Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 506

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д******* М******* /РД: *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, Ч.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Ц*******, нэхэмжлэгч Д.М******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Иргэн Д.М******* миний бие Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар тус газрын Боомт, орон нутгийн хэлтсийн даргын, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/400 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд тус тус томилогдон өөрийн ажил үүргээ ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр хэвийн гүйцэтгэж байсан.

Гэтэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баатарчулуун нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар намайг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу төрийн тусгай албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр албан тушаалаас минь чөлөөлж, тэтгэвэрт гарсан гэдэг шалтгаанаар намайг ялгаварлаж, миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн. 

Миний бие дээрх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд “...дээрх тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг маань бүрэн хангаж, ажилд маань эгүүлэн томилохоор шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. 

Үүний дагуу Иргэнийн харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаас уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаараа намайг урьд нь эрхэлж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

Гэвч 7 хоногийн дараа буюу Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10 дахь заалтыг удаа дараа зөрчсөн буюу сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон” гэх үндэслэлээр намайг ажлаас маань чөлөөлж, дээрх албан тушаалуудад томилогдсон тус газрын даргын 2014 оны Б/122, Б/400, 2016 оны Б/161 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. 

 Ийнхүү 7 хонуулаад чөлөөлөх болсон үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн дүр үзүүлэн томилчихоод, буцаагаад ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасныг болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10 дахь заалтын /Арав. Удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх/ гэж заасныг зөрчөөгүй. 

Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр Д.М******* намайг ажилд эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэхдээ “...Төрийн захиргааны байгууллагаас иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, сонгон шалгаруулалтыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас явуулахаас бус нэхэмжлэгч дур мэдэн сонгон шалгаруулалт явуулах боломжгүй” талаар дурдсан бөгөөд түүнчлэн намайг дээрх албан тушаалуудад анхнаасаа томилохдоо хууль заасан сонгон шалгаруулалтыг зарлаж, оролцуулалгүйгээр, тус газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалд томилсон асуудалд намайг буруутгаж, ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 

Түүнчлэн хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлд намайг буруутгаж, албан тушаалаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д  “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 23 дугаар зүйлийн 23.1-д 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.З-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.З-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах ямар ч үндэслэл байхгүй байхад намайг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн байна.

Иймд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга бөгөөд дарга нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, Ч.Ө******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.М******* нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 04  дүгээр сарын 01-ний өдрийн /269 дүгээр тушаалаар “Цэргийн албаны тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж цэргийнй бүрэн тэтгэвэрт гарсан. Мөн Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын тушаалаар 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Боомт орон нутгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хүн билээ.

Иргэн Д.М******* нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 38 дугаарт заасан “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж томилогдсон.

Төрийн албаны тухай хуульд зааснаар иргэн Д.М******* нь  төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцөд ч бүртгэлгүй иргэн байсан. Д.М******* нь төрийн албанд 30 жил 6 сар ажиллаж байгаад тэтгэвэрт бүрэн гарч, жирийн иргэн болсон тул энгийн иргэдийн адил хуульд тогтоомжид зааснаар төрийн албанд мэргэшлийн шалгалт өгч орох ёстой байсан. Юун удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт.Ийнхүү иргэн Д.М*******ыг Төрийн албаны тухай болон хууль тогтоомжийг зөрчин байж томилсон байдаг юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлтэд “нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан албан тушаалын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгаруулалт явуулж, томилгоо хийгдэх боломжтой байна” гэсэн хууль бус томилгоо байсан, сонгон шалгаруулалтад оролцох шаардлагатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй.

Харин ч тус байгууллагаас  Д.М*******ы ажиллаж байсан албан тушаалын сул орон тоонд шалгаруулалт явуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн сонгон шалгаруулалтын товыг түүний маргаан шүүхийн шатанд байсан тул хойшлуулж байсан. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд ч шүүгчээс нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад  оролцуулах нь зүйтэй талаар дурдаж байсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар тшийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн дүр үзүүлж томилчихоод, буцаагаад ажлаас нь чөлөөлж  байгаа нь хуульд нийцэхгүй байна...” гэжээ.Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж иргэн Д.М*******ыг Ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаар эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заасан нөхөх олговрыг олгож, эрүүл мэнлдийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор нотлогдоно.

Иймд Д.М*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.М*******ы Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар Д.М*******ыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10 дахь заалтыг удаа дараа зөрчиж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилсон тус байгууллагын даргын 2014 оны Б/122, Б/400, 2016 оны Б/161 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна. 

Маргаан бүхий захиргааны акт болох тушаалаар хүчингүй болгосон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар тус газрын Боомт, орон нутгийн хэлтсийн дарга, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/400 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд тус тус нэхэмжлэгчийг томилж байсан байх бөгөөд урьд нь дээрх тушаалуудыг мөн тус газрын даргын 2015 оны Б/402 дугаар тушаалаар хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, албан тушаалд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаар эгүүлэн томилжээ.

Нэхэмжлэгчийг дээрх албан тушаалуудад томилогдоход удирдах албан тушаалтанд томилогдох сонгон шалгаруулалтыг явуулаагүй болох нь хариуцагч, нэхэмжлэгч нарын бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан хэдий ч хуулийн энэхүү заалт нь сул орон тоонд шинээр томилогдох иргэнд хамаарах заалт тул тус орон тоонд төрийн байгууллагаас нэгэнт томилогдоод албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй зохицуулалт болно.

 Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 /төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх/,  24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэг /төрийн албан хаагчийг: төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан/, 25 дугаар зүйл 25.1 дэх хэсэг /төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан  шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан/-д тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулжээ. 

Зөвхөн дээрх нөхцлүүдээр төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх эрх захиргаанд үүсдэг тул хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 Нөгөө талаар Д.М*******ы Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад холбогдуулан “2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/402 дугаар тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу “Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулж ажиллуулах шаардлагатай байсан” гэх үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн байх тул шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлага байхгүй болно.  

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчиж төрийн албанд томилогдон цалин авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах үндэслэл бүрдээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан албан тушаалаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул Д.М*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 895,577 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоолон Д.М*******д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйл 24.1, 25 дугаар зүйл 25.1-д заасныг тус тус баримтлан Д.М*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.М*******ы урьд эрхэлж байсан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Д.М*******ы ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, үлдэх олговорыг  нэхэмжлэгчид  олгохыг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ