Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 861

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч А.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706017670357 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Эрчим хүчний ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Хашаат сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 1-23 тоотод оршин  суудаг, ял шийтгэлгүй, А.Л

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: ( яллах дүгнэлтэнд бичигдсэнээр )

 

Шүүгдэгч А.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны хажууд иргэн П.Сүрэнг бусадтай хардаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч П.Сүрэнгийн: “...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн яамны хажуу талд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим явж байгаад сургуулийнхаа Л гэх эрэгтэй хүүхэдтэй тааралдсан. Би өмнө нь буюу 18 цагийн үед сургуулийнхаа номын санд хамт сууж байгаад найз Билгүүний хамтаар номын сангаас “тэнэг тэнэг” зан гаргаад байхаар нь гараад явчихсан юм. Тэгтэл орой тааралдангуутаа надтай Билгүүнийг хардаж учир зүггүй “янхан” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр харааж зүхэж байгаад толгой түрүү рүү цохиж, хамар руу гараараа цохиж, зодож эхэлсэн...намайг банди нартай хардаж намайг удаа дараа цохиж зодож байгаа юм... ...Миний хамар хугарсан, хоолой багалзуурдсан, толгой руу цохиж тархи хөдөлгөсөн, зүүн гарын бугалга хөхөрсөн гэмтэл шарх учирсан. Уг хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Мөн өөртэй нь одоо ямар нэгэн харилуцаагүй болсон атал намайг байнга дагаж, миний эрх чөлөөнд халдаж байгаа явдлыг таслан зогсоож өгнө үү...” /хх-5-6х/,

“...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийг Л л учруулсан. Миний хамар руу гараа атгаж байгаад 1 удаа цохиж хамрыг минь гэмтээсэн. Харин зүүн бугалганд учирсан гэмтэл нь намайг  татаж, чирж газар унагахад үүссэн байх гэж бодож байна. Зүүн гуянд учирсан гэмтэл нь намайг газар сууж байхад хөл гар руу минь өшиглөснөөс үүссэн байх, харин хуйханд үүссэн гэмтлийг минь үснээс зулгааж, татаж, цохих үед үүссэн гэж бодож байна. Л намайг зодож байх үед миний Ай фон 5 маркийн цагаан өнгийн гар утас алга болсон байна лээ. Гар утсаа бас төлүүлнэ ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг / хх-7х /,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Пүрэвсүрэнгийн: “...Миний хүү А.Л нь хувийн зан аашны хувьд их дуугүй, төлөв даруу, томоотой, хүнээс юм нуухгүй, бүх зүйлийг шударга ярьчихдаг хүүхэд байгаа юм. Манай хүү Л нь “найз охиноо зодчихлоо” гэж надад хэлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг / хх-10х /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №14777 тоот:

  1. Сүрэнгийн биед хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-12/,

 

А.Л-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/, хохирлын баримтууд /хх-41-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л: “...Хохирогчийн мэдүүлэгт “бид хоёр тааралдсан” гэж байна. Бид хоёр тааралдаагүй, хохирогч Сүрэн намайг 7 цагийн үед над руу залгаж дуудсан. Тухайн өдөр Сүрэн номын сангаас нэг залуутай гараад явсан. Уг нь бид хоёр уулзах байсан. Тэгээд хохирогч над руу залгаж “би хөдөө аж ахуй дээр буучихлаа, хүрээд ир” гэж намайг дуудсан...” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Л 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны хажууд иргэн П.Сүрэнг бусадтай хардаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Сүрэнгийн: “...Тэгтэл А.Л орой тааралдангуутаа надтай Билгүүнийг хардаж учир зүггүй “янхан” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр хараан зүхэж байгаад толгой түрүү рүү цохиж, хамар руу гараараа цохиж зодож эхэлсэн...намайг банди нартай хардаж намайг удаа дараа цохиж зодож байгаа юм...”, “...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийг Л л учруулсан. Миний хамар руу гараа атгаж байгаад 1 удаа цохиж хамрыг минь гэмтээсэн. Харин зүүн бугалганд учирсан гэмтэл нь намайг  татаж, чирж газар унагахад үүссэн байх гэж бодож байна. Зүүн гуяанд учирсан гэмтэл нь намайг газар сууж байхад хөл гар руу минь өшиглөснөөс үүссэн байх, харин хуйханд үүссэн гэмтлийг минь үснээс зулгааж, татаж, цохих үед үүссэн гэж бодож байна. Л намайг зодож байх үед миний Ай пон 5 маркийн цагаан өнгийн гар утас алга болсон байна лээ. Гар утсаа бас төлүүлмээр байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг / хх-5,6,7х /,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Пүрэвсүрэнгийн: “...Миний хүү А.Л нь хувийн зан аашны хувьд их дуугүй, төлөв даруу, томоотой, хүнээс юм нуухгүй, бүх зүйлийг шударга ярьчихдаг хүүхэд байгаа юм. Манай хүү Л нь “найз охиноо зодчихлоо” гэж надад хэлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг / хх-10х /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №14777 тоот: “...Сүрэнгийн биед хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-12/ зэрэг болно.

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч А.Л нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг “тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706035480364 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн шүүхийн дуудах бичгээр хохирогч П.Сүрэнг шүүх хуралдаанд дуудсан боловч хуралд оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч П.Сүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмнэлэгт хэвтэж, эм тарианд 451.400+250.000+850.000+44.100=1.595.500 төгрөг, бензин шатахуунд 23.000 төгрөг, гар утасны үнэлгээг хийсэн “Дамно” ХХК-ний нэхэмжлэлд төлсөн 194.000 төгрөг, нийт 1.812.500 төгрөг нэхэмжилснээс А.Л нь шүүхийн шатанд 450.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтаас “Хаан” банкны 2017.12.02-ны өдрийн 250.000 төгрөгийн баримт нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, мөн 2017.11.30-ны өдрийн кассын орлогын ордер 850.000 төгрөгийн баримт нь ямар компанийн баримт болох нь тодорхойгүй, ямар эмчилгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байна. Иймд хохирогч П.Сүрэнгийн нэхэмжлэлээс 1.100.000 төгрөгийг хангахгүй орхиж, 262.500 төгрөгийг А.Л-с гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч П.Сүрэн нь цаашид гарах эмчилгээний болон  бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар А.Л-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. А.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Л-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар А.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Л-с 262.500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Пүрэвсүрэнгийн Сүрэн /РД:АК98051105/-д олгож, хохирогч П.Сүрэн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар А.Л-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. А.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД