| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0565/э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Дашзэвэгийн Гантунгалагт холбогдох эрүүгийн 201725030276 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шарайд овгийн Дашзэвэгийн Гантунгалаг, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр толгой 4-р байрны 58 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны 270 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП88051868.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Г нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорнын цас ХХК-ний үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд 18.856.610 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Лэндс үнэлгээний компани нь үнэлэх үеийнхээ ханшаар буюу 1 грамм монетон эдлэлийг 85.000 төгрөгөөр бодсон ба Гантунгалаг бид хоёр тооцоо нийлэхдээ бөөндөж авч байсан үнээрээ тооцсон юм. Ингээд үнэлгээн дээр зөрүү гараад байгаа юм. Би Гантунгалагтай тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч байна. Ингээд хохирлын хэмжээг 22.115.810 төгрөг гэж бодож байна. ... хэдэн гэдгийг нь санахгүй байна. Тооцоо нийлсний дараа 4 ширхэг монетон бөгж, 4 ширхэг алтан бөгж, 3 ширхэг монетон кулон, 1 хос монетон ээмэг зэргийг авч ирж өгөөд эдгээд бараануудыг хүнд заруулах гээд өгсөн байсан юм, буцаагаад аваад ирлээ гэж хэлж өгсөн юм. Гантунгалаг дээрх барааг дутагдуулаагүй, үрэн таран хийгээгүй, өөрт ашиглаагүй байсан. Тэгэхээр нь анх тооцсон хохирол 22.115.810 төгрөгөөс 3.259.200 төгрөгийг хасаад 18.856.610 төгрөгийн бараа материалыг манайхаас дутагдуулж өөртөө ашигласан, нийт 10.590.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Одоо үлдэгдэл 8.266.610 төгрөг үлдсэн байгаа...” гэжээ /хх-177/.
Дорнын цас ХХК-ны тооцоо нийлсэн баримтууд /хх-91-121/.
Лэндс ХХК-ны хийсэн үнэлгээний тайлан /хх-27-33/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46, 49/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорнын цас ХХК-ний үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд 8.266.610 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин прокуророос Д.Гийг 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд 18.856.610 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх хохирлын хэмжээг 8.266.610 төгрөг болгох үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Г.Цогзолмааг цагдаагийн 2017 оны 1 сарын 11-ний өдөр Д.Гт холбогдуулан өргөдөл гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Д.Г нь 10.590.000 төгрөгийн хохирлыг Г.Цогзолмаад буцаан төлсөн байх тул дээрх үнийг хасч, хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Цогзолмаа нь “...Одоо үлдэгдэл 8.266.610 төгрөг үлдсэн байгаа...” гэж мэдүүлсэн ба дээрх хохирол нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гаас 8.266.610 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цогзолмаад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүх түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага тооцох буюу хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар аргах хэмжээ авах, оршин суух газар, ажилаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг 18.856.610 төгрөгөөр тооцож ирүүлснийг 8.266.610 төгрөг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Шарайд овгийн Дашзэвэгийн Гантунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дахь хэсгийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Гт хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар аргах хэмжээ авах, оршин суух газар, ажилаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гаас нийт 8.266.610 төгрөг гаргуулж, хохирогч Г.Цогзолмаад олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН