Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 27

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,070,000 төгрөг, нийт 3,070,000 /гурван сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр машин авах гээд хүүхдүүдтэйгээ явж байсан. Хариуцагч эмнэлгийн тэнд таараад машин зарна гэхээр Эстимо машиныг 2,500,000 төгрөгөөр авсан. Анх бид хоёр ах, дүү болоод манай аав шиг хүн байна гэж бодсон. Машин авахаар манай эхнэр бид нар гэрт нь ирсэн.  Хариуцагчийн машины гадна тал нь сайн болохоор 2,500,000 төгрөгөөр тохироод худалдаж авсан.

Хариуцагч арьс ширний үйлдвэр байгуулаад дараа хамтарч ажиллая гэж хэлсэн. Би сайн хүмүүс байна гэж бодоод 2,500,000 төгрөгөө гэрт нь өгсөн. Хариуцагч миний дүү мөнгө байна уу охиноо мордуулах гэсэн юм мөнгө байвал өгөөч гэхээр нь би эхнэр хүүхэдтэйгээ оччихсон байсан энэ хүн сайн хүн байна гээд 2,000,000 төгрөг өгсөн.

 Хариуцагч тухайн үед эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би чамайг хохироохгүй нэг сарын дотор хугацаанд нь өгнө ийм тийм асуудал байхгүй гэж хэлсэн. Манай эхнэр энэ хүн сайн хүн байна, мөнгөө баримтгүй өгчихье гэхээр нь би энэ хүнтэй шинэ танилцаад мөнгө өгч байна. Баримтгүй болохгүй байх гэж бодоод бид хоёр нотариат дээр ирээд гэрээ хийгээд 2,000,000 төгрөг өгсөн. 2,000,000 төгрөг өгөхдөө хүүгүй, алданги тооцно гээд гэрээ байгуулсан. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өнгөрөөд ах дээр ирээд хугацаа өнгөрчихлөө миний мөнгийг өгөөдөх гэж хэлсэн. Энэ хүний самган нь сайн хүн шиг харагдсан. Самган нь энэ хүнд бид нарын тэтгэврийн зээлийг төрөөс хааж байна энэ хүүхдийн мөнгийг өгье гэж хэлсэн чинь хариуцагч дургүйцсэн. Би хариуцагчаас машин аваад 6 км яваад мотор цохисон. Машиныг нь гэрийнх нь гадаа аваачиж тавьсан. Буцаж ирээд мөнгөө авъя гэхэд ахын дүү тэтгэврийн зээлийг төр хаах гэж байна, хаахаар нь өгье гэж хэлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш байнга маргааш ир, нөгөөдөр ир гэхээр нь би аксентад байнга бензин хийж ирдэг байсан. Ирж, очсон зардлаа тооцоогүй. 2020 оны 3 сард манай эхнэр чи өгөхгүй байхад дандаа явж байна гэж уурласан….Машиныг нь буцааж өгнө гэж хэлсэн боловч юм нь дутуу байна гэж хэлсэн. Би машинаа шүүхээр шийдүүлж авъя гэж бодож байгаа. Би хариуцагчид та боломжоороо өгөөд бай гэхэд хууль надад үйлчлэхгүй миний талд гарна гээд хэрүүл маргаан гаргаад миний хүүхдийг худлаа хэрэгтэн болгоод өдий хүртэл хэрүүл маргаан гаргасан. Би ахаа та хуваагаад ч гэж хэлсэн өгчих гэхэд чамд өгөх юм байхгүй, тэгэх юм бол би аваагүй гэж хэлнэ гэж муухай зан гаргасан.  Ёстой аюултай хүмүүс байсан байна. Тухайн үед 2,000,000 төгрөг зээлсэн. Алданги 0,5 хувиар тооцохоор 1,070,000 төгрөг нийт 3,070,000 төгрөгийг Г.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар:  Нэхэмжлэгчийн хэлж байгаа үгийг ойлголоо. Шал өөр асуудал өөрийнхөө бодлоор ярьж байна. Би учрыг нь ойлгохгүй байна. Би авч, өгсөн үнэнээ хэлнэ. Фасебүүкээр мөнгө зээлдүүлнэ гэж зар тавьсан байсан. Манай хүүхдүүд фасебүүкээр мөнгө зээлдүүлнэ гэж хэлсэн зар гарч байна гээд энэ хүнтэй утсаар холбогдоход нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Би эхнэр хүүхэдтэйгээ нэгдсэн эмнэлэг дээр очсон. Энэ хүн машин сонирхоод явж байсан. Нэхэмжлэгч мөнгө зээлдүүлнэ, машин ч авна гэдэг асуудал ярьсан. Би миний унаж байгаа машиныг авуул ав гэж хэлсэн. Нэхэмжлэгч өөр нэг хүнтэй ирээд үзэж байгаад масло дундуур, масло солихоор байна гэж хэлсэн. Би манай гэрийн хүн ажил гэрийн хооронд унадаг сүүлийн сар гарантай асаагаагүй одоо асаагаад гарч ирж байна гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч эхнэр хүүхэдтэйгээ унаж шалгаад үзсэн. Жаахан доголдолтой байсан гэдгийг би хэлж байсан. Хүйтний улиралд машин доголдох тал байдаг. Би машинаа 5,000,000 төгрөг гэж байгаа хурим найрын асуудал байгаа чи хямдхан авна гэвэл 3,500,000 төгрөгт зарна гэж хэлсэн.

 Нэхэмжлэгч би танд 2,000,000 төгрөг зээлдүүлье гэхээр нь надад мөнгөний шаардлага байсан учраас машинаа 2,5000,000 төгрөгт зарсан. Надад 2,000,000 төгрөг зээлдүүлэхээр болоод нотариат дээр очиход нотариатын хүн хэдэн хувийн хүүгээр вэ гэхэд нэхэмжлэгч 20 хувийн хүү гэхэд нотариатын хүн батлахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч гарч хүүхэдтэйгээ уулзаж байгаад орж ирээд хүүгүйгээр, алданги 0,5 хувиар тооцно гэж хэлсэн. Би тухайн мөнгийг алданги тооцуулахгүйгээр өгнө гэж бодож байсан.  Сарын хугацаа өнгөрвөл алданги тооцно гэж хэлсэн. Барьцаанд нь хашаа байшингийнхаа гэрчилгээг тавьсан. Бид хоёр тохиролцоод гэрт очоод машин тэргээ хүлээж автал орой болсон. Надад 2,000,000 төгрөг биш 1,600,000 төгрөг өгсөн. 400,000 төгрөгөө яаж байгаа юм гэхэд 20 хувийн хүүгээ суутгаж авч байна гэж хэлсэн. Би чамаас 1,600,000 төгрөг авлаа чи бүх зүйлээ хийсний дараа ингэдэг нь ямар учиртай юм гэж хэлсэн. Хоноод маргааш нь ирээд машин пижгэнээд явахгүй байна гэж хэлсэн. Машиныг нь үзээд нэг свича солиод ямар ч асуудалгүй болсон. Нэхэмжлэгч болон хүүхдийг нь дагуулж яваад машиныг нь оношилгоонд оруулсан. Үүнээс хойш машиныг би хариуцахгүй гэж хэлсэн. Би машинаа унаад 1000 км яваад тэгээд чамд машинаа хүлээлгэж өгье чи болно гэх юм бол үүнээс хойш ийм тийм боллоо гэж битгий авчир гэхэд одоо боллоо гээд хүүтэйгээ зөвшөөрөөд аваад явсан.  Шөнө дунд машины мотор цохилоо гэж хэлсэн.

Бензинээ нэмээд масло нэмэхгүй явж байгаад өөрөө мотороо цохиулсан. Мотор цохилоо гээд машинаа манайд буцааж авчирчхаад моторын юм авчирна гэж явсан. Би өөр нэг Эстимо машинтай түүнийхээ бүрэн ээлж хийсэн моторыг 1,600,000 төгрөгт бодож машинд нь тавьж өгсөн. Нэхэмжлэгч 400,000 төгрөгтөө ногоо авчирч өгнө гэж хэлсэн. Намайг гадаа юм хийж байхад манай хотоос ирсэн оюутан охиныг цохиж хүнд гэмтэл учруулсан гээд өөрөө шүүхээр торгуулсан. Бид нар янз бүрийн асуудал гаргаагүй. 2,000,000 төгрөгтөө машины мотор өгсөн. Намайг байхгүй үед машинаа асаагаад явсан байсан. Зөрүү 400,000 төгрөгтөө ногоо авчирж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би өгдөг юмаа өгсөн. Хашаа байшингийнхаа гэрчилгээг авмаар байна. Би өвлийн хүйтэнд сайхан сэтгэлээр мотор тавьж өгсөн. Би зээлсэн мөнгөнийхөө оронд машины мотор өгсөн….Би энэ хүнд 1,600,000 төгрөгийн оронд мотор өгсөн. 400,000 төгрөгийн оронд надад ногоо өгнө гэж хэлсэн. Суурин дээрээ юм бүхнийг худал яриад байна. Үндсэн мөнгөө мотороор төлсөн учраас алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Г.*******оос зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,070 /жаран дөрвөн мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамж 62,950 /жаран хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******ад олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Т.*******ын зээлсэн мөнгөнд би өөрийн эзэмшлийн Estima маркийн машиныхаа моторыг 1,600,000 төгрөгт тооцуулан тавьж өгсөн. Уг мөнгө тоолж өгөхөд хамт байсан гэрч нараас тайлбар мэдүүлэг аваагүй мөн мөнгөний алданги 0,5 % иар тооцох ёстой байхад өндөр хүүгээр тооцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Т.******* нь Г.*******ид холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,070,000 төгрөг нийт 3,070,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “надад 2,000,000 төгрөг биш 1,600,000 төгрөг өгсөн, би 400,000 төгрөгөө яаж байгаа юм бэ? гэхэд 20 хувийн хүүгээ суутгаж авч байна гэж хэлсэн. Би энэ хүнд 1,600,000 төгрөгийн оронд мотор тавьж өгсөн, 400,000 төгрөгийн оронд надад ногоо өгнө гэсэн боловч өгөөгүй, үндсэн мөнгөө мотороор төлсөн учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.*******оос 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тухайлбал хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийн 1606 дугаартай зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тохиролцоогүй, харин 3.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, мөн зээлийн гэрээний ар талын хуудсанд “2,000,000 төгрөг авсан нь үнэн болно” гэх гар бичвэрийг хариуцагч өөрөө бичиж гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагчийн “надад 2,000,000 төгрөг биш 1,600,000 төгрөг өгсөн, би 400,000 төгрөгөө яаж байгаа юм бэ? гэхэд 20 хувийн хүүгээ суутгаж авч байна гэж хэлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд харин нэхэмжлэгчийн 2,000,000 төгрөгийг нотариатчийн хажууд бэлэн тоолж өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь би энэ хүний 1,600,000 төгрөгийн оронд авто машинд нь мотор тавьж өгсөн 400,000 төгрөгийн оронд надад ногоо өгнө гэсэн боловч өгөөгүй, үндсэн мөнгөө мотороор төлсөн учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргасан ба хариуцагч нь энэ талаарх татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.******* нь зээлийн гэрээнд заасан үүргийг биелүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймээс нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.*******ид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1617002830 дугаартай ******* Рашаант 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах 52м2 талбай бүхий хувийн сууцны гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617002638 дугаартай ******* Рашаант 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 955м2 газрын гэрчилгээг тус тус буцаан өгөх нь зүйтэйг дурдлаа.  Харин барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нь хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд саад болохгүй юм.

            Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                        Б.ДАМБА

                                  

                                                                                                 М.НЯМБАЯР