Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/01430

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********-д холбогдох

 

807,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ***********, иргэдийн төлөөлөгч Б.Баянжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөршийн хашаа нурж 12 өндөглөгч товарын тахиаг минь хоёр нь бүгдийг алсан ба эд материал болон сэтгэл зүйн хохирол учирсан. Үүнд 12 өндөглөгч тахиа 1 бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, өдөрт 12 өндөг авдаг байсан ба түүнийгээ зардаг байсан. Нэг бүрийн үнэ 750 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 өдөр нийт 207,000 төгрөг, бүгд 807,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариууагч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ********-ийн гаргасан нэхэмжлэлийг гүтгэлэг гэж үзэж байгаа. Манайх уг айлаас 2-3 айлуудаар тусгаарлагдсан. Тойроод бетонон хашаатай, камертай. Мөн нохойгоо байнгын уяатай байлгадаг ба байнгын хүнтэй байдгийг хөрш айл гэрчилнэ. Ойр хавьд сул золбин нохойнууд ихтэй. Дээрх иргэн хороонд гомдол мэдүүлсний дагуу манай нохойг ирж буудуулсан. Үүний улмаас манай гэр бүлийнхэн сэтгэл зүйн хохиролтой үлдсэн. Нохойгоо алдсандаа гомдолтой байхын зэрэгцээ хохирол төлбөр барагдуулах үндэслэлгүй, гүтгэлэг гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгохыг хүсэж байна. Иймд хүсэлтийг минь үнэн зөвөөр шүүн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, фото зураг зэргийг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: Хариу тайлбар болон фото зураг зэргийг гаргаж өгсөн.

Иргэдийн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хариуцагч ******** 100% буруутай гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг барагдуулах шаардлагагүй байх гэж бодож байна. 50%-ийг төлөх саналыг хүлээн авч эвлэрэх нь зүйтэй... гэсэн дүгнэлт гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн нохой 12 өндөглөгч тахиаг хазаж алсаны улмаас эд материал болон сэтгэл зүйн хохирол учирсан, үүнд 12 өндөглөгч тахиа 1 бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, өдөрт 12 өндөг авдаг байсан ба түүнийгээ зардаг байсан, нэг бүрийн үнэ 750 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 өдөр нийт 207,000 төгрөг, бүгд 807,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч нь манайх уг айлаас 2-3 айлуудаар тусгаарлагдсан. Тойроод бетонон хашаатай, камертай мөн нохойгоо байнга уяатай байлгадаг ба байнгын хүнтэй байдгыг хөрш айл гэрчилнэ. Ойр хавьд сул золбин нохойнууд ихтэй. Дээрх иргэн хороонд гомдол мэдүүлсний дагуу манай нохойг ирж буудуулсан. Үүний улмаас манай гэр бүлийнхэн сэтгэл зүйн хохиролтой үлдсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нохой өөрийнх нь тахиануудыг хазаж алж хохирол учруулсан гэдгийг нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлож чадахгүй байна. Түүнчлэн хажуу хөрш айлын хашаа нурсаны улмаас гаднаас нохой орж ирэх нөхцөл бүрдсэн, тахиануудаа зохих ёсоор харж хамгаалаагүйд нэхэмжлэгч өөрөө буруутай байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн Хариуцагч *********** 100% буруутай гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг барагдуулах шаардлагагүй байх гэж бодож байна. 50%-ийг төлөх саналыг хүлээн авч эвлэрэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд 403.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******-ээс 403.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,918 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *****-өөс 12,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ