Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0763

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0763

Улаанбаатар хот

 

 

Л.О-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч Л.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Т, гуравдагч этгээд “М Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.О-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Л.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын “4201002682 нэгж талбарын дугаартай, 000456580 дугаарын  эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М Б” ХХК-д шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн давж заалдах гомдолдоо: “Шүүхээс Л.О нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан, захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, маргаан бүхий А/139 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзсэн байна.

Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгох Засаг даргын захирамж гарсан.

Шүүхийн шийдвэрт тусгагдсан Л.О-ийн газрын эзэмшиж байх хугацаандаа буюу 2014 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус тус хийлгэсэн, барилга барихад зайлшгүй шаардлагатай барилгын эскиз зургийг хийлгэж, газар дээрээ хашаа барьсан газар эзэмших гэрээг дүгнүүлсэн, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дүгнэлт... зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдоно гэсэн үндэслэл болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ...”гэснийг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь эдгээр үндэслэл нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Мөн Газрын тухай хууль болон Л.О-тай байгуулсан газар эзэмших гэрээний дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайлбал, 2015 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэр, нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Л.О нь шүүхэд анх “00000000 нэгж талбарын дугаартай, 00000000 дугаар эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М Б” ХХК-д шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар шүүх хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан  “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаснаар шүүх тус нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. 

            Нэг. Нэхэмжлэлийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Маргаан бүхий А/139 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг “эзэмшил газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж буруутгаж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг тэрээс эс зөвшөөрч “... газрыг анх авсан хугацаанаас хойш зохих ёсоор ашиглаж, арчилж ирсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг тогтоосон ямар ч баримт байхгүй, хийсвэр дүгнэлтээр ашиглаагүй гэж тогтоох буюу хяналт шалгалт хийсэн баримтыг нөхөн бүрдүүлж болохоор байна, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан ... газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж шүүхэд маргаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус ... “ гэж маргасан  нь үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх “... Л.О маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/241 дүгээр захирамжаар .... эзэмшсэн ... 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ... газар эзэмших эрх ... гэрээ байгуулсан өдрөөс бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн ... хариуцагчийн ... 4 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй ... гэх тайлбар үндэслэлгүй ... хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэж үзэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь ...хууль зөрчсөн ... газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг шийдвэр гаргахаасаа өмнө шалган тогтоох үүрэгтэй ... захирамжийг гаргахдаа 2017 оны А/77 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн тайланг үндэслэл болгох цаг хугацаа, хууль зүйн боломжгүй ... нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй ...” гэх зэрэг үндэслэлээр маргаан бүхий А/139 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгож, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2012 оны А/287 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэнээс хойш 4 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй..., шүүхийн энэ талаар дүгнэлт үндэслэлгүй ... 2 жил дараалан ашиглаагүй, тухайлбал, 2015 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй...” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч  Л.О нь эзэмшил газартаа 2014 оны Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, барилгын эскиз зураг хийлгэж эрх бүхий этгээдээр батлуулсан, мөн тус газарт хашаа барьж, газар эзэмших гэрээг дүгнүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл[1], Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дүгнэлт[2], Барилгын эскиз зургийн төсөл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэг баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч Л.О нь маргаан бүхий газрыг дуудлага худалдааны журмаар “орон сууцны зориулалт”-аар тус аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын  31-ний өдрийн А/241 дүгээр захирамжаар эзэмшсэн, улмаар мөн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/287 дугаар захирамжаар газрын зориулалтыг “үйлдвэрлэлийн” гэж өөрчлүүлсэн, харин 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 00000000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх тул шүүх  “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх аймгийн Засаг даргын захирамжаар үүссэн байх боловч эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдсан өдрөөс газрын эзэмших эрх бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн шүүх “...хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэж үзсэн нь  Газрын тухай хуулийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ...” гэснийг зөрчсөн”  гэх агуулгаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахаасаа өмнө шалган тогтоох үүрэг болгосон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалттай холбож дүгнэсэн нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нөхцөл байдлыг шалгаж тогтоосон эсэхтэй холбогдуулан “... 1 сард очиж зургийг нь авснаас өөр тайлан, илтгэх хуудас байхгүй” гэж тайлбарласан байх бөгөөд тус аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/77 дугаар захирамж, ажлын хэсгийн хяналт шалгалтын удирдамж”-аас үзвэл тус ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 05-19-ний хооронд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийсэн болох нь тогтоогдож байхаас гадна тус ажлын хэсгийн тайланд нэхэмжлэгч Л.О-ийн эзэмшил газрын талаар тусгагдаагүй, түүнчлэн хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/307 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар мэдэгдсэн зэргээс үзвэл А/77 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсгийн тайлан” нь маргаан бүхий А/139 дүгээр захирамжийн үндэслэл болоогүй болох нь тогтоогдож байх тул  шүүх “... маргаан бүхий захирамж ажлын хэсгийн тайланг үндэслэл болгох цаг хугацаа, хууль зүйн боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Мөн шүүхийн “...Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох тохиолдлыг зааж тодорхойлсноос бус тухайн шийдвэрийг гаргахад баримтлах журмыг нарийвчлан зааж зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох талаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журамд нийцсэн байхыг шаардана” гэх агуулгаар хариуцагчийн шийдвэр гаргах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, бичгээр гаргах захиргааны актад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг хандан гаргах этгээд хугацааг заахаар зохицуулсан хуулийн шаардлагад маргаан бүхий шийдвэр гаргах үйл ажиллагаа нийцээгүй талаар дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн “0000000 нэгж талбарын дугаартай, 00000000 дугаар эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М Б” ХХК-д шилжүүлэхийг даалгах” шаардлагын тухайд:

             Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийг гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргахдаа бүрдүүлэх баримт бичгүүдийг зааж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.О-ийн өөрийн эзэмшил газрын эзэмших эрхийг “М Б” ХХК-д шилжүүлэхээр гаргасан өргөдөлд хавсаргасан “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын албатай байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай баримт, газрын кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ дүгнэх хуудас,  үйлчилгээний хураамж төлсөн баримт, “М Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тус компаниас иргэн Л.Э-дй олгосон итгэмжлэл” зэрэг баримтаас үзвэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасан баримтын бүрдэл хангаагүй болох нь түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг худалдах буюу хариу төлбөртэйгээр шилжүүлэх талаар хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргад хандаж гаргасан гомдол, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “эрхийн гэрчилгээг хариу төлбөр авч шилжүүлэх нөхцлийг тохиролцсон гэдэг дээр маргаангүй” гэх тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байна. 

Газрыг дуудлага худалдаанд оролцож ялагч болж газар эзэмших эрх үүссэнээс үл хамаарч газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалт, хугацаа, нөхцлөөр тодорхойлогдсон хүрээнд газар эзэмших эрх хэрэгжихээр байх буюу зохих журмын дагуу худалдах зэргээр захиран зарцуулах нь газар эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулгад хамаарахгүй, гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд байж, түүний үндсэн агуулгыг илэрхийлэх ойлголт байх тул нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдах зэргээр хариу төлбөрийн нөхцөл тохирч “М Б” ХХК-д шилжүүлэхээр хэлцэл хийснийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр...” гэдэгт хамаатуулах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “худалдах” хэлбэрээр газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3, Газрын тухай хуулийн 3.1.2, 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдах нөхцлөөр тохиролцож хийсэн хэлцлийг үндэслэн түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг ”М Б” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн тус шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүйг, түүнчлэн шүүх тус шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Л.О-ийн Газрын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн хуулиар тогтоосон журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг тус тус дурдав.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 120.1  дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ