Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 366

 

Ж.Рид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Х.Батчимэг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дэмбэрэлдагва, М.Энхбуйр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 340 дүгээр магадлалтай, Ж.Рид холбогдох 201301000389 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, энэ хэрэгт холбогдох үедээ “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Б овогт Ж.Р нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.Рид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ж.Рийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ давтан урвуулж, их хэмжээний хохирол учруулсан”, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ж.Рид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 132.911.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Роос 132.400.000 төгрөгийг гаргуулж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д олгуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Р гаргасан гомдолдоо:

“Нэг.Авточиргүүл худалдаж авсан хэргийн талаар.

Магадлалын 38 дугаар хуудсанд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байна” гэжээ. Мөн “...бүхий л баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй” гэсэн байна. Би энэ дүгнэлт, тодорхойлолтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.11, 16.2.12, 16.2.13, 16.2.15 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

2013 оны 7 дугаар сарын 4-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд болсон үйл явдал АТГ-ын мөрдөгчид, прокурор Д.Ширэндэв, шүүхүүд тодорхойлсон шиг аваар гэмтэл биш, харин байгалийн гамшиг-давдагдашгүй хүчин зүйл юм. Энэ нь Онц байдлын ерөнхий газар бүрэлдэхүүнээрээ оролцсон, Эрчим хүчний салбарын хэмжээнд онц байдал тогтоогдсоноор нотлогдоно. Мөн Сангийн яамаар дамжуулж Онцгой байдлын ерөнхий газар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нөхөн төлбөр хийгдсэн. Ийм онцгой байдлын үед гүйцэтгэх захирал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заалтыг барьж ажилладаг. Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо гэх мэт төрийн төв байгууллагуудын тушаал шийдвэр, ТУЗ-ын шийдвэр зэргийг хүлээж цаг алдах боломжгүй, шуурхай ажиллагаа шаардсан онцгой байдал байдаг. Ийм үүрэг даалгавар компанийн гүйцэтгэх захирал надад ноогдсон. Ингээд шуурхай бүрэлдэхүүн, ерөнхий инженер Ц.Жы саналаар авточиргүүл худалдан авах шаардлага гарсан. Авточиргүүл худалдан авах ажиллагааг  2013 оны 7 дугаар сарын 6-нд Тээвэр, механизмын хэлтсийн дарга Мд Улаанбаатарт гардан хийж, би баталсан. Энд ямар ч гэмт хэргийн сэдэл, гэм буруу байхгүй, ямар ч үнэ цэнээр хамаагүй байгалийн гамшгийн том системийн хэмжээний хор уршгийг арилгах байсан. Энэ бүхэн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно, тэрнээс механик М, жолооч Г, М нарын авточиргүүл худалдаж авч байгаа процесс үйлдлээр буруутгаж болохгүй гэж үзэж байна.  Би уг гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр түрээсийн гэрээний хамт байгалийн гамшгийн голомт дээр, халуун цэг дээр зурсан. Тэр үзэг /балаар/ зассан гэрээний он, сар, өдрөөр намайг гэмт хэрэгтэн болгоод байна уу гэдгийг анхааралдаа авна уу. Ингээд гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 25-ны дотор мөнгийг шилжүүлж авточиргүүлийг худалдаж авсан. Гэрээний дагуу жолооч Д.Г, механик М, ня-бо Ш.У нарын үйлдлийг намайг буруутгах нотлох баримт болгож болохгүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч гэх Б.Эийн нотолж байгаа шиг Төрийн өмчийн хороонд мэдэгдэх боломж байхгүй, цаг байхгүй, гамшгийн дараа гэрч М Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн тухай надад хэлж байсан. 2013 оны зорилтод түвшингийн тухайд 2013 онд аваар гарна, авточиргүүл худалдаж авах шаардлага гарна гэж төлөвлөх аргагүй. Ер нь урд жилүүдэд удаа дараа зорилтод түвшингийн төлөвлөгөөнд оруулаад Төрийн өмчийн хороонд хасагддаг байсан юм билээ. Б.Эийн нэхэмжлэл, мэдүүлэг намайг буруутгах нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Угаасаа Монголд ганц байгаа намхан, модон шалтай техникийн үзүүлэлт сайтай, авточиргүүлийг /трейллер/ 40-60 тн хүнд жинтэй трансформатор зөөж тээвэрлэхэд компанид маш их ашигтай байсан. Одоо ч уг авточиргүүлийг ашиглаж байгаа. Гэрч М трансформатор зөөх бүрдээ авточиргүүл байнга түрээслэдэг, хүнд трансформаторууд троллейбусны тролейнд хүрээд, Оросын трейллер өндөрдөөд байна гэж байнга надад асуудал тавьдаг байсан. Энэ нь гэрч Мийн мэдүүлгээр нотлогдоно.

Я.М “...нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдаа хийж компанид хохирол учруулсан 24.2 сая төгрөгийг нэхэмжилж байна” /магадлал х-25/ гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Авилгатай тэмцэх газрын мөрдөгч н.Ганбаяр шинжээчээр үнэлгээчин н.Энхбаатарыг томилсон байхад өөр үнэлгээчин Оюунчимэг үнэлгээ хийсэн. Харин үнэлгээ хийх эрхгүй н.Энхбаатар үнэлгээний тайланд гарын үсэг зурсан. Авточиргүүлийн үнэлгээний тайлан магадлалын 38 дугаар хуудсанд бичигдсэн шиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг эсэргүүцээгүй, гомдоллоогүй, эсрэгээр энэ заалтыг ноцтой зөрчиж байна гэж гомдоллосон. Манай өмгөөлөгч Л.Нинжбатын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг анхааралтай нягталж хянахыг хүсэж байна.

Авточиргүүл зарсан “Их харгуй” ХХК-ийн захирал Б.Хөх чоно БНСУ-аас жаран хэдэн сая төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлсэн. Үнэлгээний тайланд авточиргүүлийг 65.7 сая төгрөг гэж зах зээлийн жишиг үнэ гэх аргаар гаргасан. Хаа байгаа далайн чанадаас тээвэр болон гааль худалдааны татвар энэ бүгдийг тооцохгүй худалдаа-бизнес байх уу. Иймд би авточиргүүлийн /трейллер/ үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх дээр маргаан мэтгэлцээн үүсгэх байсан шинжээчдийг анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Ё.Цогтзандан нар захирамж гарган зөвшөөрсөн ч шүүгч Б.Мөнхбаяр оролцуулаагүй.

Гэрч Ц.Норовжамцын мэдүүлгийн /магадлал х-26/ тухайд. Сангийн яамаар дамжуулан Онц байдлын ерөнхий газраас олгох нөхөн төлбөрийг авах тайланд хөдлөх хөрөнгийн /машин механизм/ нөхөн төлбөрийг буцааж олгодоггүй болохоор тайланд оруулдаггүй гэж санхүүгийнхэн тайлбарлаж байсан. Санхүүгийнхний энэ үйлдлийн цаана компанидаа нөхөн төлбөр арай ахиу авах санаа байснаас гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй. Би энэ аваарын үед онцгой шаардлагатай технологийг сайжруулах үүднээс 3 автомашин хөдлөх хөрөнгө авсан. Бүгдийнх нь нөхөн төлбөр олгогдоогүй, урд нь ч тийм байсан юм билээ. Тэрнээс надад автотрейллер худалдан авч төлбөр тооцоо хийснээс хойш 2 сарын дараа хууран мэхэлсэн гэмт үйлдэл хийх ямар ч шаардлага байхгүй. Ингэж гэмт үйлдэл гэж үзэж байгаа бол ямар сэлбэг хэрэгслээр яаж орлуулж нөхөн төлбөр гаргадаг, ямар арга хэрэглэдгийг гардан хийсэн ерөнхий ня-бо болон санхүүгийн албаны хүмүүс ямар ял авах вэ. Тэр хүмүүст хамаагүй юу. Энэ хэрэг эрүүгийн хэрэг юм бол намайг санхүүгийн энэ үйлдлээр яллаж байгаа болохоор би хүлээн зөвшөөрөхгүй. Энд Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна. Авточиргүүлийн гэмт хэрэгт миний өмгөөлөгч Нинжбат болон миний гаргасан гомдлыг нухацтай хянан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр.Говийн бүсийн салбарын үйлдвэрлэл, аж ахуй оффисийн зориулалттай байр /барилга/ худалдан авсан тухай.

Ерөнхий инженер, Үнэлгээний хорооны дарга Ц.Жаргалсайхан яллагдагчаар мэдүүлэхдээ “...Үнэлгээний хороо нэг удаа хуралдсан, ...гүйцэтгэх захирлын зүгээс “шууд худалдаж ав” гэсэн чиглэл өгсөн, ...анхнаасаа “Говийн тэнгэр” ХХК-ийн газар, барилгыг судлаад танилцуулга нь эхнээсээ бэлэн болчихсон байсан” гэжээ. /магадлал х-26/ Би Үнэлгээний хорооны даргад ямар ч тушаал, чиглэл өгөөгүй. Хэзээ Үнэлгээний хороо хуралдсаныг ч мэдэхгүй. Ингэж чиглэл өгсөн бол үүнийгээ нотлох хэрэгтэй. Ямар ч нотолгоогүйгээр намайг гүтгэж, гүжирдэж өөрийгөө хариуцлагаас мулталж байна. Ажлын хариуцлага, эрх, үүрэг гэж бий. Прокурор Д.Ширэндэв гэмт хэргийн нотолгоо болгож “нэг удаа” хуралдсан гэж яриад байгаа. Энэ бол Үнэлгээний хороо, дарга Ц.Жаргалсайханы ажил, эрх үүргийн асуудал. Надад хамаагүй, би мэдэхгүй энэ талаар. Ц.Жны мэдүүлгээр намайг буруутгаж, гэмт хэргийн нотолгоо болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ Тээвэр, хангамжийн хэлтсийн дарга Я.Г судлаад, танилцуулгаа хийж шийдвэр гаргаснаа гэрч Ц.Ж өөрөө нотолж байна. Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа. Үүн шиг “...гүйцэтгэх захирал чиглэл өгсөн, 50 сая төгрөгөөс дээш худалдан авахад тендер зарладаг гэж мэдэж байсан...” гэх мэтээр, мөн мэдсэн байсан ч шийдвэр гаргасан гэсэн утгагүй, хуурамч мэдүүлгээр намайг буруутгаж, гэмт хэргийн нотолгоо болгож болохгүй. Тэр битгий хэл Ц.Ж хурал хийгээгүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. Энэ мэдүүлэг намайг буруутгах нотлох баримт биш гэж үзэж байна.

Ер нь тендер зарлах гэж, үнэлүүлэх гэж л Үнэлгээний хороо байгуулна. Би тендер зарла, явуул гэж анхнаасаа хэлсэн. Би өөрөө 300 сая төгрөг гэж объектыг үнэлээгүй. Үнэлгээний хорооны шийдвэрийг биелүүлсэн. Шийдвэргүй, өөрийн хүсэлтээр энэ худалдан авалтанд хандаагүй. Т.Алтанхуяг, Г.Лхагвасүрэн нарын гэрчүүд “...худалдан авах шийдвэр гарах нь ойлгомжтой байсан, хурлын шийдвэрийг эцсийнх гэж бодоогүй, хууль журам зөрчсөн гэдгээ хүлээж байна” гэх мэт мэдүүлгүүд намайг буруутгах үндэслэл болохгүй. Энэ хүмүүсийн мэдүүлэг бас зөрүүтэй өөр байгааг анхаарна уу.

Я.Гн /сэжигтэн, яллагдагч/ мэдүүлэгт үнэн юм юу ч алга. Би энэ хүнд ямар ч чиглэл өгөөгүй, үнэ тогтоогоогүй. Энэ миний ажил биш. Үнэлгээний хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл байна гэж ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47.7-д заасан байдаг. Я.Гийн мэдүүлгүүд бас зөрүүтэй, ялангуяа Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид хэрхэн байцаалт авсан тухай Ү.М, С.О, Я.Г нартай уулзсан уулзалтын аудио бичлэг байгаа. Я.Гансүх ч өөрийнхөө хоолойгоор “...би жаахан халамцуу байсан, энэ уулзалт дээр...” гэсэн мэдүүлгээр нотлогдоно. Та бүхэн энэ СД бичлэг болон Н.Гын СД бичлэгийг анхааралтай сонсож, хэргийн баримт нотолгоо болгон тоож анхааралдаа авна уу. Ер нь энэ обьектийг худалдан авах ажиллагааг анхнаас нь гардан зохион байгуулж сэдсэн хүн нь нутгийн найз, жолооч Н.Г юм. Энэ талаар өмгөөлөгч Нинжбат болон миний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нухацтай судалж үзнэ үү.

Мөн намайг буцааж ажилд томилох тухай Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан гэж миний дараах захирлууд энэ объектийг царцаасан. Энэ объектыг ашиглаж болохгүй гэсэн ямар ч мэргэжлийн хяналтын хорио байхгүй, объектын нөгөө хоёр жигүүр одоо хүртэл зүгээр ажиллаж байгаа. Манай компанийн албаны хүмүүсийг, гэрчүүдийг ял өгнө, шоронд хийнэ гэж сүрдүүлж, ингэж хэлбэл Өршөөлд хамруулна гэж хөтөлж мэдүүлэг авсныг /АТГ-ын мөрдөгч Цэдэн-Иш/ гэрч Я.Г, А, Н, Л нар надад хэлж байсан. Я.Гийн бичлэгээр нотлогдоно. Би “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д 108.200.000 төгрөгийн хохирол учруулаагүй. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр Монголын мэргэжлийн үнэлгээчдийн институтын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн үнэлгээний тайлангаар намайг буруутгасан /магадлал х-29/ нь мэргэжлийн бус энгийн хүний нүдээр маш ноцтой алдааг гаргасан байдаг юм. Бид энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхэлж удаа дараа гомдол, хүсэлт гаргасан ч авч хэлэлцэхгүй шат шатны шүүх хурал өнгөрлөө. Энэ ямар алдаа байсан бэ гэхээр 1-рт, худалдан авсан объектыг 946 м.кв, 955 м.кв гэж хоёр янзаар прокурор, мөрдөгч, үнэлгээний тайлан хийсэн шинжээчид зөрүүтэй авч үзээд байгаа. Ямар хариуцлагагүй хүний хувь заяа, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үнэлгээний тайлан бэ. 1м.кв талбайн жишиг үнэ  718.329 төгрөг. Эндээс хичнээн олон зуун мянга, сая төгрөгийн хуурамч тоо гарах вэ. 2-рт, ямар ч энгийн хүний нүдэнд ил харагдах үржүүлэх тооны үйлдлийг санаатай буруу хийж шинжээчид 108.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцож, давтан үйлдэл болгож ялласан. Нэмээд шинжээчдийн мэргэжлийн 14 зүйл алдаа байгаа. Бид урьдчилсан шүүх хурлаас энэ талаар хүсэлт, гомдол тавьсан ч шинжээч Цэвээн-Орлон өөр асуудлаар тухайлбал, “Зах зээлийн арга”-аар хийсэн гэж Цэдэн-Иш /АТГ/ ам хаасан. Шүүх дээр мэтгэлцэж, үнэнийг тогтоох гэхээр анхан шатны шүүхийн шүүгч Мөнхбаяр эдгээр хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Тэрнээс давж заалдах шатны шүүх дүгнэсэн шиг /магадлал х-38/ гомдол, хүсэлт гаргаагүй учир давж заалдах шатны шүүхэд гомдолтой байна. Одоо шинжээчдийн үнэлгээний тайланд энгийн хэн ч ойлгох, шүүгчид анхаарахгүй байхын аргагүй хэрэгт хавсаргагдсан тооцоог хийж үзүүлье. /11хх-155-181/

Үнэлгээний тайланд “Борлуулалтын арга” /Өртгийн хандлагаар/ хэрэглэсэн. Одоо шинжээчдийн өөрсдийнх нь өгөгдөхүүнээр тооцоог хийхэд:

Засгийн газрын 2000 оны 336 дугаар тогтоолоор 1м.кв-ийн үнэ 529.490 төгрөг,

2013 онд үнийн өсөлтийн индекс 1.94, Барилгын үнийн зохицуулах индекс 0.82, 2013 оны жишиг үнэ 718.329 төгрөг, Барилгын нийт талбай 955.3 м.кв. Эндээс бүрэн оруулалтын өртөг 955.3 х 718328 х 0.82 = 562.700.149 төгрөг гарч байна.

Ингээд барилгын элэгдлийг 68 хувиар тооцож, элэгдэл 197.945.9 м/төгрөг гэж тооцоолж байна. Гэтэл яаж үржүүлэх үйлдэл хийв. 353.735.6 төгрөг гэж буруу бодож гаргасан байдаг юм. Үржүүлэх тоог зөв бодож 562.700.149 төгрөг гаргасан бол би улсад /компанид/ ямар ч хохирол учруулаагүй гэсэн үнэлгээ гарна. Барилгын бодит үнэ 562.700.149 төгрөг - 197.945.9 = 364.759.249 төгрөг гарч, 300-400 сая гэдэгтэй дүйж байна.

Зах зээлийн жишиг /Чөлөөт үнэ цэнийг жиших/ үнийн хандлагаар хийсэн тооцоонд “...баттай эх сурвалжаас авсан мэдээллээр” гээд нэг ойролцоо хэмжээтэй барилгыг зүгээр л 140 сая төгрөгөөр арилжсан байна гэж үнэлгээний тайландаа дурджээ. 140 сая төгрөгийг яаж гаргаж ирсэн тооцоо бас алга байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гомдол гаргахад шинжээч Цэвээн-Орлон 131 сая төгрөгөөр худалдан авсан гэж зөрүүтэй /зах зээлийн үнэ/ мэдүүлэг өгсөн. Ингээд шүүхээр мэтгэлцэж үнэн зөвөө олох гэхэд шинжээчдийг шүүх хуралд оролцуулахгүй шүүхийн мэтгэлцэх гол зарчим, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөнд гомдолтой байна. Мөн үнэлгээний тайлан хүснэгт 2-т 955.3 м.кв хэмжээтэй гэж тооцсон.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Энхбуйр “...одоо болтол ашиглагдахгүй байгаа” гэдэг нь үнэлгээний тайланд “үндсэн хийц бүтцэд аюултай нөхцөл байдал үүсээгүй, барилгын ашиглалтын норм 60 жил” гэж үзсэнээр няцаагдана. Мөн үнэлгээний тайлангийн 7.2 заалтыг зөв ойлгомжтой хийж дүгнэлт гаргаагүй талаар шүүхийн шатанд 14 зүйл алдаа бүхий жагсаалт гаргаж өгснийг авч үзээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гурав. “Говийн тэнгэр” ХХК-ийн захирал С.Оаас 23 сая төгрөгийн хахууль авсан тухай.

Н.Г /сэжигтэн, яллагдагч/ мэдүүлэгтээ “Ж.Р захирал намайг Отай уулзаад ир..., Отай утсаар ярихад...” гэжээ. Би Отай утсаар нэг ч удаа ярьж, уулзаж ямар нэг ажил, тохироо, мөнгө төгрөг ярьж байгаагүй. Эд нар миний нэр хүндийг ашиглан албан тушаал, хээл хахуулийн хэрэгт гүтгэж, гүжирдэж өөрсдийн гэмт үйлдлээ далдалж байна.

Одоо Н.Гын дээрх мэдүүлгийг өөрсдийнх нь маапаантай мэдүүлгээр няцааж нотолно. С.О яллагдагчаар мэдүүлэхдээ ...Ер нь 100 хувь шүү, би даргад хэлж хөөцөлдөж байгаа шүү..., хотод хэзээ ирж 16.000.000 төгрөг өгөх юм бэ...,Хаан банкнаас 16.000.000 төгрөг бэлнээр авч Н.Г руу утсаар ярьсан...” гэх мэдүүлгүүд бүгд намайг С.Отай утсаар яриагүй, Н.Гыг яваад мөнгө аваад ир гэж хэлээгүйг нотолно. /магадлал х-18/ С.О мэдүүлэгтээ “...Би Р л явуулсан юм байна гэж ойлгосон...” гэжээ. Би С.Отай утсаар яриад Н.Гаар 16.000.000 төгрөг авахуулсан бол “ойлгосон” гэж ярих уу. С.О яллагдагч, сэжигтэн. Түүнээс гадна энэ хуйвалдагч, гүжирдэн гүтгэгч, гэмт хэргээс мултрагсад Ү.М, Н.Г, С.О нар мэдүүлгүүдээ дандаа “ойлгосон”, “бодсон” гэж өгсөн. Үүнд анхаарал хандуулж, үнэн зөв шийдэж өгнө үү.

Би жолооч Н.Гтай ямар ч хээл хахууль ярьж байгаагүй. Анх удаа 2016 онд Ү.М, Я.Г, С.О нартай уулзахдаа асууж мэдэж авсан. Тэгэхэд С.О 20, 25 сая төгрөг гэж хоёр янзын мөнгө, бас нэг болохоор эхлээд Ү.Мд, дараа нь Н.Гт өгсөн гэж хоёр янзаар хэлж байсан. Үүгээр миний хахууль авсан үйлдэл няцаагдана. Мөн Н.Гын СД бичлэгээр нотлогдоно. Жолооч Н.Гын хоолой мөн болохыг өөрөө мэдүүлгээрээ нотолсон. Ү.М мэдүүлэгтээ “С.О хувь өгөх тухай ярьсан, би Равдандорж захирал руу утасдсан. ...Р захиралд хэлэхэд “за ойлголоо, би өөрөө шийдье” гэж утсаа салгасан...” гэжээ. /магадлал х-33/ Би ийм үйлдэл хийгээгүй, хэнтэй ч хээл хахуулийн талаар утсаар ярьж байгаагүй. Үүнийгээ нотлох гэж энэ хүмүүстэй нүүрэлдэж, мэтгэлцэхээр шүүхэд хандахад зарим шүүгч зөвшөөрсөн, Б.Мөнхбаяр шүүгч авч хэлэлцээгүй. Ү.М, Н.Гын мэдүүлэг нотолгоо, миний мэдүүлэг, хүсэлт нотолгоо биш байж болохгүй. Түүнээс гадна Ү.Мийн мэдүүлгээр /магадлал х-33/ би Мт касснаас бэлэн мөнгө /4000 доллар/ ав гэж аман шийдвэр өгч байгаагүй. Үүнийг нотол.

Ингэж хүнийг хуйвалдаж, гүтгэх үгээ зохион байгуулалттай хувааж авах замаар гүтгэж, хүний нэр барьж залилан хийж хахууль авсан гэмт хэргээс мултарч чадахгүй. Монголын шударга шүүх ялгаж салгана гэдэгт би найдаж байна.

Би хээл хахуулийн нэг ч төгрөг гар дээрээ тавьж, барьж үзээгүй. Манай компани дээр дансаар, бэлнээр мөнгө төгрөг зөвхөн ерөнхий ня-бо Ц.Н бид хоёрын гарын үсэг цохолтоор явдаг. Би энэ компанид захирлаар ажиллах хугацаандаа нэг ч удаа бэлэн мөнгө гарын үсэггүй гаргаж байгаагүй. Би сүүлд Ц.Норовжамцаас мэдэж, түргэн мөнгө төгрөгөө олж авахыг удаа дараа шаардсан. Энэ залилангийн хэрэг ингэж миний үйлдсэн гэмт хэрэг болно гэж бодсонгүй. Хуулийн байгууллагад хандана. Би гэмт хэрэг үйлдээгүй тул энэ худал хуурамч гүжир гүтгэлгийг ялгаж салган хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрч С.Оын мэдүүлгээс /магадлал х-30/ харахад Ү.М, Н.Г нар нь миний нэрийг барьж, хувь хэмжээгээ эртнээс ярьж тохирсон нь тодорхой байна. Иймээс гэрч гэх Ү.М, Н.Г, С.О нарын үгсэн хуйвалдсан, хоорондоо зөрүүтэй, залилан хийж, миний нэрийг барьж мөнгө төгрөг авсан гэмт үйлдлийг илчилж шүүнэ гэдэгт итгэж байна.

Дөрөв. БНХАУ-ын иргэн Ку Жин Ша-аас хээл хахуул авсан хэргийн тухайд. 

Би эхнэр С.Оюунчимэгээр дамжуулж БНХАУ-ын иргэн Ку Жин Ша-аас 100 сая төгрөгийн хээл хахууль аваагүй гэдгээ хэлж байна. Эхнэр С.Оюунчимэг ч мөнгө аваагүй, дамжуулаагүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд өөрийгөө буруугүй гэж нотолж няцаая. Анх АТГ-ын дэд дарга асан, генарал Хурц утасдаж БНХАУ-ын иргэн Ку Жин Ша гэдэг хүнтэй хамтарч ажиллахыг хүсч, ажилдаа ороод сар болоогүй байхад Шуан Шуаны хамт манай өрөөнд ирж танилцаж байсан. Өөр ч бас албан тушаалтан бий. Ку Жин Ша намайг “та яагаад улс төрийн ажил хийгээд байдаг юм бэ” гэж 2-3 удаа хэлэхэд нь би их гайхдаг байсан. Эндээс улс төрийнхөнтэй бас холбогдоод явдгийг ойлгосон. Би бол Ардчилсан намын Үйлдвэрчний зөвлөлийн хорооны гишүүн, улс төрийн хүн, улс төрч гэдгээ нуухгүй. Трансформатор худалдан авсан тухайд, манай салбарын өр зээл барагдуулах, техник технологи шинэчлэх компанит ажлын хүрээнд Эрчим хүчний яамны сайдын тушаалаар хийгдсэн ажил.

Би дэлхийд дөрөвт ордог БНХАУ-ын “ТВЕА” брендийн 2 ширхэг трансформатор худалдан авч тавьсан, өдий хүртэл ямар ч аваар осолгүй ажиллаж байгаа. Манай компанийн ерөнхий инженер Ц.Ж эртнээс трансформатор судалсан. Компанийн шугамаар томилолтоор Орос явсан инженерүүд БНХАУ руу явж байсан нь компани дээр яригддаг ганц сэдэв байсан.

Ку Жин Ша компанийнхаа хоёр албан хаагчийг /нярав, ня-бо/ ашиглаж хуурамч мэдүүлэг өгүүлсэн, худлаа нотолсон, манай эхнэр С.Оюунчимэгийг таньж олуулахад хоёулаа танихгүй гэж хэлсэн. Урьд нь ч хэлбэр дүрс, үс гэзгийг нь тэс хөндлөн худлаа таньж нотолсон. Машиныг нь буруу ярьсан. Хүний ярьсныг мэдүүлсэн нь мэдэгдэж нотлогдож байгаа. Дээр нь Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш анхны мэдүүлгийг хуулж бичин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Таньж олуулах ажиллагаа, тэмдэглэл хийсэн биш, өмнөх байцаалтыг нь хуулж бичсэн. Барина, хорино гэж айлган сүрдүүлж, үнэнээ хэлсэнгүй, үнэнээ хэл гэж ял тулгасан, яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.

Бид хоёрт байр авах, зээл авах боломж бий. Миний Авилгатай тэмцэх газар жил бүр өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэг, Татварын газрын нотлох баримт гэрчилнэ. Манай эхнэр миний нэр сүрд халтай юм болов уу гэж дүүгийнхээ нэр дээр байр захиалсан байдаг юм. Энэ байрны төлбөр 100 сая төгрөгийг өглөө үдээс өмнө өгсөн, тэр хүмүүс үйлдлээ 15-17 цаг орчим гэж ярьдаг, гүтгэдэг. Гүтгэх гэж далд эзний даалгавар биелүүлж байгаа гэж би үзэж байгаа. Ку Жин Ша зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Зээлсэн гэж гэрээ хийе гээд эхнэр С.Оюунчимэг рүү утасдаж улс төрч ахынхаа утсыг өгсөн. Сүүлд нэмэлт мөрдөн байцаалтад ноцтой худал мэдүүлэг өгсөн байдаг. Тийм учраас өмгөөлөгч бид хоёр шүүх хуралд оролцуулах, мэтгэлцэх хүсэлт гаргасан боловч шүүхийн мэдэгдэл аваад Бээжин рүү зугтсан. Өмгөөлөгч н.Пүрэвбаатар удаа дараа утасдаж “зээлийн гэрээ” хийе гэж 2 удаа уулзаж шаардсан. Би зээлийн гэрээ хийгээгүй, гар утасны дуудлагууд хавтаст хэрэгт байгаа. Ку Жин Ша хэзээ ч надтай ганцаараа уулзаж байгаагүй, дандаа Шуан Шуантай хамт уулздаг. Шуан Шуа нь инженер учир байнга тэр хүн ажлаа мэргэжлийн дагуу ярьж явдаг байсан. Тэгж хүнийг улайм цайм гүтгэж болохгүй. Би амьдралдаа “шагнал байгаа юм уу” гэж үг хэрэглэж үзээгүй. Яагаад хээл хахууль өгчихөөд “зээлийн гэрээ” хийе гээд эхнэр бид хоёрыг шахаж, шаардаад гүйгээд байдаг юм бол гэж гайхдаг. Анхны мэдүүлэгтээ надад хээл хахууль өгсөн гэж мэдүүлэг өгөөгүй. Гэрч Г.Жийн мэдүүлэг /магадлал х-36/ байна. Ү.М, Ку Жин Ша-гаас хахууль авсан, тэр хэргээ хуурамч мэдүүлэг өгч, тэрийг нь прокурор хэрэгсэхгүй болгосон ноцтой, сэжигтэй үйлдэл бас болсон. Магадлалын 36 дугаар хуудсанд байгаа Г.Жийн мэдүүлэгтэй холбогдуулж хэлэхэд Ү.М, Н.Г нар мөн Ку Жин Ша-гаас миний нэрийг барьж залилан хийж мөнгө авсныг прокурор Д.Ширэндэв хэрэгсэхгүй болгосон нь намайг хуулийн байгууллагад хандахад хүргэж байгаа. Би БНХАУ-ын иргэн Ку Жин Ша-гаас 100 сая төгрөгийн хээл хахууль шаардаж аваагүй гэдгээ илэрхийлж байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эцэст нь хэлэхэд Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид, Нийслэлийн прокурорын газар, шат шатны шүүгчид намайг цагаатгах нотлох баримтыг, мэдүүлгүүдийг шинжлэн судалж, намайг өөрийгөө цагаатгах боломж олгоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1, 2, 7-г ноцтой зөрчсөн, мөн 35.8 дугаар зүйлийн 10-т заасан заалтыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өмгөөлөгч Л.Нинжбатын намайг өмгөөлөх үгийг тасалдуулж зогсоосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14-т заасныг зөрчсөн. Энэ заалтыг зөрчиж, хүчээр шахаж нэг талыг барилгүй бүх гэрчүүдийг байлгаж хэргийг шийдсэн бол надад гомдох зүйл огт байхгүй байлаа. Гэмт хэрэгтнүүд илэрнэ, тогтоогдоно, хуйвалдааны үнэлгээний тайлангийн паян мөн илрэх байсан. Ингээд уг гэмт хэргийг үнэн зөв шүүнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“Нэг. “Хьюндэй Трэйлер” маркийн авточиргүүл худалдан авсан тухай.

Няцаалт, нотлох баримтууд, үндэслэл: 2013 оны 7 дугаар сарын 5-нд Хэнтий аймгийн Мөрөн сумаас 20 км зайд маш том аваар, байгалийн гамшиг бүхий осол болсон юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 93 дугаартай “Аваар, саатлыг сэргээн босгох тухай" тушаал /1-р хавтас/ гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ж.Рийг томилж яаралтай ослыг арилгах үүрэг өгсөн.

Ослыг арилгах явцад онц чухал шаардлагатай эксковатор, бульдозер, трактор зөөх шаардлага гарч ард томилогдон үлдсэн комисст үүрэг өгөхөд комиссын гишүүд ярилцаад, Ц.Ж санаачилж, Тээвэр механизмын хэлтсийн дарга Г.М шинэ трэйлер машин зээлээр худалдан авч явуулсан байсан.

Ж.Р нь аваарыг устгах ажлыг газар дээр нь биечлэн удирдаж байсан тул 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 83 дугаар тушаал “...шаардагдах хөрөнгийг саадгүй гаргах материал сэлбэгийг захиалж бэлтгэн, худалдан авах...” ажлыг Тэргүүн дэд захирал Ц.Ж, Ерөнхий нягтлан бодогч Ц.Н, Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.Г, Тээвэр механизмын хэлтсийн дарга Г.М нарт даалгасан байсны дагуу комиссын гишүүдийн санаачилгаар авточиргүүлийг зээлээр худалдан авсан. Тухайн үед хийсэн тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнд Г.М гарын үсэг зурсан бөгөөд Г.М тайлбарлахдаа “Хэрэв түрээсээр ашиглах бол, заавал худалдаж ав гээд байна. Эхлээд Түрээсийн гэрээ байгуулаад дараа нь худалдан авах гэрээгээ байгуулахаар болсон” гэж хэлсэн. Тийм учраас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулаад, улмаар 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Энэ хоёр гэрээ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байна.

Эдгээр нөхцөл байдал нь Г.Мийн 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өгсөн тайлбар, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Авто трэйллер чиргүүл хүлээн авсан актад “Аваарын үед онцгой шаардлага гарсан тул төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр хүлээлгэн өгсөн” гэсэн, мөн Ц.Жны 2013 оны 11 дүгээр сарын 5-нд, Ц.Нын 2013 оны 11 дүгээр сарын 14-нд тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Г.Мийн 2013 оны 10 дугаар сарын 28-нд сэжигтнээр, Г.Мийн 2014 ны 2 дугаар сарын 6-нд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас/ зэргээр нотлогддог.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” шууд гэрээ байгуулахаар хуульчилсан байсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 5-нд болсон осол аваар нь энэхүү заалтад хамаарах нөхцөл байдал үүссэн юм.

Процессын алдаа: АТГ-ын мөрдөн байцаагч А.Ганбаярын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-оор /1-р хавтас 170 хх/ трэйллерийн үнэлгээг хийлгэх зорилгоор шинжээчээр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ний С.Энхбаатарыг томилжээ. Гэтэл үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-ий үнэлгээчин Г.Оюунчимэг, Б.Батзаяа гэгч хүмүүс хийгээд гарын үсэг зурж тамга дараад ирүүлсэн байдаг. Шинжээчээр томилогдсон С.Энхбаатар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин мөн эсэх тодорхойгүй байна. Эрх бүхий албан тушаалтны томилсноос өөр этгээд шинжээчээр ажиллаж үнэлгээг гаргасан байна. Ийм холион бантан бүхий нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйл явдал боллоо. Энэ алдааг арилгуулах үүднээс шүүх хуралдаанд үнэлгээ хийсэн шинжээч Г.Оюунчимэгийг оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм.

Шүүгч Б.Мөнхбаяр яллах дүгнэлтийг хуулж тавиад шийтгэх тогтоолоо бичсэн нь гайхал төрүүлсэн. Авточиргүүл худалдан авсан “Худалдах-худалдан авах тухай гэрээ”-ний тухай өмгөөлөгч бид цөөнгүй ярьсан, энэ гэрээ хэрэгт хавсаргагдсан байхад энэ тухай нэг үг үсэг ч байхгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь сонирхолтой. Уг нь энэхүү авточиргүүлийг яг ид осол аваарын үед буюу 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Худалдах-худалдах авах гэрээ байгуулж авсан бөгөөд гэрээнд төлбөрийг “2013 оны 8 дугаар сарын 25-ны дотор барагдуулна” гэсэн заалтын дагуу 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн байдаг. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэдэг зарчим үйлчлээгүй.

Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 зүйлийн 34.1.5 “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” шууд гэрээ байгуулах хуулийн заалтын хүрээнд худалдан авалт хийсэн ба энэ тулгамдсан нөхцөл байдалд үнэ наймаалцах, буулгах боломж угаасаа байдаггүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт зааснаар түүний албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг давж заалдах гомдолд дурдсан боловч давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдол болон гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй юм.

Хоёр. “Говийн тэнгэр” компаниас объект худалдан авахаар сонгон шалгаруулсан тухай.

Няцаалт, нотлох баримтууд, үндэслэл: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ын 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай “Говийн бүсийн салбар байгуулах тухай” тогтоолоор /3-р хавтас/ Говийн бүсийн салбарыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “ЦДҮС” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаартай "Говийн бүсийн салбарын төвийг шилжүүлэх тухай” тогтоолоор /9-р хавтас/ “ЦДҮС” ТӨХК-ийн “Говийн бүсийн салбар”-ын төвийг Дундговь аймгийн төв Мандалговь суманд шилжүүлсэн байдаг. Үүний дагуу “ЦДҮС” ТӨХК-ийн ТУЗ-ийн болон Төрийн өмчийн хорооны удаа дараагийн тогтоолууд гарч нийт 300.000.000 төгрөгийн төсөв батлагдсан.

Гүйцэтгэх захирал Ж.Р “ЦДҮС” ТӨХК-ийн “Говийн бүсийн салбар”-ын Мандалговийн хэсгийн ажлын бэлтгэл, түүнд шаардлагатай байгаа материал хангамж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь танилцаж судлуулахаар Я.Г, Ү.М, Ц.Б нарыг Говийн бүсийн салбарын Мандалговийн хэсэгт ажиллах томилолт өгч явуулсан. /9-р хавтас/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/115 тоот тушаалаар “ЦДҮС” ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар объектыг худалдан авахад сонгон шалгаруулалт хийх Үнэлгээний хороо байгуулж уг ажлыг зохион байгуулж нийлүүлэгчийг сонгон шалгаруулж, Гүйцэтгэх захиралд танилцуулахыг Үнэлгээний хорооны дарга Ц.Жд үүрэг болгосон шийдвэр гаргасан.

Үнэлгээний хороо нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж “Говийн тэнгэр” ХХК-ийн объектыг худалдан авахаар бүх гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, уг шийдвэрийг Ж.Рид танилцуулахаар болсноо “ЦДҮС” ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын Мандалговь хэсэгт аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай объект худалдаж авахад нийлүүлэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №1 /8-р хавтас/ хөтөлж баталгаажуулсан байдаг. Уг тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хуралдаж “Говийн тэнгэр” ХХК-ийн объект нь аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах бүрэн боломжтой, Мандалговь аймгийн төвд үүнээс өөр аж ахуй, үйлдвэрлэлийн байр болгох объект байхгүй, ганцхан объект байгаа учир худалдан авахаар Үнэлгээний хорооны хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр худалдан авах үнэлгээний дүгнэлт гарч, Үнэлгээний хорооны дарга Ц.Ж нь дээрх шийдвэрийг танилцуулсны үндсэн дээр Ж.Р захирал худалдан авах зөвшөөрөл олгосон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар Үнэлгээний хорооны дүгнэлт нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байдаг юм. Ж.Рийн “Тендер зарлаж худалдан авах ажиллагааг явуул” гэсэн нь Үнэлгээний хороо байгуулснаар батлагддаг.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад Үнэлгээний хорооны гишүүд нь АТГ-ын мөрдөлтийн дарамтад орсон уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байсан уу, анхны мэдүүлгээсээ бүгд буцаж үнэлгээний хорооноос гарсан тэмдэглэлийг анх удаа харж байгаа мэтээр худал мэдүүлэг өгч, Ж.Рийг үүрэг даалгавар өгч “Говийн тэнгэр” ХХК-ийн объектыг худалдан авалт хийлгэсэн мэтээр гүжирдсэн байдаг.

Энэ нь Ж.Р, Ү.М, С.О, Я.Г нарын уулзсан уулзалтын ярианы бичлэг дээр Я.Гийн “...байцаагч намайг Ж.Р энэ объектыг “Шууд худалдан ав” гэж худал хэлүүлэх гэж намайг 3 цаг байцаалаа” гэсэн яриа болон бусад баримтаар нотлогддог. Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан гэрчийн болон яллагдагчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй байдаг.

Шийтгэх тогтоолд энэ объектыг худалдан авахад Ж.Рийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2. дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэснийг зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх Ж.Рийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасны дагуу Үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулсныг хүлээн зөвшөөрсөн атлаа 46.1.2 дахь хэсэгт заасан захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзжээ. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг болдоггүй.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан... хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас...” гэж заасан байна. “Албаны эрх мэдлээ урвуулан ашиглах” гэснийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэсэн байна.

Тэгвэл Дундговь аймгийн Мандалговь суманд “ЦДҮС” ТӨХК-ийн “Говийн бүсийн салбар”-ыг байгуулах, уг салбарын ажлын байр, барилга байгууламж худалдан авахад Ж.Рид ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй, байх ч боломжгүй юм. Учир нь энэ объект нь хэзээ ч хувийн өмчид очихгүй, улсын онцгой объектын төрөлд хамаарах учиртай юм.

Шийтгэх тогтоолд энэ объектыг худалдан авахад Ж.Рийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3. дэх хэсэгт “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйл бол “Захиалагчийн эрх, үүрэг”-ийг тодорхойлсон хуулийн зохицуулалт юм. Ж.Р захирал Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй, үүрэгтэй албан тушаалтан юм. Үүргээ хэрэгжүүлсэн хүнийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Хэрэв тэрээр Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэхгүй, харин өөрөө дур мэдэн өөр объект худалдан авах шийдвэр гаргасан бол харин жинхэнээсээ хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэж болох юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлсний төлөө албан тушаалаа урвуулсан гэж ял шийтгэл амсах ёсгүй.

Процессын алдаа: Мөрдөн шалгах явцад Ж.Рийг “Говийн тэнгэр” ХХК-иас объект худалдан авсан гэх үйлдлийн хохирлын хэмжээг бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоохдоо ноцтой алдаа гаргасан байдаг. Тухайлбал, Засгийн газрын 2010 оны “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай” 336 дугаар тогтоолоор баталсан нэг м.кв талбайн жишиг үнэ 529.490 төгрөг юм. Үүнийг 2013 оны үнийн өсөлтийн индекс 1,94-өөр авч үзвэл 2013 оны жишиг үнэ 718.329 төгрөг, дээр нь барилгын үнийг зохицуулах индекс 0.82, барилгын нийт талбай 955,3 м.кв гэж үзвэл 562.700.149 төгрөг гэж гарч байгаа юм. Үнэлгээний тайланд эхлээд 562.700,178 төгрөг гэж бичиж явснаа гэнэт хаанаас ч юм бүрэн орлуулалтын өртөг 353.735.600 төгрөг гэсэн тоо гаргаад ирсэн байдаг.

Энэ 353.735.600 төгрөг гэсэн тоо гарч ирснээр үнэлгээ огцом буурч 141.800.000 төгрөг болсон байдаг. Бидний зүгээс маш олон удаа энэ “шидэт” 353.735.600 тооны гарал, үүсэл, арифметик тооцооллын талаар асуудлыг тавьсан боловч улсын яллагч нэг ч удаа тайлбарлаагүй бөгөөд шүүгч Б.Мөнхбаяр болон давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэ үйл баримтыг “нүдээ аниад” хэргийг шийдвэрлэсэн.

Түүгээр үл барам бидний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны өмнө энэ нөхцөл байдлыг, тооцооллын зөрүүний учир шалтгааныг тодруулах зорилгоор үнэлгээ хийсэн шинжээчид болох Д.Ганхуяг, С.Цэвээнролом, К.Касиран нарын хэн нэгнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ бол мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм.

Худалдан авсан объект, барилга байгууламжийн үнэлгээг алдаатай хийснээс болж их хэмжээний хохирол учруулсан мэт, албан тушаалаа урвуулсан мэт нөхцөл байдал үүссэнээс Ж.Рийг гэм буруутайд тооцож шүүх ноцтой алдаа гаргалаа. Арифметик тооцооллын алдааг зөвтгөж залруулбал “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авсан объектын үнэ 300.000.000 төгрөгөөс илүү гарч байгаа юм. Тийм учраас Ж.Рийг хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Гурав. “Говийн тэнгэр” компаний захирал С.Оаас хахууль авсан гэх үйлдлийн тухай.

Няцаалтууд. нотлох баримтууд, үндэслэл: Миний үйлчлүүлэгч Ж.Р нь “Говийн тэнгэр” ХХК-ийн захирал гэх С.Отай гэрээ байгуулахаас өмнө, гэрээ байгуулах үед ч огт уулзаж аливаа тохиролцоо хийж байгаагүй болно. Харин С.Оын нутгийн танилууд болох Ү.М, Н.Г нар нь Ж.Р захирлын нэрийг ашиглаж С.Од худал хэлж, түүнийг хууран мэхлэж хээл хахууль авсан нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхлэх үед Ж.Р захирал мэдсэн байдаг бөгөөд Ү.М, Н.Г нар нь үгсэн хуйвалдаж, Ж.Р захирлын нэрийг щиглаж С.Оаас авсан мөнгөө Ж.Р захирлын заавраар авсан мэтээр удаа дараа худал мэдүүлэг өгсөн байдаг. Угтаа Ү.М, Н.Г нарын үйлдэл нь хүний нэрийг барьж бусдыг итгэлийг эвдэж мөнгө авсан залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг.

Ж.Р нь нэг ч удаа С.Отай утсаар ярьж байгаагүй. С.О ч үүнийг баталдаг. Н.Г, Ү.М нар үгсэн хуйвалдаж хүний нэр барьж бусдаас мөнгө авчихаад хуулийн байгууллага шалгаад ирэхээр Ж.Рийн заавраар хийсэн мэтээр гүтгэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Дээрх зүйлс цэвэр гүтгэлэг болох нь Ж.Рийн жолоочоор ажиллаж байсан Н.Гын Ж.Ртой ярьсан ярианы СD бичлэгээр нотлогддог. Тухайн ярианы бичлэгийг СD-д буулган хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан юм.

Түүнчлэн С.Оын удаа дараагийн мэдүүлгүүдээр тухайн мөнгө өгөх, авах тохироог зөвхөн Н.Г, Ү.М нартай хийсэн байдаг. Н.Г, Ү.М нар нь “Тохирсон мөнгөө авъя” хэмээн удаа дараа С.Отай утсаар холбогдож, мөнгөө очиж авч байсан зэргээр нотлогддог. Гэтэл Н.Г, Ү.М нар нь мэдүүлэгтээ Ж.Р нь “С.Отай ярьчихсан, очиж мөнгө авчир гэдэг байсан” мэтээр худал мэдүүлдэг.

Хахууль өгсөн гэх С.О, авсан гэх Ж.Р нар хахууль өгөх, авах тухай нэг ч удаа утсаар ярилцаж байгаагүй, биечлэн нэг л удаа бусад хүмүүсийн хамтаар уулзалдаж байсан бөгөөд, мөн л мөнгө төгрөг өгөх, авах тухай ярилцаж үзээгүй болох нь хахууль өгсөн гэх С.О, Ж.Р нарын мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн хахуульд өгсөн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг Ж.Рийн гар дээр ирээгүй, дансанд нь ч ороогүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэргийн заавал байх нэг шинж нь халдлагын зүйл буюу хууль бус үйлдэл хийлгэх зорилгын үүднээс өгсөн мөнгө, эд хөрөнгө байдаг. Энэ төрлийн хэргийн объектив тал нь гэмт этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан үйлдлээр илэрдэг.

Ж.Рийн хувьд С.Оаас өөрөө, эсхүл бусдаар дамжуулан нэг ч төгрөг аваагүй. Ж.Рид хахууль гэх мөнгө гар дээр ирсэн гэх нэг ч нотлох баримт байдаггүй. Зүй нь энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл хахууль авсан нь тогтоогддоггүй.

Харин Ү.М, Н.Г нар нь Ж.Рийн өмнөөс, нэрийг нь барьж бусдыг залилах гэмт үйлдэл гарсан байж болзошгүй болохыг мөрдөн байцаагчид анхаараагүй, энэ чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйн улмаас Ж.Р хилс хэрэгт яллагдчихаад байна. Үүгээр үл барам залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг гэрч хэмээн үзэж тэдний мэдүүлгүүд Ж.Рийг яллах нотлох баримтууд болсон нь хачирхалтай байгаа. Өөрсдийгөө гэмт хэргээс мулталж Ж.Рийг хэрэгтэн болгож гарах гарцаас өөр арга тэдэнд байхгүй байсан байж болох юм. Тийм бол Ү.М, Н.Г нарын мэдүүлгүүдээр Ж.Рийг яллаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: 8.2. хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл Ү.М, Н.Г нар нь бусдыг гэмт хэрэгт гүтгэх замаар үйлдсэн гэмт хэргээсээ бултах, ял завших, өөрт ашигтай эрх зүйн байдлыг бий болгосон байх тул тэдний мэдүүлгүүдээр хүн яллаж болохгүй ба энэ хэргийн нотлох баримтаас мэдүүлгүүдийг хасах ёстой байсныг шүүгч Б.Мөнхбаяр “анзаараагүй”.

С.Оын ашиг сонирхлын үүднээс хийгдсэн гэх буюу “Говийн тэнгэр” компаний объектыг худалдан авах тухай шийдвэрийг Ж.Р гэхээсээ илүү 8 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо гаргасан болохыг ч шүүгч Б.Мөнхбаяр бодитоор дүгнэж чадаагүй.

Иймд Ж.Рийг С.Оаас хахууль авсан гэх үйлдэл хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллаж буй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

Процессын алдаа: Ж.Р, Н.Г нарын хооронд яригдсан ярианы СD бичлэгт үзлэг хийгээд бэхжүүлсэн баримт хэрэгт бий. СD-д бичигдсэн яриа нь хэн хэний дуу хоолой болохыг таах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэснийг, 5.1 дүгээр зүйлийн 2.2-т “өмгөөлөгч нь хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэж Н.Г, Ү.М нарыг шүүхэд дуудаж СД-д бичигдсэн ярианы талаар тодруулж мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан юм.

Дээрх үндэслэл, нөхцөл байдлыг бид давж заалдах гомдолд дурдсан боловч давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдол болон гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Дөрөв. БНХАУ-ын иргэн Ку Жиншаанаас 100.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийн тухай.

Няцаалтууд, нотлох баримтууд, ундэслэл: Монгол улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тушаал гарч “Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар Монгол банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож буй өөрт ноогдох зээлийн хөрөнгөнөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлд зориулан богино хүгацаанд чанар, стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын тоноглол, материалыг нийлүүлэгч, угсралтын санхүү болон техник, хүн хүчний чадварлаг мэргэжлийн байгууллагаар гэрээ байгуулах замаар гүйцэтгуулж, 2013 оны 4 улиралд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирал нарт даалгасан” билээ.

Үүний дагуу Эрчим хүчний яамнаас холбогдох зөвшөөрлүүдийг авч, Голомт банкнаас зээл авсны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Тэдэ Энержи” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аливаа хуулийн заалтыг зөрчөөгүй.

Харин 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ку Жиншаанаас авсан 5300 ам.долларыг Ж.Рийн эхнэр С.Оюунчимэг түр зээлж аваад, Ку Жиншаанд эхнэр хүүхэдтэйгээ байхад нь Хүүхдийн 100-д байрлах Калифорниа ресторанд хоол идэж байхад нь эргүүлэн өгсөн байдаг.

Ку Жиншаан нь С.Оюунчимэгт зээлсэн гэх 100.000.000 төгрөгийг эхэн үедээ зээлсэн мэтээр мэдүүлэг өгч байгаад сүүлдээ Өршөөлийн хуульд хамрагдахын тулд Ж.Рид хээл хахууль өгсөн болж худал мэдүүлснээс харахад тэрээр анхнаасаа худал мэдүүлэг өгч Ж.Рийг санаатайгаар гүтгэсэн гэж үзэхээр байна. Ж.Р эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан БНХАУ-ын иргэн Ку Жиншаанаас 100.000.000 төгрөг бэлнээр, эсвэл дансаар аваагүй.

Ку Жиншаан нь өөрөө Авилгатай тэмцэх газарт шалгагдаад 72 цаг хоригдохдоо “Та хоёр заавал холбоотой байх ёстой. Ганц худагт хорино” гэж байцаагч тулгаад байсан тул Ж.Рийн эхнэр С.Оюунчимэгт 100.000.000 төгрөг зээлсэн” гээд “Айсандаа би тэгээд хэлчихсэн” юм гэж Ж.Рид сүүлд нь ярьсан байдаг. 100.000.000 төгрөгөө өөрийнхөө удирдлага дор ажилдаг эрх ашиг сонирхол нэгтэй хүмүүс болох Н.Хулан, Ч.Мөнхцэцэг нарыг гэрч болгон хэлүүлсэн. Энэ хүмүүс нь  С.Оюунчимэгийг таньдаггүй, түүний машин, унаа, үс, гэзэг, хэлбэр галбирыг өөрөөр хэлж дүрсэлсэн байдаг. Улмаар энэ хэрэг шалгагдах явцад Ку Жиншааны өмгөөлөгч Пүрэвбаатар “Чи Ку Жиншаанаас 100.000.000 төгрөг зээлсэн гэж гэрээ хийгээд өгөөч” гэж Ж.Роос удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гуйж байсан юм билээ.

Хахууль өгсөн гэх Ку Жиншаан, авсан гэх Ж.Р нар хахууль өгөх, авах тухай огт ярилцаж байгаагүй, хоёр удаа ажлын шугамаар уулзсан бөгөөд энэ уулзалтуудад Ку Жиншаантай байнга хамт явдаг БНХАУ-ын иргэн Шуан Чуан хамт байлцсан. Ку Жиншааны хахуульд өгсөн гэх 100.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг Ж.Рийн гар дээр ирээгүй, дансанд нь ч ороогүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийн заавал байх нэг шинж нь халдлагын зүйл буюу хууль бус үйлдэл хийлгэх зорилгын үүднээс өгсөн мөнгө, эд хөрөнгө байдаг. Энэ төрлийн хэргийн объектив тал нь гэмт этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан үйлдлээр илэрдэг.

Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл хахууль авсан нь огт тогтоогддоггүй.

Ж.Рийн эхнэр С.Оюунчимэгийг 100.000.000 төгрөгийг Ку Жиншаанаас авсан хэмээн шүүх тогтоолоо. Гэтэл С.Оюунчимэг Ку Жиншаанаас 100 сая төгрөг авсан нь тогтоогддоггүй. С.Оюунчимэг өөрөө Ку Жиншаанаас 100 сая төгрөг огт аваагүй гэж мэдүүлдэг. Үйл баримтуудын шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад Ж.Рийг хахууль авсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

Иймд Ж.Рийг БНХАУ-ын иргэн Ку Жиншаанаас 100.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4. дүгээр зүйлийн 4-т зааснаар яллаж буй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Процессын алдаа: Ж.Рид хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Шуан Чуан, Ку Жиншаан нараас хахууль өгсөн нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаар өмгөөлөгч бид тодруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэснийг, 5.1 дүгээр зүйлийн 2.2-т “өмгөөлөгч нь хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэж тэднийг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан юм.

Ж.Р болон өмгөөлөгч миний бие шүүгч Б.Мөнхбаярын хэргийг хэрхэн хянан шийдвэрлэсэн үйл явц, процесст маш их гомдолтой байгаа.

Энэ хэргийг өмнө нь шүүгч Ё.Цогтзандан хянан шалгаж байхдаа өмгөөлөгчдийн зүгээс тавьсан шүүх хуралдаанд үнэлгээчин-шинжээч Г.Оюунчимэг, шинжээчид болох Д.Ганхуяг, З.Цэвээнролом, К.Касиран нарын аль нэгийг, гэрч Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс, С.Отгонжаргал нар, гэрч Ку Жиншаан, Шуан Чуан нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан бөгөөд энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ. Гэрч, шинжээчдээс мэдүүлэг, тайлбар авах боломжийг шүүгдэгчийн өмгөөлөгчид олгоогүйгээрээ шүүх мэтгэлцэх боломжоор талуудыг хангаж чадсангүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдсонгүй.

Үнэхээр энэ хэрэгт ач холбогдол бүхий бүх нотлох баримтууд, үйл баримтууд дээр талууд мэтгэлцээд шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон бол миний үйлчлүүлэгчид гомдол зүйл байхгүй хэмээн тэрээр хэлж байна. Шудрага шүүхээр хэргээ шийдвэрлүүлж чадсангүй хэмээн тэрээр гомдож байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Ж.Рид холбогдох хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 57 дугаартай шийтгэх тогтоол, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 340 магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-т “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 3.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж зааснаар хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг арилгуулан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Таслан сэргийлэх арга хэмжээний талаар:

Ж.Рийг анх 2013 оны 10 дугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Гэхдээ 2016 оны 3 дугаар сард түүнийг яллагдагчаар татаж, 14 хоног цагдан хориод таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснээр цагдан хоригдсон юм. Энэ бүх шалгагдах хугацаанд Ж.Рийн зүгээс хууль, шүүхийн байгууллагаас тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээний горимыг нэг ч удаа зөрчиж байгаагүй болно.

Ж.Р нь одоо 60 настай, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй төлөв төвшин, энэ цагийн эгэл сэхээтэн юм.

Бид гэм буруугийн асуудлыг зөвшөөрөхгүй байгаа учраас хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болохоос ямар нэгэн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял шийтгэл хүсэж гомдол гаргаагүй. Хэрэв анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалыг хүчингүй болговол хэргийг дахин хянан шийдвэрлэх хүртэл Ж.Рийг бусдын батлан даалтад, эсвэл барьцаат батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна. Учир нь гэм буруугүй хүнийг урт хугацаагаар цагдан хорьсон байх эрсдэл ирээдүйд үүсэж болзошгүй байгаа тул шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг анхааралдаа авахыг хүсэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хүн, байгууллагыг урьж шинжилгээ хийлгэж болно” гэж заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн Ж.Рид холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй”, мөн зүйлийн 8.3-т “...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байхад шүүхийн шийтгэх тогтоолд яллагдагчаар өгсөн М, Г, О, Г, К Ж нарын мэдүүлгийг иш үндэс болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан байхад шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлын талаар дурдаагүй, дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоогдоогүй. Шүүх Ж.Рийг “Говийн Тэнгэр” ХХК-ийн объектийг худалдан авсан үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж, мөн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авсан, нийтийн албан тушаалтан хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албан тушаалын үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэж нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дэмбэрэлдагва, М.Энхбуйр нар хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул ял хөнгөрүүлэх болон хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “Аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргийн тухайд 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зах зээл дээр 65.700.000 төгрөгийн өртөг бүхий “Huyndai Trailer” загварын авточиргүүлийг 89.900.000 төгрөгөөр худалдан авч компанид 24.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зах зээлд 141.800.000 төгрөгийн үнэлгээтэй байсан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах барилга байгууламжийг 300.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг “Говийн тэнгэр” ХХК-д 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлж, 108.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүд нь нотлогдож тогтоогдсон байна.

Өмгөөлөгч гомдолдоо “Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер явуулж чадаагүй” гэсэн байдаг ч тухайн үедээ авточиргүүлийг түрээслэх гэрээ байгуулсан төлбөрт 6.5 сая төгрөг төлсөн баримт хэрэгт байдаг. Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар 7 сарын 9-ний дотор дуусга гэсэн үүргийг өгсөн, ажлаа ч хугацаандаа дуусгасан. Гэтэл 8 сард уг чиргүүлийг худалдан авах асуудал гарч 8 сарын 19-ний өдөр 89.9 сая төгрөг “Их харгуй” ХХК-ийн дансанд орсон. Хэрэв үнэхээр л гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцлийн улмаас гэнэт худалдан авах асуудал үүссэн бол яагаад баримтаа энэ дагуу үйлдэж болоогүй, яагаад түрээсийн гэрээ хийгээд түрээс төлсөн, яагаад дараа нь худалдан авах болсон, яагаад зах зээлийн үнээс илүү үнээр авах болов. Хамгийн гол нь давагдашгүй нөхцөл байдлын улмаас худалдаж авсан юм бол үнэн гээд байгаа баримтаа бүрдүүлээд өгөхгүй яасан юм бол, яагаад худал баримт бүрдүүлэв гэдгийг анхаарч үзэх ёстой. Үнэ судалж байгаад, тендерээ зарлаад худалдаж авч болох байсан ч энэ хүн хуулийг үл тоодог, өөртөө бүх эрх байгаа гэж үзсэн учраас эрх мэдлээ урвуулсан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна.           

“Говийн тэнгэр” ХХК-иас объект худалдан авах хэрэгцээ шаардлага “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д байсан уу? Нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл Говийн бүсийн салбар байгуулах тухай ТУЗ-ийн тогтоол гарсан. Энэ тогтоолоор салбар байгуулах хэрэгцээ шаардлагыг Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэж байгуулах талаар шийдвэрлэж өгсөн байна. Гүйцэтгэх захирал ТУЗ-ын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Байгууллага удирдаж байгаа ТУЗ нь хэрэгцээгээ, бодлогоо тодорхойлчихоод байхад Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах барилга байгууламжийг зах зээлийн үнээс дээгүүр 300.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж байгаа нь мөн л эрх мэдлээ урвуулсан асуудал. Гэтэл мөн л тендэргүйгээр объект худалдаж авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан “Тендэрийн үнэлгээний заавар” зэргийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ ажлыг Ж.Р удирдаж, холбогдох хүмүүстээ худалдаж авах үүргийг өгсөн байдаг.

Хангамжийн хэлтсийн дарга Я.Г, дэд захирал Ц.Ж, ерөнхий нябо Ц.Н, Захиргаа удирдлагын мэргэжилтэн Г.Л, Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Т.А, Ү.М нар нь төрийн өмчөөр бараа худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгагдаад гэм буруугаа хүлээж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж шийдэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг Ж.Р удирдаж, уг объектыг худалдаж ав гэсэн үүрэг өгсөн. Тэндэр явуулаагүй гэдэг нь тогтоогдсон. Ж.Р хахууль авахын тулд энэ объектыг худалдан авсан нь тогтоогдсон байхад өмгөөлөгч нь Ж.Рид ямар ч хувийн сонирхол байхгүй, байх ч боломжгүй гэж гомдол гаргасантай санал нийлэхгүй байна.

Төр өөрийнхөө мөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуул гэж төрийн өмчит компани байгуулдаг. Үүгээр дамжуулж ашиг олж улмаар ард иргэддээ хүртээх зорилготой. Гэтэл итгэл хүлээлгэж төрд ашиг оруул гэж томилсон хүн нь төрд ашиггүй бараа худалдаж авах, өөрийнхөө эрх ашгийг албаны ажлаас дээгүүрт тавьж байгаа үйлдлүүд нь гэмт хэрэгт тооцогдох нь гарцаагүй. Хэрэг нотлогдсон гэж үзэж байна.

 Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь төрийн өмчит, ашгийн төлөө, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг төрийн компани. Ж.Р нь төсвөөс цалинждаггүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг тул Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтанд хамаарахгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс шинээр тоолно гэсний дагуу тооцох ёстой. Ж.Рийн сүүлчийн гэмт хэрэг нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн дансаар 5.300 ам.доллар хахуульд авсан гэмт хэрэг байдаг тул энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж анхан болон давах шатны шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах тул энэ заалтыг удирдлага болгон шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хууль хэрэглээний хувьд зөв байх байжээ.

Авлигын буюу хахууль авсан эхний гэмт хэргийн тухайд Н.Г нь “Р захирал Отай уулз гэсэн, захиралтай ярихад 5 сая төгрөгийг Мт өг гэсэн, намайг наад мөнгөө аваад эмчилгээндээ яв” гэсэн мэдүүлэг, С.Оын “16 сая төгрөгийг Рийн жолооч Гт өгсөн, 7 сая төгрөгийг Мт хүүхдээрээ өгүүлсэн” гэсэн мэдүүлэг, Мийн “7 сая төгрөгийг Оаас аваад санхүүд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

С.Од Ж.Рийн жолоочид мөнгө өгөх шалтгаан байхгүй, тэгж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг цаг хугацааны хувьд тохирч байгаа, хоорондоо шалтгаант холбоотой, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан.

109.9 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн тухайд Н.Хулангийн “Жинсан Кү захирлын бичиж өгсөн чекээр бэлнээр 100 сая төгрөг аваад Оюунаа гэх хүнд өгсөн”, Ку Жинсаны “Би Рд захиралд гэрээ байгуулах юм бол шан өгнө гэж амалсан байсан. 2014 оны 6 сард Р над руу яриад 100 сая төгрөг хэрэг болоод байна, мөнгө байвал өгөөч гэсэн. Би Хулан, Мөнхцэцэг нарт энэ дугаараар холбогдоод мөнгө өг гэж хэлсэн, үүний дараа 2014 оны 7 сарын сүүлээр байх Р Солонгос улсаас ярьж байна. 5300 ам доллар хэрэгтэй гэхээр нь нэгэнт тусална гэж байсан тул Р захирлын өгсөн данс руу нь шилжүүлчих гэсэн. Манай нярав шилжүүлсэн байсан”, гэрч С.Лхагва “2014 оны 6 сарын 17-ны өдөр байрны урьдчилгаа” гэж Хосбаяр 100 сая төгрөг төлсөн, Хосбаярын “Оюунчимэг эгч надад 100 сая төгрөг өгсөн, би шууд Номин констракшн ХХК-ийн хүмүүст оруулж өгсөн” зэрэг мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж “2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан хэргийг  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                         

Шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Рид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Р нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн /цаашид “ЦДҮС” ТӨХК гэх/ гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Зүүн-Өмнөд бүсийн Бор-Өндөр-Өндөрхаан чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 ширхэг тулгуур хугарч унасан аваар, саатлыг сэргээн засварлах ажилд шаардлагатай техникийг зөөвөрлөхөөр "Их Харгуй” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийг дуустал 4 хоногийн хугацаанд "Huyndai Trailer” загварын авточиргүүл түрээслэх гэрээ байгуулж, гэрээний төлбөр 2013 оны 7 сарын 9-ний өдөр 6.500.000 төгрөг шилжүүлсэн атлаа сэргээн засварлах ажил хийгдэж дууссаны дараа тухайн үйл ажиллагааны зардлыг Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэх үед албан тушаалын эрх мэдлээ урвуулан Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, нээлттэй тендер зарлахгүйгээр тус компанийн ерөнхий нягтлан бодогчид уг авточиргүүлийг сэлбэг, хэрэгсэл гэсэн нэрээр худалдан авсан хуурамч баримт бүрдүүлэх үүрэг өгч, тухайн үеийн зах зээлийн ханшаар 65.700.000 төгрөгийн өртөг бүхий "Huyndai Trailer” загварын авточиргүүлийг 89.900.000 төгрөгөөр худалдан авахаар 2013 оны 8 дугаар сарын 19-ны өдөр “Их Харгуй” ХХК-ийн дансанд 89.900.000 төгрөг /1xx-105/ шилжүүлсэн,

мөн “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын байр худалдан авах 300 сая төгрөгийн төсөв батлаагүй байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Үнэлгээний хорооны гаргасан хууль бус хурлын тэмдэглэлийг үндэслэн тендер зарлалгүй "Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тухайн үед зах зээлд 141.800.000 төгрөгийн үнэлгээтэй байсан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 946 м2 оффисын барилга, 5876 м2 газар, 630 кв-ын трансформатортай 10-0.4 кВ-ын иж бүрэн хаалттай ТП бүхий барилга байгууламжийг 300.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, “ЦДҮС” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг “Говийн тэнгэр” ХХК-ийн дансанд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн,

мөн Говийн бүсийн салбарын барилгыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр буюу 300 сая төгрөгөөр “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авахаар тус компаний захирал С.Отай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж С.Оын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсний төлөө С.Оаас 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “ЦДҮС” ТӨХК-ийн хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Ү.М, тус компаний жолооч Н.Г нараар зуучлуулан 16.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сард 7.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийн хахууль авсан,

мөн шүүгдэгч Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулалгүй, тендерт оролцох компани ерөнхий болон санхүү, техникийн нөхцлийг хангасан эсэхийг тогтоолгүйгээр "Тэдэ Энержи” ХХК-д давуу байдал олгож тус компаниас “ЦДҮС” ТӨХК-ийн өмнөд дэд станц “SFSZ11-1110/63 MVA загварын 2.800.000.000 төгрөгийн өртөгтэй 2 ширхэг хүчний трансформаторыг худалдан авахаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шууд гэрээ байгуулж БНХАУ-ын иргэн QI JINSHAN /Ку Жин Шан/-ний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө түүнээс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар 5.300 ам.доллар буюу 9.911.000 төгрөг, нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор /1хх-213/ шүүгдэгч Ж.Р нь тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллахдаа түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, гэрээ, Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Эрчим хүчний сайдын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 96 тоот тушаалаар /1хх-99/ шүүгдэгч Ж.Р нь байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Зүүн-Өмнөд бүсийн салбарын Бор-Өндөр-Өндөрхаан чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 ширхэг тулгуур хугарч унасан аваар, саатлыг сэргээн засварлах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, улмаар сэргээн засварлах ажиллагаа 2013 оны 7 дугаар сарын 9-нд дуусгавар болсны дараа "ЦДҮС” ТӨХК-иас 2013 онд авточиргүүл худалдан авахаар төлөвлөөгүй байхад нээлттэй тендер зарлахгүйгээр, шууд “Их Харгуй” ХХК-тай авточиргүүл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “ЦДҮС” ТӨХК-иас 89.900.000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэсэн заалтаар зөвтгөгдөх боломжгүй, харин уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 19, 21, 47 дугаар зүйлүүдийг зөрчсөн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Ганбаярын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ын 1 дэх заалтад “Huindai” загварын авточиргүүлийг биечлэн шинжилж үнэлгээг тогтоох шинжээч томилсон хэсэгт “Итгэлт-Эстимейт ХХК-ийн С.Энхбаатар” гэж бичсэн, харин уг тогтоолын 5 дахь заалтад “Шинжээчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд заасан эрхийг тайлбарлан, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийг танилцуулж, зориуд худал дүгнэлт гаргах, дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзаж, зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулав” гэсэн хэсэгт шинжээч Г.Оюунчимэг, С.Энхбаатар нарын нэрийг бичиж, гарын үсэг зуруулсан байх /хх-163/ бөгөөд Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн захирал Г.Оюунчимэг, ахлах мэргэжилтэн Б.Батзаяа, үнэлгээний мэргэжилтэн С.Энхбаатар нарын гарын үсэг бүхий 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланд /хх-171/ дурдсанаар БНСУ-д 1991 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2013 оны 5 дугаар сард импортоор орж ирээд ашиглагдаж байсан “Huindai” загварын авточиргүүлийн зах зээлийн үнэлгээг 2013 оны 7 дугаар сарын байдлаар эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийн харгалзан 65.700.000 төгрөгөөр тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн Баянгол дүүргийн салбарын захирал Г.Оюунчимэг гэрчээр мэдүүлэхдээ “Б.Батзаяа, С.Энхбаатар нар нь эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд уг үнэлгээг хийхэд үнэлгээчний туслах, мэргэжилтнээр ажилласан. Нэгэнт үнэлгээ хийхэд оролцсон тул дүгнэлтэд мэргэжилтэн гэдгээр нь оролцуулж гарын үсэг зуруулсан… Түүнээс үнэлгээний дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн 071200075 дугаартай үнэлгээчин Г.Оюунчимэг /15хх-250/ гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13.2-т зааснаар “Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно” гэсний дагуу компани, түүний үнэлгээний эрх бүхий ажилтан энэ дүгнэлтийг гаргасан” /15хх-10/ гэжээ.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадварыг тодруулахын зэрэгцээ шинжээч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд Ж.Рид холбогдох хэрэгт шинжээч томилсон тогтоолын 1 дэх заалтад “Итгэлт Эстимейт” ХХК-ийн эрх бүхий үнэлгээчний нэрийг зөрүүтэй бичсэн байх боловч хууль сануулагдаж үнэлгээний тайлан гаргасан, тусгай зөвшөөрөл бүхий Г.Оюунчимэгийг зориуд худал дүгнэлт гаргасан гэж үзэх, түүний гаргасан үнэлгээний дүнг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй бөгөөд мөрдөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шинжээч томилсон тогтоолын 1 дэх заалтад “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн  С.Энхбаатар” гэж бичсэн атлаа уг тогтоолын 5 дахь заалтад тус компанийн захирал Г.Оюунчимэг, мэргэжилтэн С.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын үсэг зуруулсан /хх-163/ тогтоолын дагуу Итгэлт-Эстимейт ХХК-ийн захирал Г.Оюунчимэгийн гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланг /хх-171/ шүүх нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ж.Р нь “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын байр худалдан авах 300 сая төгрөгийн төсөв батлаагүй байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Үнэлгээний хорооны гаргасан хууль бус хурлын тэмдэглэлийг үндэслэн тендер зарлалгүй Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах барилга байгууламжийг 300.000.000 төгрөгөөр худалдан авах тухай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот гэрээг "Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонжаргалтай шууд байгуулж, “ЦДҮС” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэлд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Г.Батбаатарын гаргасан “Шинжилгээ хийлгэх тухай” 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор /11хх-154/ “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ыг шинжээчээр томилжээ.

“Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ийг төлөөлж тусгай зөвшөөрөл бүхий  /11хх-172, 173,174, 14хх-238, 240/ тэргүүлэх үнэлгээчин Д.Ганхуяг, мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнролом, К.Касиран нарын гаргасан үнэлгээний тайланд дурдсанаар Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах “ЦДҮС” ТӨХК-ний 946 м.кв оффисын барилга, 5876 м.кв газар, 630 кВ-ын трансформатортай 10-0.4 кВ-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект зэрэг барилга байгууламжийн үнэ цэнийг өртгийн хандлагаар тооцож 93.151.1 мянган төгрөгөөр, харин зах зээлийн жиших үнийн аргаар тооцож 108.657.103 төгрөгөөр, газар эзэмших эрхийн үнэлгээг өртгийн хандлагаар тооцож 32.209.342,36 төгрөгөөр тус тус тогтоож, үүнээс барилга байгууламжийн үнэлгээг зах зээлийн хандлагаар тооцсон үнэ цэнийг сонгон авч, үнэлгээний объектыг бүхэлд нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 141.800.000 төгрөгөөр тогтоосныг /11хх-157/ үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Энэ хэрэгт шинжээчээр томилогдож, үнэлгээ гаргасан С.Цэвээнролом мөрдөн байцаалтын шатанд гаргасан дүгнэлтийнхээ талаар “Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний 946 м.кв оффисын барилга, 5876 м.кв газар, 630 кВ-ын трансформатортай 10-0,4 кВ-ын иж бүрэн хаалттай ТП бүхий обьект, барилга байгууламжийн … үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын сдандартыг үндэслэн өртгийн болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар хийж гүйцэтгэн тайланг хүргүүлсэн бөгөөд барилга объект, газрыг зах зээлийн жишиг үнийн хандлагаар, ТП, трансформатор болон бусад хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлсэн… Газар эзэмших эрхийн үнэлгээг газрын норматив үнэ болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн. Үнэлгээг Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг үндэслэн хийсэн. Энэхүү тогтоол нь газрын суурь үнийг байршил бүрээр нь тогтоож өгсөн байдаг. Дундговь аймгийн төвийн газрын суурь үнэ 1 м.кв-ийг нь 4000 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд энэ үнэлгээгээр тухайн газар нь 23.504.000 төгрөг болж байгаа. Энэхүү суурь үнэнд байршлын тохируулга 0.4 үнийн өсөлтийн итгэлцүүр /1997-2016 он дуустал/ 3,43-иар тохируулга хийхэд нэгж газрын үнэ 5,481 төгрөг, газрын нийт хэмжээ 5,876 м.кв гэдгийг тооцвол газрын нийт үнэ 32.209.342,36 төгрөг болно… Үйлдвэрлэлийн зориулалттай барилга болон газар эзэмших эрхийн үнэлгээг зах зээлийн жишиг үнийн хандлагаар хийхдээ үнэлүүлж буй хөрөнгийн үнэлэгдэж буй хугацааны болон ирээдүйн төлөв байдлыг судлан үзэж, тухайн орон нутгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг судлан шинжилсний үндсэн дээр баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн барилга, объекттой зэрэгцээ байх 5290 м.кв газар болон 1822,5 м.кв хэмжээ бүхий барилгын хамт 138,4 сая төгрөгөөр арилжсан байдаг. Энэхүү мэдээллийг инфляцийн, хэмжээний болон бусад тохируулга хийн тухайн үеийн чөлөөт зах зээлийн үнэ цэнийг жиших аргаар тооцож үзэхэд Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах “ЦДҮС” ТӨХК-ийн 5876 м.кв газар, үйлдвэрлэлийн зориулалттай 946 м.кв оффисын барилгын зах зээлийн үнэ 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 108,657,103 төгрөг байна гэж дүгнэсэн… Үнэлгээний хоёр хандлагаар хийсэн үнэлгээнээс зах зээлийн жишиг үнийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгч сонгосон. Харин 630 кВ-ын трансформатортай 10-0,4 кВ-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект, агуулахын барилга бусад объектыг 33.151.623 төгрөгөөр буюу өртгийн хандлагаар үнэлж тогтоосон. Ингээд газар, барилга обьектыг нийт 141.808.726.25 төгрөгөөр үнэлсэн” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Р нь “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолоор /хх-219/ тус компанийн “Говийн бүсийн салбар”-ыг Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглүүлэн байгуулахаар шийдвэрлэснийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/115 дугаар тушаалаар /9хх-187/ Говийн бүсийн салбарын Мандалговийн хэсэгт аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай объект худалдан авахад сонгон шалгаруулалт хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулж, улмаар үнэлгээний хороо нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулаагүй, захиалагчид үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг гаргаж өгөөгүй, тухайн үед “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын төвийг Дундговь аймгийн Мандалговь суманд шилжүүлэх шийдвэр гаргаагүй /9хх-221/ байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан захиалагчийн үүргээ хэрэгжүүлэн хуулийн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахгүйгээр, мөн хуулийн 46.1.3 дахь заалтыг зөрчин Дундговь аймагт байрлах барилга байгууламжийг 300.000.000 худалдан авах тухай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот гэрээг "Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонжаргалтай шууд байгуулж, 250.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах нөхцөл бий болоогүй байхад Дундговь аймагт Говийн бүсийн салбарын хэсэгт ажлын байр худалдан авах ажиллагааг хийх талаар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгасан нь мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан “ Техникийн тодорхойлолт бэлтгэх”, 19 дүгээр зүйл заасан “Тендерийн баримт бичиг бэлтгэх”, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “Нээлттэй тендер шалгаруулалт явуулах журам”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Үнэлгээний хорооны ажиллах журам”-ыг тус тус ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Рийн өгсөн чиглэлийн дагуу бичигдсэн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв. 

Шүүх Ж.Роор нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг түүний үйлдсэн гэмт хэргийн хохиролд тооцож буруу дүгнэлт хийсэн, мөн шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нар нь авточиргүүл болон барилга байгууламжийн үнэлгээний дүнг эс зөвшөөрч, маргаж буй хэдий ч шүүгдэгч Ж.Рийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь шинжээчийн тогтоосон үнэлгээний дүнгээс хамаарч өөрчлөгдөхгүй, харин Ж.Рийн авточиргүүл болон барилга байгууламжийн төлбөрт хууль бусаар шилжүүлсэн 89.900.000 төгрөг болон 250.000.000 төгрөгийн дүнгээр тодорхойлогдоно.

Ийнхүү шүүгдэгч Ж.Р нь “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны эрх мэдлээс илүү эрх эдэлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар компанид онц их хэмжээтэй хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Р нь  “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсний төлөө бусдаас хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан хэдий ч тэрээр “Говийн тэнгэр” ХХК-ийн захирал С.Оаас нийт 23.000.000 төгрөгийн хахууль авсан, мөн БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогдоогдоогүй бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд үндэслэл бүхий няцаалт хийжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон бөгөөд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч Ж.Рийг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хахууль авах гэмт хэргийн субъектын шинжийг хангасан гэж үзнэ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Рийн хувьд ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, хөлсөөр ажиллах гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэрэгжүүлж байсан тул түүний албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргээр зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Рид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж шийдвэрлэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчимд нийцсэн бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Рийн авточиргүүл болон барилга байгууламж худалдаж авахаар шилжүүлсэн мөнгөн дүнгээс шинжээчийн тогтоосон үнэлгээний дүнг хасч, зөрүүг шүүгдэгч Ж.Роос гаргуулснаас гадна шүүгдэгч Ж.Рийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус орлогыг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Рийг албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Тэдэ Энержи” ХХК-иас эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар 5.300 ам.доллар, нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд ялласан атлаа тэрээр “Тэдэ Энержи” ХХК-иас “SFSZ11-1110/63 MVA загварын 2.800.000.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг хүчний трансформаторыг худалдан авахаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шууд гэрээ /4хх-12/ байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, мөн Г.Бд холбогдох иргэн Ш.Яийн Худалдаа хөгжлийн банкны дансаар дамжуулан Ж.Рид 299.950.000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоолоор тусгаарласан /14хх-31/ болохыг дурдах нь зүйтэй.

Нийслэлийн Прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 34А дугаар яллах дүгнэлтээр /15хх-170/ шүүгдэгч Ж.Рид холбогдох хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлснээс хойш анхан шатны шүүхээс өмгөөлөх талын хүсэлтээр хэргийг прокурорт буцаах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх зэргээр бүтэн нэг жилийн хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан боловч БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэнийг гэрчээр, мөн энэ хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүн таслан ажлын зорилтод нийцүүлэн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжаар /16хх-129/ шүүх хуралдаанд гэрч, шинжээчийг оролцуулах талаар өмгөөлөх талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.Рийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай”, түүний өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” гомдлыг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ж.Рийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээр тасарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс буюу 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар дамжуулан 5.300 ам.долларын хахууль авсан өдрөөс эхлэн шинээр тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Рийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг...” гэхийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг засч зөвтгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.Рид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 340 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН