Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/432

 

 

 

 

 

 

 

 

 Э.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Э.С,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2206 05937 0119  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.С нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ээж хайрханы 1-67в тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Нарангэрэлийг үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Сийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Н.Нарангэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардал байвал иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 7 сар 20 хоногийн хорих ял авсан тул ар гэрийн байдал, эцгийн үүрэг хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэх, эсхүл хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Э.Сд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Э.Сийн гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх талаар дурьдсан бөгөөд энэ заалт нь заавал хэрэглэх заалт биш, шүүгдэгч Э.С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, хохирогч Н.Нбиед хөнгөн хохирол учруулсан бөгөөд уг үйлдлийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар идэвхи, санаачлага гаргаагүй буюу хохирол төлөөгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.С нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ээж хайрханы 1-67в тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Нарангэрэлийг үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зодохдоо Н.Нэрүүл мэндэд хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.Нийн “...Би Э.Стэй 2019 оны 11 сард танилцаад удаагүй манай гэрт амьдарч эхэлсэн, бид хоёрын дундаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 хүү төрсөн, би дагавар 3 хүүтэй 8, 12, 15 настай. 2020 оны 4 сард би жирэмсэн болоод 2 сар гарантай байхад намайг шалтгаангүйгээр зодчихоод 10 гаран хоногоор хөдөө явлаа гээд хаана байсан нь мэдэгдэхгүй явж байгаад ирж байсан. Ер нь тэр үеэс л гар хүрч зодож эхэлсэн. Би тухайн үед нь аргаа бараад чи яв гэж хэлэхээр наад хүүхдийг чинь зулбуулчихаад явна гээд зоддог байсан. Бага хүү маань мэндлээд гэртээ 7 хоноогүй байхад гэрийн тоононы хоёр жижиг цонхны нүхийг хаана гээд байхаар нь хүүхэд агааргүй болчихно гэж хэлсний төлөө үснээс зулгааж ийш, тийшээ унагаагаад гараараа толгой руу их цохиж зодсон. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хоол ундны асуудлаас болоод зодсон, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...”,

хохирогч Н.Нийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрт байхад ялихгүй зүйлээс болоод зүгээр л юм ярьж байхад юу гээд олон юм яриад байдаг юм гээд үснээс зулгаагаад унагаад, гараараа биеийн бүх л хэсэг, толгой хүзүү, шанаа, шилэн хүзүү рүү цохисон. Ер нь дээрэнгүй хандлагаар миний хэлж яриагүй зүйлийг чи хэлсэн, чи тэгсэн гээд зоддог. Миний ярьж хэлээгүй зүйлийг заавал намайг хэлсэн мэт болгож зоддог, би тэр үед нь хэлээгүй зүйлээ юу гэж хэлж ярьсан болдог юм гэж хэлэхээр чи заавал зодуулж нүдүүлж байж ойлгодог гээд зодоод тулгаж шаардаж зодсон. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.С намайг гал түл гэж хэлэхээр нь би дулаахан байна шдээ гэхэд зуухны дээд тагийг сөхөж харахад галтай байсан. Тэгээд би юм хэлээгүй гадаа гараад савалж тавьсан нүүрс аваад ороод ирсэн чинь өөрөө зуух онгойлгож харснаа намайг сохоочихоод юугаа хараад байгаа юм гэж зангидсан гараараа зодсон, тэр үед миний эрүү, чих маш өвдөөд ам ангайлгаж болохгүй байсан. Би цагдаад дуудлага өгчихөөд шүүх эмнэлэг дээр очоод үзүүлж байхдаа намайг үзсэн эмч юу яриад байгааг огт ойлгоогүй. ...”,

хохирогч Н.Н2023 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр дахин өгсөн “...Э.С Чех улс руу явахаасаа өмнө 2022 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна тэр үед зодохдоо маш их гэмтэл учруулж зодсон, хүүхдийн асуудлаас болоод шалтгаангүй л зодсон. Миний баруун хавиргыг хугалаад, нүүр ам битүү хавдаж байсан, бараг 2 сарын дараа миний хавирга зүгээр болсон. Э.С нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чех улс руу яваад 2022 оны 8 дугаар сарын 10-нд ирж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 10 нь хавьцаа ямар ч шалтгаангүйгээр зодсон. Миний үснээс зулгаагаад ийш тийш чирээд гараараа толгой руу цохиж зодсон, угаасаа зодох болгондоо үснээс зулгааж толгой руу гараараа цохиж, зоддог тэгж зодуулсны дараа миний хүзүү хөдөлж болохгүй эвгүй болоод бас 4-5 хонож байж зүгээр болсон. Намайг тэр цагдаадаа хэл, хэлэх юм бол би нэг мөсөн алчихаад шоронд чинь явна гэдэг байсан. Тэр үеэс хойш би айгаад цагдаад огт хандаж байгаагүй. Эмнэлэгт хандаж байгаагүй. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 15, 17, 18/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16363 дугаар шинжээчийн “...Н.Нбиед хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх 24-25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.Сийг:

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, мөн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Н.Нарангэрэлтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” гэж, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд мөн хамтран амьдарагч Н.Нарангэрэлийг үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэх шинжүүдийг агуулсан гэж үзэн тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж уг ялуудыг нэмж нэгтгэн 7 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Э.Сийн “...хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй буюу шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ ялыг тус тусд нь бичиж нэмж нэгтгэж байгаагаа бичэлгүй хамтад нь дүгнэж бичсэнийг цаашид анхаарч энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож 50 хоногийн хорих ялыг 1 сар 20 хоногт шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

        ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР