Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2024/00549

 

 2024 10 24 104/ШШ2024/00549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс Налайхын Хүнсний барааны 5 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хүнсний барааны 5 дугаар дэлгүүр нь Дэлгэр хоршоо болж өөрчлөгдсөн. 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэр хоршоонд худалдагчаар ажилласан. Миний ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа хүнсний 5 дугаар дэлгүүр болон Дэлгэр хоршоонд худалдагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

2. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.08.30-ны өдрийн 1361 тоот тодорхойлолт, Архивын газрын 2024.09.04-ний өдрийн 693 тоот тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.08.16-ны 06/1553 тоот албан бичиг, 233349 дугаартай хөдөлмөрийн дэврийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Ч.Болормаа, В.Отгонбаяр нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.*******ийн ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй, ажлаас гарсан тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, олдохгүй байгаа тул 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа хүнсний 5 дугаар дэлгүүр болон Дэлгэр хоршоонд худалдагчаар ажиллаж  байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Б.******* ажиллаж байсан байдалтай холбоотой ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй, олдохгүй байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Үндэсний төв архивын 2024.08.30-ны өдрийн 1361 тоот тодорхойлолт, Архивын газрын 2024.09.04-ний өдрийн 693 тоот тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.08.16-ны 06/1553 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан 233349 дугаартай УБ Худалдааны ТМДС-ийн захиралын 1986 оны 9 сарын 1-ний өдөр олгосон Б.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зэргийн үзүүлэлтүүд зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа хүнсний 5 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэлгэр хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа хүнсний 5 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэлгэр хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

5.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа хүнсний 5 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэлгэр хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ