Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2024/0035

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, ЭБҮМ ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЭБҮМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ЭБҮМ ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны 99 дугаартай захирамжаар Төв аймаг, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баян уулын энгэрт фермийн зориулалттай 4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Уг захирамжийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар ЭБҮМ ХХК-иас Мөнхцацралын Бат-Эрдэнэ /РД:УХ91042617/-д шилжүүлснээр 2012 оны 99 дугаартай захирамж хүчингүй болсон. Газрын мэдээллийн сангийн программ шинэчлэгдэж, мэдээлэл татахад алдаа гарсан учир сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаар захирамжид дурдсан газар эзэмшигч ЭБҮМ ХХК биш, тус захирамжаар хүчингүй болгосон эрх зүйн акт 2013 онд хүчингүй болсон байх тул 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ЭБҮМ ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан  Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас Г.Энхтамирт итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн маргааны улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭБҮМ ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1323 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, ЭБҮМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБҮМ ХХК-д олгосугай.  

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН