| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00635/И |
| Дугаар | 132/ШШ2024/00524 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч.Б-ын хүсэлттэй,
Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00635/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн агуулга үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1986 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газар жолоочоор ажилд орж 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба уг өдрийн Б/230 тушаалаар хотын тамгын газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тушаалд миний нэрийг Батсайхан гэж буруу бичсэн байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай 1986-1992 оны нийтийн аж ахуйн газарт ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 277 дугаартай тушаал /хэргийн 5-р хуудас/,
- Булган аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/230 дугаартай тушаал, хавсралт /хэргийн 6-7-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Б*******ы хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1986 оноос 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал зөрчилтэй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн агуулгын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Ч.Б******* нь Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэсний лавлагаагаар тус тус нотлогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагчийг нь Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б-г Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА