хойш гэрээний саналаас татгалзах, гэрээ цуцалсан тохиолдол болсон уу гэсэн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Харилцагч байгууллагуудаас ийм мэдээлэл тархсан байна гэсэн зүйл хэлсэн гэсэн, гэхдээ нотлох баримт байхгүй... гэжээ.

3.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, нотлох баримтаар ирүүлсэн CD-д үзлэг хийхэд түүнд хуулагдсан зурган файлууд хавтаст хэрэгт өгсөн нотлох баримттай тохирч байв. Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Б.Э*******гийн Enkhnaran Benaa фейсбүүк хуудсанд Б.Б******* фейсбүүк хуудсыг зааж нийтэлсэн мэдээллийг судлуулсан бөгөөд энэ нь хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд авагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын хөлстэй зарим ажлын хөлс нь адилхан, зарим ажлын хөлс гэрээгээр тохирсон үнээс 500 төгрөгөөр илүү байна. Мөн уг гэрээний үнийн дүн 95,5 сая төгрөг байтал 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн хооронд 17 удаагийн удаагийн шилжүүлгээр нийт 70,2 сая төгрөг гэрээний ажлын хөлсөнд Б.Баярчимгээс Б.Э*******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа нь ажлын хөлсний талаар худал мэдээ тараасан гэх агуулгаар ажил хэргийн нэр хүндийг унагасан гэж дүгнэх үндэслэл болохгүй.

4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус хуульчилжээ.

5. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн, өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж үзнэ.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хариуцагч Б.Э******* нь нэхэмжлэгч Б.Б*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч Б.Б*******ийн нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг доройтуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд хариуцагч Б.Э*******д холбогдох Б.Б*******ийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндийг гутаасныг тогтоолгох, нэр төр ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

6. Мөн иргэдийн төлөөлөгч Ү.Н******* нь Б.Э*******, Б.Б******* гэдэг хоёр хүний хоорондын асуудлыг сонсоод Б.Э******* ташаа мэдээлэл тараасан нь буруутай байна гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан.

7. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч барилга дээр хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа, өмнө эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан, одоо барилга хүлээлгэж өгөх хугацаа дөхсөн тул шүүх хуралдлааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл, барилгын ажлын фото зургаар нотолж ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулэх эсэх дээр тусгайлсан саналгүй гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх хугацааг заасан байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн хариуцагч Б.Э*******д холбогдох Б.Б*******ийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндийг гутаасныг тогтоолгох, нэр төр ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасандаа цахим хэрэгслээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ХИШИГДАВАА               

 

               ШҮҮГЧИД                            О.ОДОНЧИМЭГ

  

                                                           Б.НАРМАНДАХ