Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч П.Ганбаатар,

            Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

            Хохирогч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Байдраг овогт Лувсанноровын Ад холбогдох эрүүгийн 1709023430348 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А, Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжлийн хяналтын байцаагч ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар гудамж 25 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан 08 тоотын үүдэнд авто машин дотор хамтран амьдрагч, гэр бүлийн хамааралтай хохирогч Б.Оюунцэцэгтэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг урт цагаан орох замд ирж байхад болсон асуудал, миний хажууд сууж байсан, намайг хардаад намайг нүүрний будаг арилгачихлаа гээд сууж байснаа 2-3 удаа цохиод эхэлсэн тэгэхээр нь би гараараа хаатал намайг цохих гэж байна гэж бодоод өөрөө хаалганы багана цохичих шиг болсон тэгээд би чамайг цагдаад өгнө гээд буугаад явсан.” гэв.

 

Хохирогч Б.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өглөө миний утас дугараад охин маань залгатал чиний шээс ярьж байна уу гээд намайг шанаа руу цохиод авсан юм, тэгээд би уйлаад байсан юм, гэтэл намайг янхан авгай хөгшин авгай минь битгий баашлаад бай гээд орилоод байсан тэгэхээр нь би хүүхдээ дуудаад шүүх эмнэлэг рүү явсан, манай 2 охин хүний гарт амь үрэгдэх нь гээд байдаг, бас миний ах дүүг хүн гэж үздэггүй, намайг архи уудаг гэж байна гэхдээ хамт олонтойгоо явдаг гэхдээ би тийм архичин хүн биш, энэ хүнд өс санаж худлаа гүтгээгүй үнэнийг л хэлсэн. …гомдолтой байна, нэхэмжлэгүй зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан 08 тоот гэрт Алтантулга яриа өдөөд юм асуухаар нь дуугарахгүй байсан. Тэгээд гараад машиндаа сууж явах гэтэл салаавч гарган хэл амаар доромжилж баруун шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь баруун гараараа нүүрээ халхалтал гарын шуунаас минь барьж байгаад машины хаалганы голын багана мөргүүлж, гараа зангидаж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Толгой маш их өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна. Урьд зодоход 2016 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, 2017 оны 05, 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2 удаа, 2017 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 1 удаа гомдол гаргаж байсан. Зодуулах бүртээ гэмтлийн зэрэг тогтоолгож байгаагүй, өөрөө гуйгаад байхаар нь би явж үзүүлдэггүй байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. “...миний биед учирсан тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлийг надад Алтантулга учруулсан. Би Алтантулгыг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-6-9/,

 

Гэрч О.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 онд ээж Алтантулга гэх залуутай танилцаж хамт  амьдрах болсон. Эхний хэдэн сар гайгүй л байх шиг байсан. Тэгээд 8, 9 сар болоод эхэлсэн чинь ээжтэй хэрүүл маргаан хийж маргалдаж зодох болсон. Намайг ээжийн гэрт очоод байж байтал миний хажууд ээжийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Гэрч О.Учрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 2017 оны 07 дугаар сарын дунд үед миний хажууд Алтантулга ээжтэй хэрүүл маргаан хийж зодож байсан. Би тухайн үед нь цагдаад хандаж байгаагүй. Алтантулга байнга ээжтэй хэрүүл маргаан хийж байдаг. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зодсон байсан ба энэ талаар дүү Уянга надад хэлсэн. Алтантулга нь ээжтэй 2015 оноос хамтран амьдарч байгаа. Миний хувьд гомдолтой байгаа бөгөөд Алтантулгад хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-37/,

 

Хохирогч Б.Оюунцэцэгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 14881 дугаартай дүгнэлт: “Б.Оюунцэцэгийн биед тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...”  /хх-15/,

 

Л.Алтантулгын яллагдагчаар мэдүүлсэн “...би хамтран амьдрагч Б.Оюунцэцэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээсээ гараад хамт явсан. Хотын төв рүү орох замд Б.Оюунцэцэг намайг хардаад хэрүүл маргаан эхэлсэн ба Оюунцэцэгийн хамар хэсэгт нь тоглоод хүрсэн чинь миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь намайг цохих гэж байна гэж бодсон юм шиг байна лээ. Оюунцэцэг өөрөө хойшоо толгойгоо болгох гэж байгаад толгойгоо цохисон. Бид хоёр хамтран амьдраад 2 жил болж байна. Гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-34/,

 

Шүүгдэгч Л.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Цагдааагийн АСАП сангийн лавлагаа /хх-22-30/ зэрэг болно.

 

            1. Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Л.Алтантулга нь гэм буруугийн талаар маргадаг тул түүнд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан 08 тоотын үүдэнд авто машин дотор хамтран амьдрагч, гэр бүлийн хамааралтай хохирогч Б.Оюунцэцэгтэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүх шүүгдэгч Л.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу дээр мэтгэлцэж байх боловч энэ нь хохирогч Б.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Тэгээд гараад машиндаа сууж явах гэтэл салаавч гарган хэл амаар доромжилж баруун шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь баруун гараараа нүүрээ халхалтал гарын шуунаас минь барьж байгаад машины хаалганы голын багана мөргүүлж, гараа зангидаж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. ...миний биед учирсан тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлийг надад Алтантулга учруулсан...” гэх мэдүүлэг /хх-6-9/,

Гэрч О.Уянгын “...Намайг ээжийн гэрт очоод байж байтал миний хажууд ээжийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч О.Учралын “...би 2017 оны 07 дугаар сарын дунд үед миний хажууд Алтантулга ээжтэй хэрүүл маргаан хийж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-37/,

Хохирогч Б.Оюунцэцэгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 14881 дугаартай дүгнэлт “…Б.Оюунцэцэгийн биед тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-15/,

Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...хэрүүл маргаан эхэлсэн ба Оюунцэцэгийн хамар хэсэгт нь тоглоод хүрсэн чинь миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь намайг цохих гэж байна гэж бодсон юм шиг байна лээ. Оюунцэцэг өөрөө хойшоо толгойгоо болгох гэж байгаад толгойгоо цохисон. Бид хоёр хамтран амьдраад 2 жил болж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

2. Ял, Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Оюунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож “…Гомдолтой байна нэхэмжлэх зүйлгүй…” гэж мэдүүлсэн байх ба энэ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.А- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Аыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Л.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Л.Ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР