Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 15

 

“П м” ХХК, “К м” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                        

Шүүгчид:                              Г.Банзрагч,

                                              Х.Батсүрэн,

                                              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:     Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг бүрэн хэрэгжүүлэн “П м” ХХК, “К м” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0589 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн П м ХХК, К  м ХХК-ийн 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан П м ХХК, К м ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0589 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан “П м” ХХК, “К м” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л в” ХХН-ийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар-ын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “П м” ХХК, “К м” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын үндэслэх хэсэгт “...анхан шатны шүүх хоёр өөр шүүхийн шийдвэр магадлал байхад нэгийг нь нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх ч ялгаагүй захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хянан шийдвэрлэсэн хоёр өөр шүүхийн шийдвэр, магадлал байхад нэгийг нь нотлох баримтаар үнэлж, магадлалын үндэслэл болгосныг хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

4. Мөн магадлалд “..захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар зохицуулагдаагүй харилцааг журам, заавар гаргах байдлаар зохицуулж болох бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоос зөрүүтэй батлагдсан зааврын 3.9-т зааснаар нэхэмжлэгч нарын тайланг хүлээн авч баталгаажуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн нь ойлгомжгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад уг зааврын дагуу нэхэмжлэгч нарын тайланг авч баталгажуулаагүй.

5. Нийгмийн даатгалын шимтгэлээ баталгаажуулахаар анхан шатны нэгж болох дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад “..тайланг зөвхөн цахимаар авах бөгөөд засварлаж авчирсан хэлбэрээр тайланг оруулах боломжгүй” гэсэн хариу өгсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандахад Б ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бидэнд хамаагүй гэсэн хариу өгсөн.

6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийг хууль буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг батлан гаргасан, уг зааврын 3.9-д “2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийн хувьд адил байхаар” тогтоосон байна. Энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс “шимтгэл төлөх хэмжээг даатгуулагчтай адил тогтоохгүй, ажил олгогчоос өөр дүнгээр тооцон, нэгэнт баталсан заавраа хэрэгжүүлэхгүй хохироож байна” гэх үндэслэлээр маргажээ.

9. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын төрөл тус бүрээр даатгуулагч болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг заасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор байна. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох эрх Засгийн газарт хадгалагдаж байна.

10. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан /даатгуулагчийн/ хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамруулахгүй байхаар тогтоосугай” гэж заасны дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах харилцаа нь даатгуулагчаас ялгаатай, адил биш аргаар тооцогдох зохицуулалт үйлчилж байжээ.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн хүчин чадлын хувьд эхлээд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлах, уг хуулиар зохицуулаагүй боловч тус хуулиар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан тогтоол гаргах эрхийг Засгийн газарт олгосон тохиолдолд уг Засгийн газрын тогтоолыг баримтлах учиртай. Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана“, 7 дугаар зүйлийн 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, 8 дугаар зүйлийн 8.3.1-т “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргах үүрэгтэй байна.

12. Гэтэл энэ тохиолдолд эрх зүйн эрэмбийн хувьд дээд хүчин чадалтай Засгийн газрын тогтоолоор “ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ ялгаатай” байхаар нэгэнт зохицуулсан байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга “үүнээс агуулгын хувьд өөр байхаар тогтоох буюу ажил олгогч, даатгуулагч адилхан” байхаар шийдвэрлэх эрхгүй юм.

13. Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан зааврын дагуу шимтгэл төлөх бус, эрх зүйн эрэмбийн дагуу Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгон шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг үндэслэн өөрт давуу байдал үүсгэхээр шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “баталж гаргасан захиргааны актыг мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шийдвэр гардаг. Энэ нэхэмжлэлийн тухайд захиргааны байгууллагыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн тайланг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан зааврын дагуу баталгаажуулаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, Засгийн газрын тогтоолтой зөрчилдсөн зааврыг биелүүлэх үүрэг захиргааны байгууллагад үүсэхгүй.

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хоёр өөр шийдэлтэй шийдвэр байхад нэгийг нь нотлох баримтаар үнэлж, магадлалын үндэслэл болгосон нь хуулийн шаардлагад нийцээгүй” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, энэхүү маргаантай төсөөтэй хэрэг өөр этгээдийн нэхэмжлэлээр шүүхэд шийдэгдсэн байдал нь уг маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй байхаас гадна давж заалдах шатны шүүх аль нэг шийдвэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

16. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0589 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ